Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0058

 

 

 

 

 

 

 

                                 Б.Б-ийн нэхэмжлэлтэй

                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагч ОБЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0959 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Ц.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г

Хэргийн индекс: 128/2024/0443/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь ОБЕГ-т холбогдуулж “Нэхэмжлэгч Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0959 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-т холбогдох нэхэмжлэгч Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг ОБЕГ-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэлийн зарим шаардлагыг дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан мөнгөн урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах” гэж гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нэхэмжлэгч Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан мөнгөн урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах” болгосон.

Гэтэл шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох “нэхэмжлэгч Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох” шаардлагад дүгнэлт өгөөгүй байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсгийн 5-д “... Маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11-д “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно, Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.1-д “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид мөнгөн урамшуулал гэх)-ыг олгоход энэ журмыг мөрдөнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр Онцгой байдлын албанаас чөлөөлөгдсөн байх тул онцгой байдлын албаны ажиллаж байгаа алба хаагчид хамаарахгүй, 2023 оны 4 дүгээр улирлаас олгож эхэлсэн мөнгөн урамшууллыг нөхөж авах боломжгүй гэж үзлээ” гэжээ.

Нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал авах эрх үүссэн тухайд: Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээр дурдсан зохицуулалт нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулагдсан байдаг. Хуулийн тухайн зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр Б.Б нь тухайн албанд ажиллаж байсан тул хуульд заасан мөнгөн урамшууллыг авах эрх үүссэн болно. Гэтэл шүүх үүнд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Хууль хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын буруутай ажиллагаанд дүгнэлт хийгээгүй тухайд: Дээр дурдсанчлан мөнгөн урамшуулал олгох зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ өдрөөс нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал авах эрх үүссэн байдаг. Гэтэл тухайн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага ажлаа хийгээгүй, хуулийг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч мөнгөн тэтгэмж авах эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Харин ч эсрэгээрээ “2023 оны 4 дүгээр улирлаас олгож эхэлсэн мөнгөн урамшууллыг нөхөж авах боломжгүй байна” гэж үзэж буй нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг өөхшүүлсэн гэж үзэхээр байна. Иймд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Шүүх хэрэглэх ёсгүй хууль тогтоомж (Захиргааны хэм хэмжээний акт)-ийг хэрэглэсэн тухайд: МУЗГ-ын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д хязгаарласан зохицуулалт байхгүй. Гэтэл мөнгөн урамшуулал олгох харилцааг зохицуулаагүй Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” №78 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмыг хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0959 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

          2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...мөнгөн урамшуулал олгох зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ өдрөөс нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал авах эрх үүссэн ... тухайн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага ажлаа хийгээгүй, хуулийг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч мөнгөн тэтгэмж авах эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн” хэмээн маргасан.

          3. Онцгой байдлын ерөнхий газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар[1] Б.Б-г Д аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ** дугаар ангид дуудлага хүлээн авагчаар 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс томилж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/**** дугаар тушаалаар[2] Д аймгийн Онцгой байдлын газрын З сум дахь Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Б.Б-г 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ** дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр томилж, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар[3] Д аймгийн Онцгой байдлын газрын З сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ** дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс томилжээ.

          4. ОБЕГД-ын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дүгээр “Шилжүүлэх тухай” тушаалаар[4] “Шилжин ажиллах хүсэлт гаргасан Д аймгийн Онцгой байдлын газрын З сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б-ы Б-г 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлж” шийдвэрлэсэн байна.  

          5. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно”, 50 дугаар зүйлийн 50.13-т “Энэ хуулийн 50.10, 50.11, 50.12-т заасан нэмэгдэл, мөнгөн урамшуулал, нөхөн олговор олгох журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан.

          6. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралтаар баталсан.

          7. Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар “Журамд нэмэлт оруулах тухай” тушаалын 13.10-т “Урамшуулал авах эрх үүссэн боловч албанаас чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэлээр болон хуульд заасан бусад үндэслэлээр халагдсан, тэтгэвэрт гарсан тохиолдолд урамшууллыг нөхөж олгохгүй. Харин албанд буцаж томилогдсон суманд ажилласан тохиолдолд томилогдсон өдрөөс эхлэн 60 сарыг тооцно”, 13.11-т “Урамшууллын мөнгийг Онцгой байдлын ерөнхий газраас тухайн төсвийн жилийн 4 дүгээр улиралд багтаан олгоно” гэж заажээ.

          8. Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч Б.Б-ийн хөдөлмөрийн харилцаа нь ОБЕГД-ын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар онцгой байдлын албанаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор дуусгавар болсон тул мөнгөн урамшуулал олгож эхэлсэн цаг хугацаанд хамаарахгүй” хэмээн үндэслэлтэй дүгнэсэн байна.

          9. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11-т “...тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид...” гэж зохицуулснаас үзвэл ажиллаж байгаа албан хаагчид мөнгөн урамшуулал олгохыг ойлгохоор байна. 

          10. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар журам нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, харин Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр мөнгөн урамшуулал авах алба хаагчдын судалгааг ирүүлэх талаар Д аймгийн Онцгой байдлын газарт чиглэл хүргүүлсний дагуу тус газраас шилжин томилогдсон болон албанаас чөлөөлөгдсөн албан хаагчдын нэрст Б.Б-ийн нэр багтсан, Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар тушаалаар зарим нэг асуудлыг нарийвчлан зохицуулж тус журамд нэмэлт өөрчлөлт оруулан, тухайн урамшууллыг төсвийн жилийн 4 дүгээр улиралд багтаан олгохоор зохицуулсан, харин нэхэмжлэгч Б.Б нь уг хугацаанаас өмнө буюу 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжсэн буюу албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдэд мөнгөн урамшуулал олгохгүй талаар Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр нарийвчлан зохицуулсан байгаа энэ тохиолдолд нэгэнт тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгчид уг мөнгөн урамшууллыг авах эрх үүсэхгүй гэж үзнэ.

          11. Нэхэмжлэгч Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

          12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан.

          13. Шүүхээс нэгэнт “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг “...онцгой байдлын албанаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор дуусгавар болсон тул мөнгөн урамшуулал олгож эхэлсэн цаг хугацаанд хамаарахгүй” гэж дүгнэлт өгсөн энэ тохиолдолд, мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоох шаардлага нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай агуулгын хувьд нэг байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.

          14. Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0959 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-т холбогдох Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг ОБЕГ-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-т холбогдох нэхэмжлэгч Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, “2” дахь заалтыг “3” дахь заалт болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 27 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 28 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 29 хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 30 хуудас