Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 216/МА2018/00004

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч:  онд төрсөн, эрэгтэй, 50 настай, Говьсүмбэр аймаг, сумын  дугаар баг,  дугаар гудамж,  тоотод оршин суух,  регистрийн дугаартай, И Б овогт Д Б нэхэмжлэлтэй,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 134/ШШ2018/00014 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлтэй хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохирол 44 820 000 төгрөг, эмчилгээний зардал 110 080 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, нийт 94 930 080 төгрөгийг төрөөс гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, прокурор Б.Мөнхдөл, нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний биед 2008 онд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2008 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэл хууль бусаар цагдан хоригдож байсан. Миний биеийг аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорих таслан сэргийлэх арга авч шалгаж байхад нь би энэ гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ удаа дараа хэлж өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл гомдлоо гаргаж байсан хэдий ч харамсалтай нь миний биеийг гэм буруутай гэж үзэн олон хоногоор цагдан хорьж эрүүл мэнд, сэтгэл санааны асар их хохирол амсуулсан.

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн байгууллагын зохих ажил үүрэг хариуцсан албан тушаалтнууд миний өргөдөл гомдлыг удаа дараа үл ойшоосон байдлаас үүдэн хэрэг асуудлынхаа үнэн мөнийг тогтоолгохын тулд, өөрийгөө гэм буруутай биш, гэм буруугүй гэдгээ нотлохын тулд өөрийн хамгийн эцсийн арга болох “өлсгөлөнг” 2009 оны 01 дүгээр сарын 28-наас 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл мөн 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2009 ны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 1 сар 13 хоног зарласан.

 Өлсгөлөнгийн үр дүнгээс болж миний ходоод хоол шингээхгүй, гашуун зүйлээр огьдог болж ходоодны үйл ажиллагаа бүхэлдээ муудсанаас үүдэн 2010 онд Улаанбаатар хотод эмчилгээ, шинжилгээ хийлгэхэд намайг ходоодны шархтай болсон байна гэсэн. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар, 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 06/А дугаар шийтгэх тогтоолуудаар нэхэмжлэгч Д.Б миний биед тус бүр 5 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр хянан шийдвэрлэн төрийн албадлага хэрэглэсэн, мөн миний биеийг 2008 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 415 хоног хууль бусаар цагдан хоригдсоны 1 жил орчим миний биеийг /хэргээ хүлээдэггүй гэсэн үндэслэлээр/ ялгаварлан гадуурхаж удаан хугацаагаар ганцаарчлан хорьж бие махбодь, сэтгэл санааны хүнд дарамт, шаналалд оруулж байсан.

Үүгээрээ Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын 7 дугаар зүйлд “Удаан хугацаагаар ганцаарчлан хорих явдал нь Эрүү, шүүлт болон хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахыг хориглосныг зөрчсөн гэж үзнэ” мөн Эрүү шүүлтийн эсрэг конвенцын 1 дүгээр зүйл, Эрүү, шүүлтийн 2 дугаар зүйлд “Эрүү, шүүлт, хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийг хориглоно гэдэг нь хоригдолд сэтгэл санааны болон бие махбодын дарамт үзүүлэхгүй байхыг хэлнэ” гэснийг тус тус зөрчиж миний биеийг удаан хугацаагаар ганцаарчлан сэтгэл санааны хүнд дарамт, шаналалд оруулсан юм.

2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 06/А шийтгэх тогтоол гарснаас хойш хэд хоногийн дараа /шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад/ Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Б нь харуул, хамгаалалт хариуцсан ажилтан, хоёр хянагчийн хамт орж ирээд “Чи яагаад босохгүй байгаа юм бэ гэхэд би миний ходоод өвдөөд байгаа тул босч чадахгүй байна” гэхэд намайг урьдчилан хорих байрнаас гаргаж ирээд чи бол одоо ялтан болсон гээд буу, ташуур хоёроо гарган айлган сүрдүүлж хөл рүү ташуурдан намайг газар унагаад цээж өөд хоёр удаа дэвсэн” мөн сэтгэл санаа, бие махбодын хүнд шаналалд оруулж байсан.

Иймд, миний бие нь 2008 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл 415 хоног цагдан хоригдсоны нөхөн төлбөр 44 820 000 төгрөг, эрүүл мэндийн хохирол, өлсгөлөн зарласнаас үүдэн ходоодны шархтай болсон хохирол, эмчийн эмчилгээний зардал 80 480 төгрөг, шинжилгээний зардал 20 000 төгрөг, зорчих эрхийн тасалбар 9600 төгрөг бүгд 110 080 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, нийт 94 930 080 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна гэжээ. 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлага хууль бусаар цагдан хоригдсоны төлбөр 44 820 000 төгрөг байснаас 44 388 000 төгрөг болгосон.

Эмчилгээний зардалд 110 080 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, нийт 94 498 080 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цагдан хорих байранд 2008 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2009 оны 12 дугаар  сарын 05-ныг хүртэл 411 хоног хууль бусаар цагдан хорьсон. Хууль бусаар цагдан хоригдсоны нөхөн төлбөр 44 388 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Д.Б нь хууль бусаар цагдан хоригдож байх үедээ цөсний хагалгаанд орсон. Мөн хууль бус үйл ажиллагааг зогсоохын тулд өлсгөлөн зарласан. Үүний улмаас эрүүл мэндээрээ хохирч ходоодны шархтай болсон. Зохих байдлаар эмчилгээ хийлгэсэн. Одоо ч ходоодны шарх нь эдгээгүй байгаа. Тухайн үед нотлох баримтаар гарсан эмчилгээний зардал 110 080 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үүний үндэслэл нь хоёр удаа шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолоор 5-аас дээш жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсөн.

Мөн ганцаарчлан  хорьсон зүйл байгаа. Үүнийг алагчлан үзсэн гэж үзэж байна. Бусад хүмүүсийг цагдан хорихдоо 2-3 хүний хамт хорьдог бол Д.Б 339 хоног ганцаарчлан  хорьсон байсан. Үүнээс 12 хоног эмнэлэгт хэвтсэн. 8 хоногийг Б хамт хорьсон. 1 хоногийг Н, Э нартай хамт хорьсон байсан. Үүнээс гадна 339 хоногийг ганцаарчлан хорьж, алагчлан үзэж сэтгэл санаанд нь хүндээр нөлөөлсөн гэж үзэж байна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ гэж заасан.

Мөн Дээд шүүхийн тогтоолд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389 дүгээр зүйлийг хэрхэн хэрэглэх талаар дурдсан байгаа. Эдгээрээс үндэслэн сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлд зааснаар сэтгэл санааны хохирлыг арилгахаар заасан. Мөн хуулийн 391 дүгээр зүйлийн 391.3 дахь хэсэгт сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр сэтгэл санааны хохирлыг нотлох баримт бүрдүүлэх, мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжилж байна. Ингээд нийт 94 480 080 төгрөгийг төрөөс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт Д.Б хувьд хууль бусаар цагдан хоригдсоны төлбөр 44 388 000 төгрөг нэхэмжилж байна. Ямар үндэслэлээр 44 388 000 төгрөгийн хохирол болж байгааг тодорхой тайлбарласангүй. 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаартай Засгийн газрын тогтоол  байгаа. Уг тогтоол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагийг 642 төгрөг 85 мөнгө байхаар заасан. Хохирлыг цагдан хоригдсон хоногтой холбогдуулаад нэхэмжилж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй байна. 24 цагаар бодсон байлаа ч хохирлын хэмжээ 44 388 000 төгрөг гарахгүй, энэ нь хийсвэр тоо байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, өлсгөлөн зарласнаас болоод ходоодны шархтай болсон тул эрүүл мэндээрээ хохирсон гэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад Д.Б өлсгөлөн зарласан гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн өлсгөлөн зарласнаас болоод ходоодны шархтай болсон гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Ходоодны шарх нь зөвхөн өлсгөлөн зарласнаас болоод үүсэхгүй, хүний өдөр тутмын хэвшил болсон хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалан үүсэх боломжтой. Зөвхөн өлсгөлөн зарласнаас болоод ходоодны шарх үүссэн гэдэг нь үндэслэлгүй байна. Тиймээс эрүүл мэндтэй холбоотой зардал буюу 110 080 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдугаарт, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Ямар үндэслэлээр сэтгэл санаагаар хохирсон, ямар үндэслэлээр 50 000 000 төгрөг нэхэмжилж байна вэ, хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад шалгуулах үндэслэл байсан. Шийтгэх тогтоол, цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгчийн захирамж, магадлал байна. Шүүхээс 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 06 сарын хорих ял оногдуулсан байгаа. Д.Б хэрэгт шалгах үндэслэл байсан уу гэвэл үндэслэл байсан. Иргэнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өгсний дагуу  эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хүнд хэргийн ангилалд орж байгаа. Хувийн байдалтай холбоотойгоор Д.Б урьд нь ял шийтгүүлж байсан байдлаас нь шалтгаалан мөрдөн байцаагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна. Тэгэхээр тухайн хэргээс шалтгаалаад сэтгэл санаагаар хохирсон гэдэг нь мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2 113 690 /хоёр сая нэг зуун арван гурван мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 92 384 390 /ерэн хоёр сая гурван зуун наян дөрвөн мянга гурван зуун ерэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 134/ШШ2018/00014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

               1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хүсэлт гаргагч Д.Б нь 2008 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хорьсон шүүгчийн захирамжуудаар 411 хоногт Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосны дагуу нэг цагт 642,85 төгрөг, сард 108,000 төгрөгөөр тооцож, /642,85x8цаг=514288x411 хоног=/2 113 690/ төгрөгийг хууль бусаар хоригдсоны хохиролд тооцон олгох үндэслэлтэй байна гэжээ.

                Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосны дагуу нэг цагт 642,85 төгрөгөөр тогтоосон хэдий ч хүсэлт гаргагч Д.Б эрх чөлөөг 24 цагаар хууль бусаар хязгаарласан байхад нэг өдрийг 8 цагаар бодож цагдан хоригдсоны хохиролд тооцсон нь үндэслэлгүй юм.

               2. Анхан шатны шүүх шийдвэртээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1-д “эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршигийн мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалттай нийцүүлж үзэхэд, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн зохицуулалтанд хууль бус ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирол хамаарахгүй байгаа нь энэ хохирлыг шаардах эрх үүсэхгүй болж байна.

               Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нарийвчлан заасан хохиролд эд хөрөнгийн бус хохирол хамаарахгүй байна гэжээ.  

Үүгээрээ хүсэлт гаргагч Д.Б сэтгэл санааны хохирол нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд харин ч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх заалтуудаас хүсэлт гаргагчийн сэтгэл санааны хохирол шаардах эрхийг хуульчилж хамгаалсан байна.

Хүсэлт гаргагч Д.Б сэтгэл санаанд учирсан хохирол нь 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 5-аас дээш жилийн хорих ялаар 2 удаа ял шийтгэл оногдуулж сэтгэл санааны гүн дарамт шаналалд оруулсан,  мөн 411 хоног хууль бусаар цагдан хоригдсоны 339 хоног ганцаарчилан хорьж алагчилсан зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Б 411 хоног хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд нэг өдрийг 24 цагаар бодож үүний зөрүү болох 4 227 382 төгрөгийг гаргуулах /642,85x24цаг=15428.4/төг/x411=6 341 072.4-2 113 690=4 227 382 төгрөг/

2. Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр 50 000 000 сая төгрөг нийт 54 227 382 төгрөгийг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

                                          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн зөвхөн гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж, холбогдох хуулийг зөв баримталж шийдвэрлэсэн байх боловч цагдан хоригдсон нэг хоногийн хохирлыг тухайн үед мөрдөгдөж байсан нэг цагийн  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  өдрийн 8 цагаар үржүүлж, өөрөөр хэлбэл цагдан хоригдсон нэг хоногийг ажлын 8 цагаар тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

            Нэхэмжлэгч Д.Б нь хууль бусаар 411 хоног цагдан хоригдсоны хохирол, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролд нийт 94 498 080 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж буюу цагдан хоригдсоны хохиролд 2 113 690 төгрөг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч Д.Б нь эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2–д заасан буюу дээрмийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах явцдаа 411 хоног цагдан хоригдсон, тухайн хэрэгт шалгагдаж эхлэх үед Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй буюу тогтсон цалин хөлс орлогогүй байсан, мөн түүнд холбогдох хэрэг нь эцэстээ нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нь тухайн үеийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол зэрэг хэрэгт цуглуулсан бүхий л нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Иймд тухайн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг шаардах хууль эрх зүйн үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв байна.

          Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50 000 000  төгрөгийг гаргуулах үндэслэлгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх ба харин эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгийг давж заалдах шатны шүүхэд түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

           Харин анхан шатны шүүхээс “цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, хохирлын хэмжээг тооцож олгох нь хуульд нийцнэ.

          Мөн “ ...Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосны дагуу нэг цагт 642,85 төгрөг, сард 108000 төгрөгөөр тооцож, /642,85х8цаг=5142,8х411хоног/ = 2 113 690 төгрөгийг хууль бус цагдан хоригдсоны хохиролд тооцон олгох үндэслэлтэй байна” гэж шийдвэрийн “үндэслэх” хэсэгт тус тус дүгнэсний  аль аль нь үндэслэлгүй байх ба шийдвэрийн “тогтоох” хэсэгт 2 113 690 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.

Мөн шүүх яагаад цагдан хоригдсон нэг хоногийн хохирлыг 8 цагийн ажлын хөлстөй тэнцүүлж тооцож байгаа үндэслэлээ тодорхойлж өгөөгүй байна.

          Учир нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хоригдож буй этгээд нь нэг хоногийн 24 цагийн турш хөдөлмөрлөх болон бусад эрхээ хязгаарлуулж байхад түүнийг энгийн нөхцөлд нэг хоногт 8 цаг ажиллах ёстой байсан гэж үзэж цагдан хоригдсон нэг хоногийн хохирлыг нь тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзан 8 цагийн ажлын хөлстэй тэнцүүлж тооцсон  нь буруу  байна. Зүй нь эрхээ хязгаарлуулсан бүхий л цаг хугацаанд нь тохируулж буюу цагдан хоригдсон нэг хоногийн хохирлыг  24 цагийн ажлын хөлстөй тэнцүүлж тооцох нь зүйтэй гэж үзэв .

 Иймд шийдвэрт дээрх үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах буюу 2 113 690 төгрөг гаргуулах гэснийг /642.85х1хоногийн 24 цаг = 15 428,4 х 411 хоног/ = 6 341 072.4 төгрөг болгож өөрчлөх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 134/ШШ2018/00014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... “2 113 690” төгрөгийг гэснийг “6 341 072” /зургаан сая гурван зуун дөчин нэгэн мянга далан хоёр/ төгрөгийг гэж, ...”92 384 390” төгрөгийг гэснийг “88 157 008“ /наян найман сая нэг зуун тавин долоон мянга найм/ төгрөгийг  гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ                                                     Н.БАТЧИМЭГ

ШҮҮГЧ                                                      Г.ТЭГШСУУРЬ