| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
2023 01 17 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
Улсын яллагч Б.Одонтуяа,
Хохирогч Ч.Ш,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2203004810505 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт ............ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нийт 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 162-Ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, үлдэх 9 жил 05 сар 04 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 222 дугаартай захирамжаар Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 06 хоногоор тооцож, мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн /тэнсэн харгалзсан/ 1 жил 11 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 1 сар 11 хоногоор тогтоож шийтгэсэн, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж мөн хугацаагаар хяналт тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, ..............
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний шөнө 03 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, “Өлзий” төвийн уулзварын замд “Mersedes benz” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9. “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж өөрийнх нь зорчих чиглэлийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл дохиогоор уулзвар нэвтрэх үйлдэл хийснээс Ч.Ш жолоочтой Toyota Premio маркийн ......... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж жолооч Ч.Ш болон зорчигч О.А нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2203004810505 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Одонтуяа: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогч Ч.Ш шүүх хуралдаанд “...2022 оны 8 дугаар 09-ны өдөр Архангай аймгаас гараад хотод 00 цагийн орчимд ирээд 02 цагийн орчимд айлын хашаанаас машинаа аваад гэр лүүгээ харих замдаа осолд орсон. Би ногоон гэрлээр замын хөдөлгөөнд оролцож байх үед тухайн осол болсон. Ослын талаар тодорхой санахгүй байгаа. Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд ухаан орсон. Миний хөлд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна гэж гэмтлийн эмнэлгийн эмч онош тавьсан. 2 хоногийн турш миний хөл ихээр өвдөж байсан тул хувийн эмнэлэгт үзүүлэхэд хөл хугарсан байна гэсэн. Одоо хөл бүрэн эдгэрч биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон. Ослын шоконд орсны улмаас зүрх үе үе дэлсдэг болсон. Манай эхнэрийн гар хэсэгт гэмтэл учирсан байсан. Одоо мөн биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон. Шүүгдэгчээс хэргийн материалд баримтаар авагдсан хохирол төлбөр гаргуулах хүсэлтэй байна. Өөр гомдол санал байхгүй” гэж мэдүүлэн хавтаст хэргийн материалаас уншиж судлуулах баримт байхгүй гэж,
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд “Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Юмны учир ойлгодоггүй, бага наснаас эхлээд алдаж эндэж гэмт хэрэгт холбогдож явсан. Шоронгоос гараад одоо л хүн шиг амьдрах гээд нийгэмд хөл тавих гэхэд ийм хэрэгт холбогдсон. Шоронгоос гарч ирэхэд хийх ажил ч олдохгүй, хуурай таньдаг ах маань “ажилгүй байгаа юм чинь ахынхаа машиныг унаад жолоочоор ажиллаад явж бай” гэхээр нь цалин хөлсийг нь бодоод машиныг жолоодож үйлчилж байсан юм. Осол болохын өмнөхөн хөдөө 2-3 хоног явж ирээд нойр муутай хотод орж ирсэн. Тэгээд гэрлэн дохиогоор амжаад гарчих байх гэж бодоод гартал чадалгүй осолд орсон. Хохирогч ах, эгч хоёроос уучлалт гуйж байна. Хохирлыг нь ямар ч байсан төлж барагдуулна. Одоо би эхнэр, хүүхэдтэй болж байгаа, амьдралд зөвөөр хөл тавьж эхлэх гэхээр бүтэлгүйтчихээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэж л бодож байна. Тиймээс надад шүүхээс боломж олгож ажил төрөл хийж хохирогч нарын хохирлыг барагдуулах боломжоор хангаж өгөөч” гэх мэдүүлгийг гаргаж “хэргийн материалаас уншиж судлах нотлох баримт байхгүй” гэж тус тус мэдүүлсэн болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний шөнө 03 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, “Өлзий” төвийн уулзварын замд “Mersedes benz” маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9. “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж өөрийнх нь зорчих чиглэлийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл дохиогоор уулзвар нэвтрэх үйлдэл хийснээс Ч.Ш жолоочтой “Toyota Premio” маркийн ..........улсын дугаартай автомашинтай мөргөлдөж жолооч Ч.Ш болон зорчигч О.А нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон яллах дүгнэлтэд дурдагдсан дараах баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-15 дугаар тал),
-Хяналтын камерийн бичлэг бүхий Сиди-д үзлэг хийсэн тухай “Бичлэгийн 03:23:55 цагт Тоёота премио маркийн ..........улсын дугаартай автомашины ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд Мерседес бенз жи 500 маркийн ..........улсын дугаартай автомашины урдаас хойш чиглэлд уулзвар руу ойртон ирж байгааг харуулав. ...Мерседес бенз жи 500 маркийн ..........улсын дугаартай автомашин нь уулзвар руу улаан гэрлээр нэвтэрч байгаа болон ослын үеийг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
-Хохирогч Ч.Шын “...2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 03 цаг 20 минутын үед би өөрийн эзэмшлийн Тоёота Премио маркийн 63-23 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтайгаа эхнэр Аын хамт Баянбүрдийн тойрог өнгөрөөд чигээрээ төв замаар Өлзий төвийн уулзвараар нэвтрэх гээд явж байхад уг уулзварын ногоон гэрэл нь ассан байсан ба би ногоон гэрлээр уулзварт нэвтрээд орсноо л мэдэж байгаа. Өөр юм санахгүй байгаа. Нэг мэдэхэд би машиныхаа хажууд гараад ирсэн хүмүүс орилолдоод байсан. Тэнд байсан хүмүүс таны зөв шүү ахаа гээд байсан. Удаагүй түргэн ирээд эхнэр бид 2-ыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зөөлөн эдийн гэмтэлтэй байна гээд эм бичиж өгөхөөр нь гэртээ харьж амраад байж байтал маргааш нь хөл өвдөөд гэмтлийн эмнэлгийн хажуугийн эмнэлэгт зургаа авхуулахад хөл хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),
-Хохирогч О.Аын “...Би нөхөр Шын хамт 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу хөдлөөд 8 дугаар сарын 09-ний үүрээр 03:00 цагийн үед Улаанбаатар хотод ирээд Баянхошуунд найзынхаа хашаанаас машинаа аваад манай нөхөр жолоодож би жолоочийн хажуу талын суудалд суугаад гэртээ харихаар 100-н айл, Өлзий төвийн уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд 1-р эгнээнд явж байхад гэнэт урд талаас хойш чиглэлд Бенз маркийн автомашин манай машины баруун урд хэсгээс мөргөсөн. Би ослын дараа нөхрийн хамт гэмтлийн эмнэлэг рүү түргэний машинаар хүргүүлээд үзүүлэхэд миний баруун гарын савхан яс хугарсан гээд гипс тавьж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “...1.Ч.Шын биед зүүн шилбэний гадна хавчаар ясны далд хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоодлоо. 2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 11314 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
-Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),
-Хохирогч Ч.Шын Цэргий төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 70-77 дугаар тал),
-“Итгэлт Эстимэйт 3” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний №840/ДД№239906282031 дугаартай тайлан (хавтаст хэргийн 80-88 дугаар тал),
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “Хариулт 1. Мерседес бенз жи 500 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. ...Хариулт 3. Уг тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлүүд нь ослын үед үүссэн эвдрэл, гэмтлүүд байна” гэх 999435 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 92-103 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “...1.О.Аын биед баруун богтос ясны хугарал, зулайн хуйхны шарх, баруун, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 11316 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 107-108 дугаар тал),
-Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар (хавтаст хэргийн 109-110 дугаар тал),
-Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...1.Мерседес бенз жи 500 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” 8.9. “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2.Тоёота премио маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх 1128 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 115 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Л.Б нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 120 дугаар тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.
Осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч Л.Бийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлжээ.
Шүүгдэгч Л.Бйн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн /улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн/ үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг.
Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Ч.Ш, О.А нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 11314, 11316 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 63-64, 107-108 дугаар тал)-ээр тогтоогдож байна.
Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Тиймээс шүүгдэгч Л...........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ч.Ш, О.А нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 14,576,962 төгрөгийг нэхэмжилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас эмчилгээ, оношлогооны зардалд төлсөн 2,622,962 төгрөгийн хохирол (хавтаст хэргийн 29-36 дугаар тал), тээврийн хэрэгсэлд учирсан 8,350,000 төгрөгийн хохирол (хавтаст хэргийн 80-88 дугаар тал), нийт 10,972,926 төгрөгийн хохирлын баримтыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байх тул гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Л.Бэс дээрх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 10,972,926 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Мөн хохирогч нар ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу хохирогч Ч.Ш 1,800,000 төгрөгийг, хохирогч О.А 1,900,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч уг гэм хорын хохиролтой холбоотой баримтыг хавтаст хэрэгт тусгаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид хийлгэх эмчилгээний зардалтай холбоотой баримтын хамтаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад учирсан хохирол бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.
Тухайн хэргээс харахад шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн унаж явсан тээврийн хэрэгсэл /Мерседес бенз жи 500 маркийн ..........улсын дугаартай автомашин/ нь иргэний хариуцагч Д.Баасанжаргалын өмчлөл, эзэмшилд байдаг болох нь тогтоогдож байгаа (хавтаст хэргийн 57 дугаар тал) бөгөөд шүүгдэгч Л.Бд ямар нэг зөвшөөрөлтэйгээр тээврийн хэрэгслээ өгч эзэмшүүлж байсан эсэхийг тогтоогоогүй, шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ машин н.Билэгбаатар гэж хүний машин, Д.Баасанжаргал гэж хүнийг танихгүй, машин унаж явах зөвшөөрлийг н.Баатарбилэг ах өгсөн” гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт н.Баатарбилэг гэгчийг гэрчээр асуугаагүй байна.
Тиймээс Иргэний хуулийн дээрх заалтыг үндэслэн тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Баасанжаргал нь шүүгдэгч Л.Бд тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл өгсөн гэж үзэх боломжгүй тул иргэний хариуцагч Д.Баасанжаргалыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах шаардлагагүй гэж үзлээ. Мөн энэ талаар улсын яллагчаас ямар нэг санал тусгагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Бэс “хохирол нөхөн төлөх боломжит хугацаа олгогдвол хохирлыг төлж барагдуулна” гэж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан боловч улсын яллагчаас “Хохирол нөхөн төлөх боломжит хугацаа байсан, одоог болтол нөхөн төлөөгүй байна, бодитоор хохирлоо төлөөд ирнэ гэдэгт эргэлзэж байна, тиймээс шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр цааш нь хуралдаанаа үргэлжлүүлэх саналтай байна” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, ...өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх хүсэлт нь хэдийгээр хохирол төлбөрийг нөхөн төлөх гэсэн илэрхийлэл боловч бодит байдлаар хохирол нөхөн төлөгдөх нь эргэлзээтэй, ямар эх үүсвэрээс хохирлыг барагдуулах нь тодорхойгүй байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Л...........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 21 хоногийн тэнсэн харгалзах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 09 сар 21 хоногийн хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх саналыг, хохирогчоос “миний хувьд хохирол төлбөрийн тухайд ойлголоо. Хохирол төлбөрөө яаралтай өгөөд барагдуулчихвал надад гомдол санал байхгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд хуульд заасны дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг, шүүгдэгчээс “Хохирогч нараасаа дахин уучлалт гуймаар байна. Болгоомжгүй үйлдэл, алдаанаас болж хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсандаа харамсаж байна, хохирлыг төлж барагдуулах болно. Шүүх надад итгэл үзүүлж дахин боломж олгож өгнө үү. Амьдрал зохиож, гэр бүлтэй болж одоо л нэг хүн шиг сайхан амьдрах гэхээр бүтэлгүйтчихээд байх юм” гэх мэдүүлгийг “эцсийн үг”-дээ дурдсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн /тэнсэн харгалзсан/ 1 жил 11 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 01 сар 11 хоногоор тогтоож хорих ялаар шийтгэгдсэн (хавтаст хэргийн 137-142 дугаар тал).
Мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж мөн хугацаагаар хяналт тогтоогдсон (хавтаст хэргийн 144-147 дугаар тал) байх бөгөөд уг тэнсэн хянан харгалзах хугацаа дуусаагүй байхад дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.
Шүүгдэгчийн одоогийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг бөгөөд энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.
Тиймээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн, тэнсэн харгалзаж хяналт тогтоосон 1 жил 04 сар 21 хоногийг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Нэгэнт тэнсэн харгалзсан 1 жил 04 сар 21 хоногийг энэ шийтгэх тогтоолоор нэмж нэгтгээгүй тул хяналт тогтоосон хугацаа хэвээр тоологдож байгааг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ..........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л...........05 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 10,972,926 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ш, О.А нарт олгуулж, ажилгүй байсан хугацааны цалин нийт 3,700,000 төгрөгийг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх баримтын хамтаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН