Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132

 

Ш.Ж-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймагт оршин суух, Ш.Ж-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суух, А.Х-д  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч А.Х нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө болон хуваарьт хөрөнгө гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Ш.Ж нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А.Х-тай сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 6 сарын дараагаас эхлэн үл ялих зүйлийг шалтаг болгож, намайг байнга зодож, хэл амаар доромжилдог болсон. Би жирэмсэн байх хугацаанд ч гэсэн хэд хэдэн удаа зодож, тарчлаадгаа зогсоосонгүй. Нөхөр болох А.Х нь цагдаагийн албан хаагч байсан ба “хэрэв цагдаагийн газарт гомдол гаргавал битгий гомдоорой, чамайг үгүй болгоно” гэх мэтээр айлгадаг байсан. Нөгөөтээгүүр түүний ажлын нэр хүндийг нь бодож гомдол гаргадаггүй байсан. Ингэж явсаар намайг босож чаддаггүй болтол, бүх биеийг маань хөхрүүлэн зоддог болсон. 2016 оны 6 дугаар сарын 05-ны үед А.Х намайг дахиад үл ялих зүйлийг шалтаглан зодож эхлэсэн. Миний тэвчээр барагдаж гэрээсээ зугтаж төрхөмдөө ирээд,  цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан боловч нөхөр А.Х уучлал гуйж ажлаас халагдах гэж байна гэхээр нь гомдлоо татаж авсан. 

Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчтай бид уулзсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгасан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд А.Х-тай нэг гэр бүлд амьдарч байсан боловч тус тусдаа унтаж, тус тусдаа байсан. Хүүгийнхээ төлөө түүнтэй хамт амьдарч байсан ба цаашид түүнтэй нэг ч хором хамт байхыг хүсэхгүй байна. Хүү маань өсөж торниж байгаа ба эцэг нь ээжийг нь байнга зодож, хэл амаар доромжилж байгааг харж өсөхийг нь хүсэхгүй байна. 

Хэрэв ийм байдлаар нөхөр болох А.Х-тай хамт амьдарвал хүүгийн маань хүмүүжилд муугаар нөлөөлөхийг урьдчилан бодолцсоны эцэст түүнээс салж, тусдаа амьдрах шийдвэр гаргаж байна. Иймд А.Х-аас гэрлэлтээ цуцалж, хүү болох Х.М-ыг өөрийнхөө асрамжид үлдээж, түүнд тэтгэлэг тогтоолгох. Мөн А.Х бид хоёр хамтран амьдрах хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын орон сууцнаас 1 өрөө байрыг банкны ипотекийн гэрээгээр авсан. Хүү бид 3 хамтран өмчлөгч тул оногдох хэсэг болох 16666667 төгрөгийг А.Х-аас гаргуулж өгнө үү. А.Х бид хоёр гэр бүл болсноос хойш гэртээ LG маркийн 52 инчийн LCD зурагт 1ш, Брюса маркийн хөргөгч 1ш, midea маркийн зуух /плитка/ 1ш, гал тогооны тавилга 1 ком, Samsung маркийн хоол халаагч 1ш, Samsung маркийн тоос сорогч 1ш, Веко маркийн хэншүү сорогч 1ш, бойлер 1ш, Сандал 4ш, Ширээ 1ш, Индүү /орос/ 1ш, Абажур /заал өрөөний/ 1ш, Samsung маркийн принтер 1ш, мөн тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 700 м.кв талбайтай газар зэрэг эд зүйлүүдийг худалдаж авсан болно. Эдгээр зүйлүүд гэр бүлийн дундын эд хөрөнгө болно. Харин аяга тавгийн ком, орос буйдан, хивсэнцэр /паласа/-г төрхмөөс авсан миний хуваарьт хөрөнгө юм. Иймд А.Х-аас гэрлэлтээ цуцлуулах, хүү болох Х.М-ыг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 1020000 төгрөгийн үнэ бүхий хуваарьт эд хөрөнгө мөн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Х.М-т оногдох хэсэг болох 19135333 төгрөг нийт 20155333 /хорин сая нэг зуун тавин таван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: “Хариуцагч 3437000 төгрөгийн үнэ бүхий барааг гэр бүлийн дундын өмч гэж үзэж байгаа учир би ч гэсэн зарим хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулахыг хүсэж байна. Тодруулбал, хүү Мирас бид хоёр А.Х-аас тусдаа гарч амьдрахаас өмнө А.Х-ын ХААН банк дахь хадгаламжийн дансанд 4300000 төгрөг байсан. А.Х мөрдөн байцаах алба үүсч хөгжсөний 70 жилийн ойгоор Улаанбаатар хот явж ирэхдээ дээрх мөнгийг данснаасаа бүхэлд нь гаргаж авч, тухайн хадгаламжийн дансыг хаалгуулж, уг мөнгөөр Тоуоta согоllа маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Тийм учраас дээрх мөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцож байгаа ба 4300000 төгрөгийн надад болон хүү Х.М-т оногдох хэсгийг мөн хариуцагчаас гаргуулахыг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа “...гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Х.М-т оногдох хэсэг болох 23,668,667 төгрөгийн эд хөрөнгө нийт 24,688,667 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах" гэж тодруулж байна.” гэжээ. 

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: “Миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1. Миний бие эхнэр Ш.Ж-тай 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон, 1 хүүтэй бөгөөд 1 өөрөө байранд ямар ч гачигдах дутагдах зүйлгүй амьдарч байна. Амьдрах хугацаанд эхнэрт төгссөн сургууль мэргэжилд нь тохирох ажилд оруулахаар байнга хичээн зүтгэж ирсэн ба ажилгүй байх хугацаанд ХААН банкнаас 14 сая төгрөгийн зээл авч өгч алт, мөнгөн эдлэлийг Улаанбаатар хотоос бөөндөж авч жижиглэнгээр тогтмол борлуулах бизнес эрхлэх боломжоор хангаж өгсөн ба байр худалдаж авсан 20 жилийн ипотекийн зээлд сар бүр төлөх 205000 төгрөг, цалингийн зээлд төлөх 412000 төгрөгөөс үлдсэн цалин болох 300,0 /гурван зуун мянган/ төгрөгийг захиран зарцуулах эрхийг эхнэрт өгч түүнийг ямар ч зүйлээр дутаахгүй сэтгэл хангалуун амьдруулж ирсэн. Бид хоёрын амьдрах хугацаанд түүнийг зодож түүнийг дарамталсан асуудал байхгүй бөгөөд үр хүүхдийн ирээдүйн амьдрал, өсөлт, бойжилт аз жаргалыг нь бодож гэр бүл цуцлуулахын эсрэг байр суурьтай байна. Миний бие энэ талаар шүүхийн эвлэрүүлэн зуучлах шатанд өөрийн байр сууриа тодорхой хэлж байсан. Гэвч Ш.Ж нь үр хүүхдийнхээ ирээдүйг бодохгүйгээр амиа бодсон зан гаргаж зөвхөн салах тухай бодож байгаад сэтгэл гутарч, харамсаж байна.

2. Миний бие эхнэр Ш.Ж-тай хүүд минь хандах хандлага, асаргааны тааруухан байдлыг нь засаж залруулахаар шаардлага тавихад тэрээр хүлээж авдаггүй байснаас бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсдэг үе байсан боловч хоёр тийшээ салах хэмжээнд тулсан асуудал бид хоёрын хувьд байхгүй гэж бодож байна.

3. Эхнэр Ш.Ж нь сүүлийн хагас жилд сэтгэл санааны хувьд тогтворгүй болж байнга үглэдэг, алхам тутамдаа намайг өөрийн гэр бүлийн хүрээнд бүтээгүй үйл хэрэгт буруутгаж, үндэслэлгүй хардаж сэрдэж байнга хэрүүл маргаан үүсгэдэг болсон. Тухайлбал түүний төрсөн аав эсвэл ээж, эсвэл өөрөө өвдсөн нөхцөлд миний аав, ээж үхвэл чамайг буруутгана шүү, миний өвдсөн асуудалд чи буруутай шүү, чи цусанд живж үхээрэй гэх мэтээр байнга хараан зүхэж байдаг болсон. Мөн өдөр тутам “би чиний тухай тийм зүйл сонссон чи тийм юм байна” гэх мэтээр байнга үглэж занчдаг зантай болсон.

4. Миний хүүхэд болох Х.М нь 1 нас 8 сартай бөгөөд эхнэр Ш.Ж нь хүүхдэд минь хандах хандлага, асаргаа маш муу бөгөөд 4 сартай байхад хөхүүлж цатгаж чадаагүйн улмаас хүүхдээ бор хоолонд оруулж тэжээдэг болсон. 

5.Эхнэр Ш.Ж нь надаас тусдаа амьдрах болсон 3 сарын хугацаанд түүнд бие биенээ ойлгож, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдрах талаар удаа дараа хэлж, надад буруу зүйл байсан бол уучлаарай гэж удаа дараа уучлалт гуйсан боловч миний хэлсэн үг санал санаачилгыг огт хүлээж аваагүй.

6.Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гарсан нөхцөлд хүүхдээ өөрийн асрамждаа авах маш их хүсэлтэй байна. Ш.Ж нь хүүхэд асрах хүсэлгүй, чадваргүй бөгөөд өөрийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд хүүхдийг өөрийн асрамждаа авах талаар дурдсан байгаа нь түүний эд хөрөнгийн сонирхлоор хандсан бодолтой нь шууд холбоотой гэж хэлж болно. Учир нь Ш.Ж нь хүүхэд асрах хүсэлгүй байсан боловч би хүүхдийг өөртөө авах юм бол чиний эд хөрөнгийн дийлэнх хувь нь надад оногдох юм байна. Би хуульч хүмүүстэй уулзаж зөвлөгөө авсан. Тийм учраас хүү Х.М-ыг өөрөө авна гэж хэд, хэдэн удаа хэлж асуудалд зөвхөн эдийн сонирхлоор хандаж санаа бодол нь өөрчлөгдсөн болохыг үнэн зөвөөр тодорхойлж хэлэх нь зүйтэй байх.

7. Ш.Ж нь Казахстан улсад сурч байхад бусадтай гэр бүл болж Казахстан улсын иргэн болж, Казахстан улсын иргэн болсон нөхцөлд олгох /квотыг/ тусламжийг авч байсан, хоёр улсад давхар харьяалалтай иргэн бөгөөд Монгол улсын иргэнээс гарсан нөхцөлд хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх эрсдэл үүсэж байгаа болно. /Ш.Ж-ын давхар иргэний харьяалалтай байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байгаа болно./

8. Одоо ч гэсэн хүү Х.М-т Ш.Ж-ын хандаж байгаа хандлага, асаргаанд маш их сэтгэл гутарч санаа зовж байна. Миний бие ажлын бус цагаар хагас бүтэн сайн өдөр хүүхдээ хамт байх зорилгоор авахаар очиход хүү маань ямар ч халамжгүй нүүр ам нь халтар болж нүүр нь хагарсан, хувцас хунар нь ус чийг болсон, өмдөндөө бааж шээсэн, ханиад хүрч өвдсөн байдалтай байсныг олон удаа харж гутарч сэтгэл зовж байсан ба энэ тухай Ш.Ж-т хэлж удаа дараа анхааруулж сануулж байсан болно.

9. Ш.Ж нь одоо аав, ээж нартайгаа хамт тусдаа амьдарч байгаа бөгөөд аав, ээж хоёр хоёулаа хүнд өвчтэй хүмүүс бөгөөд Ш.Ж нь тодорхой олох орлогогүй, тогтвортой ажилгүй, төгссөн мэргэжлээрээ ажиллах боломжгүй, Монгол хэл мэдэхгүй, цаашид тогтвортой ажил хийхэд нь бэрхшээлтэй байдал нь цаашид хүүхдийн хувь заяанд сөргөөр нөлөөлөх асуудал юм.

10. Би хүүхдийнхээ ирээдүйд маш их санаа зовж байна. Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гарсан нөхцөлд хүүхдийг минь миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: “Ш.Ж нь гэр бүл цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж улмаар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх үед өөрт байгаа эд хөрөнгийг нэхэмжлэлдээ дурдаагүй бөгөөд уг эд хөрөнгө миний хуваарь болон дундын өмч хөрөнгө байх тул Ш.Ж-аас гаргасан нэхэмжлэлтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал: Ш.Жт байгаа гэр бүл болох үед алт мөнгөний дарханаар хийлгэж байсан 500,000 төгрөгийн үнэ бүхий миний хуваарьт өмч болох нэг ширхэг монетон хуримын бөгж, Ш.Ж-ын одоогийн худалдаа хийж байгаа газарт байгаа эд зүйл хадгалах 600,000 мянган төгрөгийн үнэ бүхий төмөр сейф, алт мөнгө тавих 200,000 төгрөгийн лангуу, Ш.Ж-т бизнесийн үйл ажиллагаа явуулахад хоёр удаа 5.000,000 /таван сая/ төгрөг нийт 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээл авч өгсөн ба уг мөнгөөр алт мөнгө авч худалдан борлуулж зарцуулснаас үлдсэн барааны үнэ гэж Ш.Ж-ын гаргаж өгсөн баримтад тусгасан 3.437.000. төгрөгийн бараанд үнэ нэмж борлуулах 5.444.000 төгрөгийн барааг дундын өмч хөрөнгөд тооцож шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: “Хариуцагчийн 1 болон 2 дахь нэхэмжлэлийн шаардлага болох 500000 төгрөгийн үнэ бүхий монетон хуримын бөгжийг гаргуулах, 600000 төгрөгийн үнэ бүхий сейф, 200000 төгрөгийн үнэ бүхий лангууг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэлиин 3 дахь шаардлагын тухайд 3437000 төгрөгийн үнэ бүхий бараа одоо хүртэл зарагдаагүй надад байгаа. Нэгэнт хариуцагч 3437000 төгрөгийн үнэ бүхий барааг гэр бүлийн дундын өмч гэж үзэж байгаа учир би ч гэсэн зарим хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулмаар байна. Тодруулбал, хүү Х.М бид хоёр А.Х-аас тусдаа гарч амьдрахаас өмнө А.Х-ын ХААН банк дахь хадгаламжийн дансанд 4300000 гаруй төгрөг байсан. Дээрх мөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулж,  нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх болно. Хэрэв хариуцагч А.Х 3 дахь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд би дээрх хүсэлтээс татгалзах болно.” гэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

1. Хүү А.М-ын эрх ашиг, эхийн халамжгүй байдал, түүний хүүхэд асрах бололцоо зэрэг байдлыг харгалзан миний асрамжид үлдээж өгнө үү. Ш.Ж нь хүүхдээ асардаггүй, түүнд хайр халамж тавьдаггүй байдлаа өөрөө шүүхэд хүлээн зөвшөөрч би анх удаа хүүхэдтэй болсон болохоор туршлага дутсан гэж тайлбарлаж хэлсэн. Ш.Ж нь миний хүүхдийг түр хугацаанд ч харж хандахаас татгалздаг, дургүйцдэг гэр бүлийн гишүүд болох эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа байдал нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн сэтгэл санааны байдал, эрх ашигт шууд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлтэй гэр бүлийн орчинд амьдарч байгаа болно. Ш.Ж нь өөрөө байнга наймаа хийж гадаад улс руу явдаг тул хүүхдийг тогтвортой асрах, халамжлах боломжгүй. Нөгөө талаар хараа хяналтгүй, хайр халамжгүй, орхигдсон байдал нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой хор уршигтай гзж санаа зовж байна.

 

2. Бусдын эзэмшилд буюу дүү А.Ж-ын эзэмшилд шилжсэн 700 м.кв зуслангийн талбайн газрыг бидний дундын өмч хэмээн эд хөрөнгийн хуваарилалтад оруулсан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иргэн хүн өөрийн өмч, эзэмшлийн эд зүйл, эд хөрөнгийг хуулиар хязгаарлаагүй бол захиран зарцуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ш.Ж нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй байхад уг эд хөрөнгө захиран зарцуулагдаж бусдын эзэмшилд шилжсэн бөгөөд эд хөрөнгийг нуун дарагдуулсан асуудал байхгүй болно.

 

3. Өлгий сумын 5 дугаар багт байрлах 1-60 айлын 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө 24.500.000 төгрөгийн үнэлгээтэй байр нь өөрөө Банкны зээлийн барьцаанд байдаг байр бөгөөд 2033 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэхэд үндсэн зээл болох 24.500.000 төгрөг, зээлийн хүү болох 24,573534 төгрөг, нийт 49,073,534 төгрөг төлөгдөж дуусах учиртай болно. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл 22,462,498 төгрөг байна. Надад уг байрны зээл, хүү болох нийт 49,073,534 төгрөгийг төлж дээр нь дундын өмч болж хуваарилагдсан 16 сая гаруй төгрөгийг төлөх учиргүй гэж бодож байна. Ш.Ж нь өөрөө уг байрны зээлийг хамтран төлөгч бөгөөд нийт төлөгдөх 49,073,534 төгрөгийн Ш.Ж-т оногдох хэсгийг буюу 24536767 төгрөгийг, эсвэл үндсэн зээл болох 24.500.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 24,536,767 төгрөгөөс Ш.Ж-т оногдох буюу Ш.Ж-ын төлөх хэсгийг буюу 12.268,383 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.

 

4. Хүргэн Т, дүү Д нар бэлгэнд өгсөн LG маркийн зурагт, аав, ээж А, Ж нарын бэлгэнд өгсөн Медиа маркийн зуухыг Иргэний тухай хуульд зааснаар бэлэг авсан этгээд гомдоосон гэх үндэслэлээр буцаж авсан болохоор гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс хасаж өгөх.

 

5. SamsungЗ маркийн тос сорогч, индүү зэрэг эд зүйл эвдэрсэн тул дундын хөрөнгөөр тооцохгүй болгох. 

 

6. Брюса маркийн хөргөгч, сандал, samsung маркийн принтер зэрэг зүйл, аяга тавагны ком, Samsung маркийн хоол халаагч зэрэг зүйл худалдан борлогдсон тул байгаа эд зүйл гэж эд хөрөнгөд тооцохгүй байхаар шийдвэрлэж өгнө. Бусад нөхцөл байдлыг шүүхэд хуралд тайлбарлаж хэлж өгөх болно.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

 

Нэхэмжлэгч Ш.Ж нь хариуцагч А.Х-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Х.Мирасыг өөрийн асрамжид үлдээж, эцэг А.Х-аар хүүхдээ тэжээн тэтгүүлэх, дундын өмчөөс өөрт болон хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч А.Х нь нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна. 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан судалбал, гэрлэгчид болох Ш.Ж, А.Х нар нь гэр бүл болсноос хойш гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, уг таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санал санаачилга гаргаагүй байх тул цаашид хамт амьдрах боломжгүй гэж дүгнэн шүүхээс гэрлэгчид Ш.Ж, А.Х нарт хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш.Ж, А.Х нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар хүү Х.Мирасыг эх Ш.Ж-ын асрамжид үлдээж, эцэг А.Х-аар тэжээн тэтгүүлэн, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваарилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. 

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдолд дурдсан өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлэх боломжит хугацаа байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нотлох баримтыг бодит байдалд нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан хүү А.М-ыг эхийн асрамжид үлдээснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагчийн маргаж буй эд хөрөнгүүдийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, хуваарилсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ