Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

2022          12          23                                 2022/ШЦТ/12

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин ургийн овогт Баясгалангийн Нт холбогдох эрүүгийн 2209000002382 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .................

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТС-9” гэх нэртэй журмын хашаанд хохирогч Б.Бтой “хашааны хаалга онгойлгосонгүй” гэх асуудлаас болж маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд язрал, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000002382 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Ц.Төгөлдөр: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн тул тухайн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Б.Наас: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

-Хохирогч Б.Бын “...Би ТС-9 журмын хашаанд ажилладаг. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа хийгээд байж байтал 16 цаг жоохон өнгөрч байхад нэг цэнхэр портертой Н гэдэг залуу намайг “үүдний хаалгаа онгойлго” гэсэн. Тэгэхээр нь би хамаагүй машин оруулж болдоггүй болохоор “яах гэж байгаа юм бэ, юун машин билээ” гэж асуусан чинь “машинаа оруулж тавина, Ариунаад хэлсэн байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “мэддэг хүнээс нь зөвшөөрлөө аваад оруулаа” гэж хэлээд үүдний хаалгаа хаагаад хашаа руугаа орсон. Тэгээд төд удалгүй захирал залгаад “наад хүн чинь манай ачилтын компанийн тэргүүн байсан хүн байна, уучлалт гуйгаад оруул” гэсэн. Тэгэхээр нь би машин дээр нь уучлалт гуйх санаатай яваад очсон чинь “хуц пизда минь, чи Н гэж мэдэх үү, намайг таних уу” гэх мэт зүйл яриад томроод байсан. Тэгээд би хашааны хаалгаа онгойлгоод байж байсан чинь машинаасаа бууж ирээд миний нүүр лүү мөргөсөн, удаа дараа цохиж өшиглөж “би чамайг олон жил тэжээж байгаа, ажилгүй болгоно” гээд зодсон. Тэгээд TC-9-ийн жолооч залуучууд ирээд намайг зодож байхад салгасан. Тэгээд миний нүүрнээс цус гараад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Зүүн нүдний доод хацар дээр цус гараад том шалбарсан. Нүд бүрэлзээд юм харахгүй муу байна, нүд улайсан. Толгой өвдөөд байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),

 

-Гэрч Э.Дын “...Тухайн өдөр би ажил дээрээ гал тогоондоо хоол идээд сууж байсан. Манай хүмүүс гадаа байх нь байсан. Тэгтэл гадаа зодоон болж байна гэхээр нь машинаа авах гэж байгаа хүн юм байх гээд гүйгээд гартал хоёр хүн хоорондоо зодолдож байсан. Тэгээд Б гэх манай ажилтан ах байсан. Түүнийг салгасан. Тэгтэл нүүрнээс нь цус гарсан байсан. Намайг очиход хоорондоо барилцсан, биенээ цохиж байх шиг байсан. Яг хэн нь хаана нь юугаар цохисон талаар бол хараагүй. Салгахад Б ахын нүүрнээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

-Гэрч Н.Тгийн “...Тухайн өдөр би ажил дээрээ машин засаад сууж байсан. Тэгтэл үүдэн дээр хүмүүс орилоод байхаар нь яваад очиход Б гэж манай хамгаалагч хүнтэй маргалдаад зодуулсан гээд хацраас нь цус гарсан зогсож байсан. Намайг очиход манай менежер Д салгасан байсан. ...Зүүн хацраас нь цус гарсан. Зүүн нүд нь хөхөрсөн, хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “...1.Б.Бын биед зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд язрал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн №15411 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

-Хохирогчид хохирол төлсөн тухай Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 80 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Н нь хохирогчийн нүүр хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, мөргөх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэн байна.

 

Уг үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15411 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал)-ээр давхар нотлогдсон.

 

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Боосэмчилгээтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй боловч хэргийн материалтай танилцаад, 900,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгчээс хүлээн зөвшөөрч хохирогчийн Хаан банк дахь дансанд 900,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэж үзэх үндэслэлтэй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.                  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН