Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

2022           12          23                                 2023/ШЦТ/11

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... холбогдох эрүүгийн 2209028132263 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн  хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн орчим хохирогч А.Аыг зодон эрүүл мэндэд нь зүүн дал ясны их биеийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, улмаар унаж явсан мопедыг нь өшиглөж унаган дэвсэж эд ангийг нь эвдлэн гэмтээсэн, толгой руу нь дэвсэж өмсөж явсан каскыг хугалж гэмтээн нийтдээ 2,412,186 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209028132263 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ц.Гэрэлбаатараас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн тул тухайн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Г.Тгээс: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн орчим хохирогч А.Аыг биед халдаж эрүүл мэндэд нь зүүн дал ясны их биеийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, улмаар унаж явсан мопедыг нь өшиглөж унаган дэвсэж эд ангийг нь эвдлэн гэмтээсэн, толгой руу нь дэвсэж өмсөж явсан каскыг хугалж гэмтээн нийтдээ 2,412,186 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Гэрч Л.Мгийн “...2022 оны 9 дүгээр  сарын 28-ны өдөр ...Багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр Т бид 2 юм яриад алхаад явж байхад гэнэт урдаас мопедтой хүн ирээд миний баруун хөл, баруун гар орчимд мөргөсөн. Мөргүүлснээс болоод би газарт унахад миний гарт байсан гар утас болон нүдний шил хаашаа ч юм шидэгдсэн. Тэгээд би шууд босоод утас, шилээ хайж эхэлсэн. Тэр үед Т согтуу байсан учир “хүн мөргөчихлөө, балай пизда минь” гээд тэр залуутай маргалдаад тэр залууг босгож ирээд каск руу нь гараараа цохисон. Хэдэн удаа цохисон эсэх талаар нь мэдэхгүй байна. Тэр залууд би “миний утас, шилийг хайлцаадах” гэж хэлэхэд тоосон шинжгүй явах гээд байсан чинь Т дахин касктай толгой руу нь цохиод “чи хүний утсыг алга болгочхоод яахаараа хайдаггүй юм” гээд байсан. Би тэр үед утсаа өөрөө хайсаар байгаад олсон чинь гадна талын шилэн наалт нь хагарсан байдалтай байсан. Харин нүдний шилээ хайгаад олоогүй, тэгээд Т тэр залуутай маргалдаад зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод салгасан. Тэр үед Тийг салгаад цааш нь түлхэхэд дэргэд нь байсан мопедны дээрээс хөлөөрөө дэвсээд байх шиг байсан, би зодооныг нь сайн харж чадаагүй. Учир нь би өөрийн шил болон гар утсыг тэрүүгээр хайгаад тэр хоёрыг анзаарч чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-Хохирогч А.Аын “...Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 28-ны 03 цагаас 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр МУБИС-ийн урд талын автобусны буудлын ойролцоо өөрийн “Яамаха вино” маркийн моторт дугуйтай унадаг дугуйны замаар явж байгаад урд алхаж байсан үл таних хоёр залуугийн хажуугаар нь гарахдаа нэгнийх нь гарыг шүргэчихсэн. Тэгсэн чинь өндөр урт хар савхи өмссөн залуу “яаж яваад байгаа юм, яагаад явган хүний замаар мотоциклтой яваад байгаа юм” гэж хэлсэн. Би хариуд “энэ чинь мотортой дугуй энэ унадаг дугуйны замаар явж болдог” гэж хэлэхэд өндөр урт хар савхи өмссөн залуу “битгий хуцаад байгаарай” гэж хэлээд өмсөж явсан каск руу гараараа алгадсан, ...миний баруун ташаа руу өшиглөж моторт дугуйнаас унагаад намайг зодсон. ...Баруун ташаа руу өшиглөж моторт дугуйнаас унагаад газар хэвтэж байхад баруун талын хавирга руу өшиглөсөн, каск өмссөн байсан толгой руу хөлөөрөө дэвссэн, миний толгой руу дэвсэхээр нь би босож ирэхэд жижиг биетэй найз нь миний өмсөж явсан каскны дээд хэсгийн саравчнаас татаж газар унагаж, миний өмсөж явсан каскны нүүр хэсэг руү 2 удаа өшиглөхөөр нь би хажуу тал руугаа харж хэвтэхэд өндөр урт хар савхи өмссөн залуу ард дал руу 2-3 удаа өшиглөж дээрээс 2 удаа дэвссэн өндөр урт хар савхи өмссөн залуу нь миний унаж явсан моторт дугуй руу /газар уначихсан байсан/ очиж урд хэсэг рүү нь 2 удаа өшиглөж хажуу талаас нь 1-2 удаа дэвсээд байсан, ...Миний биеийн зүүн талын дал бяцарч хугарсан мөн шарх зулгаралттай байсан, зүүн хөл хөндүүр өвчтэй, зүүн талын нүд хөхөрсөн. Миний унаж явсан моторт дугуй эвдэрч өмсөж явсан каск хугарсан. Би өөрт учирсан хохирлыг үнэлүүлж нөхөн төлүүлнэ. ...Т гэдэг залуу миний дал нуруунд гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27, 28 дугаар тал),

-Дүрс оношилгооны хариу (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...1.А.Аын биед зүүн дал ясны их биеийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. 6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна” гэх шинжээчийн 13474 дугаартай дүгнэлт,

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Эвдэрсэн эд ангийн шууд зардал болон солих зардал нийтдээ 2,062,186 төгрөг, хамгаалалтын каск малгай 350,000 төгрөг, нийт 2,412,186 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 39-46 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Прокуророос шүүгдэгч Г.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэл /мопед/-ийг зориуд гэмтээсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч Г.Т нь хохирогчийн зүүн дал орчимд өшиглөсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, өшиглөх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэн байна.

 

Уг үйлдлийн улмаас хохирогч А.Амгаланбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13474 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал)-ээр давхар нотлогдсон.

 

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаад зогсохгүй түүний унаж явсан тээврийн хэрэгслийг зориуд эвдэж, гэмтээсэн үйлдэл гаргажээ.

Бусдын “эд хөрөнгийг гэмтээсэн” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээгээр хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг 2,062,186 төгрөгөөр, каск малгайг 350,000 төгрөгөөр, нийт 2,412,186 төгрөгөөр үнэлсэн (хавтаст хэргийн 39-46 дугаар тал)-ээс үзэхэд хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч А.Ат гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 2,485,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдааны шатанд шинээр гаргаж өгсөн хохирлын мөнгийг хохирогчийн Хаан банкны дансанд шилжүүлсэн баримтаас нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой /цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой баримт/ холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч  Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэж үзэх үндэслэлтэй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг; 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10; 36.13; 37.1; 37.2; 38.1; 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН