Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1192

 

 

 

 

 

 

 

 

2022          12          20                                  2022/ШЦТ/1192

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Шүүгдэгч /хохирогч/ Д.Х, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

Шүүгдэгч /хохирогч/ Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Буянхишигээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...Х, Э.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 23-ны өдөр .. хотод төрсөн, .. настай эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эгч, дүү нарын хамт ................. тоотод оршин суудаг /бүртгэлтэй хаяг С./, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Б... дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

С... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, .............../;

 

Монгол Улсын иргэн, 19.. оны 6 дугаар сарын ..-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “Ү...” ХХК-нд .. ажилтай, ам бүл .. хүүхдийн хамт ................/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................../.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч /хохирогч/ Д.Х нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100 орчимд иргэн Э.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч /хохирогч/ Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ... орчимд иргэн Д.Х тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг заамдаж, зүүн гарын долоовор хурууг хазаж биед нь хөнгөн хохирол санаатай гэх учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 22... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Ц.Буянхишигээс:

 

-Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 24-25, 31-32, 34 дүгээр тал),

-Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 28-29, 39-40, 42-43 дугаар тал),

-Гэрч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Шинжээч Ц.Б...ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 45 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ..., ... дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг (хавтаст хэргийн 48-49, 51-52 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол;

 

Шүүгдэгч /хохирогч/ Д.Хын өмгөөлөгч О.О...ээс:

-Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 28-29, 39-40,42 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12261 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

-Хохирогч Д.Хын гэмтсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 62 дугаар тал),

-Ял шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байгаа тул гэм буруугийн талаар маргаж, шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцохоо илэрхийлсэн;

 

Шүүгдэгч /хохирогч/ Э.Бгийн өмгөөлөгч Ц.Ц...с:

-Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 24-25, 34 дүгээр тал),

-Гэрч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-Шинжээч Ц.Б...ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 45 дугаар тал),

-Хохирогч Д.Хын гэмтсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинээр 4 хуудас нотлох баримт /ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/ гарган өгч, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэгийг шинжлэн судлуулах замаар шүүгдэгч Э.Бг гэм буруугүй болохыг нотолж, түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах байр суурьтай оролцохоо тус тус илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч /хохирогч/ Д.Х шүүх хуралдаанд “миний хувьд Э.Бгийн биед халдсан зүйл байхгүй, заамдаад байсан, мөн гарыг маань хазахаар нь шувтарч авахад шүд нь хөдөлсөн байх, түүний биед санаатайгаар халдаагүй, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг,

 

Шүүгдэгч /хохирогч/ Э.Б шүүх хуралдаанд “Би энэ хүний гарыг хазаагүй, харин намайг өөрөө заамдаад миний шүд рүү цохисон. Тэгэхдээ гараа гэмтээсэн гэж бодож байна. Би энэ хүнийг ямар ч байсан цохиогүй. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргажээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Д.Хын өмгөөлөгч “энэ хоёр хүний мэдүүлгүүд хоёулаа зөрүүтэй байгаа учир шүүх шинжилгээний дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай дүгнэлтэд Д.Хын биед зүүн сарвууны долоовор хурууны хазагдсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон байдаг. Мэдээж энэ хоёр хүн хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдсан. Өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй, хазагдсан шархыг өөртөө учруулах боломжгүй. Тиймээс Э.Б нь Д.Хын гарыг хазсаны улмаас шувтарч авах үед Э.Бгийн шүд гэмтсэн гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч Д.Хын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

 

Шүүгдэгч /хохирогч/ Э.Бгийн өмгөөлөгч “Хяналтын камерийн бичлэг бол ямар нэг эвлүүлэг биш, бодит байдал бичигдсэн. Уг бичлэгээс үзэхэд Д.Х баруун гараараа Э.Бг заамдаж байснаа зүүн гараараа Э.Бгийн нүүр, ам хэсэгт нь 1 удаа цохиж байна. Үүний дараа Д.Х нь Э.Бг тавихад Э.Б амаа гараараа дарж байгаа нь харагдаж байна. Яалт ч байхгүй Д.Х түүнийг цохиж байна. Түүнээс биш Д.Хын гарыг хазсан, гараа амнаас нь шувтарч авч байгаа бичлэг байхгүй байна. Мөн энэ талаар Э.Б болон Г.А нар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг нь тогтвортой байдаг. Тиймээс энэхүү хяналтын камерийн бичлэгээр Э.Бг энэ хэрэгт холбогдолгүй, Д.Хт гэмтэл учруулаагүй байна гэж үзэж байгаа тул шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

 

Улсын яллагч “Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Х, Э.Б нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй этгээдүүд. Д.Хын гарыг хазсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Э.Бгийн шүд булгарч гэмтсэн нь мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс энэ хоёр хүн бие биедээ харилцан гэмтэл учруулсан нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нар гэм буруутай” гэж тус тус мэтгэлцсэн болно.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч /хохирогч/ Д.Хыг Э.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж, шүүгдэгч /хохирогч/ Э.Бг Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар хохирогчоор мэдүүлэг гаргасан боловч хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн болно. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэгтэй бөгөөд хохирогч нар нэг үнэнийг биш, өөрөө өөрийгөө өмгөөлж мэдүүлэг гаргаж байх тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тэдний мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүхээс шүүгдэгч /хохирогч/ Д.Х, шүүгдэгч /хохирогч/ Э.Б нарт холбогдох хэргийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Бг тус гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор, шүүгдэгч Д.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн болно.

 

Тодруулбал, шүүгдэгч /хохирогч/ Э.Бгийн гэмт хэрэгт холбогдолгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.Бгийн хохирогчоор өгсөн “...Би өмнө нь 2 удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Х гэх хүн миний үүдэн 2 шүдийг хуга цохисоноос болж би одоо хүртэл эрүүл мэндээрээ хохироч байна. ...Би Хын гар хуруунаас хазсан зүйл байхгүй. Өөрөө миний шүд рүү зүүн гараараа цохихдоо тэр гэмтлээ авсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

-Гэрч Г.Агийн “...таксины жолооч машинаа зогсоогоод тэр 2 машинаас буугаад барьцалдаад авсан. Тэгээд тэр таксины жолооч Бат- Ирээдүйгийн нүүр рүү цохисон чинь амнаас нь цус гараад эхэлсэн. Тэр хүнд зодуулснаас болж Бгийн 2 шүд унасан байсан. Бас нэг шүд нь хөдөлсөн байсан. Б нь тухайн хүний гарнаас хазсан зүйл байхгүй, тэр хүн өөрөө л Бг цохисон” гэх (хавтаст хэргийн 36-37 дугаар тал) мэдүүлгүүд бөгөөд тухайн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерийн бичлэгтэй тохирч байна гэж дүгнэв.

 

Хэдийгээр шүүгдэгч /хохирогч/ Д.Хын биед зүүн сарвууны долоовор хурууны хазагдсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсоныг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж дүгнэсэн боловч шинжээчээс “...Цохих үед үүссэн байх боломжтой, гэмтлийн эмч оёдол тавьж, цэгцлэлт хийсэн байсан. Гэмтлийн эмчийн онош хуруунд хазагдсан шарх гэж бичсэн байхаар нь хазагдсан гэж дүгнэлт гаргасан. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй механик хүчин зүйлээс бусад хүчин зүйлийг ойлгоно. Шүд, мод, чулуу гэх мэт зүйлс орно. Цохих, цохиулах үед үүсэх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хүзүүний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж (хавтаст хэргийн 45 дугаар тал) мэдүүлжээ.

 

Шинжээч эмчийн энэхүү мэдүүлгээс харахад шүүгдэгч /хохирогч/ Д.Хт учирсан гэмтэл нь хазагдсанаас ч үүсч болно, цохисоноос ч үүсч болохоор байна.

 

Хяналтын камерийн бичлэгийг шүүх хуралдааны явцад эд мөрийн баримт шинжлэн судлах замаар судлахад “Д.Х нь Э.Бг баруун гараараа заамдаж, зүүн гараараа Э.Бн ам, уруул хэсэгт нэг удаа цохиж байна. Түүнийг цохисоны дараа Э.Б амаа дарах бөгөөд Д.Х дахин зүүн гараараа заамдаж байгаад барьцаа тавьж байгаа бичлэг дүрслэгдсэн” байна. Энэ нь хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлтэй тохирч байна.

 

Дээрх хяналтын камерийн бичлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч /хохирогч/ Э.Б нь Д.Хын гарыг хазсан гэх, Д.Х нь хазуулсан гараа шувтарч авсан гэх үйл баримт тогтоогдохгүй,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч /хохирогч/ Д.Хыг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох хохирогч Э.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), гэрч Г.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 85-86 дугаар тал) зэрэг баримтуудаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж үзлээ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Д.Х хохирогч Э.Бгийн биед халдаж, улмаар хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгч Д.Х хохирогч Э.Бгийн биед халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хэн алиных нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Тиймээс шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг бүрдүүлэн хавтаст хэрэгт тусгуулан бэхжүүлж хавсаргасан байх ба үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 503,000 төгрөгийн баримтыг үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Х-аас 503,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бд олгуулахаар шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа /цаашид гарах эмчилгээний зардлын баримт/ бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос “шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг гэм буруугаа ойлгож ухамсарлахгүй байгааг харгалзан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгч Д.Хын өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч өөрийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явдаг, тодорхой орлого олдог, тиймээс торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

 

Тиймээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч Д.Хт торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Хын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Хаас 503,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бд олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН