Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн,

иргэдийн төлөөлөгч: Д.Д,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Г, түүний өмгөөлөгч Ө.Б /ӨҮД-0000/,

шүүгдэгч: Л.М, түүний өмгөөлөгч Б.Б /ӨҮД-0000/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчид холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000000 тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Л-ийн М /РД:**********/,

Монгол улсын иргэн, **************** **** шил суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** тоотод түр оршин суух хаягтай, урьд:          

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 23 хоногийн хугацаанд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 0-0 тоотод оршин суух иргэн О.Г-ын гэрт “архи нэмж уух гэлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Б.Г-тай маргалдаж улмаар түүний цээжин тус газарт өшиглөх, дэвсэх зэргээр зодож амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Л.М нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0  дугаар хороо, *************** 0-0 тоотод оршин суух иргэн О.Г-ын гэрт түүнтэй болон хохирогч Б.Г-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Улмаар хохирогч Б.Г-ыг “архи нэмж ууя” гэхэд нь маргалдаж, харилцан зодолдож, шүүгдэгч Л.М-ын биед  “баруун 7,8 дугаар хавирганы зөрүүтэй 5, 6, 9, 10, 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,

хохирогч Б.Г-ын биед шүүгдэгч нь цээжин тус газарт өшиглөж, дэвссэний улмаас “чацархайн урагдал, задрал, цус хуралт, чацархайн тараагуур судасны тасрал, бүдүүн, нарийн гэдэс, сэмжинд цус хуралт, зүүн 5,6 дугаар хавирганд хугарал, цус хуралт” гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулж, хохирогчийн амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал тогтоогдсон.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

               -Тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

               -2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

               -Тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 10-12-р хуудас/,

               -Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хавтаст хэргийн 13-р хуудас/,

               -Тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст 14-16-р хуудас/,

               -Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хавтаст хэргийн17-32-р хуудас/,

               -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай төрсөн дүү Б.Г ...2022 оны 03 дугаар сард уулзсан бөгөөд талийгаач маань манай гэрт ирж 3 хоночихоод явсан. Хөл нь бага зэрэг шалбархайтай хуучин сорив томорч шархалсан байсан. Тэгээд би хөлөнд тос авч өгөөд явуулсан ...хүнд муу санадаггүй маш тусархаг, зөөлөн сэтгэлтэй, хүнтэй муудалцаад байдаггүй хүний аясаар, ажилд сайн л хүн байсан юм. Тийм учраас хүнтэй өс хонзонгүй зүйл байхгүй ...манай ах дүү хамаатан садны зүгээс маш их гомдолтой байгаа. Тооцоо зардлаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн  33-40-р хуудас/,

               -Гэрч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г өчигдөр 23 цагийн үед намайг гэртээ байж байхад нилээн согтуу орж ирээд хамаг бие өвдөөд байна, хүнд зодуулсан юм шиг байна гэхээр нь хэнд зодуулсан гэсэн юм бэ гэхэд Б Г-н гэрт О, Э, Г, хүүхэн Б нар байсан гэсэн. О намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 41-44-р хуудас/,

               -Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г буюу Т-г ажилдаа явах уу гэхэд миний цээж хүнд оргиод байна, хавирга өвдөөд байна гэж хэлээд явахгүй гээд үлдсэн ба маргаашнаас ажилдаа явна гэсэн ...О цээж цохисон гэж хэлсэн. Би О гэдэг хүнийг нь танихгүй...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 47-48-р хуудас/,

               -Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед эхнэр Т-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын ****** тоотод Ш Ж-ийн гэрт очиход Ш түүний эхнэр ******, талийгаач нар байсан. Талийгаач уг байшингийн гол хэсэгт газраар хөнжил дэвсчихсэн нэг хөнжлөөр хуччихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар талийгаачаас асуухад Б-н гэрт Э, Б, Б, О нарын хамт архи уусан тэгтэл О намайг орон дээр хэвтэж байхад дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн би согтуу болоод босож чадаагүй гэж хэлсэн тэгээд манай эхнэр ***** ажилдаа явсан тэрний дараа удалгүй Ш ажил руугаа явсан эхнэр О нь ээжийндээ очно гээд явсан. Тэгээд талийгаач надад миний цээжний зүүн талаар их өвдөж байна миний хавирга хугарчихсан юм шиг байна биеэ даахгүй өвдөөд байна гэхээр нь би өргөж үзэхэд өндийж чадахгүй байхаар нь би хүйтэн цай хийж өгөөд эмийн сан орж өвчин намдаагч авчирч өгөөд явлаа гэж хэлээд би гараад явсан талийгаач ганцаараа үлдсэн юм...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 50-р хуудас/,

               -Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын өөрийн хамтран амьдрагч Ш-ын гэрт очиход танил Г нь гэрт хэвтэж байсан. Бие өвдөөд байна гэж хэлсэн бөгөөд хүнтэй маргалдсан гэх бөгөөд бөөлжихөд амнаас нь цус гарах шиг болсон ...Амь хохирогч нь хөлөндөө л хуучин шархтай, хөхөрсөн байсан. Бусдаар ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг би мэдээгүй ...Ш-ын гэрт орь дуу тавиад ёолоод байсан. Тэгээд би юу болсон тухай асуухад талийгаач Б.Г нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр буюу өчигдөр Б Г ахынд байж байгаад О гэдэг залууд дээрээ зодуулж дэвсүүлсэн, хавирга хугарсан юм шиг байна” гэж хэлсэн ...Намайг Г ахын гэрт очоод ***** уулзчихаад ир гэхээр нь би Г ахын гэрт очиход хүн байгаагүй ба би гэртээ очиж хашаагаа цэвэрлэчхээд буцаад 14 цагийн үед Ш-ын гэрт очиход талийгаач нь газар дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй, амаа жимийсэн байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...Г ахын гэрт *** гэх найзтайгаа л маргалдсан гэсэн. Өөр хүнтэй маргалдсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 51-52-р хуудас/,

               -Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Б.Г орж ирсэн ба орж ирээд Б Г-ын гэрт байж байгаад О-д зодуулчихлаа гэж хэлээд ёолоод байсан. Ингээд өглөө болоход Шинэжаргал ажилтай гээд яваад өгсөн. Харин талийгаач надтай үлдсэн. Тэгээд ёолоод байхаар нь би түргэн дуудах уу гэж асуухад талийгаач Г  нь “Түргэн хэрэггүй надад харин *****олоод уулзуулаад өг” гэсэн. Тэгээд би О-ыг хайгаад Г-ын гэр болон Толгойтын эцэс орчимд хайгаад олоогүй. Тэгээд өөрийн гэртээ очиж хашаа хороогоор цэвэрлэчхээд би 14 цагийн орчимд ********гэрт очиход талийгаач нас барсан байсан. ...Талийгаачтай маргалдсан зүйл огт байхгүй. Талийгаачтай би болон Шинэжаргал эвтэй найртай байдаг байсан ...би арай ч нас барчихна гэж бодоогүй бөгөөд гаднаас харахад бол ил харагдах гэмтэл байгаагүй санагдаж байна. Мөн өглөө нь түргэн цагдаа дуудъя гэхэд талийгаач өөрөө битгий дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хавтаст хэргийн 49-р хуудас/,

               -Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...оройн 19 цагийн үед М надад 1 шил 0,5 граммын “Хараа” нэртэй архийг надад авч өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байсан чинь Г  сэрээд бид хоёрын архинаас хуваалцаад уусан чинь Г  нэмж архи авч ууна гэж хэлсэн. М архи нэмж уухгүй гээд хоорондоо маргалдсан юм. Тэгэхээр би Г , М хоёрыг гэрт битгий маргалдаад бай боль гэж хэлээд байж байсан чинь миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь би Г , М хоёр л байсан өрөөнөөс гараад цусаа маскаар арчаад гал тогооны өрөөнд байж байсан чинь Г , М хоорондоо зодолдоод байгаа чимээ сонсогдсон. Тэгээд би буцаад Г , М нарын байсан өрөө рүү ороход М надтай зөрөөд гэрээс явлаа гэж хэлээд гарсан юм. Г  нь цээжний баруун талаа дарж сууж байгаад удаагүй манай гэрээс гараад явсан юм. 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цагдаа нар М-ыг асуугаад манайд ирсэн. Тухайн үед миний уусан архи сайн гараагүй дээр миний даралт ихсээд бие өвдөөд байсан болохоор юу сайн ойлгохгүй байсан юм. Ингээд би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Т буюу Г-ыг нас барсныг мэдсэн юм ...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Туна буюу Г  болон М нарыг маргалдах үед манай гэрт би болон Г  /Т/ болон М бид нараас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 55-56-р хуудас/,

               Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...М гэрт ирсэн ба ирэхдээ 1 шил архитай орж ирсэн. Улмаар авч ирсэн архийг М-той ууж байтал талийгаач сэрсэн. Ингээд бид 3 архинаас хуваалцаад уусан ба уг архи дуусахад талийгаач Г , нэмж архи ууна надаа авч өг гээд М-той маргалдсан ба энэ үед миний хамарнаас цус гараад би цусаа тогтоох гээд хойд өрөө рүү орсон. Тэр үед маргалдах зодолдох чимээ гарсан ба би буцаад тэр 2-н байсан өрөө рүү ороход М гэрээс гараад яваад өгсөн оройноо мөн талийгаач Г манай гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ шартаад хэвтсэн ба орой 20 цагийн орчимд М ирээд маргааш ажилд уурхай руу явна гээд унтаж амарсан. Тэгтэл 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр буюу үүрээр Ц гэх залуу орж ирээд “Чи манай найз Туна буюу Г-ыг алсан байна” гэж хэлээд хоолойноос нь заамдаад авсан. Тэгээд өглөө нь Г  гэрээс гараад явсан ба өдөр 16 цагийн орчимд цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /2хавтаст хэргийн 50-р хуудас/,

               -Л.М-ын сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...архи маань дуусахад Г  нь нэмж архи аваад ууя гээд байхаар нь үгүй гээд бид хоёрын дунд маргаан болсон. Маргаан болоход Б хочит Г эхлээд та 2 битгий маргалдаад байгаа юм бэ больцгоо гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Г ахын хамарнаас цус гарч даралт нь ихсээд байна гээд хойд өрөөндөө орсон. Тэр хойгуур Г  нь надад хандан “Чи надад 1 шил архи аваад өгөлдөө” гэхээр нь би өөрөө мөнгөөрөө ав гэж хэлэхэд ганц шил архи аваад өгчихгүй гээд миний гэдэс хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би Г-ын зүүн цээж хэсэг рүү зөрүүлээд 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би явлаа гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 57-58-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.До-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******** дугаартай:  

               “...1. Талийгаач Б.Г-ын биед чацархайн урагдал, задрал, цус хуралт, чацархайн тараагуур судасны тасрал, бүдүүн, нарийн гэдэс, сэмжинд цус хуралт, зүүн 5,6 дугаар хавирганд хугарал, цус хуралт, зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө 24 орчим цагийн дотор үүссэн байх боломжтой.

               3. Дээрх гэмтлүүдийг талийгаач өөрөө өөртөө учруулах боломжгүй.

               4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийг амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна.

               5. Талийгаачид учирсан чацархайн урагдал, задрал, цус хуралт, чацархайн тараагуур судасны тасрал, бүдүүн, нарийн гэдэс, сэмжинд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 5,6 дугаар хавирганд хугарал, цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зулайн хуйханд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

               6. Талийгаач нь элэгний хүнд зэргийн өөхлөлт өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна.

               7. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, чацархайн тараагуур судасны тасралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ.

               8. Шүүх эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02 цаг 40 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 12-13 орчим цаг болсон байна.

               9. Талийгаачийн ходоодонд 100 мл орчим хар ногоон өнгийн шингэн агууламж байна.

               10. Талийгаачид бусадтай тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй.

               11. Талийгаачийн цусанд спиртийн зүйл,  мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

               12. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна.

               13. Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 138-143-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Т-гийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай: 

               “... 1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцанд 20 мм татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

               2. Саарал өнгийн цамцанд үүссэн ханзралт хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1хавтаст хэргийн 156-157-р хуудас/,

               - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******** дугаартай:

               “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд ханзралт, урагдалт үүссэн байна.

               2. Ханзралт шинээр, урагдалт хуучин эдэлгээний явцад үүссэн байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна...” гэх дүгнэлт /1хавтаст хэргийн 164-165-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ********* дугаартай:

               “... 1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

               2.  Сэжигтэн Л овогтой М /********/-оос биеэс хурааж авсан 20 гр-ын цус” гэж хаягласан цусанд 3,3 промилли спирт илэрсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

               3. Цусан дахь 3,3 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хавтаст хэргийн 192-193-р хуудас/,

               -Шинжээч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Л.М-ын биед учирсан баруун 7,8 дугаар хавирганы зөрүүтэй 5, 6, 9, 10, 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хүзүү баруун шууны зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна .хүзүүний зулгаралт гэмтэл нь боох үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 239-241-р хуудас/,

               -Шинжээч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаачид учирсан гэмтлүүдийг талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор авсан байх боломжтой ба чацархайнд урагдал үүсээд бага багаар хэвлийн хөндийд цус хуралт нэмэгдэж, цус алдалт гүнзгийрэх хүртэл тодорхой үйлдэл хөдөлгөөн хийж явах боломжтой ба тухайн хүний биеийн онцлогоос хамаарч, талийгаачийг яг тодорхой цагаар нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /2хавтаст хэргийн 47-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Л.М-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд танил буурал Г-ын гэрт буцаж ирсэн. Би ирэхдээ уут боов 0,5 граммын “Хараа” архитай очсон ба очиход Б Г ах, талийгаач Г 2 бага зэрэг архи уугаад халчихсан сууж байсан ба миний авч ирсэн архийг бид 3 хуваагаад уусан. Ууж дууссаны дараа Талийгаач Г  надад хандан архи нэмж авч өг гэж хэлэхээр нь би боломж алга гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач уурлаад миний хацар руу цохиж аваад, мөн цээж рүү өшиглөсөн ба унахад цээж рүү дэвсэж зодсон. Тэгээд би амь тэмцээд босоод зууралдсан ба зууралдаж байхдаа зөрүүлээд нэг удаа түүний хэвлий хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөчихөөд гэрээс нь гараад явсан ...тэгээд үүрээр буюу өглөө 05 цагийн үед Ц гэх залуу орж ирсэн ба миний хоолойг заамдаж аваад “чи яах гэж Т-тай муудалцсан юм бэ” гээд хэлсэн. Бусдаар гэмтэл учруулаагүй ...талийгаачтай маргалдах орой Г ах талийгаач бид гураваас өөр хүн байгаагүй ба буурал Г-ын гэрт буюу 02 дугаар хороо Орбит 18-301 тоотод уг асуудал болсон...” гэх мэдүүлэг /2хавтаст хэргийн 44-р хуудас/ мэдүүлж байсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Гэрч Б.О-ийн мэдүүлэг /1хавтаст хэргийн 50-51-р хуудас/, гэрч Ч.О-ийн мэдүүлэг /2хавтаст хэргийн 49-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 138-152-р хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /1хавтаст хэргийн 115-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хавтаст хэргийн 80-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /1хавтаст хэргийн 82-105-р хуудас/, Л.М-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хавтаст хэргийн 17-18-р  хуудас/, гэрч О.Г-ын мэдүүлэг /1хавтаст хэргийн 50-р хуудас/, Л.М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хавтаст хэргийн 58-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ********* дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 138-152-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн /********** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 198-199-р хуудас/, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд О.Г-ын гэрт архи авч очсон. Намайг очиход О.Г, Б.Г нар халсан сууж байсан. Миний авч ирсэн архийг хувааж уусан. Б.Г  надаас дахин архи нэхсэн. Тэгээд намайг алгадаж аваад цохисон, би хэвлий хэсэгт нь нэг өшиглөөд гарсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Хохирлыг бүгдийг барагдуулна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өнгөрсний дараа нь би мэдсэн. Дүү чинь өнгөрсөн, Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр дуудаж байна гэхэд мэдсэн. Энэ хүмүүсийг ямар хүмүүс гэдгийг мэдэхгүй, тухайн үед ямар айлд, хэнтэй байсан гэдгийг ч мэдэхгүй. Миний дүү уг нь 1 метр 90 см өндөр, том биетэй, ганц цохиулаад үхчихнэ гэж бодохгүй байгаа. Ер нь хүнтэй муудалцаад байдаггүй, тусархаг зантай хүн байдаг байсан. Яахав хааяа архи уудаг байсан. Нэг удаа өшиглүүлээд үхсэн гэхээр үнэхээр гомдолтой байгаа. Хохирол төлбөрт 9.000.000 төгрөг нэхэмжилж байсан. 6.000.000 төгрөгийг өгсөн, төлбөрийг нэхэмжилж байгаа. Оршуулгын зардалд зарцуулсан мөнгийг л нэхэмжилж байгаа. Миний дүүд гэр бүл, эхнэр хүүхэд байгаагүй...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч: “...Энэ хүмүүс айлд архи уусан гэж байна. Тэр айлаасаа гараад өөр айлд очиж хоносон юм шиг байна. 15 цагийн хооронд юу болсныг бас мэдэхгүй байна. Санаатай хийгээгүй юм шиг л байна. Санамсаргүй хэрэг юм шиг байна...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаартай дүгнэлтээр: Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, чацархайн тараагуур судасны тасралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ...” гэсэн дүгнэсэн байх бөгөөд хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Л.М хохирогч ********биед цээж рүү нь өшиглөж, дэвсэж дээрх хохирол хор уршгийг бий болгосон байгаа үйлдэл нь хууль бус юм.

Учир нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Л.М-ын, хохирогч Б.Г-ын эрүүл мэнд, амь насны эсрэг дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Харин хүнийг цээжин тус газарт нь өшиглөж, дэвсэхэд гэмтэл учирч болно гэдгийг мэдсээр байж /энгийн ухамсрын хүрээнд/ өшиглөж, дэвсэж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан байх төдийгүй гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн “өөр хүн учруулсан байж болзошгүй эргэлзээтэй” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авсангүй.

Учир нь гэрч О.Г-ын “...талийгаач Г , нэмж архи ууна надаа авч өг гээд М-той маргалдсан ба энэ үед миний хамарнаас цус гараад би цусаа тогтоох гээд хойд өрөө рүү орсон. Тэр үед маргалдах зодолдох чимээ гарсан ба би буцаад тэр 2-н байсан өрөө рүү ороход М гэрээс гараад яваад өгсөн оройноо мөн талийгаач Г  манай гэрээс гараад яваад өгсөн.” /2-р хавтасны 50-р хуудас/, гэрч О-ийн Б.Г орж ирсэн ба орж ирээд Б Г-ын гэрт байж байгаад **** зодуулчихлаа гэж хэлээд ёолоод байсан. Ингээд өглөө болоход Шинэжаргал ажилтай гээд яваад өгсөн. Харин талийгаач надтай үлдсэн. Тэгээд ёолоод байхаар нь би түргэн дуудах уу гэж асуухад талийгаач Г  нь “Түргэн хэрэггүй надад харин О-г олоод уулзуулаад өг” гэсэн. Тэгээд би *** хайгаад Г-ын гэр болон Толгойтын эцэс орчимд хайгаад олоогүй. Тэгээд өөрийн гэртээ очиж хашаа хороогоор цэвэрлэчхээд би 14 цагийн орчимд Шинэжаргалын гэрт очиход талийгаач нас барсан байсан. /2-р хавтасны 49-р хуудас/ мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.М-ын үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь нотлогдсон байна.

Хохирогч нь хүнд гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан болох нь шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ***** дугаартай дүгнэлт, “...Талийгаачид учирсан гэмтлүүдийг талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор авсан байх боломжтой ба чацархайнд урагдал үүсээд бага багаар хэвлийн хөндийд цус хуралт нэмэгдэж, цус алдалт гүнзгийрэх хүртэл тодорхой үйлдэл хөдөлгөөн хийж явах боломжтой...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд хэргийн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хохирогчтой маргалдан харилцан зодолдсон (Гэрч Г-ын мэдүүлэг, шүүгдэгчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт) нөхцөл байдлаас дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” зарчмыг хэрэглэж, хяналтын прокуророос Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтлоо.

Шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь “хохиролд 9,110,660 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч 6,000,000 төгрөгийг төлсөн.

Шүүгдэгч Л.М-ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн  508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.М-с 3,110,660 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-т төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Л.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-т 3,110,660 төгрөгийг шүүх хуралдааны завсарлага авч төлсөн тул шүүгдэгч Л.М-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргаж байна. Энэ хэрэгт Л.М нийт 126 хоног цагдан хоригдсон байна. Дээрх 126 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжүүлээгүй болно...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Би их хүлээцтэй хандаж байгаа. Амийг амиар солино гэдэг ч юм уу, хорих ялын дээд хэмжээ яриагүй. Тэгсэн чинь 3 жил гэж юу яриад байна вэ, сонин санагдаж байна. Үхсэн хүний л хохь болдог юм байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Л.М нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 буюу одоогоос 14 жилийн өмнө 37 настай байхдаа хүн амины хэрэг үйлдсэн байна. Хүн ухаарвал ухаарах хангалттай хугацаа, насан дээрээ явж байсан. 2022 онд буюу 14 жилийн дараа, 51 настай байхдаа эрдэнэт хүмүүний амь насанд халдсан хэргийг бас үйлдлээ. Тэгэхээр энэ хүн засрал хүмүүжлийн асуудал байхгүй. Ижил төрлийн гэмт хэрэг үйлдээд байна. Шүүгч энэ хүнийг хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэж гэм буруутайд тооцсон ч гэсэн хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Л.М гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон уу нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг үү зөвшөөрдөг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, мөрдөн шалгах ажиллагаа, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол гэж байгаа. Учруулсан хохирлын хувьд оршуулгын зардал нэхэмжилсэн. 9.110.660 төгрөгийг өнөөдөр төлөөд бүрэн барагдуулсан байна. Хор уршиг гэж байгаа, хүний амь нас хохирсон учраас хор уршиг арилах боломжгүй. Хувийн байдлын талаар би хэлж байна, 14 жилийн дараа дахин хүн амины хэрэг үйлдээд байна. Тухайн үед хорих ангиас магадлангаар гарахад өнөөдрийн шүүх хуралд ажиглагчаар орж байгаа улаан цамцтай эмэгтэй байж л байсан. Энэ эмэгтэй бол Л.М-ын төрсөн эгч нь юм. Дахин 14 жилийн дараа нөгөө л эгч хохирол төлбөрийг нь барагдуулаад явж байна. Улсын яллагч 8 жилийн ял сонсгож байна, 60 настай гарч ирээд хүн амины хэрэг хийх бүрэн боломжтой, чадвартай байх болно. Энэ хүний хувийн байдлыг маш муу гэж бодож байна. Энэ хүн эдийн засгийн ч юм уу, залилан мэхлэх хэрэг хийгээгүй. Улсын яллагчийн оноож байгаа 8 жилийн ял дээр 2 жилийн ялыг нэмэх хэрэгтэй гэж үзэж байна. 8 жилийн хорих ял бол бага байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Мэдээж хүнээ алдсан хүмүүсийн ар гэр, сэтгэл зүйн байдлыг ойлгож байгаа, маш хэцүү байгаа. Гэхдээ манай кэйс дээр бол хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байж болох юм гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийн улмаас энэ хэрэг үйлдэгдсэн байгаа. Амь хохирогч архийг нь хувааж уусан, дахин архи авч өгөх ёстой гэж архи нэхсэн, шүүгдэгч би уумааргүй байна, чи өөрөө уух бол өөрийнхөө мөнгөөр авч уу гэж хэлсэн байдаг. Ингэхэд амь хохирогч чи архи авч өгөх ёстой, би архи уумаар байна гэж хэлээд барьж авч зодоод олон хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Хохирлыг өөрийнхөө хэмжээнд буюу баримттай 9.110.660 төгрөгийг төлж барагдуулсан. Боломжийн хэмжээнд буюу өөрийнхөө хэмжээнд хохирлоо төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч өмнө хүн амины хэрэгт холбогдоод ялаа эдэлсэн, хувийн байдлын хувьд их л муу муухай хүн гэж яриад байна. Нэг гэмт хэрэгт хүнийг нэг л удаа яллах ёстой гэх шударга ёсны зарчим байгаа. Энэ бол болоод өнгөрсөн асуудал. Манай энэ хэргийн хувьд хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх боломжтой нөхцөл байдал харагддаг. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд ална гэж санаагүй өшиглөөд гараад явсан, үхнэ гэж бодоогүй гэж хэлдэг. Хохирогчийн хувьд ч гэсэн эмнэлгийн тусламж дуудъя гэхэд хэрэггүй, надад битгий эмнэлгийн тусламж дууд гэж хэлсэн нөхцөл байдал байдаг. Иймэрхүү байдлаас л хэрэг үйлдэгдсэн харагдаад байна. Шүүгдэгч маань одоо 52 настай. Эрэгтэй хүний хувьд 52 нас гэдэг залуу нас биш. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд хэрвээ боломжтой бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглээд энэ зүйлд заасан ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, гэм буруугаа ойлгож байгаа ...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.М-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Л.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” (шүүхээс тогтоосон 9,110,660 төгрөгийг төлсөн) 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” (хохирогчийн үйлдлийн улмаас шүүгдэгчийн биед хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан) гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.М-ыг 8 жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан хөнгөрүүлэн үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;“ гэж заасныг хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Иймд дээрх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ /хохирогч нас барсан/, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно. гэж зааснаар шүүгдэгч Л.М-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн, гэм буруугаа зөвшөөрсөн хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.М нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс нийт 126 хоног цагдан хоригдсон хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцож хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно., 2-д “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.“ гэж тус тус заасантай нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Л-ийн М-д Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

          2. Шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Л.М-д 4 (дөрвөн) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.М-ын цагдан хоригдсон 126 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хассугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шүүгдэгч Л.М-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА

 

               ШҮҮГЧ                                     Б.БАТАА

                            

                           ШҮҮГЧ                                   С.СЭРЖМЯДАГ