| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2022/0135/3 |
| Дугаар | 221/МА2025/0043 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0043
Д.Г нарын нэр бүхий 35 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Г нарын нэр бүхий 35 иргэн
Хариуцагч АМГТГКХ дарга
Гуравдагч этгээд “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГКХ даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэх тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0812 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г
Нэхэмжлэгч Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н
Хэргийн индекс: 128/2022/0135/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нарын нэр бүхий 35 иргэн нь АМГТГКХ даргад холбогдуулж “АМГТГКХ даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0812 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.2, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан АМГТГКХ даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэрийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо:
“...Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр, тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасан. Гэтэл “Б” ХХК-ийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасны дагуу зураг зүйн шүүлт хийхэд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д заасан талбайтай давхцалгүй байсан тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Тодруулбал иргэдийн өвөлжөө хаваржааны газар нь хуулиар хориглосон хязгаарласан талбайд орохгүй юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хануй голын сав газрын захиргаанаас 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар албан бичгээр санал авч хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүхээс Хануй голын сав газрын захиргаанаас санал авах зэрэг нөхцөл байдлыг тодруул гэж байгаа нь үндэслэлгүй.
“Б” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/1***, 1/*** дугаартай албан бичгүүдийг ирүүлсэн бөгөөд дээрх бичгүүдийг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн */*** дугаартай албан бичгийг хуурамч гэдгийг тогтоогоогүй байхад хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан албан бичгийг дахин авах гэж байгаа нь үндэслэлгүй юм.
Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг нотолсон болон шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлээгүй байна” гэжээ. Тус шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгч надад мэдэгдээгүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын шүүх хуралдааны зар дээр Д.Г нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааны тов байхгүй. Харин С.Х нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааны зар тавигдсан байдаг. Тэгтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 812 дугаар шийдвэр дээр нэхэмжлэгч Д.Г нарын нэр бүхий 35 иргэн гэж бичсэн байдаг.
Тухайн өдрийн 13:34 цагт шүүгчийн туслахын ******** дугаараас хариуцагчийн төлөөлөгч миний дугаар луу залгаад та шүүх хуралдаандаа ирж байна уу гэхээр нь өнөөдөр Д.Г нарын захиргааны хэргийн зар байхгүй байсан, миний бие ар гэрийн зайлшгүй шаардлагын улмаас чөлөө авсан гэдгээ хэлэхэд зар дээр С.Х нар гээд оруулчихсан байгаа, та болохгүй бол хурал хойшлуулах хүсэлтээ шүүхийн мэйл хаяг руу явуулаарай гэсний дагуу өөрийн хаягаас шүүхийн хаяг руу шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13:48 цагт илгээсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу мэтгэлцэх зарчмаар хангах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.2 Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А давж заалдах гомдолдоо:
“...Б нэртэй ХV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр анх олгогдсон. “А” ХХК-д, АМГТГ-ын ГУУКГ-ын даргын 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр шилжсэн байна. “Б” ХХК нь 2011 онд ХV-***** тоот 736.29 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 онд тухайн үеийн АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан. 2012 онд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д заасны дагуу давхцалтай хэсэг болох 198.81 га талбайг хасуулах хүсэлт гаргаж, тухайн үеийн АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот шийдвэрийн дагуу хасуулав. Үлдсэн давхцалгүй талбайн хэмжээ 537.48 га.
Бид тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу жил бүр Ч сумын Засаг дарга болон БОУА байцаагчаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулан геологи хайгуулын ажил гүйцэтгэж, АМГТГ болон МХЕГ-т геологи хайгуулын төлөвлөгөө, тайланг хянуулан баталгаажуулж байсан болно. Сумын засаг даргаас хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг авч байсан. 2011-2018 онуудад геологи хайгуулын ажил гүйцэтгэж дуусгаад 2018 онд Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулж, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн ***/***** тоот Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хил зааг, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хийл заагтай тус тус давхцалгүй талаарх хавсралт зураг бүхий лавлагаа, тодорхойлолт гарсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын ХХ-**-** тоот дүгнэлт, АМГТГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Н-*** тоот нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал гарсан. 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг батлуулсан.
Бид холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган АМГТГ-ын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гарган Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрийн дагуу МV-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 заасны дагуу АМГТГКХ өргөдлийн маягт болох Маягт К-02-ын дагуу маягтад дурдсан хавсралт 10 ш баримт бичгийн бүрдлийг хангаж өргөдөл гаргасан. Бид өдийг хүртэл хайгуулын үнэлгээний ажил, үр дүнгийн тайлан боловсруулах ажил, ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авахдаа холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд үнэн зөв ажиллаж ирсэн. Гэвч ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаасаа хойш нэхэмжлэгчдийн гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр шүүхийн маргаанд дарагдан үйл ажиллагаа явуулж чадахгүй цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хохирол амсаж байгаад гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрт дурдсан: А аймгийн Ч сумын засаг дарга П. Ж-ы 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №*/*** тоот албан бичгийг хуурамч гэж дүгнэхдээ П.Ж-ы өөрийнх нь мэдүүлэгт үндэслэжээ.
Уг албан бичигтэй нэг огноотой, дараалсан дугаартай буюу №*/*** тоот Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хаягласан албан бичгийг гаргаж өгсөн П.Ж-ны гарын үсгийн бичвэр нь А аймгийн Ч сумын засаг дарга П.Ж-ны гарын үсгийн хэвтэй тохирч байгаа эсэхийг шинжлүүлэхээр А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** тоот захирамжийн дагуу А аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.М шинжилгээ хийж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дугаар *** бүхий, албан бичигт зурагдсан гарын үсэг П.Ж-ны гарын үсэгтэй тохирч байна гэдэг шинжээчийн дүгнэлтийг гаргасан.
А аймгийн Ч сумын Засаг дарга П.Ж-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаар тогтоолд нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтыг шүүх үнэлсэн болон дүгнэсэн болно. Дээрх захирамж, тогтоол одоогийн байдлаар хүчин төгөлдөр байна. Шүүх хуралдаан дээр А аймгийн Ч сумын засаг дарга асан П.Ж нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хууль сануулсаар байхад зориуд худал мэдүүлэг өгсөн.
Түүнчлэн энэ үндэслэлд дурдсан А аймгийн Ч сумын засаг дарга П.Ж-ны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №*/*** тоот албан бичгийг хуурамч гэж дүгнэсэн нь гүйцэтгэх захирал X.А намайг хуурамч баримт бичиг үйлдсэн хууль зөрчсөн гэж хэлж буйтай ялгаагүй байна. Миний нэр төрд халдаж байна. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдөн 1 жил 5 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаагүй болно.
Дээр дурдсан А аймгийн Ч сумын засаг дарга П.Ж-ны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №1/***, №/***, №1/*** тоот албан бичгүүдийн эх хувь нь надад хадгалагдаж байна. А аймгийн Ч сумын засаг дарга П.Ж-ны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №*/***, №1/*** тоот албан бичгүүдийг гаргаж өгсөн П.Ж-ны гарын үсгийн бичвэр нь А аймгийн Ч сумын засаг дарга П.Ж-ны гарын үсгийн хэвтэй тохирч байгаа эсэхийг шинжээч томилуулан шинжлүүлэх хүсэлт гаргаж байна.
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь нэр бүхий иргэдийн өвөлжөө хаваржааны газартай давхцалтай гэжээ. Ашигт малтмалын тухай хууль дээр 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нарт сумын Засаг даргын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газар нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын үйл ажиллагааны явцад өвөлжөө, хаваржааны газарт гэм хор учруулсан бол хохирлыг нөхөн төлөх зохицуулалттай бөгөөд дээрх давхцал нь ашигт малтмалын ашиглалтын МV-****** дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй.
Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн хувьд бид Ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу АМГТГКХ өргөдлийн маягт болох Маягт К-02-ын дагуу маягтад дурдсан хавсралт 10 ш баримт бичгийн бүрдлийн бүрэн хангаж өргөдөл гаргасан. ХV-***** тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр анх олгогдсон. Манай компани 2011 онд тухайн үеийн АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан. Энэ үед Усны тухай хууль батлагдаагүй байсан. 2012 онд батлагдсан Усны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаж гараагүй.
Өргөдөлд хавсаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ***/**** тоот албан бичиг нь тус яамны Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн сангаас тулгалт хийгдсэн, Усны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хориглож, хязгаарласан бүстэй давхцалгүй гэсэн лавлагаа юм. Энэхүү албан бичиг нь бодлогын яам болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж өгсөн албан ёсны баримт бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Сав газрын захиргааг бодлого, удирдлага арга зүйгээр хангадаг дээд шатны байгууллага юм.
...Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирлаар X.А томилон ажиллуулж байгаад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр X. А-г чөлөөлж, гүйцэтгэх захирлаар эргэн томилогдон ажиллаж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. АМГТГКХ даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрээр[1] “NM-****** дугаартай өргөдлийн дагуу А аймгийн Ч сумын нутаг дахь Баянхайрхан нэртэй 537.48 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь “...“Б” ХХК-ийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасны дагуу зураг зүйн шүүлт хийхэд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д заасан талбайтай давхцалгүй байсан тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Тодруулбал иргэдийн өвөлжөө хаваржааны газар нь хуулиар хориглосон хязгаарласан талбайд орохгүй”, гуравдагч этгээдээс “...Нэхэмжлэгч нарт сумын Засаг даргын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газар нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын үйл ажиллагааны явцад өвөлжөө, хаваржааны газарт гэм хор учруулсан бол хохирлыг нөхөн төлөх зохицуулалттай бөгөөд дээрх давхцал нь ашигт малтмалын ашиглалтын МV-***** дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй” хэмээн тус тус маргасан.
4. Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А аймгийн Ч сум, Б нэртэй газарт орших 537.48 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн ********** тоот гэрчилгээтэй “Б” ХХК-д 2048 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал MV-***** дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл[2] олгожээ.
5. Гуравдагч этгээд “Б” ХХК нь Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа өргөдөл, зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт, уул уурхайн кадастрын зураг, А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/***, 1/*** дугаар албан бичиг, А аймгийн Ч сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн **/***** дүгээр “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг, 2018/Т-*** дугаар Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06б/**** дугаар албан бичгийг[3] тус тус хавсарган тусгай зөвшөөрөл авсан байна.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 25 дугаар зүйлийн 25.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, 26 дугаар зүйлийн 26.2.2-т “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх” гэж тус тус заасан.
7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/*** дүгээр “А аймгийн Ч сумын нутагт орших XY-****** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Б” ХХК нь 2018 онд хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулахдаа Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажилласан бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад татгалзах зүйлгүй болно” гэх албан бичиг[4] нь А аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн **/**** дугаар албан бичгээр[5] “Тус сумын ЗДТГ-ын архивт 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн */*** тоот албан бичиг байхгүй болно. Явуулсан бичгийн бүртгэлийн хуудсыг хуулбарлан хүргүүлэв” гэх, хавсралтад “Дэс дугаар ****, 6 дугаар сарын 17-ны өдөр 1/*** дугаар “Тодорхойлолт” Б 12 үхэр, 6 адуу, хуудасны тоо 1” гэх баримтаар 1/*** дугаартай албан бичиг байхгүй болох нь тогтоогдож байна.
8. Мөн А аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/*** дүгээр албан бичигт[6] “Б ХХК нь тусгай зөвшөөрлийн лицензээс байгаль орчны хамгаалах нөхөн сэргээлтийн зардал орлого төвлөрүүлж байгаагүй нь үнэн болно” гэх, 02/*** дугаар албан бичигт[7] “Б ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, мөн газар ус ашиглах гэрээ байгуулаагүй, Б багт уурхайн хилийн зааг тогтоогоогүй шав тавиагүй нь үнэн болно” гэх, 02/*** дугаар албан бичигт “Тус сумын ЗДТГ-т Б ХХК нь тусгай зөвшөөрөл авангуутаа мэдэгдсэн албан тоот ирүүлээгүй бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 07-ны 1/***, 1/*** тоот албан бичиг нь архивт болон тухайн оны явуулсан албан бичгийн бүртгэлд байхгүй өөр бичиг байгаа болно” гэх баримтуудаар гуравдагч этгээд “Б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам”-ыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
9. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан.
10. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Орхон-Ч голын сав газрын захиргааны 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар албан бичигт[8] “Орхон-Ч голын сав газрын захиргаа нь 2013 онд байгуулагдсан. Манай сав газрын захиргаа нь 2013 оноос хойш ашигт малтмалын хайгуул хийх, олборлох тусгай зөвшөөрөл олгоход сав газрын хэмжээнд санал өгөөгүй болно” гэжээ.
11. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зайлшгүй байх шаардлагатай байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан талаарх сумын Засаг даргын тодорхойлолт хуурамч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт огноо дугааргүй, хайгуулын талбай нь нэр бүхий иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхцалтай, Хануй голын сав газрын захиргааны саналыг аваагүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцээгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
12. Нэхэмжлэгч нарын зүгээс бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрх, Баянхайрхан уулын орчимд ашигт малтмал ашигласнаар бидний уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх эрх, иргэдийн газар эзэмших, бэлчээр ашиглах эрхүүдийг зөрчиж байна гэж маргасан.
13. А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *** дүгээр албан бичгээр[9] “А аймгийн Ч сумын Хайрхан багийн нутагт “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг нэхэмжлэгч нэр бүхий 33 иргэний өвөлжөө, хаваржааны газартай давхцуулан үзэхэд Д.С, Ц.М, С.Х нарын эзэмшил газар давхцалтай байна. Нэхэмжлэгч нэр бүхий 33 иргэнээс гадна “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайтай Д.О, С, Б, П, Э нарын өвөлжөө, хаваржааны газар давхацсан байна” гэжээ.
14. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А давж заалдах шүүх хуралдаанд “…иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхцалтай гэдэг. Энэ нь миний ойлгосноор захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш. Хэрэв бидэнд боломж олговол давхцалтай хэсгийг буцаан өгч болно” гэх тайлбар гаргасан болохыг дурдав.
Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 126 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 128 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 110-125 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 115 хуудас
[5] 4 дүгээр хавтаст хэргийн 69-70 хуудас
[6] 2 дугаар хавтаст хэргийн 177 хуудас
[7] 2 дугаар хавтаст хэргийн 178 хуудас
[8] 2 дугаар хавтаст хэргийн 2 хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 168-181 хуудас