Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        01         26                                    2023/ШЦТ/124

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Цэрэндулам,

Улсын яллагч: Ж.Баянжаргал,

Шүүгдэгч: “Х” ХХК хууль ёсны төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэчулуун нар оролцсон эрүүгийн 00 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

“Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн, 0 улсын бүртгэлийн дугаартай, 0 регистрийн дугаартай, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний худалдаа, барилгын материал худалдаа, газар тариалан эрхлэх, гадаад худалдаа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, /үйл ажиллагаа явуулдаг/, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч “Х” ХХК нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд захирал Б нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр 2016, 2017 онуудад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 853 дугаарт Метанол (СН3ОН), 408 дугаарт хүхрийн хүчил 2SО4), 114 дугаарт азотын хүчил (HNOз) зэрэг химийн бодисыг “Р” ХХК болон бусад этгээдүүдээс их хэмжээгээр худалдан авч 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, үлдэгдэл 64.1 кг бодисыг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч “Х” ХХК хууль ёсны төлөөлөгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.    

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15, 17-20 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, 

 

Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51, 53 дугаар хуудас/,

 

Гэрч А.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55, 57 дугаар хуудас/,

 

Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-78 дугаар хуудас/,

 

Шинжээч Ш.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч “Х” ХХК хууль ёсны төлөөлөгч Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 11 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96-97 дугаар хуудас/, хууль ёсны төлөөлөгч Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 124 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч “Х” ХХК нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд захирал Б нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр 2016, 2017 онуудад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 853 дугаарт Метанол (СН3ОН), 408 дугаарт хүхрийн хүчил 2SО4), 114 дугаарт азотын хүчил (HNOз) зэрэг химийн бодисыг “Р” ХХК болон бусад этгээдүүдээс их хэмжээгээр худалдан авч 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, үлдэгдэл 64.1 кг бодисыг хадгалсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  

 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Эд мөрийн баримтаар цагаан өнгийн савтай 17.7 литр Метанол (СН3ОН), 31.3 литр хүхрийн хүчил 2SО4), 12.4 литр азотын хүчил (HNOз), хүхрийн хүчил /H2SO4/-ийн холимог, 1.3 литрийн зэсийн сульфат /CuSO4/, азотын хүчил /HNO3/-ийн холимог, 1.4 литрийн азотын хүчил /HNO3/, зэсийн сульфат /CuSO4/, хүхрийн хүчил /H2SO4/-ийн холимог зэрэг бодисуудыг хураан авав...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...эд мөрийн баримтаар хураан авсан 17.7 литр Метанол (СН3ОН), 31.3 литр хүхрийн хүчил 2SО4), 12.4 литр азотын хүчил (HNOз), хүхрийн хүчил /H2SO4/-ийн холимог, 1.3 литрийн зэсийн сульфат /CuSO4/, азотын хүчил /HNO3/-ийн холимог, 1.4 литрийн азотын хүчил /HNO3/, зэсийн сульфат /CuSO4/, хүхрийн хүчил /H2SO4/-ийн холимог зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Гэрч Э.Эийн “...Манай “Х” ХХК нь энгэрийн тэмдэг, медаль, одон гэх мэт зүйлсийг үйлдвэрлэдэг. Манайх хүхрийн хүчил, азотын хүчил гэх мэт 5 төрлийн химийн бодис хэрэглэх тусгай зөвшөөрлийг авах гээд материалаа бүрдүүлж өгсөн байгаа, химийн бодис хэрэглэдэг ашигладаг талаар би сайн мэдэхгүй байна. Хийсэн бүтээгдэхүүнээ фэйрри болон нимбэгийн хүчил зэргээр бас угааж бас шёткоор зүлгэж өнгөлдөг, химийн бодис ашигладаг талаар мэдэхгүй байна. Манай захирал Баярбат сайн мэдэж байгаа. Химийн бодисын тусгай зөвшөөрөл авах талаар хөөцөлдөж байгаа гэж надад хэлснээс өөр зүйл би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Тн “...би “Х” ХХК-нд 2016 оноос хойш ажиллаж байна. Ган сийлбэрчин гэхээр ган төмрөөр хэв хийж хатаадаг ажил хийнэ, манай компани үйл ажиллагаандаа миний мэдэх химийн бодис ашиглаж байгаагүй... тэр өрөөнд өнгөлгөөний нэг машин байдаг өөр зүйлс байдаг талаар нарийн сайн мэдэхгүй байна. Химийн бодис хадгалдаг үгүйг мэдэхгүй байна. Энэ талаар захирал Баярбат мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Чйн “...манай компани химийн бодис ашиглаж байгаагүй байх, би химийн бодис ашиглаж байсан талаар мэдэхгүй. Би ажил дээрээ химийн бодис ашиглаж байгаагүй... өнгөлүүлэхээр гарч ирсэн бүтээгдэхүүнийг манай захирал Баярбат өөрөө нэг тусгай өрөөнд үзэж харж шалгаад дараа нь Төмөрбаатар бид хоёрт өгдөг. Захирал тэр өрөөндөө юу хийдэг талаар би мэдэхгүй байна. Манай үйлдвэрийн 2 давхарт байдаг өрөөнд захирал хийсэн бүтээгдэхүүнийг шалгаад дараа нь бид хоёрт өнгөлүүлэхээр өгдөг гэж би ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Бийн “...Манай  “Х” ХХК нь одон тэмдэг, медаль ромбо зэрэг зүйлсийг ашигладаг. Химийн хорт аюултай бодис ашигладаг талаар би мэдэхгүй байна. Химийн хорт аюултай бодис худалдан авч байсан талаарх баримтыг өөрийн компанийн өмнөх онуудын баримт материал дотроос шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Р” ХХК-аас 54 кг Азотын хүчил худалдан авч байсан баримт гарч ирж байна лээ. Тэгэхээр намайг ажилд орохоос өмнө нь Азотын хүчил худалдаж авч байсан юм шиг байна лээ. Энэ талаар захирал Баярбат мэднэ. Намайг ажилд орсноос химийн бодис худалдан авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Нын “...Би 2019 оны 02 дугаар сараас хойш “Р” ХХК-нд ажиллаж байна. Намайг ажилд орсноос хойш “Х” ХХК химийн бодис худалдаж авч байгаагүй. Би “Х” ХХК-ийг манайхаас химийн бодис худалдаж авч байсан талаарх баримтыг компанийн архиваас шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Азотын хүчил 27 кг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Азотын хүчил 54 кг зэрэг химийн бодис худалдан авч байсан байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Дын “...Х ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Азотын хүчлийн стандарт 0.5 грамм, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэг ширхэг хуванцар стакан, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 13 нэр төрлийн шил сав авсан баримтууд байсан....” гэсэн мэдүүлэг,

 

Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт “...1 дугаартай органик дээжүүд шинжилгээний явцад зориулалтын бус саванд хадгалсны улмаас усны сав задарч асгарсан. 1 дугаартай “хөх контейнер доторх хуванцар савтай шингэн” хаягтай өнгөгүй тунгалаг, хувийн жин 789кг/м3, хугарлын илтгэгч nd-1.3276. нил улаан туяаны спектометрийн шинжилгээгээр метанол /CH3OH/ гэж тогтоов.

2. 2 дугаар дээж бага зэргийн шаргал өнгөтэй тосорхог шингэн, шингэний орчин pH=1 буюу хүчтэй хүчиллэг, нягт нь р-1.365u/см3 байв. Химийн шинжилгээгээр 49.54%ийн хүхрийн хүчил гэж тогтоов.

3. 3 дугаартай дээж бага зэргийн шаргал өнгөтэй, тосорхог шингэн, шингэний орчин pH=1 буюу хүчтэй хүчиллэг, нягт нь р-1.365u/см3 байв. Химийн шинжилгээгээр 49.54%ийн хүхрийн хүчил гэж тогтоов.

4. 4 дугаартай дээж “азотын хүчил” гэсэн хаягтай, бага зэргийн шаргал өнгөтэй тосорхог шингэн, шингэний орчин pH=1 буюу хүчтэй хүчиллэг, хувийн жин нь 1.355 г/см3 байв. Химийн шинжилгээгээр уг шингэнд 0.0745%-ийн хүхрийн хүчил /H2SO4/, 37.77%-ийн азотын хүчил /HNO3/ агуулагдаж байгааг тогтоов. Уг шингэн нь азотын хүчил хүхрийн хүчлийн холимог байна.

5. 5 дугаартай дээж нь “10%-ийн хүхрийн хүчил” гэсэн хаягтай цэнхэр өнгөтэй, тоосорхог шингэн, шингэний pH=1 буюу хүчтэй хүчиллэг, хувийн жин нь 1.371 г/см3 байв. Уг дээжид 0.546% зэс /Cu/, 0.52% сульфат ион /SO42-/, 62.75% азотын хүчил /HNO3/ байгааг химийн шинжилгээгээр тодорхойлов. Шинжилгээний дүнгээс уг дээж нь 0.1% зэсийн нитрат Cu/NO3/2, 0.88% зэсийн сульфат /CuSO4/ 62.75% азотын хүчил /HNO3/ агуулсан холимог байна.

6. 6 дугаартай дээж 5% хувийн хүхрийн хүчил, 5%-ийн азотын хүчил” гэсэн хаягтай цэнхэр өнгөтэй тосорхог шингэн, шингэний орчин pH=1 буюу хүчтэй хүчиллэг, хувийн жин нь 1.355 г/см3 байв. Уг шингэнд химийн шинжилгээгээр 0.2813% зэс /Cu/, 34.9% хүхрийн хүчил /H2SO4/, 15.13%-ийн азотын хүчил /HNO3/ хүчил агуулагдаж байгааг тогтоосон. Уг дээж нь 0.7% зэсийн сульфат /CuSO4/, 15.13%-ийн азотын хүчил /HNO3/, 34.9% хүхрийн хүчил /H2SO4/ агуулсан холимог байна...” гэсэн дүгнэлт,

 

Шинжээч Ш.Нямдэлгэрийн “...шинжилгээнд ирсэн бодисуудын найрлага, агуулгыг тодорхойлох шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Азотын хүчил нь хүчтэй исэлдүүлэгч бодис тул металл зэсийг уусгана. Ууссаны дүнд зэсийн сульфат үүснэ..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч “Х” ХХК хууль ёсны төлөөлөгч Бын яллагдагчаар өгсөн “...Манай “Х” ХХК нь 2016 оноос хойш одон тэмдэг, медаль, ромбо хийхдээ металл өнгөлгөөнд нь хүхрийн хүчил, азотын хүчил зэрэг химийн бодисуудыг зөвшөөрөлтэй компани болох “Р” ХХК, “Ц” ХХК-иудаас худалдан авч ашигладаг байсан. Химийн бодисуудыг өнгөлгөөнд ашиглахад бага хэрэглэдэг тул удаан уусдаг. Хүхрийн хүчил, азотын хүчил зэргийг усаар шингэлж эсхүл шингэлснийхээ дараа хооронд нь хольж буюу дангаар нь саванд хийж тавиад хийсэн металл бүтээгдэхүүнүүдээ дүрж зайлж авах зэргээр өнгөлдөг. Энэ металл дээр байгаа тос, хаг, нагаар зэрэг бохирдлуудыг арилгаж металлын үндсэн өнгийг нь гаргадаг... Хамгийн сүүлд “Ц” ХХК, “Р” ХХК-уудаас 2017, 2019 онуудад байх азотын хүчил, хүхрийн хүчил зэргийг худалдан авч хэрэглэж байгаад үлдэгдэл нь сая шалгалтаар хураагдсан. Манай компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис үйл ажиллагаандаа хэрэглэж, хадгалсан буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч “Х” ХХК нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ "химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;” гэж, тус хуулийн 3.2.2-д “ "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;” хэлнэ гэж заасан ба Метанол (СН3ОН), хүхрийн хүчил (Н2SО4), азотын хүчил (HNOз) зэрэг химийн бодисыг “Х” ХХК нь металл бүтээгдэхүүнүүдээ дүрж зайлж авах зэргээр өнгөлгөө хийх зорилгоор ашиглаж, хадгалсан байна.

 

 “Х” ХХК нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрлийг зохих байгууллагаас аваагүйгээр үйл ажиллагаандаа ашиглан, хадгалсан байгаа нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг зөрчсөн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан” гэдэгт тухайн хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу зохих тусгай зөвшөөрлийг аваагүй тохиолдолд ямар ч байдлаар химийн хорт, аюултай бодистой харьцаж, өөрсөддөө хамааруулан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд ийнхүү үйл ажиллагаа явуулсан үйлдлийг ойлгоно.

 

“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэгт химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг ойлгоно. 

 

“Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө” үйлдсэн гэдэгт химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн хадгалсан, худалдсан, авсан тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан үйлдэл хийж тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх зэрэг ашиг сонирхлын төлөө үйлдсэнийг ойлгоно.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Ийнхүү шүүгдэгч “Х” ХХК /хууль ёсны төлөөлөгч Б/ нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн нь гэмт хэргийн шинж, гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Баас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /төлөх төлбөргүй/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч “Х” ХХК-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч “Х” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй тул “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч “Х” ХХК-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч “Х” ХХК-нд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар химийн хорт аюултай бодистой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд “Х” ХХК-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч химийн хорт аюултай бодистой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17.7 литр Метанол (СН3ОН), 31.3 литр хүхрийн хүчил 2SО4), 12.4 литр азотын хүчил (HNOз), хүхрийн хүчил /H2SO4/-ийн холимог, 1.3 литрийн зэсийн сульфат /CuSO4/, азотын хүчил /HNO3/-ийн холимог, 1.4 литрийн азотын хүчил /HNO3/, зэсийн сульфат /CuSO4/, хүхрийн хүчил /H2SO4/-ийн холимог зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч “Х” ХХК-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Х” ХХК-г химийн хорт, аюултай бодистой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Х” ХХК-нд оногдуулсан 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа 17.7 литр Метанол (СН3ОН), 31.3 литр хүхрийн хүчил 2SО4), 12.4 литр азотын хүчил (HNOз), хүхрийн хүчил /H2SO4/-ийн холимог, 1.3 литрийн зэсийн сульфат /CuSO4/, азотын хүчил /HNO3/-ийн холимог, 1.4 литрийн азотын хүчил /HNO3/, зэсийн сульфат /CuSO4/, хүхрийн хүчил /H2SO4/-ийн холимог зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол “Х” ХКК-ийн хууль ёсны төлөөлөгч Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН