Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

2023           01          19                                 2023/ШЦТ/99

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Г.Баярмаа,

Хохирогч Г.Т,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас

-Шүүгдэгч Б.Д, Б.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Дөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209007681008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

            -Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 сарын баривчлах ялын зарим хэсэг болох 2 сарын ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

            -Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Тарвагатайхан ургийн овогт Батжаргалын Д РД:МФ92081010;

 

            Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн боовны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 33-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сумт ургийн овогт Батжаргалын Т РД:МФ98032716.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Д, Б.Т нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:

-2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73/9 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн С.Агийн эзэмшлийн 36-87 УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,400,000 төгрөгийн,

-2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Г.Тын эзэмшлийн 10-82 УБЗ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч  бусдад 2,800,000 төгрөгийн,

-2022 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Дгийн эзэмшлийн 78-31 УБЗ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,400,000 төгрөгийн,

-2022 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар байрны автомашины гадна зогсоолд байрлуулсан М.Өлзийсайханы эзэмшлийн 88-71 УНЕ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 650,000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 6,250,000 төгрөгийн хохирол учруулсан;

Яллагдагч Б.Д нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

-Цахим орчин болох фэйсбүүкт “Модон сийлбэр” гэх нэрээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Э.Бтай холбогдож “модон сэнтий хийж өгнө” хэмээн түүнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 615,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 07-30-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн 5076478722 тоот дансаар,

-2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цахим орчин болох фэйсбүүкт “Модон сийлбэр” гэх нэрээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Г.Мандахтай холбогдож “хайнаг сийлбэр хийж өгнө” хэмээн  түүнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 60,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5076478722 тоот дансаар,

-Цахим орчин болох фэйсбүүкт “Модон сийлбэр” гэх нэрээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн М.Мөнгөншагайтай холбогдож “Морины сийлбэр хийж өгнө” хэмээн түүнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 504,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн 5076478722 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 1,179,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас 2022 оны 8 дугаар сарын 08ы өдөр 734 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209007681008 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Г.Баярмаагаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

            Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Н.Ганбатаас: Гэм буруугийн талаар маргахгүй тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, шүүхэд шинээр /13 хуудас баримт/ гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судална гэж,

            Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Ю.Тогмидоос: Гэм буруугийн талаар маргахгүй тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, шүүхэд хувийн байдалтай холбоотой 10 хуудас баримтыг шинээр гарган өгч шинжлэн судалж оролцоно гэжээ.

             

Шүүгдэгч Б.Д, Б.Т нар гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д, Б.Т нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 05-09, 142-145, 208-211 дүгээр тал, 2 дахь хавтаст хэргийн 06 дугаар тал),

-Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 27-31 дүгээр тал),

-Хохирогч С.Агийн “...би өөрийн 36-87 УНИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Тоёота приус-20 маркийн машинтайгаа 2022 оны 3 дугаар сарын 15-ны өглөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд байрныхаа гадна буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73/9 дүгээр байрны гадна байрлуулж тавиад гэртээ орсон. ...Маргааш өдөр нь буюу 2022 оны 3 дугаар сарын 16-ны өглөө эрт манай нөхөр “машин халаая” гээд гэрээс гарчхаад буцаж орж ирэхдээ “машин их дуутай асаж байна” гэхээр нь гарч харсан чинь бүх гэрлийнх нь чек ассан байхаар нь эвдэрсэн байна гэж үзээд хүүхдүүдээ аваад таксигаар явсан. Өдөр нь манай нөхөр Б нь машин мэддэг хүнтэй хамт машин дээрээ очиж үзүүлэхэд машины нүүрсэн янданг авчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35 дугаар тал),

-Гэрч А.Бгийн “...манай эхнэр өөрийн эзэмшлийн 36-87 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүрэг 6-р хороо 73/9-р байрны гаднах авто зогсоолд байршуулсан. ...Ингээд өнөөдөр өглөө эхнэр машинаа асаахад сонин дуугараад байна гэж хэлээд үлдээгээд явсан ба гарч үзэхэд машины янданг салгаж тавиад зөөлөн яндан гэх зүйлийг ямар нэгэн юмаар тастаад аваад явсан байна... ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-Гэрч Ц.Дгийн “...дүрс бичлэг дээрх хүнийг танина, уг хүнийг Дархаа гэдэг. Манай зочид буудалд 2022 оны 01 дүгээр сард байх орж байсан. Тэгээд тэрнээс хойш манай буудалд амьдраад байсан ба өдөр болгон хугацаагаа сунгаад яваад байсан юм. ...Батжаргал овогтой Дархан-Мөнх /МФ92081010/ гэсэн регистрийн дугаартай байсан...өдөр нь унтаж унтаж байгаад шөнийн 01-02 цагийн үед ажилдаа явлаа гараад явдаг байсан. ...Байнга унтаж байдаг, шөнө л гардаг байсан. ...Тэгээд сүүлд намхан пагдгар хүү ирээд хэд хоног хамт амьдарч байсан юм. Тэгээд 3 дугаар сарын 18-ны өдөр гарч яваад дахиж ирээгүй ба үлдэгдэл 450,000 гаруй төгрөг байгаа, тэрийгээ одоо хүртэл өгөөгүй. Тэгээд сүүлд би утас руу нь холбогдож ярихад намайг цагдаагаас эрэн сурвалжилж байгаа юм байна, би нэг газар гарахгүй бүгж байгаа гэсэн. Тэгээд танай яг хажуухан талаас хүний авахгүй юм машинаас нь авсан юмаа, тэгээд цагдаа хайгаад байх шиг байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 49-50, 229-230 дугаар тал, 2 дахь хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-Эд зүйл хүлээлгэн өгөхөд “хохирогч Г.Т эд зүйлийг хүлээн авахаас татгалзав” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 150 дугаар тал),

-Хохирогч Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор болон гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна авто зогсоолд өөрийн эзэмшлийн 10-82 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашиныг байрлуулан тавьсан байсан ба өглөө 06 цаг 30 минутын орчимд ажил руугаа явах гээд машин дээрээ машинаа асаахад маш муухай чанга дуугарсан. Тэгээд гайхаад буугаад хартал янданг нь тайраад аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156-157, 160-161 дүгээр тал),

-Гэрч Г.Даваажаргалын “...найз Ттой таараад юм яриад байж байтал найз Төмөрөө намайг “хойно гудамжинд хүлээж байгаарай, одоохон хүрээд ирье” гэж хэлэхээр нь хүлээгээд зогсож байтал ирээгүй болохоор нарийн гудамжаар гараад явж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 172-173 дугаар тал),

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 175-176 дугаар тал),

-Хохирогч Д.Дгийн “...би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны 16 цагт өөрийн 78-31 УБЗ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг байрныхаа гадна талбай буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81 дүгээр байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан байсан. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 10 цагт машинаа асаасан чинь муухай дуугараад байсан. Тэгээд би нөхөр лүүгээ залгаад машин муухай дуугараад байна гэж хэлсэн. ...Хажууд явсан хүнээр машинаа үзүүлсэн чинь миний машины нүүрсэн яндан алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216 дугаар тал),

-Гэрч Т.Мөнхшүрийн “...2022 оны 5 дугаар сарын дундуур би өөрийн нөхөр Т, өөрийн хүү Алтанбагана, Алтан-Эрдэнэ нарын хамт Нарантуул зах дээр явж байхад Д миний нөхөр Т руу залгаад “Сансарын тунель дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь бид дөрөв хамт таксинд суугаад Сансарын тунелийн Баянцээл орчимд очиход Дархаа ах гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд Тт 400,000 төгрөг өгсөн. Тухайн үед ямар учиртай мөнгө авч байгааг нь мэдээгүй. Сүүлд Т надад хамт хулгайлах гэмт хэрэг хийсэн, тэгээд надад мөнгө өгсөн гэж хэлсэн юм. 2022 оны 5 дугаар сарын эхээр шөнө дунд намайг унтаж байхад Т надад “Дархаа ах залгаад байна, би гарчхаад ирье” гэж хэлээд гарч явж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 226-227 дугаар тал),

-Хохирогч М.Өлзийсайханы “...би 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны машины зогсоолд машинаа байрлуулчхаад гэртээ ороод 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчим машин дээрээ очоод асаасан чинь машин сонин дуугараад байхаар нь доод талыг нь хартал яндан байхгүй болчихсон байсан. ...2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн орчим 2 залуу ирээд нэг нь данхраадаж байгаад миний янданг авчихсан. Хяналтын камерт машинтай ирж байгаа нь харагдаагүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 10 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Д үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Э.Бын дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 77-79 дүгээр тал),

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 82-86 дугаар тал),

-Хохирогч Э.Бын “...би фэйсбүүк дээр “Modon siilber” гэх фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож модон сэнтий захиалахаар болсон. Тэр хүн над руу модон сэнтийний зураг явуулаад тэгээд би харж байгаад нэгийг нь сонгоод надад 900,000 төгрөгөөр хийж өгөхөөр болж тохироод надаас урьдчилгаа болох 615,000 төгрөгийг авсан. Би тухайн мөнгийг Хаан банкны 5076478722 гэсэн дугаартай Д гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр хүн надтай чатаар холбогдож байгаад сүүлдээ алга болсон. 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа шилжүүлсэн. ...1 жилийн өмнө захиалга хийлгэж авч байсан. ...80205082 дугаарын утастай ба залгахаар утсаа авахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр тал),

-Хохирогч Г.Мандахын мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 99 дүгээр тал),

-Хохирогч Г.Мандахын “...би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад нэг хүн фэйсбүүкээр “модон сийлбэр хийнэ” гэсэн байхаар нь тэр хүнтэй фэйсбүүкээр холбогдож  захиалга өгсөн. ...Тэр хүн дансны дугаараа өгөөд урьдчилгаа болох 60,000 төгрөг хийгээрэй гэсэн юм. Тэгээд би тэр хүний 5076478722 гэсэн Д гэсэн хүний дансанд 60,000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш надтай дахиж холбоо барихгүй алга болсон. Тэр хүний “Modon siilber” гэх фэйсбүүк байсан ба намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102 дугаар тал),

-Фэйсбүүк чатаар харьцсан талаарх баримт (1 дэх хавтаст хэргийн 111-114 дүгээр тал),

-Дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 115 дугаар тал),

-Хохирогч М.Мөнгөншагайгийн “...би 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр фэйсбүүк дээр модон сийлбэр хийнэ гэсэн хүнтэй холбогдоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудал орчим уулзсан. Тэгтэл өмнөх жил надад нэг ширхэг модон морь хийгээд зарж байсан Д гээд залуу байсан, тэгээд уулзаад 4 ширхэг морины сийлбэр хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 504,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлсэн. Надад “7-10 хоногтоо хийгээд өгнө” гээд хэлж байсан тэгээд хугацаа болоход тухайн хүн сийлбэр хийж өгөөгүй, утсаар залгаад утсаа авахгүй байж байгаад холбогдохоо больсон, мөн фэйсбүүк хаягаар нь чат бичихэд хариу өгөхгүй байсан. ...Би өөрийн 5006421461 дугаарын данснаас тухайн хүний 5076478722 дугаартай Батжаргал Д гэсэн нэртэй данс руу 504,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 119-120 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид, Н.Ганбат нараас “Шүүгдэгч нар нь батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдож Баянгол дүүргийн цагдаагийн газарт хэрэг шалгагдан яллагдагчаар татагдаж улмаар цагдан хоригдсон. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж хэргүүдийг нэгтгүүлэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэж мэтгэлцсэн боловч уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж, мөн энэхүү шүүх хуралдаан нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх хурал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2645 дугаартай шүүгчийн захирамжаар хурлыг 1 удаа хойшлуулсан тул дахин хойшлуулах үндэслэлгүй юм.

 

Хулгайлах гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй, тохирсон байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Үүнээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгохоор байна.

Шүүгдэгч Б.Д, Б.Т нар хулгай хийх зорилгоор бие биедээ харилцан туслалцаж, нэг нь хүний анхаарлыг сарниулах, нөгөө нь бусдын эд зүйлийг хулгайлан авч байгаа нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатайгаар нэгдэж “бүлэглэж” хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Д, Б.Т нар хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар нотлогдож байх тул үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Т нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Залилах гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.Дийг ганцаараа 3 удаагийн үйлдлээр буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн үйл баримтуудаас үзэхэд Б.Д нь фэйсбүүк цахим сүлжээг ашиглан “Модон сийлбэр” гэх пэйж хуудсаар “сийлбэр хийнэ” гэж бусдыг хуурч, бодит байдал дээр /ажиллах ажлын байр нь ашиглагдахаа больсон/ сийлбэр хийх ажлын байр, багаж, тоног төхөөрөмж байхгүй атлаа бусдаас захиалга авч, уг захиалгыг огт хийгээгүй, хийж эхлүүлээгүй байсан нь тогтоогдсон болно.

Тиймээс шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирлын талаар

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тт 2,200,000 төгрөгийн, Д.Дд 1,400,000 төгрөгийн, М.Өлзийсайханд 650,000 төгрөгийн, С.Ад 1,400,000 төгрөгийн хохирол учирсан, залилах гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бд 615,000 төгрөгийн, Г.Мандахад 60,000 төгрөгийн, М.Мөнгөншагайд 504,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хэрэг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч С.А, Э.Б, Г.Мандах, М.Мөнгөншагай нарт учруулсан хохирлоо нөхөн төлжээ.

Дээрхээс үзэхэд залилах гэмт хэргийн хохирогч нарын хохирлыг бүрэн нөхөн төлсөн, харин хулгайлах гэмт хэргийн хохирогч нар болох Г.Т, Д.Д, М.Өлзийсайхан нарт хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 4,250,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Б.Дөөс 2,125,000 төгрөгийг, Б.Тоос 2,125,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Тт 2,200,000 төгрөгийг, хохирогч Д.Дд 1,400,000 төгрөгийг, хохирогч М.Өлзийсайханд 650,000 төгрөгийг олгуулах нь зүйтэй.

Хохирогч гэдэг нь Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг ойлгох бөгөөд  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй субьект юм.

Хохирогч Г.Т шүүхэд хандаж мэдүүлэг гаргахдаа “Тухайн хэрэг 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд түүнээс хойш 2022 оны 6 дугаар сард буюу машинаа бусдад зарж борлуулсаны дараа хулгайлсан янданг надад хүлээлгэж өгсөн тул би тус янданг хүлээн авахаас татгалзсан. Одоо яндангийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг эдгээр хүмүүсээс нэхэмжилнэ. Яндан нь мөн эсэх, дахин ашиглагдах эсэхийг мэдэх боломжгүй. Машинаа шинээр худалдаж авсан, нүүрсэн яндан нь байсан” гэж мэдүүлсэн тул хохирогчийн хуульд заасан эрхийг хангах нь зүйтэй байна.

Хохиролтой холбоотойгоор шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Тогмид, Н.Ганбат, шүүгдэгч Б.Д нараас хохирол нөхөн төлөх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан болно.

Энэ талаар улсын яллагч “Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан саналыг хүлээн авахгүйгээр татгалзаж өгнө үү. Учир нь өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Дөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын хохирлыг барагдуулах талаар идэвхтэй арга хэмжээ аваагүй. Мөн одоо хохирол төлөх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр үргэлжлүүлж өгнө үү” гэжээ.

Шүүхээс шүүгдэгч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан “шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэв. Учир нь хохирол төлбөр төлөх бодит байдал тогтоогдохгүй /хохирол нөхөн төлөх эх үүсвэр нь тодорхой биш, хүнээс мөнгөө авна гэх/, өмнө нь хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авахдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэх заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш юм.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д, Б.Т нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь, мөн шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Дөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 6 сарын хорих ялыг 3 жил 8 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар тогтоох, шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг” гаргасан бол,

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Н.Ганбатаас “Залилах гэмт хэрэгт хохирогч нарыг хохиролгүй болгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү, мөн хулгайлах гэмт хэргийн тухайд гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү, гол нь хувийн байдлыг, түүний ар гэрт нь эхнэр, хүүхдүүд нь зөвхөн энэ хүний гарыг хараад л амьдардаг, амьдрал ахуй хэцүү байдалтай үлдэж байгааг харгалзан үзнэ үү” гэх саналыг,

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Ю.Тогмидоос “Гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдал, амьдрал ахуй зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Тын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Учир нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авч байгаагаа мэдсэн нь тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу шүүгдэгчээс хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, харин шүүгдэгч Б.Д, Б.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэх заалтыг баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо  зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар хүлээлгэсэн болно. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял,

 

-Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Дөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нийт 173 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

 

Шүүгдэгч нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тухайн хэргээс өөр хэрэгт цагдан хоригдож байсныг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, дорцов 1 ширхэг, улаан өнгийн төмрийн хөрөө 1 ширхэг, домакрат /машин өргөгч багаж/ 1 ширхэг, машины нүүрсэн яндан 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тарвагатайхан ургийн овогт Батжаргалын Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Сумт ургийн овогт Батжаргалын Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийн цагдан хоригдсон 173 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 4,250,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Б.Дөөс 2,125,000 төгрөгийг, Б.Тоос 2,125,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Тт 2,200,000 төгрөгийг, хохирогч Д.Дд 1,400,000 төгрөгийг, хохирогч М.Өлзийсайханд 650,000 төгрөгийг олгосугай.

8. Шүүгдэгч Б.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг цагдан хорьсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, дорцов 1 ширхэг, улаан өнгийн төмрийн хөрөө 1 ширхэг, домакрат /машин өргөгч багаж/ 1 ширхэг, машины нүүрсэн яндан 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.МӨНХСАЙХАН