Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 95

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч: Х.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бөхчүүд овогт Хишигбатын Баттөмөрт холбогдох эрүүгийн 201625021637 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 70-157 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХЙ 71111413 / Бөхчүүд овогт Хишигбатын Баттөмөр  нь:

-2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн 212 тоотод хохирогч Т.Болор-Одыг “ ээжийгээ асарч, халамжилсангүй “ гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, толгойн тус газар нь цохиж бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Болор-Од хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Х.Баттөмөр ах ирээд хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлоод байхаар нь би өөрт нь хандаж “ Би таниас тусдаа амьдралтай “ гэхэд намайг унагаад зодож, хөлөөрөө толгой руу дэвсэж эхэлсэн. Тэгээд цагдаа дуудахад гараад зугатсан. Намайг 2013 оноос хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж байнга дарамталж 2 удаа зодож байсан. Энэнээс өмнө 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Х.Баттөмөр ах намайг том эгчийнхээ охин Цогжавхлан болон түүний нөхөр Хасбаатар нараар зодуулсан нь шалгагдаж байгаа. Намайг газар унагаад толгой тархигүй зодож цохьсон. Толгой их өвдөж байгаа болохоор  гомдолтой байна гэжээ. / хх 12-13 /  

 Гэрч Д.Төмөрцэцэг хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Х.Баттөмөр манайд ирээд Т.Болор-Одод “ Чи өнөөдөр ээжийгээ харах ёстой байсан. Яагаад ээжийгээ харахгүй байгаа юм бэ? Юу хийгээд яваад байгаа юм бэ  “ гэж хэлэхийг би сонссон. Тэгж байгаад гэнэт хартал Т.Болор-Од хутга бариад байшингаа тойроод Х.Баттөмөрийг хөөгөөд явж байсан. Тэгээд би “ Яаж байгаа юм бэ. Юу болж байна “ гэхэд Т.Болор-Од “ Х.Баттөмөр ахыг айлгаж байна “ гэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Х.Баттөмөр явсан байсан. Х.Баттөмөр Т.Болор-Одыг гараараа нүүр юм уу мөр рүү нь хэд хэдэн удаа цохиж байсан. Нэг их сүртэй бол цохиогүй гэж санаж байна гэжээ. / хх 14 /

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7845 тоот дүгнэлтэнд: 

1. Т .Болор-Одын биед тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуу, нуруу, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 17 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 31 /

 

           Шүүгдэгч Х.Баттөмөр 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр / хх 23-25 /,  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 30 /  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Баттөмөр мэдүүлэхдээ: Өөрийн эгчийн охин Т.Болор-Одыг “ Өвчтэй ээжийгээ харсангүй “ гэж түүнийг цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд учирсан гэмтлийг би учруулсан.  Өөрийн буруугаа хүлээж, Т.Болор-Одоос уйчлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.Баттөмөр нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн 212 тоотод хохирогч Т.Болор-Одыг “ ээжийгээ асарч, халамжилсангүй “ гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож,  бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Х.Баттөмөр ах ирээд хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлоод байхаар нь би өөрт нь хандаж “ Би таниас тусдаа амьдралтай “ гэхэд намайг унагаад зодож, хөлөөрөө толгой руу дэвсэж эхэлсэн гэж хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлсэн хохирогч  Т.Болор-Одын мэдүүлэг / хх 12-13 /, өдөр Х.Баттөмөр манайд ирээд Т.Болор-Одод “ Чи өнөөдөр ээжийгээ харах ёстой байсан. Яагаад ээжийгээ харахгүй юу хийгээд яваад байгаа юм бэ  “ гэж хэлээд Т.Болор-Одыг гараараа нүүр юм уу мөр рүү нь хэд хэдэн удаа цохиж байсан гэж хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлсэн гэрч Д.Төмөрцэцэгийн мэдүүлэг / хх 14 /, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  7845 тоот дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч Х.Баттөмөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Х.Баттөмөр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Т.Болор-Од нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхэд өгсөн бичгийн баримтаар нотлогдож байх тул Х.Баттөмөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Бөхчүүд овогт Хишигбатын Баттөмөрыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Х.Баттөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Х.Баттөмөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, Х.Баттөмөр нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

            4. Х.Баттөмөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолыг оролцогчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ