Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

 

 

 

 

 

 

2023          01          06                                 2022/ШЦТ/49

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

Улсын яллагч М.Гансувд,

Хохирогч М.О,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун ургийн овогт Баасанжавын Бд холбогдох эрүүгийн 2209000002207 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй, “М” бааранд бармены туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их Нарангийн 10-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ..........

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өглөө үүрийн 07 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” нэртэй пабад үйлчлүүлж байхдаа хажуу талын ширээн дээр сууж байсан хүмүүстэй маргалдаж, улмаар тэднийг аяга шидэхэд нь буцааж ус хийсэн сэнжтэй аягыг шидэн М.Оийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000002207 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч М.Гансувдаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн тул тухайн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

            Хохирогч М.Оээс: “Би тэр орой найзуудтайгаа гадуур явж байсан. ...Гэтэл хажуу ширээний охидууд хоорондоо шивнэлдэж инээлдээд байсан. Үүнээс болж маргаан үүсээд би аяга авч шидээд хөшигний ар талд байх ханыг оносон. Тэгэхэд зөрүүлээд над руу шүүгдэгч аяга шидэж намайг оносон. Миний уруул сэтэрсэн. Би Гэмтэл согог судлалын  үндэсний төвд оёдол тавиулсан, би бүжгийн багш мэргэжилтэй, урлагийн хүн болохоор нүүрэн дээрээ элдэв сорвитой байж болохгүй. Энэ үүссэн сорви нь хатуураад бомбойж эдгэрсэн тул энэ сорвийг арилгах гэж Синдерелла эмнэлэгт PRP эмчилгээ хийлгэж эхэлсэн. 8 удаа эмчилгээнд орох ёстой. Сорвийг энэ эмчилгээнд орж хатуурсан хэсгийг зөөлрүүлсний дараагийн төлөвлөгөөт эмчилгээнд орно” гэх мэдүүлгийг өгч, хэргийн материалаас уншиж судлуулаагүй,

Шүүгдэгч Б.Баас: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 300,000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид эмчилгээтэй холбоотой баримт гаргаж нэхэмжилбэл нөхөн төлөх болно, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж тус тус тайлбар гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өглөө үүрийн 07 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” нэртэй пабад үйлчлүүлж байхдаа хажуу талын ширээн дээр сууж байсан хүмүүстэй маргалдаж, улмаар тэднийг аяга шидэхэд буцааж ус хийсэн сэнжтэй аягыг шидэн М.Оийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

-Хохирогч М.Оийн: “...Манай найз Намуунаа, Ганцэцэг нар 2022 оны 10 дугаар сарын 18-ны үүрээр 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” пабад хоол идэхээр орсон байна гэсэн. Тэгээд би араас нь очоод ороход найзууд маань текний хажуу талын ширээнд суусан байсан. Тэгээд би 00-ийн өрөө ороод буцаж ирээд ширээнд суух гэж байхад хажуу талын ширээн дээр хоёр охин, гурван залуу сууж байснаас манай найз руу хараад инээгээд зааж яриад байсан. Тэгэхээр нь би уурлаад босож ирээд “юу гээд байгаа юм бэ” гэх өөдөөс бас хэрэлдээд байсан. Тэгээд нэг залуу нь ирээд манай найз Намуунаатай юм яриад “уучлаарай согтуу хүмүүс байна” гээд ярилцаад байж байхад бид нар нөгөө үлдсэн хүмүүстэй маргалдаад байж байсан. Тэгсэн нэг залуу нь эргэж хараад ус цацахаар нь би зөрүүлээд аяга шидэхэд цаад талын хана оносон. Тэгсэн чинь голд нь сууж байсан эмэгтэй сэнжтэй аяга над руу шидэж миний уруул хэсэгт оносон тэгээд маргалдаж байхад бид нарыг гаргасан. Тэгээд гадаа гараад тэр хүмүүстэй 2 цаг гаран ярилцсан боловч учраа олж чадаагүй. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хажуу талын ширээнд сууж байсан хүмүүс заагаад чангаар яриад байсан тэгээд маргалдаж эхэлсэн. ..Уг бэртэл гэмтлийг бид нартай маргалдсан гэх хүмүүсийн хоёр эмэгтэйгийн дунд нь сууж байсан махлаг намхан хар цагаан шаргал алаг өнгийн юүдэнтэй цамцтай 24-25 насны эмэгтэй аяга шидэж учруулсан. ...Би эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

-Гэрч А.Эын: “...Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 06 цагийн орчимд эхнэр Х, найз Э, Б, Д, С нарын хамт хоол идэхээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” гэх нэртэй пабад ороод хоол болон бусад зүйл захиалаад сууж байсан чинь ар талын ширээнд сууж байсан нэг согтуу охин “хар алнуудаа гичийнүүдээ” гэх зэргээр орилоод байсан. Тэгээд манай ширээнийхэн хариу үйлдэл хийгээгүй, гайхаад хараад сууж байсан чинь “юугаа харсан юм” гээд байсан. Тэгсэн найз нь “манай найз согтуурхаад байнаа” гэсэн. Тэгсэн нөгөө охин чинь класс аваад шидсэн. Тэр нь манай хоёр эмэгтэйгийн голоор гараад хана цохиж ширээн доогуур шалан дээр унасан ба манай хоёр эмэгтэй хоёр тийш болж бултсан. Тэгэхээр нь би ус уугаад сууж байсан болохоор тэр охин руу ус цацсан чинь Б нь зөрүүлээд цайны аяга аваад шидсэн. Тэгтэл тэр охины нүүр хэсэгт оносон ба уг охидуудаас уучлалт гуйсаар байгаад 10 цаг болсон. Тэгээд уг охиныг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлгийн гадаа очоод тэр охид таксины мөнгөө төлнө гээд үлдсэн. Тэр охин согтуу байсан ба бид нарыг юм яриад инээлдээд сууж байхад бид нарыг хэл амаар доромжлоод эхлээд класс аваад шидсэнээс болж маргаан болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

-Гэрч М.Дгийн: “...хоолны газар захиалга өгчхөөд сууж байсан чинь гаднаас 2 охин орж ирсэн. Тэгээд тэр 2 охин орж ирээд тек дээр очиж хоорондоо юм ярьж байсан. Бид хэдийн сууж байсан ширээ текний хажуу талын ширээ байсан тул тэр 2 охины нэг нь нилээн их согтуурсан бид хэд рүү хараад “Юугаа хараав, алнууд минь” гэх зэргээр хараалын үгнүүд урсгаад байсан. Бид хэд эхэндээ тоогоогүй хоорондоо юм яриад сууж байсан чинь тэр охин вискиний класс авч бид хэдийн сууж байсан ширээ рүү шидэхэд цонхны тавцан дээр нь очоод хагарсан. Тэгсэн манай найз Х уурлаад “та хэд яаж байгаа юм бэ, зүгээр сууж байгаа хүмүүс рүү юм шидээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бөөн юм болоод бужигналдаан болоод тэгээд би 00 орчхоод ирсэн чинь аль хэдийн бид хэд рүү дайрсан юм авч шидсэн охины уруулаас цус гарсан байсан. Яг юу болсон талаар би хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

 

-Гэрч Г.Хгийн: “...Г гэх нэртэй пабад ороод хоол болон бусад зүйл захиалаад хоолоо идээд хоорондоо юм яриад инээгээд сууж байхад хажуу ширээний танихгүй охин гэнэт “дуугүй бай новшнуудаа” гэхээр нь бид нар хэсэг дуугүй байсан. Тэгсэн чинь тэр охин дахин “яасан алнуудаа” гэсэн. Тэгээд бид нар тэр охин руу хартал тэр охин бид нарыг хэл амаар доромжлоод байсан ба намайг “юугаа харсан юм, янхан минь” гэсэн. Тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэсэн чинь тэр охинтой хамт явсан найз нь гээд бас нэг охин босж ирээд “Манай найз согтсон байна” гэхээр нь “бид нар яагаа ч үгүй байна ш дээ, чи бид нарыг биш найзыгаа болиулаач” гэсэн. Тэгсэн чинь эхний охин нь “чи юу гээд байгаа юм, ал минь” гэснээ намайг юм хэлэхийн завдалгүй тэр охин класстай пиво аваад шидсэн. Тэгэхэд Б бид хоёрын голоор гарч хана цохиж ширээн доогуур шалан дээр унасан. Тэгсэн манай нөхөр Э нь намайг оночихлоо гэж бодоод тэр охин руу савтай ус цацсан. Тэгсэн чинь нэг мэдсэн нэг охин нь “чи гичий минь, оночихлоо” гээд над руу дайраад байсан. Тэгээд хартал нөгөө эхний хэл амаар доромжлоод байсан охин цаана амнаас нь цус гарсан байдалтай уйлаад зогсож байсан. Тэгээд оносон байна гэж мэдээд тухайн үед 10 цаг хүртэл тэр охидуудаас уучлалт гуйсан. Тэгээд “бид нар яах уу, эмнэлэг орох уу, яах уу” гэж байж байгаад би үлдээд манай хэд хамт эмнэлэг рүү явсан. ...Уг охин руу найз Б цайны сэнжтэй аяга авч шидсэн... Бид нар хоорондоо юм яриад сууж байхад тэр охин хэл амаар доромжлоод байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...1.М.Оийн биед дээд уруулын няцарсан шарх, зүүн мөр, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн №14439 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...текний хэсэг байх ба урд талд нь хоёр ширээ зэрэгцээд байж байх ба зүүн талын ширээний орчимд 2 эмэгтэй, нэг эрэгтэй байх ба баруун талын ширээнд 2 эмэгтэй, 4 эрэгтэй нийт 6 хүн байх ба хоёр эмэгтэйгийн голд нь сууж байгаа нь Б байв. ...Баруун талын ширээн дээр зэрэгцээ сууж байсан 3 эрэгтэйгийн голд сууж байсан хар цагаан эрээн футболктой эрэгтэй хүн босч, эргэж хараад савтай ус шидэж байв. ...Хохирогч М.О нь архины класс шидэж байх ба Б.Б нь ногоон өнгийн сэнжтэй аяга барьж авч шидэж байв. Уг шидсэн аяга нь хохирогч М.Оийн нүүрийг онож аяга нь хагарч текний тавцан дээр унаж байсныг харуулав. Хохирогч М.О нь текний тавцангийн дэргэд зогсох ба амнаас нь улаан хүрэн өнгийн зүйл гарч байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-28 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь хохирогчийн нүүр хэсэгт архины шилэн хундагаар шидсэн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, архины хундага шидэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэн байна.

 

Уг үйлдлийн улмаас хохирогч М.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14439 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал)-ээр давхар нотлогдсон.

 

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “хохирогч М.Оээс эмчилгээнд нийт 541,600 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч уг баримтуудаас 360,000 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулаагүй /PRP буюу үрчлээ багасгах, эд эсийг нөхөн төлжүүлэх, арьсны өнгө сэргээж цайруулах/ буюу бодит учирсан хохирлын баримт биш байна, тиймээс энэхүү баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй” гэж дүгнэлтдээ дурдсан нь үндэслэлтэй бөгөөд хохирогч М.О гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгэсэн нь эргэлзээтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.От 300,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч М.О нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 300,000 төгрөгийн нөхөн төлсөн, цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь хохирогчид 300,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч М.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН