Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

 

 

 

 

 

 

2022           12          27                                 2022/ШЦТ/30

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дунхуу ургийн овогт Тд холбогдох эрүүгийн 2209000002378 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үндэсний техникийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт..............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т /Регистрийн дугаар: /.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч А.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороололд байрлах “Си Юү” дэлгүүрийн гадаа ....... улсын дугаартай Акуа маркийн автомашинд нь цэнэглэж, түүнд итгэмжлэн хариуцуулан үлдээсэн иргэн С.Үын гар утсыг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000002378 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Э.Уранчимэгээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч А.Тгээс: “Би өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээж, ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй” гээд хэргийн материалаас нотлох баримт уншиж судлуулаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Т нь бусдын итгэмлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Хохирогч С.Үын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний үүрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Инперном” нэртэй баарны гаднаас танилцсан 2 эмэгтэй /нэрийг нь санахгүй байна/ нарын хамтаар замын хойд талаас такси бариад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хороолол автобусны буудлын ойролцоо байрлах “Си Юү” сүлжээ дэлгүүрийн гадаа зогссон. Надтай танилцсан 2 эмэгтэй юм худалдаж авахаар “Си Юү” сүлжээ дэлгүүр лүү орсон. Би таксинд 2-3 минут сууж байгаад таксины жолоочид гар утсаа өгчхөөд араас нь ариун цэврийн өрөө орохоор орсон. Орчихоод гараад ирэх хороонд сууж явсан такси хөдлөөд явсан байсан. Би таксинд “Реалми-7” загварын гар утас, куртикээ үлдээсэн байсан ба куртикний халаасанд бэлэн 40,000 төгрөг, ажлын 8 ширхэг түлхүүр байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-Гэрч Х.Оргилмаагийн “...2022 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах баарны /баарны нэрийн санахгүй байна гэх/ үүднээс хоёр найзын хамтаар такси бариад Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт байрлах 11 дүгээр хороололд байх “Си Юү”-гийн гадаа таксинаас буугаад “Си Юү” дэлгүүр лүү юм худалдаж авахаар найз Цэрэндуламын хамт орсон. Таксинд Ү үлдсэн ба араас ариун цэврийн өрөө орох хойгуур такси хөдлөөд явсан байсан. Би таксинд өөрийн цүнхээ үлдээсэн бөгөөд цүнхэн дотор суурь боловсролын гэрчилгээ, суралцагчийн хувийн хэрэг, будгаа үлдээсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-Гэрч Х.Оргилмаагийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дугаар тал),

-Хохирогч С.Үын эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, “хөрөнгө завших” гэмт хэрэг нь хохирогч гэмт этгээдэд өөрийн эд хөрөнгөө хариуцуулж үлдээсэн нөхцөл байдлыг далимдуулан нэгэнт өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө хариу төлбөргүйгээр нэг мөсөн шилжүүлэн авсан байхыг шаарддаг.

Дээрхээс дүгнэхэд хохирогч С.Үын өөрийн эд хөрөнгийг түр бусдын эзэмшилд шилжүүлсэн байх үед шүүгдэгч А.Т итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулж завших гэсэн гэмт үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирчээ.

Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирлын хэмжээ шаардагдахгүй онцлогтой болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Тгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн болно.

Хохирогч С.Үыг хавтаст хэргийн материалтай танилцуулахаар мэдэгдэхэд “...утсаа буцааж авсан, гомдол саналгүй, хэргийн материалтай биечлэн танилцах шаардлагагүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглэлүүлсэн (хавтаст хэргийн 47 дугаар тал), шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч бусдын эд хөрөнгийг хадгалж, харж хандахаар авч үлдсэний дараа өөртөө дураараа шилжүүлэн авч болохгүй гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” буюу биет байдлаар нь буцаан төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХСАЙХАН