| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/56 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/56
2022 01 09 2023/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Ц.Төгөлдөр,
Шүүгдэгч Б.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Халибан ургийн овогт Батхуягийн Ед холбогдох эрүүгийн 2209020962219 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фиттесийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, .......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, хэрэг хгриуцах чадвартай, .................
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Е нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сухбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 513 дугаар байрны 89 тоотын гадна хохирогч Б.Ттай гэр бүлийн асуудлаас болж маргалдаж, улмаар түуний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209020962219 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, түүнийг бүрэн эдэлж дууссан талаарх 1 хуудас баримтын хуулбарыг нотлох баримтаар гарган өгч, шүүгдэгчийг гэмт хэрэг хийсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Б.Е нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол нэхэмжлэхэд нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Е нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сухбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 513 дугаар байрны 89 тоотын гадна хохирогч Б.Ттай гэр бүлийн асуудлаас болж маргалдаж, улмаар түуний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “...1.Б.Тийн биед зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх шинжээчийн 11097 дугаартай дүгнэлт,
-Хохирогч Б.Тийн “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр миний бие өвдөөд хамтран амьдрагч Ен 98130316 дугаар луу залгаж “чи ирэх болж байна уу, миний бие өвдөөд байна” гэхэд “түргэн дуудаж үзүүлсэн юм уу” гэж надаас асуухаар нь “үзүүлсэн” гэхэд юм дуугараагүй утсаа таслаад миний дугаарыг блок хийсэн. Тэгээд фэйсбүүк үзээд байж байхад өөрийн “Yesukhei Zura” гэх фэйсбүук хаягаас “Хангай хотхонд 2 өрөө байр түрээслэнэ” гэх зарыг өөрийн утасны дугаараа тавьсан байсан. Маргааш нь би ажил дээрээ очоод ажлын хүнийхээ утсаар яриулахад Е утсаа аваад байр түрээслэх талаар асуухад Е нь “манай хүнтэй ярь” гээд эмэгтэй хүнд утсаа өгсөн байсан. Тэгээд байр үзэх шалтгаанаар гэрийн хаяг, тоотыг нь мэдэж аваад би Мөөгий болон дүү болох Гэрэлбум, Доржханд нарын хамт Хангай хотхон руу яваад би Мөөгийгийн хамт Хангай хотхоны 513 дугаар байрны 89 тоотод очоод Мөөгий хаалгыг нь цохиод хаалгаа онгойлгохоор нь би ортол Е нэг эмэгтэйтэй хамт байж байсан. Тэгтэл Е нь миний хоолойноос боогоод арагшаа түлхээд хамт байсан эмэгтэй нь хаалгаа хаасан. Тэгтэл Е гаднаас нь хаалгыг нь цоожилсон. Миний хоолойг боож байхыг Мөөгий хараад гадаа машинд сууж байсан 2 дүүг дуудах гээд явсан. Тэр хооронд би Етэй ноцолдоод миний зүүн гар луу гараа цохиод бас хөл рүү өшиглөсөн. Тэгээд зугтаасан. Тэгэхэд хажуу айлаас нь нэг эмэгтэй гарч ирээд юу болсныг асуусан. Тэгэхээр нь би гэр бүлийн маргаан болж байна гэж хэлсэн. Намайг зодож байхыг Мөөгий харсан. Өөр хүн хараагүй. Мөөгий хүүхэдтэйгээ явж байсан учир гараад гүйсэн. Е нь явж чадахгүй буцаж орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэр хооронд манай 2 дүү ирсэн. Бид хамт амьдраад 2 жил болж байсан. Етэй маргалдаж зодолдсон. Е нь миний зүүн гар болон 2 хөл рүү цохиж зодсон. Өөр намайг цохиж зодсон хүн байхгүй... 2020 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэд байхгүй. Хамтран амьдарч эхэлснээс хойш 1 жилийн дараа намайг цохиж зодож эхэлсэн. Би тухайн үед гэр бүл, хамаатан садандаа хэлдэггүй нуудаг байсан. Архи их уудаг архины хамааралтай. Би 2022 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст хандаж байсан. Е нь надаас гуйгаад би гомдолгүй гээд 100,000 төгрөгөөр торгуулсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дугаар тал),
-Гэрч Б.Цгийн “...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 513-89 тоотод байрандаа Ег дуудсан. Би байраа түрээслэхээр “Үнэгүй.мн” сайт дээр байр түрээслүүлэх зар оруулсан. Тэгтэл Е фэйсбүүк дээрээ “байр түрээслэнэ” гэсэн зар оруулаад өөрийн дугаараа тавьсан. Өдөр 10-11 цагийн орчим Етэй хүмүүс яриад түрээслэх гэж байгаа байрыг үзэхээр Хангай хотхон дээр ирсэн. Би юм цэвэрлэж байхад байр түрээслэхээр хүмүүс ирсэн гээд Е хаалга онгойлгож өгөхөөр гарахаар явсан. Тэгэхэд үүдэнд орилоон болоод хүмүүс муудалцаад ирэхээр нь би хаалгаа түгжсэн. Тэгээд би дурангаар харах гэхэд дуранг хаасан байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа нар ирэхээр нь гараад очиход 3 давхрын коридорт 1 хөгшин эмэгтэй, 1 хүүхэд, 3 эмэгтэй байсан. Тэр хэд гар утсан дээрээ бичлэг хийгээд байсан. Би цагдаа нартай хамт доошоо буугаад явахад араас бичлэг хийгээд байсан. Тэгээд тэр хүмүүс араас гэр бүл салгалаа, хүүхэд өнчрүүллээ гээд хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч Б.Е нь хохирогчийн биед халдаж, нүүр рүү нь цохиж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж байна.
Шүүгдэгч Б.Егийн хууль бус идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн биед зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 11097 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон болно.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ег хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Б.Т эмчилгээний зардалд ямар нэг мөнгө нэхэмжлээгүй байх ба хохирогчид шүүх хурлын товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд сууж амжихгүй, хөдөө байна, мөнгө нэхэмжлээгүй, гэхдээ гомдолтой байна” гэсэн тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгч “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Е нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 /гурван зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Е нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН