Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 125/ШШ2021/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.О , С.Н  нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: 1.“Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн 6 дахь заалтын “Алагтолгой баг, Баруун бүсийн төв захын зүүн талд, Түлшний захын баруун хойд хэсэгт 0,04 га газрыг О  овогтой С- т үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” олгосон заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

2. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай О-ын С-ын /ПН58092619/ 400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг С-ын Г-рт /ПЭ 84071008/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй” гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

3. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалтын “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С-ын Г-ын /ПЭ84071008/ 366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг С-ын Г-т үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй ” гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

4. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалт “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 2а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С-ын Г-ын /ПЭ 84071008/ 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу М-ийн Ж-д /ПЭ76110300/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх” гэсэн заалтын Л.Отгонбаярын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, Л.О  /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд М.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1998 оноос эхлэн зах дээр цайны газрыг ажиллуулж  эхэлсэн. 22 жил ажиллуулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа газрыг анх Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаар захирамжаар ашиглах эрхтэй болсон Тэрнээс хойш удаа дараа газрын албанд очиж тэр газрыг надад эзэмшүүлж өгөөч гэж хэлдэг байсан ч тухайн үед нийтийн эзэмшил газар учраас өгөхгүй гэдэг байсан. Гэтэл 2019 оны зунаас эхлэн М.Ж гэх хүн ирээд миний үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр барилга барина гээд хөөж эхэлсэн.

Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бид нарт нийтийн эзэмшлийн талбай гээд эзэмших  эрхийг өгөхгүй байсан мөртлөө яагаад энэ хүнд өгсөн юм бэ? би маш их гомдож байна.Энэ газрыг эзэмшүүлэхийн тулд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан тогтоол гарах ёстой. Гэтэл тийм тогтоол байдаггүй. Энэ жижигхэн газар дээр 20-иод айлын амьдрал буцалж байдаг. М.Ж-тай зөвшилцөх гэсэн боловч зөвшилцөж чадаагүй гэв.

Нэхэмжлэгч Л.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нар 2001 оноос эхлэн зах дээр зогссон. Тухайн үед одоогийн оёдлын газар ажиллуулж байгаа вагончигийг Болдоо гэдэг хүнээс худалдан авч оёдлын чиглэлээр ажиллуулж эхэлсэн бөгөөд 2011 оноос эхлэн аж ахуйн нэгж байгуулан монгол гэрийн бүрээс ажлын хувцас, монгол дээл оёж жилээс жилд оёдлын ажил маань өргөжиж ирсэн.

2001 онд энэ газрын эзэмших хүсэлтийг газрын албанд өгсөн болов ч нийтийн эзэмшлийн талбай учраас энийг өгөхгүй газрын алба мэднэ маргаантай гэх мэт зүйлс хэлдэг байсан. С  гэх хүн техникийн зах дээр мөнгө хураадаг, захын эргэн тойрныг цэвэрлээд мөнгө төгрөг аваад явдаг байснаа гэнэт нэг өдөр энэ газрыг худалдаж авсан нүү гэх шаардлагыг хэлж эхэлсэн. Тухайн үед энэ талаар тодруулахаар Жаргалант сумын газрын даамалтай уулзахад аймгийн Газрын харилцаа, барилга  хот байгуулалтын газар мэднэ гээд явуулдаг байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг Даргын захирамжаар О.С , С.Г , М.Ж  нарт уг газрыг эзэмшүүлсэн байдаг.  Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий  газарт газар эзэмшдэггүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахгүй этгээдүүд гэдэг тайлбарыг би шүүхэд өгсөн ирсэн. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь 1998 оноос хойш маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулдаг байсан ч   хуульд зааснаар тус маргаан бүхий газрыг албан ёсны эзэмшигч нь өөр хүмүүс юм.

Нэхэмжлэгчээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлсэн гэх боловч тус газрыг О.С- т эзэмшүүлэхдээ Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 297А дугаартай шийдвэрээр Х.Б-аас О.С-т 400 кв метр газрыг шилжүүлэхээр эвлэрснийг баталж, улмаар уг шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгүүлж дээрх маргаан бүхий газрыг О.С-т хүлээлгэж өгсөн байдаг. Дараа нь О.С нь тус газраа Газрын тухай хуульд заасны дагуу бусдад шилжүүлсэн. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх захирамж нь Газрын тухай хуульд нийцсэн юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд М.Ж  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заасан.

Захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгодог.Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.Газрын тухай хуулийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэжээ. Нэхэмжлэгч нар тус газрыг эзэмших, ашиглах хууль ёсны гэрчлээг, гэрээ зэрэг баримт байхгүй, бусдын газрыг хууль бусаар ашиглаж байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй юм гэв

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан. Уг захирамжийг нэхэмжлэгч нарын зүгээс  хүлээн зөвшөөрөлгүй захирамжид гомдол гаргахад Давж заалдах шатны шүүхээс захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд гэж үзнэ гээд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн байхад  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Гуравдагч этгээд М.Ж-д маргаан бүхий газар шилжсэнээс хойш маргаан бүхий актыг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн. Ховд аймгийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаартай газар эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжийн захирамжилах хэсгийн 6 дахь заалтаас 13.3мк2 хэмжээ бүхий газар нь Л.О-ын үйл ажиллагаа явуулж байгаа газартай давхцаж байна. Нэхэмжлэгч С.Н-ын үйл ажиллагаа явуулж байгаа газар нь 14.3мк2 газартай давхацсан байдаг.

Газрын тухай хуульд аймгийн Засаг дарга нь тухайн аймаг сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэрийг гаргахаар зохицуулсан.

Гэтэл маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, шинжээчийн дүгнэлтээр Х.Б-аас О.С-т хаана, ямар байрлалтай газар шилжүүлснийг тогтоох боломжгүй гэсэн байдаг ба Ховд аймгийн Засаг даргын 2011 оны А/162 дугаартай захирамж өөрөө хууль бус тул Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаартай газар эзэмших шилжүүлэх захирамж, мөн Ховд аймгийн Засаг даргын  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаартай газар эзэмшүүлэх шилжүүлэх тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын  2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/457 дугаартай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх захирамжийн холбогдох заалтууд нь хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан тул хууль бус захиргааны акт гэж үзэх нь үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.1–д зааснаар маргаан бүхий 4 захирамжийн холбогдох захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 143 дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  захирамжийг хүчингүй болгохдоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлийг дурдсан байдаг.О.С  нь анх тус газрыг хэрхэн эзэмшсэн талаар Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 3 дугаартай шийдвэрт тодорхой заасан байдаг. Тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Г  нь О.С-т тус газрыг Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 297А дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон талаар дурдсан байдаг ба уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.О нар нь анх Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн О.С-т холбогдох, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн С.Г-т холбогдох, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн С.Г-т холбогдох,  Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн М.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх захирамжуудаар эзэмшүүлсэн газраас нэхэмжлэгч Л.О-ын оёдлын газартай давхацсан 13.3 кв метр, С.Н-ийн цайны газартай давхацсан 14.3 кв метр газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсчээ.

   Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С.Н-, Л.О- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хэргийн үйл баримтын тухайд: Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжаар О.С-т Жаргалант сум, Алагтолгой баг, Баруун бүсийн төв захын зүүн талд, Түлшний захын баруун хойд хэсэгт 0,04 га газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар О.С-ын эзэмшлийн 400 метр квадрат газраас 366 метр квадрат газрыг С.Г-т эрх шилжүүлж, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар С.Г-рын 366 метр квадрат газраас үлдсэн 339 метр квадрат газрыг С.Г-т 8 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар С.Г-ын 339 метр квадрат газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Ж-д тус тус шилжүүлжээ.

            Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ба Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 230 дугаар захирамжаар үйл ажиллагаа явуулж байгаа газраа ашиглах эрхтэй болсон, тус газрыг эзэмших хүсэлтээ газрын албанд гаргасан боловч нийтийн эзэмшлийн газар тул боломжгүй гэх хариу өгдөг байсан. О.С-т анх тус газрыг эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлсэн...” гэж

            Хариуцагчаас “... О.С-т Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 12 дугаар сарын 22-ны өдрийн 297/А дугаартай шүүхийн шийдвэр[1] -ийг үндэслэн олгосон, улмаар О.С нь эзэмшлийн газраа бусад шилжүүлэхдээ Газрын тухай хуульд заасны дагуу шилжүүлсэн тул газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжууд хуульд нийцсэн...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

             Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамж[2] гарах үед 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан “Газрын тухай хууль” үйлчилж байсан байна. 

            Өөрөөр хэлбэл 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталсан Газрын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “энэ хуулийг 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байна.

            Газрын тухай хуулийн /1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн/ 38 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно”, 3-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30,З1,З2 дугаар зүйлийн 1,З,4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 1О-т заасан журмыг баримтална” гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтаас үзвэл газар ашиглахыг хүссэн хүсэлтийг харгалзан газар ашиглуулах шийдвэр гаргах ба ингэхдээ мөн хуулийн 32 дугаар зүйлийн 1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар газар ашиглахыг хүссэн этгээдтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, түүнийг улсын бүртгэлд бүртгэхээр заасан байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Н , Л.О /түүний нөхөр Ч.Д / нарт төв захын орчимд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн хэдий Газрын тухай хуулийн /1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн/ 30, 31, 32 дугаар зүйлд зааснаар газар ашиглуулах тухай гэрээ байгуулж гэрчилгээ олгоогүй, улсын бүртгэлд бүртгээгүй болох нь

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 26 дугаартай[3] “...С.Н , Л.О , Ч.Д  нар нь Жаргалант сумын Алагтолгой баг, Баруун бүсийн төв бараан захад газар ашиглах, эзэмшихтэй холбоотой баримт манай мэдээллийн сан болон архивт байхгүй болно...” гэх албан бичиг,

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/51 дугаартай[4] “...Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 230 дугаар захирамжтай холбоотой баримт манай архив болон мэдээллийн санд байхгүй болно...” гэх албан бичиг,

Ховд аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай [5] “...С.Нямдарь, Л.О , Ч.Д  нар нь 2002 оноос хойш газрын төлбөр төлж байсан талаарх мэдээлэл манай мэдээллийн санд байхгүй байна...” гэх албан бичиг,

Гэрч Б.Ө -ны “...Яагаад уг захирамж гарсан учир нь тухайн иргэдийг үүрэгжүүлэх буюу хог хаягдлыг цэвэрлэх, татвар төлөх, тодорхой хугацааны дараа чөлөөлөхийг даалгасан юм..., тодорхой хугацаа заагаагүй бөгөөд тухайн газар барилга байшин баригдахаар төсөл, төлөвлөгөө батлах шаардлага гарсан үед үг дуугуй чөлөөлөх харилцаа үүссэн...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Б -ийн [6] “...Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаар захирамжаар С.Н , Л.О -ын нөхөр Ч.Д  нарт газар ашиглуулахаар шийдвэрлэсэн хэдий ч тэр нарын газар ашиглах гэрээ, гэрчилгээ, төлбөр төлсөн зэрэг ямар ч баримт газрын албаны мэдээллийн сан болон архивт байдаггүй...” гэх мэдүүлэг

Гэрч Э.Ц -ны [7] “...С.Н , Л.О  нарын газар ашиглахтай холбоотой ямар нэгэн хувийн хэрэг манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээллийн сан болон архивт байдаггүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд /1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн/ зааснаар  газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 30-ны өдрийн 230 дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” захирамжийн агуулгаас үзвэл төв бараан захын орчимд нийтийн эзэмшлийн газарт үйлчилгээ явуулдаг иргэд үйлчилгээ явуулж буй газрын хог хаягдал цэвэрлэх, газар ашиглаж байгаатай холбоотой татвар төлөх, нийтийн эзэмшлийн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусад хэлбэрээр эзэмшүүлэхээр тусгасан тохиолдолд газрыг чөлөөлж Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хүлээлгэж өгөхөөр заасан байна.

Мөн нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...тус газрыг эзэмших хүсэлтээ газрын албанд гаргасан боловч нийтийн эзэмшлийн газар тул боломжгүй гэх хариу өгдөг байсан...” гэх боловч 2015 оноос бусад онуудад газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, харин нэхэмжлэгч С.Н  нь 2015 оны 3 сарын 05-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт үйл ажиллагаа явуулж буй газраа эзэмших хүсэлт гаргасныг 2015 оны 4 сарын 16-ны өдрийн хариу өгөх хуудсаар “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн шаардлагыг хангахгүй байна...” гэх үндэслэлээр өргөдлийг буцаасан болох нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивын баримтанд хийсэн үзлэгийн тэмдэглэл [8]-ээр тогтоогдож байна.

Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/162 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн О.С  нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргаж, уг хүсэлтдээ “...шүүгчийн захирамжаар Х.Б -ын эзэмшлийн газраас 20х20 хэмжээ бүхий газрыг эзэмших эрхтэй болсон, уг газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хүлээлгэн өгсөн...” талаар дурджээ [9].

Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 сарын 19-ний өдрийн А/162 дугаар захирамж [10]-аар Жаргалант сумын Алагтолгой баг, баруун бүсийн төв бараан захын зүүн талд, түлшний захын баруун хойд хэсэгт 0.04 га газрыг О.С -т үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ [11] байгуулж, газар эзэмших эрхийн 0277232 дугаартай гэрчилгээ [12] олгожээ.

Хариуцагчаас О.С -т дээрх газрыг эзэмшүүлэх болсон үндэслэлээ “Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 297А дугаартай шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул О.С -т тус газрыг эзэмшүүлсэн...” гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч нар нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг үндэслэн О.Сайнбаярт газар эзэмшүүлсэнтэй огт маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нараас Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 297А дугаартай шийдвэрийн үндэслэн О.С -т яг хаана байрлалтай газар олгосон нь тодорхойгүй, О.С -ын эзэмшлийн гэх газрын байршлийг харуулсан 2 өөр кадастрын зураг хэрэгт авагдсан нь О.С  нь нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа явуулж буй газраас өөр газарт газар эзэмших эрхтэй болсон гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 сарын 19-ний өдрийн А/162 дугаар захирамжаар О.С эзэмшүүлсэн гэх 0.04 га газрын 2 өөр байршлийг харуулсан 2011 оны 7 сарын 22-ны өдрийн огноотой[13] болон 2014 оны 7 сарын 09-ний өдрийн огноотой [14] кадастрын зураг авагдсан байна.

Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 сарын 19-ний өдрийн А/162 дугаар захирамжаар О.С -т эзэмшүүлсэн гэх Жаргалант сумын Алагтолгой баг, баруун бүсийн төв бараан захын зүүн талд, түлшний захын баруун хойд хэсэгт байх 0.04 га газрын байршил нь 2014 оны 7 сарын 09-ний өдрийн онгоотой кадастрын зураг дээрх байршил бүхий газар болох нь шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр “...Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 315 дугаар захирамжаар М.Т -т эзэмшүүлсэн 0.551 га газрын байршил, 2011 оны А/162 дугаар захирамжаар М.Т -т эзэмшүүлсэн 0.345 га газрын байршлууд нь 2014 оны 7 сарын 09-ний өдрийн огноотой кадастрын зураг дээрх байршил бүхий газартай давхцалгүй, 2011 оны 7 сарын 22-ний өдрийн огноотой кадастрын зураг дээрх байршил бүхий газартай 289.3 кв метр хэмжээгээр давхцаж байна..., Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 сарын 18-ны өдрийн А/162 дугаар захирамжаар О.С -т эзэмшүүлсэн гэх 0.04 га газрын кадастрын зураг нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын үйлдсэн 2014 оны 7 сарын 09-ний өдрийн огноотой кадастрын зураг байна...” гэх дүгнэлт[15],

гэрч П.Ц -ийн [16] “...2012 онд О.С -ын эзэмшлийн гэх Алагтолгой баг, баруун бүсийн төв бараан захын зүүн талд, түлшний захын баруун хойд хэсэгт байрлах 0.04 га газрын кадастр манай мэдээллийн санд байхгүй байсан учир бид газар дээр нь очиж хэмжилт хийж 2014 оны 7 сарын 09-ний өдрийн огноотой кадастрын зураг дээрх байршил бүхий газрын кадастрын зураг үйлдэж мэдээллийн санд оруулсан. Хэрэгт байгаа 2014 оны 7 сарын 09-ний өдрийн огноотой кадастрын зургийг 2014 оны 7 сарын 09-ний өдөр хэвлэж хувийн хэрэгт хийсэн учир ийм огноотой харагдаж байгаа юм. Гэхдээ мэдээллийн санд 2012 онд орсон. Харин 2011 оны 7 сарын 22-ны огноотой О.С-ын эзэмшлийн газрын байршлийг харуулсан кадастрын зураг нь бусдын эзэмшлийн газартай давхцуулж гаргасан буруу зураг юм...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 сарын 19-ний өдрийн А/162 дугаар захирамжаар О.С -т эзэмшүүлсэн 0.04 га газар буюу одоогийн М.Ж -ны эзэмшлийн гэх 339 кв метр газар дээр нэхэмжлэгч Л.О -ын оёдлын газар 13.3 кв метр хэмжээтэй, нэхэмжлэгч С.Н -ийн цайны газар 14.3 кв метр хэмжээтэй давхацсан болох нь маргаан бүхий газар үзлэг хийсэн тэмдэглэл[17]-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс О.С- т маргаан бүхий газрыг анх эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлсэн гэж маргаж байгаа хэдий ч хариуцагчаас Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 сарын 18-ны өдрийн А/162 дугаар захирамжаар О.С -т 0.04 га газрыг эзэмшүүлэх болсон үндэслэлээ Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 297/А дугаартай шийдвэрийг үндэслэсэн гэж тайлбарлаж байх тул тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй юм.

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар О.С -ын эзэмшлийн 400 метр квадрат газраас 366 метр квадрат газрыг С.Г -т, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар С.Г -ын 366 метр квадрат газраас үлдсэн 339 метр квадрат газрыг С.Г -т, 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар С.Г -ын 339 метр квадрат газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Ж -д тус тус шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчөөгүй, уг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул дээрх захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.Иймд нэхэмжлэгч Л.О  нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл  олгох тухай” захирамжийн 6 дахь заалтын “Алагтолгой баг, Баруун бүсийн  төв  захын  зүүн  талд, Түлшний  захын  баруун  хойд  хэсэгт 0,04 га  газрыг О   овогтой С  үйлчилгээний  зориулалтаар 15 жилийн хугацаагаар” олгосон заалтын Л.О -ын үйл ажиллагаа  явуулж  буй  газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй  газар, С.Н -ийн үйл ажиллагаа  явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй  газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “Жаргалант сумын  Алагтолгой  багийн  нутаг  дэвсгэр 01 дүгээр  гудамжны 02 тоотод байрлах үйлчилгээний  зориулалттай О -ын  С-ын /ПН58092619/ 400 метр квадрат газраас газар эзэмших  эрх  шилжүүлэх  гэрээний   дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг С- ын  Г -т /ПЭ 84071008/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй” гэсэн заалтын Л.О -ын үйл ажиллагаа  явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар,  С.Н -ийн  үйл  ажиллагаа  явуулж  буй  газартай  давхацсан 14.3 кв  метр  хэмжээтэй   газартай   давхацсан  хэсгийг  хүчингүй  болгуулах,  Ховд

аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалтын “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С -ын Га -ын /ПЭ84071008/ 366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг С -ын Г- т үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй ” гэсэн заалтын Л.О- ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н -ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалт “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 2а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С -ын Г -ын /ПЭ 84071008/ 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу М -ийн Ж -д /ПЭ76110300/ үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх” гэсэн заалтын Л.О -ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н -ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.СОНИНБОЛОР

 

[1] ХХ-ийн 1-р хавтас, 52-р хуудас

[2] ХХ-ийн 1-р хавтас, 48-49-р хуудас

[3] ХХ-ийн 1-р хавтас, 127-р хуудас

[4] ХХ-ийн 1-р хавтас, 135-р хуудас

[5] ХХ-ийн 1-р хавтас, 123-р хуудас

[6] ХХ-ийн 1-р хавтас, 113-114-р хуудас

[7] ХХ-ийн 1-р хавтас, 116-117-р хуудас

[8] ХХ-ийн 1-р хавтас, 243-251-р хуудас

[9] ХХ-ийн 1-р хавтас, 51-р хуудас

[10] ХХ-ийн 1-р хавтас, 39-р хуудас

[11] ХХ-ийн 1-р хавтас, 55-56-р хуудас

[12] ХХ-ийн 1-р хавтас, 57-р хуудас

[13] ХХ-ийн 1-р хавтасны 118-р хуудас

[14] ХХ-ийн 2-р хавтас 58-р хуудас

[15] ХХ-ийн 2-р хавтас, 204-214-р хуудас

[16] ХХ-ийн 2-р хавтас, 183-184-р хуудас

[17] ХХ-ийн 1-р хавтас, 94-99-р хуудас