| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/01472/и |
| Дугаар | 1812 |
| Огноо | 2019-06-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 1812
| 2019 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2019/01812 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б-ын гаргасан,
Хариуцагч: Ё Ш нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,860,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, хариуцагч нартай 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,100,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тэдний өмчлөлийн ... тоот улсын бүртгэлийн дугаартай газрыг барьцаалсан.
Мөн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 800,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон ба уг гэрээг 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний салшгүй хэсэг гэж тохирсон тул энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дээрх газрыг барьцаанд бүртгүүлээгүй боловч анхны гэрээтэй адил учраас барьцаагаар хангагдсан гэж ойлгож байна.
Миний бие зээлсэн мөнгөө хамгийн бага дүнгээр тооцсон. Хэрэв гэрээнд заасан сарын 10 хувиар хүүг тооцон нэхэмжлэх юм бол нилээд их болохоос гадна алдангийг нэхэмжлээгүй. Хариуцагч нар өнгөрсөн хугацаанд миний дансаар 1,694,000.00 төгрөгийг төлсөн. Үүнээс 200,000.00 төгрөгийг үндсэн зээлийн төлөлт, бусдыг зээлийн хүүнд суутгасан. Гэхдээ хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дахин нэг ч төлбөрийг төлөөгүй.
Би, үндсэн зээлийг 1,700,000.00 төгрөгөөр тооцож, зээлийн хүүг сарын 8 хувь, жилийн 1,632,000.00 төгрөг, 5 жилийн 8,160,000.00 төгрөг, нийт 9,860,000.00 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэв алданги нэмэгдэх бол өндөр дүн гарах байсан.
Гэтэл хариуцагч нар зээлийг төлөөгүй 4-5 жил болж байж сөрөг нэхэмжлэл гаргаж, надаас барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй. Хариуцагчдын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар надад 5,202,500.00 төгрөгийг төлсөн гэсэн боловч үүнийгээ баримтаар нотлох ёстой.
Барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тул чөлөөлөх ямар ч үндэслэлгүй, хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаагаар миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байгааг сонсоод анхнаасаа намайг залилан мэхлэхээр төлөвлөсөн байна гэж ойлгов. Хариуцагч нар өнгөрсөн хугацаанд намайг зээлийг төлөхийг шаардахад одоохон, удахгүй төлнө, түр хүлээж бай гэх зэргээр хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн.
Би, маш их хохирч байна, зээлийг өгөхдөө орлого олох гэж өгсөн болохоос удаан хугацаанд хүүгүй ашиглуулан гэж өгөөгүй. Тухайн үед ам.долларын ханш 1,500 төгрөг байсан, одоогийн ханш 2,500 төгрөг болсон. Иймд, хариуцагч нараас 9,860,000.00 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчдын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Анх зээлдэгч нар 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай 1,100,000.00 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн хүүнд нийт 660,000.00 төгрөгийг төлнө. Гэвч зохигчид 2012 оны 03 дугаар сарны 29-ний өдрөөс хойш зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. Хэрэв алдангийг хуулинд зааснаар 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 550,000.00 төгрөг болно. Иймд, эхний гэрээний төлбөрт нийт 2,310,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.
Харин 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 800,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн хүү 240,000.00 төгрөг, үүн дээр алданги болон үндсэн зээлийг нэмэхэд 1,440,000.00 төгрөг болж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын төлөх зээл, хүү, алдангийн нийлбэр 3,750,000.00 төгрөг юм. Гэвч тэд нэхэмжлэгчийн дансаар 1,694,000.00 төгрөгийг төлж, 3,508,500.00 төгрөгийг бэлнээр өгсөн хэдий ч энэ тухай баримт үйлдээгүй. Гэхдээ үүнийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д зааснаар үүрэг дуусгавар болсон.
Нөгөө талаар хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж зохицуулсан тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Бид, талуудын байгуулсан барьцааны гэрээний дагуу ........ талбайтай газрыг барьцаанд бүртгүүлсэн боловч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас барьцаа хөрөнгийг чөлөөлж, газрын гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баас хариуцагч Ё, Ш нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “үндсэн зээлийг 1,700,000.00 төгрөгөөр тооцож, зээлийн хүүг сарын 8 хувь, жилийн 1,632,000.00 төгрөг, 5 жилийн 8,160,000.00 төгрөг, нийт 9,860,000.00 төгрөг” гэж тодруулсныг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч татгалзсан бөгөөд нэхэмжлэгчид холбогдуулан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус тэрээр хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б болон хариуцагч Ё, Ш нар 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,100,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, улмаар тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч нарын өмчлөлийн ....... талбайтай, ....... тоот улсын бүртгэлийн дугаартай газрыг барьцаалсан байна /х.х-ийн 6, 7, 9 хуудас/.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд.............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Түүнчлэн зохигчид 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 800,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон ба талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалаагүй байна /х.х-ийн 8 хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгч нарт шилжүүлээгүй тохиолдолд тэдгээрт зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тодруулбал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу энэ хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгчид зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Зохигчид, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний зүйл болох 1,900,000.00 төгрөг /1,100,000+800,000=1,900,000/-ийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Хариуцагч нар 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 1,100,000.00 төгрөгийг 6 сарын хүү болох 660,000.00 төгрөгийн хамт 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн бол, харин 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 800,000.00 төгрөгийг 3 сарын хүү 240,000.00 төгрөгийн хамт 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлөх үүргийг тус тус хүлээжээ /1,100,000x10%=110,000x6=660,000, 800,000x10%=80,000x3=240,000/.
Гэвч нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нарыг үндсэн зээл 1,900,000.00 төгрөгөөс 200,000.00 төгрөгийг төлсөн, үлдэх 1,700,000.00 төгрөгийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн сарын 8 хувийн хүүгээр тооцвол 1 жилийн 1,632,000.00 төгрөг, 5 жилийн 8,160,000.00 төгрөгийн зээлийн хүү төлөгдөөгүй байна гэж маргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ.
Тодруулбал, зохигчид зээлийг хүүтэй зээлэхээр тийнхүү тохиролцсон бол гэрээг гагцхүү бичгээр үйлдэх шаардлагатай бөгөөд гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцнэ.
Зохигчид, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 1,100,000.00 төгрөг болон 800,000.00 төгрөгийн зээлийн гэрээг сарын 10 хувийн хүүтэй бичгээр байгуулсан үйл баримтын талаар маргаагүй боловч эдгээр зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш зээлийн хүүг сарын 8 хувь болгож, хугацааг сунгасан эсэх талаар маргаж байна.
Зээлийн хүү нь тухайн зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нараас зээлийг хүлээн авч ашигласнаар зээлдүүлэгчид тохиролцсон хүү /үнэ/-г төлөх үүрэг хүлээх ба зохигчид зээлийг ашиглах хугацааг гэрээгээр тохирсон учраас тэрхүү хугацаагаар зээлийн хүүг төлнө.
Тайлбарлавал, зээлийн гэрээг тодорхой хугацаатай байгуулж, хүүгийн хэмжээг бичгээр тохиролцсон бол тухайн хүүг төлөх үүрэг үүсэх бөгөөд гэрээний хугацаа дууссан бөгөөд хүүгийн хэмжээг өөрчлөх тохиолдолд зайлшгүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар бичгээр энэ тухай тохиролцох ёстой.
Гэтэл зохигчид 3 болон 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлийг сарын 8 хувийг хүүтэй болгон өөрчилж, энэ тухай гэрээ байгуулаагүй учраас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 282 дугаар зүйлийн 282.3.-д заасантай нийцсэн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ.
Гэвч хариуцагч нар 1,100,000.00 төгрөгийн зээлийг 660,000.00 төгрөгийн хүүгийн хамт 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, мөн 800,000.00 төгрөгийн зээлийг 240,000.00 төгрөгийн хүүгийн хамт 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлөх ёстой байтал үүргээ зөрчиж, гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох нэхэмжлэгч Бын Х ХХК дахь 5003560837 тоот дансны хуулгыг үзвэл хариуцагч Ё, Ш нар өнгөрсөн хугацаанд нийт 1,694,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг нэхэмжлэгч нь тайлбарлахдаа 200,000.00 төгрөгийг үндсэн зээлд, 1,494,000.00 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэсэн /х.х-ийн 27-38 хуудас/.
Зүй нь, хариуцагч нар 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 1,100,000.00 төгрөг, зээлийн хүү 660,000.00 төгрөг /1,100,000+660,000=1,760,000/, түүнчлэн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 800,000.00 төгрөг, зээлийн хүү 240,000.00 төгрөг /800,000+240,000=1,040,000/, нийт 2,800,000.00 төгрөгийг төлөх ёстой байтал 1,694,000.00 төгрөгийг төлж, 1,106,000.00 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нар 5,202,500.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдгээ баримтаар нотлох учиртай. Гэтэл хариуцагч болон өмгөөлөгч 1,694,000.00 төгрөгөөс гадна 3,508,500.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдгээ нотлохгүй байна.
Иймд, нэхэмжлэгч Б нь хариуцагч Ё, Ш нараас 1,106,000.00 төгрөгийг шаардах эрхтэй юм.
Гэвч хариуцагч нарын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасныг үндэслэн тус төлбөрийг төлөхөөс татгалзсан.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу үүссэн үүргийг нөгөө талаасаа биелүүлэхийг шаардах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарладаг байна.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар тодорхой төрлийн гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигдын тайлбараар хариуцагч нар 2011 оны 09 дүгээрын 29-ны өдөр болон 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хамгийн сүүлд буюу 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 88,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрчээ /х.х-ийн 35 хуудас/.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.
Үүний дагуу хариуцагч нарын төлбөр төлсөн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна. Ийм учраас хариуцагчдын өмгөөлөгчийн зүгээс тус хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар 1,106,000.00 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.
Шүүх, энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэрэгт авагдсан болоод хэлэлцүүлсэн баримт, мөн талуудын тайлбараар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч талын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд, нэгэнт нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 1,106,000.00 төгрөгийг шаардах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ........ тоот улсын бүртгэлийн дугаартай газрыг барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал анхнаасаа .... тоот дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг талуудын тохиролцоо ёсоор өөртөө шилжүүлэн авсан учраас түүнийг бусдын өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхгүй.
Харин Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.
Тодруулбал, талуудын барьцааны гэрээний зүйл нь 668 м.кв талбайтай газар буюу үл хөдлөх хөрөнгө бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн барьцааны зүйлийг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т “Дараах барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно” гээд 44.4.1.-д “газар” заасны дагуу гагцхүү шүүхийн журмаар худалдан борлуулж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангах журамтай.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шүүхийн журмаар нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх тусдаа үүсэхгүй.
Тайлбарлавал, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар барьцаа нь тус хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4.-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд түүнийг үүсгэх үндэслэл болсон зээлийн гэрээгүйгээр бие даан оршиж, хэрэгжих боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байхын сацуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн шаардах эрх болон уг шаардах эрхийг шүүхийн журмаар хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болоогүй байх тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу хангуулж болно.
Гэвч зохигчдын байгуулсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч тал 1,106,000.00 төгрөгийг хариуцагч нараас шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардах эрхгүй. Үүнийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3.-д “Энэ хуулийн 160.1.4, 160.1.5.-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Иймд, нэхэмжлэгч тал хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шүүхийн журмаар нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул тэрээр ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах шаардлага гаргах эрхгүй болсон учраас 668 м.кв талбайтай газрыг барьцаанаас чөлөөлж, шилжүүлсэн холбогдох бичиг баримтыг хариуцагч нарт өгөх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР