Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1190

 

 

2022           12          20                                 2022/ШЦТ/1190

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч Ц.О,

Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ургийн овогт Э.Ө холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, ... хотод төрсөн, ..настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............... дугаар дамжааны оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хүүхдийн хамт ...............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .................../.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хажуугийн зам дээр ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Ц.О биед халдан зодож улмаар биед нь тархи доргилт, баруун хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цээжний зулгаралт, баруун гуя, шилбэний цус хуралт, зулгаралт, зуун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ...дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч С.Б...аас: Яллах дүгнэгт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Хохирогч Ц.Оэс: “...Миний бие эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна, хохирол төлбөрөө төлөөгүй байгаа, өмдний үнэлгээгээр тогтоогдсон 27,000 төгрөг, эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Э.Өаас: “Хэргийн талаар маргахгүй, ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохиролд 130,000 төгрөг төлөхөөр авчирсан байгаа, хохирогчийн дансаар нь шилжүүлээд өгнө. Шүүхээс тогтоосон хохирлын хэмжээгээр хохирлыг төлж барагдуулах болно, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хажуугийн зам дээр ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Ц.О биед халдан зодож улмаар биед нь тархи доргилт, баруун хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зуун хацар, цээжний зулгаралт, баруун гуя, шилбэний цус хуралт, зулгаралт, зуун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Ц.О “...2022 оны 5 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед ажлаа тараад нөхрийн хамт гэр лүүгээ орох гээд авто плазагийн уулзвараас хойд чиглэлд явж байхад ... улсын дугаартай машинтай залуус урдуур хааж зогсоод хэл ам хийгээд байсан. Тэгээд замын хөдөлгөөний дүрэм зэргээ мэддэггүй юм уу гээд хоорондоо маргаж байсан чинь машин барьж байсан залуу нь манай нөхрийг чи юу гээд байгаа бөлдөг вэ гэсэн чинь манай нөхөр уурлаад буцаад очсон. Би бас бууж очсон чинь архи үнэртээд байхаар нь та нар согтуу байна шүү дээ гэхэд буцаж машиндаа суугаад нэг бандидаа та нар зууралдаад байж бай гэснээ машинаа цааш унаж яваад буцаж ирэхдээ нөгөө жолооч нь нэг банди, нэг охин дагуулж ирснээ шууд нөгөө охин намайг цохиод эхэлсэн. Гэхдээ түрүүлж нөгөө жолооч нь намайг алгадсан. Араас нь нөгөө охин нь чи манай найзыг яаж байгаа юм гээд гараа атгаж байгаад нүүр лүү хэд хэдэн удаа цохиод, намайг түлхээд хашаа руу унагааж байгаад дээрээс баахан нүүр лүү цохиод босож байгаад нүүр луү өвдөглөөд байсан. Тэгснээ нөгөө охиныг нэг залуу нь цамцаа ур ур гээд байснаа цамцаа урж мураад зугтаад яваад өгсөн. ...Тэр үл таних архи уусан байсан охин надад энэ гэмтлийг учруулсан. Энэ хөлийн гэмтлийг бол хашаа руу түлхээд арагш унахдаа аваад байгаа гэмтлүүд байгаа юм. Гуяны гэмтлийг бол тэр над руу өшиглөөд гэмтэл учруулсан. Харин нүүрэнд бол тэр охин олон удаа гараа атгаж байгаад цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

-Гэрч Д.Б “...Би одоо хэрэг гарсан он cap өдрийг санахгүй байна Би ажлаасаа гараад гэр лүүгээ харихдаа дэлгүүр орчхоод буцаад гараад явж байтал урдуур нэг жижиг машин шахаж зогсоод төв замын машинд зам тавьж өгсөнгүй гээд уурлаад байсан. Тэгээд за ахын дүү болчих гээд байж байтал архи уусан юм уу, мансуурсан байсан уу, мэдэхгүй архи үнэртээд байсан. Тэгэхээр нь би жолоочийг нь барьж аваад цагдаа иртэл хүлээнэ гээд би тэр залууг татаад явган хүний зам руу гарчихсан юм. Би тэр залууг ганцаараа дийлэхгүй байсан учраас зугтаад яваад өгсөн юм. Тэгээд би эхнэр дээрээ яваад очтол манай эхнэр нэг охиныг барьчихсан зогсож байсан. Тэгсэн замын цагдаа ирээд наад хүнээрээ яах гээд байгаа юм, мэдүүлгээ өг гээд нөгөө охиныг явуулчихсан. Намайг очиход эхнэрийн нүүрэнд ил харагдах гэмтэл шархгүй, энэ тэнд нь жоохон зүсэгдсэн, өмд нь урагдчихсан байдалтай байсан. Тэгээд бид нар гомдол гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

-Гэрч Г.Уын “...тэгээд удалгүй Ө ирээд хэн зодсон юм гээд надаас асуухад нь тэр эгчийг зааж өгсөн. Тэгтэл Ө тэр эгч дээр очоод тэр эмэгтэйг алгадаад үснээс нь зулгаасан. Тэгээд хэсэг үстэлцэж байгаад салсан тэгээдби зугтъя гэж хэлээд зугтаагаад эргээд харахад Ө байгаагүй. Тэгээд би эргээд ирэхэд төмөр сараалжин хашааны дотор талд Ө болон тэр эгч тэр 2 газар уначихсан хоорондоо цохилцож байсан. Тэгээд би очоод танихгүй тэр эгчийн зүүн хацарт нь 1 билүү 2 удаа цохисон. Тэгээд Өыг зуураад тавихгүй байж байгаад намайг цохих үед Ө салаад зугтаасан юм. Тэгээд би араас нь зугтсан. Намайг очиход найз Г...ийн найз нь болох М... салгах гээд оролдож байсан. Өөр бас нэг танихгүй ах байсан, замаар машинтайгаа явж байсан танихгүй хүн болиоч ээ гээд байсан. Тэгээд Өыг зугтсаны дараа би араас нь гүйгээд зугтчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “...1.Ц.О биед тархи доргилт, баруун хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цээжний зулгаралт, баруун гуя, шилбэний цус хуралт, зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн 6608 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

 

-“Д...” хөрөнгийн үнэлгэ зуучлалын компанийн “жинсэн өмдний тухайн үеийн зах зээлийн үнэ ханш 27,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Э.Ө нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Э.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч 130,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн, шүүгдэгчээс хохирогчид шүүх хуралдааны шатанд 130,000 төгрөгийг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн талаарх баримтуудаар нотлогдож байх тул хохирогчид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

 

Харин хохирогчоос өмдний мөнгийг үнэлгээний дагуу нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 27,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Од олгуулах нь зүйтэй гэж байна.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос “шүүгдэгч Э.Өд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгч ял хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Өыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өыг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Өд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 27,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-д олгуулсуга.

 

7. Шүүгдэгчээс хохирогч Ц.О-д 130,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН