| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/1157/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
2023 01 02 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Г.Баярмаа,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу ургийн овогт Батсүхийн Эод холбогдох эрүүгийн 2209009981736 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй /бичиг үсэг мэднэ, уншиж чадаж байсан/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............. тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр 1 жилийн хорих ялыг багтааж нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийтгэгдсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оноосон 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийг нэмж, нийт эдлэх ялыг 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг биечлэн эдэлж ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1816 дугаартай шийтгэх тогтоол /энэхүү шийтгэх тогтоол хүчингүй болсон/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 11 cap 14 хоногоор тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 8 cap 13 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1122 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 23 хоногийг мөн хугацаагаар хорих ялаар дүйцүүлэн сольж, одоо Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, .................
Ялын тооцоо: Эдлээгүй үлдсэн хорих ял 02 сар 03 хоног болно.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн орчим иргэн Б.Бгийн халааснаас түүний эзэмшлийн Опо А93 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 488,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209009981736 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),
- Гэрч Б.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
-Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд “...Намайг хүмүүс “Кубана” гэж дууддаг, би уншиж чадна, /яллах дүгнэлтийн 2 дахь талаас эхлэн уншуулахад уншиж чадаж байв/, хэргээ хурдан шийдүүлмээр байна, өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлнө, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулах болно, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 488,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Бгийн “...би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 12-13 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын Нэгдүгээр эмнэлгийн ард Шүүх шинжилгээний хажуу талаар Худалдаа хөгжлийн банк руу явж байгаад Оппа А93 маркийн цагаан цэнхэр өнгийн гар утсаа халааснаасаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),
-Гэрч Б.Бат-Оршихын “...би хяналтын камерийн бичлэгийг үзлээ. Цэнхэр алаг пүүзтэй явж байгаа нөхөр Кубана мөн байна. Би Кубанагийн бүтэн нэрийг мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
-Сиди бичлэгт үзлэг хийсэн “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шүүх шинжилгээний хүрээлэнгийн ар талын машины замаар гомдол гаргасан эмэгтэй шар өнгийн куртиктэй эмэгтэйтэй хамт явж байх үед хар бараан өнгийн хувцастай 25-30 орчим насны эрэгтэй ард суугаад карманаас эд зүйл авч байх ба уг бичлэгийг цааш гүйлгэн үзэхэд тухайн сэжигтэй этгээд нь багшийн дээд харалдаа буцаад алхаж байгаа дүрс бичигдсэн ба цааш үзэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Оппа А-93 загварын гар утас 488,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Шүүгдэгч Б.Э нь дээрх үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч Б.Бгийн хулгайд алдсан Оппа А-93 загварын гар утсын хохирлыг 488,000 төгрөгөөр үнэлснийг оролцогчдод танилцуулсан бөгөөд хохирогч, шүүгдэгч нар үнэлгээний талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 488,000 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн дээрх заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс 488,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бд олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ял дээр зорчих эрхийг хязгаарлах ялыг дүйцүүлэн сольсон хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сар 03 хоногийн хорих ялаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгч Б.Эоос “өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, амьдралаа бодож байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1122 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар сольсон 10 сар 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 сар 03 хоногийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заажээ. Хорих 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас шүүгдэгч Б.Эын эдэлсэн ялын тооцоог тодорхойлохдоо 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тасалбар болгож биеэр 08 сар 20 хоног хорих ял эдэлсэн, үлдсэн ялыг 02 сар 03 хоног гэж тооцсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үргэлжлүүлэн тооцвол нийт 46 хоног цагдан хоригджээ. Иймд түүний цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 8 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1122 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар сольсон 10 сар 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 /арав/ сар 03 /гурав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 10 сар 03 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эоос 488,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН