Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 120/ШШ2021/0017

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, т ус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Өлзийжаргал,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өлзийжаргал, өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Сонинбаатар, өмгөөлөгч Н.Нармандах, гэрч А.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Өлзийжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Сонинбаатар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үндэслэлгүйгээр "Б.Өлзийжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай" 06 дугаар захирамж гаргасан.

Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн. Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд жинхлэн томилоогүй нь тухайн үеийн шийдвэр гаргах албан тушаалтны хайхрамжгүй байдлаас үүссэн алдаа юм. Би улсад нийт 15 жил, тухайн албан тушаалд тасралтгүй 14 ажил ажилласан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Сонинбаатар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр фэйсбүүк чатаар Б.Өлзийжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн захирамжийн төсөл явуулж, тэр өдөртөө захирамжаа батлан гаргасан. Захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.9-д заасныг үндэслэл болгосон. Би албан үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргаагүй, төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцад халдсан гэх баримттай танилцаагүй. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10, 39 дүгээр зүйлийн 39.1.13 дахь заалтыг үндэс болгосон байдаг. Би аливаа улс төрийн намын нөлөөлөлд автсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлогын талаар байр сууриа илэрхийлсэн удаа байхгүй. Надад сахилгын шийтгэлийг ногдуулахдаа 48.1-д заасан нөхцөлийг заавал хангасан байх ёстой.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалын 2.2 дахь заалтын албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухай албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно гэж заасны дагуу ямар нэг шалгалт явуулсан, зөрчлийг тогтоосон, тэдний нэр хүндэд халдсан эсэх нь нотлогдсон, зөрчлийн шинж байдлыг тогтоох зэрэг ажиллагаа хийгдээгүй. Зөвхөн өөрийн үзлээр энэхүү шийтгэлийг ногдуулсан гэж харагдахаар байна.

Мөн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал эхэлж Тэргүүлэгч Ү.Булгамаа өөрийн хүсэлтээр лайв хийсэн. Тус лайвыг хэдэн хүн үзэж, лайв ямар байдлаар хийгдсэнийг би мэдэхгүй. Миний хувьд олон нийтийн сүлжээгээр мэдээлэх зорилгоор албан ёсоор хэлээгүй бөгөөд хурал дээр Тэргүүлэгчдийн асуултад хариулж, тэдгээр хүмүүст хандаж бидний хоорондоо ярьсан зүйл юм. Иймд хүний нэр төрд халдсан гэж үзэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.3.2-т заасан байдаг. Сум хөгжүүлэх сангаас хэн ямар хэмжээний зээл авч, хэрхэн хэрэгжиж байгаа талаар иргэд мэдэхийн зэрэгцээ хяналт тавьж байхаар заасан тул нууц биш зүйл юм. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн А.Дөлгөөн хариуцан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон ард иргэдэд тайлангаар, ил тод мэдээллийн самбар зэргээр дамжуулан мэдээлж байдаг.

2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Сонинбаатар нь Facebook чатаар гэнэт ажлаас халах захирамжийн төсөл явуулж, тэр өдрөө 09 дугаар захирамж гарган намайг ажлаас халсан.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 125/А1660360 дугаартай албан шаардлага зэргийг тус тус үндэслэн Б.Өлзийжаргал намайг төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчлүүдийг удаа дараа гаргасан мөн санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан гэж ажлаас халсан. Энэ нь учир дутагдалтай байх бөгөөд миний бие хэрхэн яаж захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй талаараа болон ямар, ямар ёс зүйн зөрчил гаргаж байсан, яагаад намайг гэнэт ажлаас халах болсон шалтгааныг өнөөдрийг хүртэл мэдэхгүй байна.

Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 06 болон 09 дугаар захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, тайлбар хийх, санал гаргах боломж ч олголгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шууд ажлаас халсан нь хуульд үл нийцэж байна.

Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Сонинбаатар нь надад Төрийн албаны тухай хуулийн 0 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан тухайн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд л зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн зэргийг нь харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, энэ нь нотлогдсон тохиолдолд л хариуцлага хүлээлгэхээр хуульд тодорхой заасан байхад эрх бүхий албан тушаалтнаас намайг ямар байдлаар албаны эрх мэдлээ хэтрүүлж хууль бус шийдвэр, үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн, энэ нь хэрхэн яаж нотлогдож буй талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгүй заавал нэг хуулийн заалт бичих ёстой гэсэн мэтээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж заасныг үндэслэн намайг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны эрх бүхий албан тушаалтан буюу шийдвэр гаргах эрх бүхий албан хаагчаас аливаа этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа уг үйл ажиллагаандаа баримталбал зохих тусгай зарчмуудыг баримтлалгүйгээр гаргасан шийдвэр нь өөрөө хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Маргаан бүхий 06 болон 09 дүгээр захирамжуудыг гаргахдаа мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмуудыг баримтлаагүй байна гэж үзэж байна.

Захиргааны акт гаргах болсон хууль зүйн үндэслэл нь нотлогдож тогтоогдохгүй байгаа учир Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар, 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Д.Сонинбаатарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгч Н.Нармандах нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар Б.Өлзийжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг гаргасан. Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Хурлын нарийн бичгийн дарга Б.Өлзийжаргал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, 37.1.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх асуудлыг миний бие хэлэлцүүлсэн.

Уг хуралдаанд Тэргүүлэгч Ү.Булгамаа хэлэлцэж байгаа асуудлын талаар цахим орчинд лайв хийсэн. Уг лайвыг хийж байгааг тэр хуралдаанд сууж байсан хүмүүс мэдэж байсан бөгөөд Ү.Булгамаа нь өөрөө лайв хийж байгаа үйлдэлдээ өөрөө хариуцлага хүлээнэ, яг ямар асуудлаас болоод Б.Өлзийжаргал ажлаас халагдах болоод байгааг Д.Сонинбаатар миний бие болон Б.Өлзийжаргал нарын тайлбарыг нийтэд мэдээлмээр байна гэж мэдэгдээд лайваа эхлүүлсэн юм. Лайв эхлэхэд миний бие Б.Өлзийжаргалын ажлаас чөлөөлөх болсон үндэслэлүүдийг тайлбарлан ярьсан. Б.Өлзийжаргал нь миний тайлбарт хариу тайлбар гаргахдаа Хурлын дарга Д.Сонинбаатар, Тэргүүлэгч У.Батбаяр, Тэргүүлэгч Б.Пэрэнлэймаагийн гэр бүлийн хүн болох Г.Мөнх-Очир нартай холбоотой хувь хүний нууц болох зээлийн хэмжээ, хувийн хүсэлт зэргийг нийтэд зарлаж мэдээлсэн юм. Түүний энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д заасан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойших хугацаанд төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх үүргээ зөрчсөн үйлдэл юм.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна... гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч хуульд заасан нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулдаг. Иймд Б.Өлзийжаргалыг дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж 3 сарын цалинг 20 хувиа бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжаар Б.Өлзийжаргалыг ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Б.Өлзийжаргал ажиллаж байх хугацаандаа сошиал орчинд зөвхөн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг удаа дараа оруулж, байгууллагын үйл ажиллагааг буруу сурталчилж, удирдлага болон байгууллагын нэр хүндэд халдсан үйл явдлуудыг гаргаж байсан. Энэхүү үйлдлийг дахин гаргахгүй байх талаар Б.Өлзийжаргалд сануулж байсан боловч удирдлагын шаардлагыг хүлээн аваагүй.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар Сөрөг дүгнэлт авсан алдаа дутагдал гаргасан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Өлзийжаргал нь Хурлын төсвийн шууд захирагч юм. Б.Өлзийжаргал нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 413.400 төгрөгийн авлага, 20.000 төгрөгийн хувь хүнд төлөх өглөг үүсгэсэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын зарцуулалтыг тулган баталгаажуулахад 2.800.000 төгрөгийн зөөврийн компьютерийн үнийг ямар нэгэн шийдвэргүй шилжүүлсэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг захиран зарцуулах журамгүй, тус зардлаас 24.999.900 төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлж хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй, Эргэлийн хөрөнгийн тооллогын бүртгэлийг тулган баталгаажуулахад бичиг хэргийн материал 1.899.000 төгрөгийн материалд тооллого хийгээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас Б.Өлзийжаргалын зөрчилд Сөрөг дүгнэлт гаргаж Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Зөрчил арилгах тухай тухай Албан шаардлагыг хүргүүлсэн.

Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Өлзийжаргал нь шалгалтад зөвлөх, сургалт, зөвлөгөө өгөх ажлын хэсгийн ирэхэд болон хуралд оролцогчдын цайны материалын үнэ 250.000 төгрөгийн бараа материалыг Ундрам Манлай ХХК-ийн дэлгүүрээс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бичүүлж авч орлогдсон байна. Мөн Ундрам Манлай ХХК-ийн дэлгүүрээс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ус, ундаа, печень зэрэг 234.100 төгрөгийн хүнсний материалыг худалдан авсан үндэслэлээр тухайн дэлгүүр нь мөнгөө нэхэмжилсээр байсан учир 2021 оны 05 дугаар сарын 21-нд мөнгийг шилжүүлсэн. Дээрх хүнсний материалыг хэзээ, хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй.

Мөн Б.Өлзийжаргал нь Өлзийт шүтээн ХХК-ийн дэлгүүрээс нийт 230.800 төгрөгийн тус тус бичиг хэргийн бараа материал худалдан авч баримт бүрдүүлсэн боловч 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөхдөө дээрх бичиг хэргийн бараа материалын зүйлсийг огт хүлээлгэж өгөөгүй нь баримтаар нотлогдож байна. Эдгээр бичиг хэргийн болон хүнсний бараа материалыг худалдан авч хэзээ хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байдлаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний олон удаагийн санхүүгийн зөрчил гаргасан байдлыг нь харгалзан алдаа зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно.

Аудитын Албан шаардлага дээр 03 дугаар сарын 19-ний дотор сахилгын шийтгэл ногдуул гэсэн байсныг үндэслээд сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Өлзийжаргалыг халах үндэслэл нь бол өмнө нь 2021 оны 02 дугаар сарын 25-нд сахилгын шийтгэл ногдуулсан байсан учраас дараагийн арга хэмжээ буюу ажлаас нь халсан.

Нэхэмжлэгч Б.Өлзийжаргалыг анх ажилд томилсон Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн захирамж байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан үндэслэлээр Хурлын нарийн бичгийн даргын ажилд түр хугацаагаар томилсон байдаг. 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай Өмнөговь аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлийн тогтоолоор төрийн албаны шалгалт өгөөд нөөцөд бүртгүүлсэн. Хэдийгээр нөөцөд бүртгүүлсэн боловч Хурлын нарийн бичгийн албан тушаалд баталгаажуулан томилсон баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс энэ ажлыг хийж байсан гэдэг нь эргэлзээтэй.

Энэ ажилд албан ёсоор томилогдоогүй хүн шүүхэд ажилдаа эгүүлэн томилуулах, сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байна уу гэдгийг шүүх харж үзээсэй. Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар захирамжийн хувьд бол нэгэнт Б.Өлзийжаргал нь төрийн жинхэнэ албан хаагч хүн биш тул энэ ажилд жинхлэн томилогдсон тушаал байхгүй тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй юм.

Ажлаас халах сахилгын шийтгэл нь төрийн байгууллагаас ирсэн өргөдөл гомдлын дагуу гарсан захирамж учраас заавал сонсох ажиллагааг хийх шаардлагагүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д дараах тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэж заасан. 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд гэж байгаа. Өмнөговь аймаг дахь Аудитын газраас ирсэн Сөрөг дүгнэлт нь Б.Өлзийжаргалд хаяглагдсан байдаг.

Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг цахим хэлбэрээр мэдэгдэж болно гэж заасан. Аудитаас ирүүлсэн Сөрөг дүгнэлтийг цахимаар танилцуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Аудитын дүгнэлт нь өөрөө эцсийн дүгнэлт учраас үүнд гомдол гаргах эрхгүй учраас үүнийг баримталж хариуцагч нь захирамжаа гаргасан. Иймд хариуцагчийн гаргасан эрх зүйн актууд нь хууль зүйн үндэслэлтэй хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Өлзийжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Өлзийжаргалаас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, мөн оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 06 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэргүүдийг нэгтгэсэн болно[1].

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Өлзийжаргалаас нэхэмжлэлийн шаардлагаа багасган Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар, мөн Хурлын даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах гэж тодруулан тодорхойлжээ[2].

Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр захирамжаар Б.Өлзийжаргалыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон байна. Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Б.Өлзийжаргалыг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэж, мөн өдрийн Нэр дэвшүүлэх тухай 16 дугаар тогтоолоор Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Өлзийжаргалын нэрийг дэвшүүлж, улмаар Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өргөсөн болох нь хэрэг авагдсан дээрх баримтуудаар[3] тогтоогдож байна.

Иймээс Б.Өлзийжаргал нь тангаран өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч мөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэж зааснаар өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Харин тухайн үед Б.Өлзийжаргалыг Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргаагүй нь түүний буруу биш бөгөөд тэрээр 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан байна.

Нэг. Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар захирамжийн тухайд:

Маргаан бүхий Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б.Өлзийжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай 06 дугаар[4] захирамжаар ...Тэргүүлэгчдийн хурал дээр олон нийтийн сүлжээгээр (Ү.Булгамаа) лайв хийж, ...нартай холбоотой ...хувь хүний зээлийн хэмжээ, хувийн хүсэлт зэргийг задлан мэдээлсэн гэх үндэслэлээр Б.Өлзийжаргалын албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд Хурлын дарга Д.Сонинбаатараас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Өлзийжаргалыг ажлаас чөлөөлөх тухай танилцуулга хийсэн бөгөөд тухайн үед Тэргүүлэгч Ү.Булгамаа нь уг хуралдааны үйл явцыг лайв хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Facebook-т оруулсан байна.

Тухайн өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Өлзийжаргалаас Хурлын даргын танилцуулга болон Тэргүүлэгчдийн асуултад хариу тайлбар хийх явцдаа ...Сум хөгжүүлэх сангаас хамгийн өндөр зээлийг ...Д.Сонинбаатар (Хурлын дарга) танд олгосон байдаг, ...дараагийн өндөр зээл...Засаг даргын орлогч У.Батбаярт (Тэргүүлэгч) олгосон, ...Б.Пэрэнлэймаа төлөөлөгчийн хувьд ...4 хүнийг... ажилд оруулсан тэр дунд танай нөхөр байсан... гэж хэлсэн болох нь Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 05 дугаар тэмдэглэлд[5] тусгагдсан байна.

Засгийн газрын 2016 оны 153 дугаар[6] тогтоолын хавсралтаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ыг баталсан байна. Уг журмын 1.1-д Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна, 5.1-д Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад тухайн сумын иргэд хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болно, 5.3-д Энэ журмын 3.3.2-т заасан зөвлөл сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 5.3.2-т сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж, дүнг тухайн сумын нийт иргэдэд мэдээлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж тус тус журамлажээ.

Журмын дээрх заалтуудаас үзэхэд Сум хөгжүүлэх сангаас иргэн, хуулийн этгээдэд олгосон зээл, зээлийн эргэн төлөлт зэрэг нь тухайн сумын нийт иргэдэд ил тод, нээлттэй байхаар, сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт зэрэгт тухай бүр хяналт шалгалт хийж, нийтэд ил тод мэдээлж байхаар зохицуулагдсан.

Мөн Шүүх хуралдаанд гэрч Дөлгөөн[7] Мэдээллийг нэг цэгийн үйлчилгээний самбарт ...зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлийн мэдээллийг байршуулдаг, ...зээлийн үлдэгдлийн мэдээ, тайлан гаргаж Монгол банк руу мэдээлэл илгээх бүрдээ шинэчлэл хийсэн мэдээ Мэдээллийн самбарт тавигддаг. Сум хөгжүүлэх сангийн журам дээр эргэн төлөлт болон сангийн зардлын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй байлга гэсэн байдаг гэж мэдүүлсэн, мөн Манлай сумын Засаг даргын Тамгын газарт байрлах мэдээллийн самбарт ХХААГ-ын мэдээлэлд Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж, улирал бүр мэдээллийг нийт иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болох нь гэрч А.Дөлгөөний мэдүүлэг болон хэрэгт авагдсан фото[8] зураг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчаас Б.Өлзийжаргалыг хувь хүний нууц болох зээлийн хэмжээ, хувийн хүсэлт зэргийг нийтэд зарлан мэдээлсэн гэж буруутгах боловч хувь хүний зээл, хувийн хүсэлт зэрэг нь Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулиар хамгаалагдах хувь хүний нууцад хамаарагдахгүй байна. Түүнээс гадна Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны үйл явцыг Тэргүүлэгч Ү.Булгамаа лайв хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Facebook-т оруулсан байхад энэ үйлдэлд Б.Өлзийжаргалыг шууд буруутгаж, сахилгын шийтгэл ногдуулсан нь учир дутагдалтай болжээ.

Иймээс нэхэмжлэгч Б.Өлзийжаргал Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.10, 39 дүгээр зүйлийн 39.1.13 дах заалтуудад заасныг зөрчсөн нь сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болсон гэж маргах боловч Б.Өлзийжаргал нь хэрхэн яаж зөрчсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцээгүй, нотолж чадахгүй байсан болно.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар захирамжаар Б.Өлзийжаргалд сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ..., бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ. 

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасны дагуу тайлбар, санал гаргах сонсох ажиллагаа хийгдээгүй гэж маргах боловч Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд Хурлын даргаас Хурлын нарийн бичгийн дарга Б.Өлзийжаргалыг ажлаас чөлөөлөх тухай танилцуулга хийсэн, улмаар Өлзийжаргал хуралд өөрийн биеэр оролцож хариу тайлбар гаргасан зэргээс үзвэл сонсох ажиллагаа огт явагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр. Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжийн тухайд:

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны санхүүгийн тайлангийн аудит хийж, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр[9] Зөрчил арилгах тухай, Хариуцлага тооцуулах тухай Албан шаардлагууд, Сөрөг дүгнэлт үйлдэж, Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хурлын нарийн бичгийн дарга нарт хүргүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр Сөрөг дүгнэлтэд ...санхүүгийн тайлант жилд авлага, өглөг үүсгэсэн, жилийн эцэст...үлдэгдлийн тооллого хийж... баталгаажуулаагүй, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг захиран зарцуулах тодорхой журамгүй, төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй зэрэг алдаа, зөрчлүүдэд дүгнэлт үйлдэж, мөн өдрийн Хариуцлага тооцуулах тухай 125/А1660360 ӨМА-2021/46/СТА-ТШЗ дугаартай Албан шаардлагад ...Сөрөг дүгнэлт авсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч болон холбогдох бусад эрх бүхий албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулах-ыг хариуцагчид даалгажээ.

Хариуцагч Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 дүгээр[10] захирамжаар Хариуцлага тооцуулах тухай 125/А1660360 ӨМА-2021/46/СТА-ТШЗ дугаар Албан шаардлагыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Өлзийжаргалыг төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчим баримтлаагүй, ...ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн...Сөрөг дүгнэлт авсан зэрэг алдаа дутагдал гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Мөн хариуцагчаас Б.Өлзийжаргалыг зарим бичиг хэргийг болон хүнсний бараа материалыг (хүнсний бараа 250.000 төгрөг, 234.100 төгрөг, бичиг хэрэг 230800 төгрөг) худалдан авч хэзээ хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, бичиг хэргийн барааг хүлээлгэн өгөөгүй зэрэг зөрчил гаргасан гэж буруутгаж байх боловч энэ нь нэхэмжлэгчийг ажлаас халсаны дараа илрүүлж тогтоосон байх тул маргаж буй актын үндэслэл болоогүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагчаас Б.Өлзийжаргалыг төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчим баримтлаагүй, ...ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан гэж тайлбарлан маргах боловч шүүх хуралдаанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан актын энэ үндэслэлээ нотолж, хангалттай тайлбар гарган мэтгэлцэж чадахгүй байснаас үзвэл захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Харин Сөрөг дүгнэлтэд дурьдсан ...санхүүгийн тайлант жилд авлага, өглөг үүсгэсэн, жилийн эцэст...үлдэгдлийн тооллого хийж... баталгаажуулаагүй, ...зардлыг захиран зарцуулах тодорхой журамгүй, ...тоног төхөөрөмжийг хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй зөрчлүүдийг гаргасан буруутай байх ба үүнд эрх бүхий бусад албан тушаалтан (нярав, нягтлан бодогч г.м)-ууд ч хамаатай байхад зөвхөн төсвийн шууд захирагч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг буруутган Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь хууль бус болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн албаны өмч хөрөнгийг хувийн зорилгод ашиглаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил, дутагдал гаргаагүй байхад Б.Өлзийжаргалд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохирохгүй байна.

Тухайн тохиолдолд Сөрөг дүгнэлтэд дурьдагдсан зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан бусад сахилгын шийтгэлийн аль нэгийг сонгон ногдуулах боломжтой байсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагчаас Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Зөрчил арилгах тухай, Хариуцлага тооцуулах тухай Албан шаардлагууд, Сөрөг дүгнэлт зэргийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, маргаан бүхий захиргааны актууд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дах заалтад заасантай нийцээгүйн, нэхэмжлэгч Б.Өлзийжаргалын төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Өлзийжаргалыг Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Өлзийжаргалын ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 7 сар, 18 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож,  (7 сар 9.334.661, 18 хоног 1.143.018[11]) үлдэх 10.477.679 (арван сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун далан ес) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Ажилгүй байсан хугацааны олговроос зохиох татвар шимтгэлийг суутган тооцох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Өлзийжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Өлзийжаргалыг Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Өлзийжаргалд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 7 сар, 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 10.477.679 (арван сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун далан ес) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Өлзийжаргалд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.ЦЭЦЭГМАА

 


[1] Хавтаст хэргийг 23-26, 112-116, 156-160 дах хуудас

[2] Хавтаст хэргийн 209 дэх хуудас

[3] Хавтаст хэргийн 11-14 дэх хуудас

[4] Хавтаст хэргийн 110 дах хуудас

[5] Хавтаст хэргийн 138 дах хуудас буюу Хуралдааны тэмдэглэлийн 10 дах тал.

[7] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дах хуудас

[8] Хавтаст хэргийн 2017-2018 дах хуудас

[9] Хавтаст хэргийн 143-150 дах хуудас

[10]Хавтаст хэргийн 151 дэх хуудас

[11] Хавтаст хэргийн 171-172 дах хуудас