| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
хохирогч Ж.Ж,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А т холбогдох эрүүгийн 2313*********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С. А, 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 000 дугаар багт оршин суух хаягтай,урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЖ88******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.А нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Д сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Ж ийн гэрт “надад амрах газар байхгүй юм уу” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
1.2. Хохирогч Ж.Ж мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч С.А гэмт хэргийн хор уршигт 500.000 төгрөгийг төлж өгсөн” гэв.
2. Эрүүгийн 2313*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Ж.Ж ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 50 минутад гаргасан “...С.А нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний эрх чөлөөнд халдсан” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Хохирогч Ж.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 34-35 дахь тал/,
2.3. Гэрч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
2.4. Гэрч А.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
2.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай “...иргэн Ж.Ж ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
2.6. Яллагдагч С.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
2.7. Шүүгдэгч С.А ийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хавтаст хэргийн 62-64, 75-76 дахь/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч С.А нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Д сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Ж ийн гэрт “надад амрах газар байхгүй юм уу” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Ж.Ж ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 50 минутад гаргасан “...С.А нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний эрх чөлөөнд халдсан” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Хохирогч Ж.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний бие Д сумын 00 дүгээр багт байрлах аав Жалелын хашаанд байх зуны байшинд С.А ийн хамт байхад орой 18 цагийн үед гаднаас А.Ж ирсэн. Тухайн үед А.Ж нь нэг ахын хамт “Ерөөл” нэртэй 0.33 литрийн, “Хараа” нэртэй 0.5 литрийн архи авч ирсэн ба тухайн архийг бид хуваагаад уусан. Тэгээд архийг уучхаад А , Ж , тэр хамт ирсэн ах нар нь бүгдээрээ “хөдөө явна” хэмээн манайхаас гараад явсан.
...Хэсэг хугацааны дараа манай байшингийн хаалгыг тогшихоор нь би босож хаалга онгойлгоход нөгөө залуучууд ирсэн байсан ба Ж надад хандаж “А согтсон байна, зам зааж чадахгүй хэсэг явж байгаад ирлээ, танай гэрт хонож өглөө явна” гэж хэлж Ж , Б нар амарсан. Тэр үед А надад хандаж “амрах газар байхгүй юм уу, чи бос, чиний унтаж байгаа газарт би унтаж амарна” гэж хэрүүл маргаан үүсгэж миний нүүрс тус газар гараараа нэг удаа хүчтэй цохиж, намайг барьж аваад түлхэхэд гэрт байсан усны саванд миний толгой хүрч дагз хэсгээс цус гарсан. Тэр үед Б бид хоёрыг салгаж, миний цусыг арчиж өгсөн юм. Тэгээд бүгдээрээ манай гэрт амарч Ж , А , Б нар маргааш өглөө нь явсан. Тэгээд надаас уучлалт гуйх байх гэж бодоод хүлээж байсан боловч ирээгүй болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.
...Уг хэргээс болж миний нэг шүд унасан бөгөөд тухайн үедээ эмчилгээ хийлгээгүй, явцын дунд шүд хийлгүүлэхээр болсон. С.А надад 500.000 төгрөг бэлэн өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 34-35 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
3.1.3. Гэрч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А , Ж бид гурав хөдөө А ийн хадам аавын гэрээс мал авахаар явахад А согтуу, зам зааж чадахгүй болохоор нь буцаж Ж ийн гэрт ирсэн. Бид нар ирэх үед Ж амарсан байсан ба хаалгыг нь тогшиж онгойлгож гэрт нь орж Ж бид хоёр амарсан. Тухайн үед А хэрүүл маргаан гаргаж “би амрах газар байхгүй юу” гэж зодоон үүсгэж байсан ба Ж ийн нүүрэн тус газар цохих үед ам хамарнаас цус гарч Ж , А т хандаж миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн. Тэрний дараа хоорондоо ноцолдож байгаад А нь Ж ийг дахин хойш нь түлхэхэд тухайн айлын зуухны хажууд байсан усны саванд Ж ийн толгой хүрч, дагз хэсгээс нь цус гарч байх үед би босож салгаж аваад бүгдээрээ амарсан. Тэгээд бид нар унтаж амарч маргааш өглөө нь 08 цагийн үед А , Ж бид гурав аймаг руу явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
3.1.4. Гэрч А.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед А хэрүүл маргаан гаргаж “би амрах газар байхгүй юу” гэж зодоон үүсгэж, Ж ийн нүүрэн тус газар цохих үед ам хамарнаас нь цус гарч Ж нь А т хандаж миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн. Тэрний дараа хоорондоо ноцолдож байгаад А , Ж ийг дахин хойш нь түлхэхэд тухайн айлын зуухны хажууд байсан усны саванд Ж ийн толгой хүрч, дагз хэсгээс нь цус гарч байх үед Б очиж салгаж бүгдээрээ амарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай “1. Ж.Ж ийн биед уруулын шарх, 1 шүд унасан, дагз орчим 1.5 см зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, хохирогч Ж.Ж “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг, шүүгдэгч С.А “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч С.А ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3. “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13. “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
6.3. Шүүгдэгч С.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Ж ийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд үл ялих зүйлээр шалтаглан гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “уруулын шарх, 1 шүд унасан, дагз орчим 1,5 см зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
6.4. Шүүгдэгч С.А ийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.А ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.А ийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Шүүгдэгч С.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Ж ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.А ээс хохирогч Ж.Ж т гэмт хэргийн хор уршгийг бүрэн төлж барагдуулсан нь хохирогч Ж.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч С.А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.А т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
2.2. Хохирогч Ж.Ж ээс “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,
2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох шийтгэл оногдуулах” дүгнэлтийг гаргасан болно.
2.4. Шүүхээс шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.5. Шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундаа хэрэглэж, хохирогчийг гэрт нь зодсон байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.8. Шүүгдэгч С.А т оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
2.9. Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
2.10. Шүүгдэгч С.А т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.А т оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ