Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

2023           01          30                                 2022/ШЦТ/129

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Д.Мөнхтогоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 2209000002428 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банкинд харилцааны менежерээр ажилладаг, ам бүл 3, эхнэр,1 хүүхдийн хамт ..........оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............/.

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/8 байрны 22 тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Мийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, зүүн хацар, хүзүү, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, зүүн сарвуу, зүүн 2, 3, 4-р хуруу, баруун дал, зүүн дал, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвуу, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000002428 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Батжаргал “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс 21, 23, 42, 42 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно” гэжээ.

Шүүгдэгч Г.Б “хэргийн талаар маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн багахан маргаанаас үүдэлтэй. Эхнэр маань намайг юм дуугарсангүй гээд маргаан үүсгээд эхлэхээр нь уурандаа түүнийг түлхээд цохисон. Миний ирээдүйг бодолцож үзнэ үү. Ажил, амьдралыг маань харгалзан үзнэ үү” гэх мэдүүлгийг гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/8 байрны 22 тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Мийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Ж.Мийн “...2022 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн хооронд өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73/8-22 тоотод унтах гээд байж байгаад нөхөр Г.Бтай үл ялих зүйлээс болж маргалдсан. Тэгээд манай нөхөр дуугарахгүй дуугаа хураагаад байхаар нь ярилцах гэж оролдсон ба би уурлаад нөхөр Быг түлхсэн тэгэхдээ нүүр хэсэгт нь хумсаараа маажсан, зүүн хацар хэсгээс цус гарсан. Тэгсэн манай нөхөр уурлаад намайг газар унагаагаад дээрээс хөлөөрөө гэдэс хэсэгт өшиглөөд гараараа алгадаад цохиж зодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ялихгүй зүйлээс болж маргалдсан ба дуугаа хураагаад байхаар нь ярилцах гэж оролдож байгаад маргалдсан. Миний биед гэмтэл бэртэл учирсан шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг манай нөхөр урьд өмнө нь цохиж зодож байсан. Намайг 6 cap тутамд 1 удаа цохиж зоддог. Би тухай бүр нь цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 21 дүгээр хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15383 дугаартай “...1.Ж.Мийн биед зүүн дээд зовхи, зүүн хацар, хүзүү, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, зүүн сарвуу, зүүн 2, 3, 4-р хуруу, баруун дал, зүүн дал, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвуу, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүуд нь 2022 оны 11 сарын 9-нөөс 10-ны өдөрт үүссэн байх боломжтой. 3. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн байна.

Хавтаст хэрэгт хохирогч Ж.М мэдүүлэхдээ “...намайг 6 сар дутамд 1 удаа зоддог боловч би энэ талаар цагдаад огт дуудлага өгч байгаагүй” гэж мэдүүлжээ.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэгтэй гэж хуульчилсан тул хохирогчийн мэдүүлгийг худал мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй байна.

Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй тохирсон байна гэж дүгнэлээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч Г.Б, хохирогч  Ж.М нар нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул дээрх хуульд заасанчлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдэгт хамаарч байгаа юм.

 

Шүүгдэгч Г.Б нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг цохиж зодсон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож байсан, цохих үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Ж.Мийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхээс энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг хохирогчийн зүй бус харилцааны улмаас шалтгаалан үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

 

Хохирогч Ж.Мт хэргийн материалыг танилцуулахад “...Г.Баас цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, энэ хэрэг надаас болсон тул хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж ялаас чөлөөлж өгнө үү. Бид одоо хамтдаа амьдарч байгаа” гэж тэмдэглэлд тусгасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан үзнэ үү. Залуу, ирээдүйн боловсон хүчин болох, өсөж дэвжих боломжтой хүн тул ял шийтгэл эдэлсэн гэх мэдээлэл /хар толбо/-тэй байлгахыг хүсэхгүй байна. Тиймээс шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэргийн үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, хохирогч гомдолгүй болсон, хохирогчоос “ялаас чөлөөлж өгөөч” гэх хүсэлтийг гаргасан байдал, хувийн бусад шалтгаануудыг харгалзан үзэж шүүгдэгчийг ялаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, мөн хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзах зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүйгээр ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан нь тухайн албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхийг шаардаагүй байна. Тиймээс нэгэнт шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн тул түүнд албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10; 36.13; 37.1; 37.2; 38.1; 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН