Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 150

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч С.Цэрэндаш,

хохирогчийн өмгөөлөгч Б.Адъяасүрэн, 

шүүгдэгч Л.Лхагвасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн

иргэний хариуцагч Л.Мягмар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсанбалдангийн Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 201624000746 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1941 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт  төрсөн, эрэгтэй, 75 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, ач нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 21-557 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УР41033012 / Боржигон овогт Лувсанбалдангийн Лхагвасүрэн нь:

 

-2016 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, нэгдүгээр төрөхийн зүүн урд талын замд Hyundai Grace  маркийн 42-93 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Цэрэнпагамыг мөргөж амь насыг нь хохироосон.

Мөн дээрх ослыг гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн  баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж, осол гаргасан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал схем зураг / хх 2-7 /

 

Хохирогч С.Цэрэндаш мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … С.Цэрэнпагам нь миний гэр бүлийн хүн байсан. Би эхнэртэйгээ 31 жил хамт амьдарч дундаасаа 5 хүүхэдтэй юм. 2016 оны 08 сарын 26-ны өглөө 10 цагийн үед талийгаачийн дүү С.Цэвэлмаа над руу залгаад “эгч С.Цэрэнпагам автомашинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэг дээр байна. Би эмнэлэг дээр байна ” гэсэн. Би Өлзийт хорооллын оршуулгын газар дээр харуул хийдэг. Тэгээд эмнэлэг дээр ирээд манай эхнэр эмнэлэг очих замдаа нас барсанг мэдсэн. Талийгаачийн дүү С.Цэвэлмаад ослын талаар мэдэгдээд, тэр гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд осол гаргасан жолооч байхгүй байсныг надад хэлсэн. Гэмтлийн цагдаа анх замын цагдаад ослын талаар  мэдэгдсэн гэсэн. Осол гаргасан жолооч  ерөөсөө эмнэлэг дээр ирээгүй. Ослын газар дээрээс яваад өгсөн. Гомдолтой байна. Эрүүл, саруул хүн зүгээр явж байгаад нас барсанд маш гомдолтой байна. Буяны зардлаа гаргуулж авна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ. / хх 20-21 /

 

Гэрч Д.Пүрэвбадар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна. Өглөөний 08 цаг 30 минутын үед Налайх дүүргээс шугамд явж байсан саарал өнгийн микро автобусанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Микро автобусанд сууж явсан ихэнх зорчигч нар Баянзүрх дүүргийн офицеруудын ордон дээр буусан. 4 зорчигчтой багшийн дээдийн автобусны буудал руу  нарны замаар яваад Замын цагдаагийн газрын наад талын  Буянгийн гарцаар дээшээ эргээд 1 дүгээр амаржих газар тал руугаа зүүн гар тийшээгээ микро автобус эргээд зогссон. Удалгүй микро автобусанд сууж байсан хүмүүс “ Хүн дайрчихлаа “ гээд бүгд буусан. Би бууж ирээд харахад микро автобусны урдхан талд эмэгтэй, настай хүн хэвтэж байсан. Тэр хүн босож чадахгүй байсан. Би өөрийн 88040660 гэсэн дугаараас 103-руу залгаж ослын талаар дуудлага өгсөн. Замаар явж байсан явган, машинтай хүмүүс бүгд л  тэр хүнийг ослын газар дээрээс хөдөлгөж болохгүй гэж байсан. 103-ын автомашин ойролцоогоор 5 минутын дотор ирээд тэр хүнийг үзээд дамнуурга дээр тавьж машиндаа оруулаад, осол гаргасан микро автобусны зургийг гар утсан дээрээ аваад яваад өгсөн. Жолоочид хандаж эмч нар ямар нэгэн юм хэлээд байсан. Юу хэлснийг сонсоогүй. 103-ын автомашин  яваад өгөхөөр би ч гэсэн яваад өгсөн гэжээ.  / хх 69-70 /

 

Гэрч С.Цэвэлмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 дугаар сарын 26-ний өглөөний 09 цаг өнгөрч байсан. Ажлаа хийгээд байж байтал Өвөрхангай аймагт амьдардаг талийгаачийн том охин Баяртунгалаг над руу залгаад “ Над руу 103-ын эмч залгаад ээж чинь зам тээврийн осолд ороод, гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гэж хэллээ. Та яаралтай гэмтлийн эмнэлэг дээр яваад оч “ гэсэн. Тэгээд би яваад очиход манай эгч ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан. Эмчтэй уулзахад “Энэ хүн найдлагагүй болсон байна” гэж хэлсэн. Тэгээд л удаагүй байж байтал эгч маань нас барсан. Эмнэлэг дээр байсан 103-ын эмчээс осол гаргасан жолооч хаана байгаа талаар асуухад надад гар утас дээрх машины дугаартай зургийг үзүүлээд “ Жолооч нь ослын газар дээр үлдсэн “ гэж хэлсэн. Би гэмтлийн цагдаад болсон үйл явдлыг хэлэхэд бүртгэж аваад замын цагдаагийн газар дуудлага өгч байсан. Хэсэг хугацааны дараа замын цагдаагийн байцаагч ирсэн. Тэр цагдаа хэлэхдээ осол гаргасан жолоочийг “Нарантуул зах дээр явж байна” гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр ирснээс хойш осол гаргасан жолооч ирээгүй. Тэр хүнд маш гомдолтой байна гэжээ. /  хх 71 /

 

Гэрч Т.Машбат мөдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна. Би жижүүртэй байтал  өглөөний 9 цаг өнгөрч байхад “ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Солонгос улсын элчин сайдын яамнаас зүүн тийшээ 200 метр зайд автомашинд хүн мөргүүлсэн байна “ гэсэн дуудлаганд очсон. Дуудлагын дагуу ослын газар дээр ирэхэд саарал өнгийн Налайх дүүргийн улсын дугаартай микро автобусны урд талд 50 гаран настай эмэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэр ухаангүй байсан ил шарх сорвигүй байсан. Тэр хүнд анхны үзлэг хийж, яаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч байхдаа өөрийнх нь утсаар түүний төрсөн охины дугаар руу залгаж, ослын талаар мэдэгдэж, биеийн байдлыг хэлээд, гэмтэл дээр ах дүү нарыг нь яаралтай ир гэж хэлсэн. Дараа нь гэмтлийн жижүүр цагдаад ослын талаарх мэдээллийг бүртгүүлсэн. Ослын газар дээр жолоочтой уулзсан. Тэр настай хүн айсан байдалтай байсан. Намайг хүнээ авч явах гэж байхад, жолооч “ах нь одоо яах вэ” гэж надаас асуухад нь “ Би мэдэхгүй. Би хүнээ аваад гэмтэл явах ёстой. Гэмтлийн эмнэлгийн цагдаад ослын талаар бүртгүүлнэ. Тэндээс таныг дуудах байх” гээд явсан. Эмнэлгийн автомашины араас осол гаргасан жолооч явсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан би гэмтлийн эмнэлэг дээр хүнээ хүлээлгэж өгөөд хохирогчийн ар гэртэй уулзаж , биед байсан цүнх, өмсөж явсан хувцсыг нь хүлээлгэж өгөөд, ар гэрийнхэнтэй нь хамт гэмтлийн цагдаад бүртгүүлэх хүртэл жолооч эмнэлэг дээр ирээгүй гэжээ. / хх 75 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1601 тоот дүгнэлтэнд:

1. Талийгаач С.Цэрэнпагамын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, зүүн талын суурь яс, дагзны ясны хугарал, тархины зүүн дух, зулай, чамархай, баруун дух, чамархайн хэсгийн цусархаг няцрал, зүүн чамархай, дагзны хатуу хальсан доорх цусан хураа, дух, дагзны хуйхны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, зүүн талын суурь яс, дагзны ясны хугарал, тархины зүүн дух, зулай, чамархай, баруун дух, чамархайн хэсгийн цусархаг няцрал, зүүн чамархай, дагзны хатуу хальсан доорх цусан хураа, дух, дагзны хуйхны цус хуралт зэрэг хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

4. Эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломж муутай байжээ.

5. Цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

6. АВО системээр В 3-р бүлгийн цустай байна.

7. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ.  / хх 77-78 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 7516
тоот дүгнэлтэнд:  

1. С.Цэрэнпагамын цогцосноос авсан гэх цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна гэжээ. / хх 79 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 7515
тоот дүгнэлтэнд:  

1. Шинжилгээнд ирүүлсэн С.Цэрэнпагамын гэх цусанд спиртийн агууламж илрээгүй байна гэжээ. / хх 82 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 7499
тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Л.Лхагвасүрэнгийн гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Л.Лхагвасүрэнгийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй байна гэжээ. / хх 83 /

Улаанбаатар хотын цагдаагийн газрын шинжээчийн 511 тоот дүгнэлтэнд:

1. Hyundai Grace маркийн  42-93 НАА дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Л.Лхагвасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэю явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Hyundai Grace маркийн  42-93 НАА дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Л.Лхагвасүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолоочийн үүргээ биелүүлсэн гэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн  баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч С.Цэрэнпагам нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. / хх 95-96 /

 

Шүүгдэгч Л.Лхагвасүрэнг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 105-107 /, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 108-112 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 117 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: Би тэтгэвэрт гарснаас хойш микро автобусаар хүн тээвэрлэж шугаманд явдаг байсан юм. Тэр өдөр Налайхаас хүн суулгаад буулгаж яваад Буянгийн замаар өгсөөд уулзвараар гарахаар дохио өгөөд хойноосоо чигээрээ ирж яваа машиныг хараад хөдөлтөл л толиороо хүн шүргээд унагаасан. Тэгээд би буугаад хүмүүс түргэн дуудсан. Түргэн ирээд хүнийг аваад миний машины зургийг авч, миний утасны дугаарыг аваад явсан. Би эмчээс “ Би одоо яах вэ “гэж асуухад нэг юм хэлсэн. Би юу гэснийг нь сонсоогүй. Тэгээд машины араас дагаж яваад гэмтэл орсон. Нэг мэдэхэд Нарантуул дээр явж байсан. Яагаад тэнд очсноо одоо ч ойлгохгүй байгаа. Гэтэл Замын Цагдаагийн газраас утасдаж намайг дуудсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Талийгаачийн ар гэрийнхнээс уйчлалт гуйж байна. Оршуулгын зардалд 6.820.000 төгрөг өгсөн гэв.

 

Хохирогч С.Цэрэндаш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач нь миний эхнэр бөгөөд архаг хууч өвчингүй эрүүл хүн байсан. Тэтгэвэрт гараад жил болж байсан. Бид хоёр 5 хүүхэд, 10 гаран ачтай.  Талийгаач маань дүрмээрээ явж байгаад амь нас нь хохирсон учир маш их гомдолтой байна. Замын цагдаа хэргийн газарт 17 цагт очиход энэ хүн ирээгүй байсан. Энэ хүн өөрөө машинаа барьж явсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Бид нартай ирж уулзаагүй. Шүүх хурал болохоор хохирол төлж авчирсан. Ажил явдлын үеэр эхнэр, хүүхдүүд нь ирээд 1 сая төгрөг өгье гэснийг аваагүй. Оршуулгын зардалд 6.820.000 төгрөг авсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй.

Хэрвээ эхнэр маань осолд ороогүй бол 20 жил тэтгэвэр авах байсан. Мөн сэтгэл санааны хохирол зэрэгт нийт 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, 49 хоногийн зардал, Өвөрхангайгаас ирж, очсон зардлаа жич нэхэмжлэнэ. Маш их гомдолтой байна гэв.

 

Иргэний хариуцагч Л.Мягмар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Л.Лхагвасүрэн нь миний эцэг юм. Аав маань миний микро автобусыг жолоодон хүн тээвэрлэдэг байсан. Бид өөрсдийн чадал чинээгээрээ цуглуулж, оршуулгын зардлыг төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө гэв.

 

Шүүгдэгч Л.Лхагвасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дугээр хорооны нутаг, нэгдүгээр төрөхийн зүүн урд талын замд Hyundai Grace  маркийн  42-93 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсний улмаас явган зорчигч С.Цэрэнпагамыг мөргөж амь насыг нь хохироосон.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн  баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...талиигаачийн дүү С.Цэвэлмаа над руу залгаад “эгч С.Цэрэнпагам автомашинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэг дээр байна. Эмнэлэг дээр би ирчихсэн байна ” гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд манай эхнэр эмнэлэг рүү очих замдаа нас барсанг би мэдсэн. Гомдолтой, Осол гаргасан жолооч ерөөсөө эмнэлэг дээр ирээгүй, ослын газар дээрээс яваад өгсөн байсан гэж мөрдөн байцаалтын явцад хохирогч С.Цэрэндашийн мэдүүлэг / хх 20-21 /, ...Микро автобус 4 зорчигчтой багшийн дээд рүү  нарны замаар яваад Замын цагдаагийн газрын наад талын  Буянгийн гарцаар дээшээ эргээд 1-р амаржих газар тал руугаа зүүн гар тийшээгээ эргээд зогссон. Удалгүй микро автобусанд сууж байсан хүмүүс “ Хүн дайрчихлаа “ гээд бүгд буусан. Би бууж ирээд харахад микро автобусны урдхан талд эмэгтэй, настай хүн хэвтэж байсан. Тэр хүн босож чадахгүй байсан. Би өөрийн 88040660 гэсэн дугаараас 103 руу залгаж ослын талаар дуудлага өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Пүрэвбадарын мэдүүлэг / хх 69-70 /,  .… Өвөрхангай аймагт амьдардаг талийгаачийн том охин Ц.Баяртунгалаг над руу залгаад “  Ээж зам тээврийн осолд ороод, гэмтлийн эмнэлэг рүү явж байна “ гэхээр нь очиход манай эгч ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан. Тэгээд удалгүй нас барсан гэж мөрдөн байцаалтын явцад гэрч С.Цэвэлмаагийн мэдүүлэг / хх 71 /, ... Дуудлагын дагуу ослын газар дээр ирэхэд саарал өнгийн Налайх дүүргийн улсын дугаартай микро автобусны урд талд 50 гаран настай эмэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Яаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч байхдаа өөрийнх нь утсаар түүний төрсөн охины дугаар руу залгаж, ослын талаар мэдэгдэж, гэмтлийн эмнэлэг дээр хүнээ хүлээлгэж өгөөд гэмтлийн цагдаад бүртгүүлсэн. Цагдаад бүртгүүлэх хүртэл жолооч эмнэлэг дээр ирээгүй гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Т.Машбатын мэдүүлэг / хх 75 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1601 тоот дүгнэлт / хх 77-78 /,  ...Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинжээчийн 511 тоот дүгнэлт / хх 95-96 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Лхагвасүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан оршуулгын зардлын нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Л.Лхагвасүрэн нь хэдийгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг нөхөн төлсөн боловч хүний амь нас хохирсон тул хохирол бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна. Гэвч шүүгдэгч нь оршуулгын зардлыг нөхөн төлсөн, өндөр настай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулав.

 

            Хохирогч нь сэтгэл санааны хохирол болон талийгаачийн авч байсан тэтгэвэр зэрэгт 20.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоогийн дагаж мөрдөгдөж байгаа хуулиар тэдгээрийг тооцон гаргуулах боломжгүй, оршуулгын зардалд 7.400.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 6.820.000 төгрөг төлсөн ба үлдэх 580.000 төгрөгийг нэхэмжлээгүй тул 20.580.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, мөн талийгаачийн 49 хоногийн зардал болон Өвөрхангай аймгаас ирж очсон унааны зардал зэргийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн жолоодож явсан “ Hyundai Grace “ маркийн  42-93 НАА дугаартай автомашины 0205437 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Л.Мягмарт буцаан олгож, шүүгдэгч нь оршуулгын зардлыг нөхөн төлсөн тул хэрэгт битүүмжлэгдсэн Л.Лхагвасүрэнгийн эзэмшлийн “ Кia Pregio “ маркийн 16-67 НАА дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Лувсанбалдангийн Лхагвасүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.Лхагвасүрэнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Л.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.Лхагвасүрэн нь цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508,1-д зааснаар хохирогч С.Цэрэндашийн нэхэмжлэлээс 20.580.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь 49 хоногийн зардал болон өмгөөлөгчийн хөлс, Өвөрхангай аймгаас ирж очсон зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, Л.Лхагвасүрэн нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Ялтан Л.Лхагвасүрэнгийн 171551 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 0205437 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг Л.Мягмарт буцаан олгосугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн Л.Лхагвасүрэнгийн эзэмшлийн Кia Pregio маркийн 16-67 НАА дугаартай машиныг  битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

8. Ялтан Л.Лхагвасүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ОЮУНЧИМЭГ