Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1871

 

 

 

 

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/01871

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,769,886.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Зээлдэгч Ө, Б нар манай банктай 2015 оны 01 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, өмнө нь авсан цалингийн зээлийн үлдэгдэл 5,720,421.00 төгрөг дээр нэмж 1,000,000.00 төгрөгийг авч, нийт 6,720,421.00 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан бөгөөд гэрээнд тэд гарын үсэг зурсан.

 

Дээрх гэрээний дагуу зээлдэгч нар 2016 оны 02 дугаар сар хүртэл зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан боловч үндсэн зээлдэгч Ө нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан. Үүнээс хойш хариуцагч Б 2016 оны 02 дугаар сар хүртэл зээлийг төлж байгаад зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн.

 

Бид, хариуцагчтай гэрт нь очиж уулзаж, мэдэгдэх хуудас удаа дараа өгч, гэрээний эрх, үүргийн талаар тайлбарласан боловч өнөөдрийг хүртэл банкийг хууран мэхэлж, хохироож, зээл төлөх сонирхолгүй, харилцахад хүндрэлтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 1,179 хоногийн хугацаа хэтэрч 5,761,386.15 төгрөгийн зөрчил үүсгэсэн.

Иймд, дээрх гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 3,587,435.59 төгрөг, үндсэн хүү 2,108,138.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,812.31 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 5,769,886.15 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Шүүхээс энэ хэргийг хариуцагчийг оролцуулан шийдвэрлэх гэж түүний гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч оршин суугаа хаягтаа амьдардаггүй, утсаа авдаггүй гэх зэргээр шүүхийг үл хүндэтгэсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-иас хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,769,886.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна /х.х-ийн 49, 52, 54, 55 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/09369 тоот захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч тэрээр ... тоот хаягт оршин суудаггүйгээс улбаалан хариуцагчийг албадан ирүүлэх боломжгүй болсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6.-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заажээ.

 

Шүүхээс уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товын талаар хариуцагчийн оршин суудаг харъяа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргад хүргүүлж, улмаар утсаар мэдэгдсэн боловч хариуцагч тал хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч Б, мөн Ө нар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,000,000.00 төгрөгийг жилийн 21.6 хувь, сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохирсон байна /х.х-ийн 85, 86 хуудас/.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч нарын хүсэлтийг үндэслэн цалингийн зээлийн зориулалтаар буюу цалингаас нь буцаан төлөх нөхцөлөөр тэдгээрт 7,000,000.00 төгрөгийг олгожээ.

 

Түүнчлэн талууд дээр дурдсан зээлийг 5,720,421.00 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,000,000.00 төгрөгийг нэмж, нийт 6,720,421.00 төгрөгийг жилийн 21.6 хувь, сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байна /х.х-ийн 6, 7 хуудас/.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж, 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлдэгч нарын ******* тоот дансны хуулгаар нэхэмжлэгч Т ХХК-иас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7,000,000.00 төгрөгийг шилжүүлж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус зээлийн үлдэгдэл 5,720,421.00 төгрөг байхад нь 1,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна /х.х-ийн 15, 16, 84 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу энэ хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгчид зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгийг шилжүүлсэн байх ёстой бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг хариуцагчид өгсөн байна.

 

Хэдийгээр тус ... тоот дансны эзэмшигчээр зээлдэгч Ө бүртгэгдсэн байх боловч энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч нарын нэг этгээдийн зөвшөөрлөөр нөгөө этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч М, мөн Ө нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 6,720,421.00 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч Өыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсныг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэжээ /х.х-ийн 39 хуудас/.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-д “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болно” гэж заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, түүнчлэн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нар тус зээлийг гагцхүү өөрсдийн цалингийн орлогоос төлөх үүрэг хүлээсэн ба зээлдэгч Ө нас барсан учраас түүнд холбогдох тухайн зээлийн үүрэг дуусгавар болсон байна.

 

Гэвч хариуцагч М тус зээлийг авч ашигласан хамтран үүрэг гүйцэтгэгч ажээ. Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар хариуцагч тал 7,000,000.00 төгрөг болон 1,000,000.00 төгрөгийн зээлийг авах хүсэлтээ илэрхийлж байсан, зээлийг буцаан төлөх санхүүгийн эх үүсвэрт түүний цалин хамрагдаж байсан, тэрээр Өыг нас барсны дараагаар зээлийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /х.х-ийн 21-32, 87-92 хуудас/. 

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ”Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй” гэж, мөн 26 дугаар зүйлд “зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хэрэгт авагдсан баримтаар тухайн зээлийг зөвхөн Ө авч ашиглаагүй ба түүнтэй хамт харицагч Б.Билгүүний гаргасан хүсэлтийг үндэслэн холбогдох зээлийн судалгааг хийж, тэдэнд нийт 8,000,000.00 төгрөгийг өгсөн байх тул хариуцагч нь уг зээлийг авсан зээлдэгч этгээд мөн байна.

 

Иймд, Иргэний хуулийн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж тус тус заасны дагуу Ө, Б нар хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчид юм.

 

Нэхэмжлэгч Т ХХК-иас хариуцагч Бд холбогдуулан зээлийн үлдэгдэл 3,587,435.59 төгрөг, хүү 2,108,138.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,812.31 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 5,769,886.15 төгрөгийг нэхэмжилсэн ба талуудын байгуулсан гэрээний дагуу зээлдэгч нар 6,720,421.00 төгрөгийг 1,511,342.19 төгрөгийн хүүгийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 7 хуудас/.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заажээ. Тодруулбал, зээлдэгч нар нэхэмжлэгчийн өмнө 6,720,421.00 төгрөгийг өөрт ногдох буюу хэсгээр төлөх үүрэг хүлээгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь тэдгээрийн аль нэгнээс зээлийг бүхэлд нь шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч Б ийнхүү нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор хариу тайлбар өгөх ёстой байтал энэхүү үүргээ биелүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт товлож, хариуцагчид энэ талаар мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үзвэл хариуцагч Б 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зээлийг зохих ёсоор төлж байсан хэдий ч энэ өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлөх үүргээ үл биелүүлж, хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 215,764.00 төгрөгийг төлжээ.

 

Тухайлбал, хариуцагч тал 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 90,000.00 төгрөгийг үндсэн зээлд, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 194,875.75 төгрөгийг зээлийн хүүнд, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 252,160.00 төгрөгийг зээлийн хүүнд, 47,838.00 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 215,764.00 төгрөгийг зээлийн хүүнд тус тус төлж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,587,435.59 төгрөг, хүү 2,108,138.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,812.31 төгрөг, нийт 5,761,386.15 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.  

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

 

Хэдийгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар тухайн зээлийг хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч үүргийн хэмжээ өсөхөд нэхэмжлэгч тал үүнд шударга бусаар хандах учиргүй.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тодорхой хэмжээнд зээл, зээлийн хүүг төлж байснаас гадна нэхэмжлэгч Т ХХК-нд хандаж зээлийг төлөх хугацаа олгох хүсэлт гаргаж байжээ. Иймд, хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ өсөхөд нэхэмжлэгч тал үүргийг гүйцэтгэлийг шаардах хугацааг санаатайгаар хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна /х.х-ийн /.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7.-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж, мөн 227 дугаар зүйлийн 227.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасныг зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал зөрчиж, үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүргээ тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан хугацаандаа гүйцэтгээгүй зээлийн гэрээний үүргийг шүүхийн журмаар нэхэмжлэхэд хэрэгт өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар нотариатаар гэрчлүүлэхэд 8,500.00 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарласан.

 

Гэтэл уг 8,500.00 төгрөгийг хэн гэж нотариатчид ямар үндэслэлээр төлсөн болох нь тодорхойгүй байх тул хариуцагч Бд холбогдох иргэний хэрэгт нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.

 

Ийнхүү шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 5,761,386.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Бээс 5,761,386.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,132.17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 135.83 төгрөгийг гаргуулж улсын төсөвт төлүүлж, хариуцагчаас 137,132.17 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР