Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00951

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай,  Бэлхийн М.Эы нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух М.Ад холбогдох,

Гэрээний үүрэгт 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр М.Атэй ******* ******* улсын дугаартай ******* арлын дугаартай, HINO KC-FC-FS2KKCD 0 маркийн 1997 онд үйлдвэрлэгдсэн бор өнгийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 34 сая төгрөгт тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дээрх гэрээ ёсоор гэрээний үнэ буюу автомашины үнийн урьдчилгаа болох 10 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр М.А төлсөн бөгөөд үлдэгдэл 24 сая төгрөгийг 2016 оны 7 сараас 11 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. М.А нь гэрээ ёсоор 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2,5 сая төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 4 сая төгрөг, 10 сарын 14-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр 1,5 сая төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 сая төгрөгийг манай эхнэр Л.М*******ын Хаан банкны ******* тоот дансанд тус тус төлсөн бөгөөд төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр бүрэн төлж барагдуулаагүй, үлдэгдэл 13 сая төгрөгийг хэзээ төлөх талаар утсаар холбогддог боловч удахгүй төлнө, мөнгө орж ирэхгүй байна гэх мэтээр худлаа хэлсээр өдийг хүрсэн. Зээлээр худалдах худалдан авах гэрээ ёсоор гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараагаар худалдан авагчийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжихээр тохиролцсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал шаардах эрх үүсч байгаа болно. Тухайн худалдан борлуулсан автомашин нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасан шаардлагыг хангасан бөгөөд энэ талаар гэрээний 3.1 дэх хэсэгт дурдаж, хариуцагч нь уг автомашиныг үзэж харж авч явсан болно. Мөн гэрээний 3.6 дахь хэсэгт төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр заасан бөгөөд Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтын дагуу алданги 6,5 сая төгрөг нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар 13 сая төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 6,5 сая төгрөг нийт 19,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.А миний бие энэ машины асуудалд ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч М.Э нэг өдөр намайг Замын-Үүд дэх миний хүргэн ах болох М*******д зарсан машинаа чи нотариатаар ороодох чамд ямар ч хамааралгүй гэж гарын үсэг зуруулсан. Гэрээний 1 хувийг ч би аваагүй, М.Э авч яваад эзэнд нь өгнө гээд аваад явсан, би энэ хооронд ямар явдал болсон хэдэн төгрөг өгч авсныг мэдэхгүй. Э нь М*******гаас мөнгө төгрөгөө авч байсан, надад ямар ч хамааралгүйг мэдсээр байгаад намайг холбогдолтой юм шиг шүүхээр явж байгаа нь анхнаасаа залилан мэхлэгч гэдэг нь харагдаж байна. Энэ хугацаанд надтай болон М*******тай юу ч яриагүй мөртлөө хугацаа хожин дуугүй явсаар эцэст нь юм мэддэггүй хүмүүсийг далимдуулж залилж байгааг юу гэж ойлгох вэ. Би хүргэн ах М*******гаас юу болсныг асуутал Э нь анхнаасаа санаатай эвдэрхий машинаа мэдсээр байгаад юм мэддэггүйг далимдуулан маш сайн машин чи ав, би чамаас мөнгийг нь яаруулахгүй сар сараар бололцоогоороо өг гэж хэлээд өгсөн боловч машин нь Замын үүдээс тээвэр хийгээд 2 дахь явалт дээрээ эвдэрч, буцааж өгье гээд Этай ярьтал хэрвээ буцааж өгвөл урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг чинь буцааж өгөхгүй гэсэн. Энэ юу гэсэн үг вэ 2-3хан хоноод машин эвдэрч байхад хүний мөнгө буцааж өгөхгүй гээд луйврын шинжтэй хэрэг биш гэж үү. Ямар нэгэн юм чинь хамгийн наад зах нь сарын баталгаатай байдаг шүү дээ. Бид хүний юмыг авчхаад  яах уу гээд эвдэрсэн юмыг нь маш олон сая төгрөгөөр зассан боловч дахиад л нэг юм нь эвдрээд болохгүй болохоор Замын-үүдээс утсаар ярьж хэрэг болгон хот орж Этай уулзан үнэхээр муу машин байна, одоо та удаагүй юм чинь машинаа ав урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгөө энэ хугацаанд авсан машины түрээсэнд бодож ав гэтэл за миний дүү нар авснаараа ав, 10,000,000 төгрөг хасаад тооцъё тэгээд би мөнгө төгрөг гэж нэг их яаруулахгүй, иймд авснаараа ав гээд ам яриа хийсэн. 

Үүнээс хойш машин ерөөсөө эвдрээд яваагүй тавьсан байгаа, Э энэ хооронд юу ч ярихгүй болохоор машинаа яваагүйг мэдэж байгаа юм чинь 21,000,000 төгрөг өгсөн болохоор ингээд болсон юм байх гэж бодсон. Гэтэл 2 жилийн дараа гэнэт мөнгө нэхэж шүүхдсэн. Ийм монгол хүний гудиггүй сайхан сэтгэлийг сэвтүүлэн хүнээс мөнгө л авч байвал хамаагүй хувиа бодсон, хүн чанаргүй залилангийн ийм үйлдэл гэж бодож байна. Яагаад гэвэл М******* миний бие нь 29 настай 6-0 насны 4 хүүхэдтэй, эхнэр хүүхдээ харна. Би ам бүл 6 тэжээх гэж өдөр шөнөгүй ажиллаж, Э ахад итгэж сайн машин гэхээр нь машин тэрэг мэдэхгүй болохоор тийм юм бодоод авсан билээ. Гэтэл тийм биш миний сайхан сэтгэлийг ашиглаж анхнаасаа санаатай хийсэн байна. Яагаад гэвэл тийм сайн машин байсан бол буцаая гэхэд яагаад авахгүй байгаа юм, сайн машин бол буцааж аваад зарж болно шүү дээ 2 жилийн хугацаанд юу ч ярихгүй явсан мөртлөө 2 жилийн дараа шүүхэд өгч мөнгө нэхэмжилж байгаа нь санаатай хугацаа хожиж биднийг залилан мэхлэх гэсэн нэг төрлийн санаа байсныг бид ийм юм хийж үзээгүй болохоор хууртагдсан байна. Монгол улсын хууль маань ийм залилан мэхлэгч нарыг хөхүүлэн дэмжих ёстой юу. Э гэдэг энэ зальт этгээдээс болоод бид хохирч амьдрал маань сүйрсэн. Бид машинд 13,276,000 төгрөгийн эд анги тавьж зассан боловч одоо хүртэл аваагүй. Машин хэрвээ явж байсан бол мөнгийг аль хэдийн өгөх байсан. Гэтэл бид энэ машиныг явуулахын төлөө энэ олон сая төгрөгийг хүн амьтнаас зээлж харин өрөнд орсон. Э хохирогч биш бид хохирогч болсон. Төр түмэн минь үнэн зөвийг ялгадаг бол энэ аргагүй байдлыг харж энэ хэргийг цуцалж өгнө үү. Машин хөдлөөгүй ямар ч орлогогүй боловч хүнээс зээлж Эд 21,000,000 төгрөг өгсөн бөгөөд олон сая төгрөгийн эд анги тавьж давхар хохирсон гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч М.Ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6,500,000 төгрөг нийт 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл зээлээр, худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийг хангуулна гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас М.Э нөгөө талаас М.А нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр худалдагч М.Э нь ************** улсын дугаартай ******* арлын дугаартай, HINO KC-FC-FS2KKCD 0 маркийн ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч М.А нь тээврийн хэрэгслийн үнэ 34,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүргийг харилцан хүлээх агуулга бүхий” Тээврийн хэрэгсэл зээлээр, худалдах-худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 6 дахь талд/

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “... хүргэн ах Ж.М******* тус тээврийн хэрэгслийг худалдан авсан, өөрөө хотод байхгүй тул намайг очоод гэрээнд гарын үсэг зурчих гэсэн болохоор нь тус гэрээнд гарын үсэг зурсан тул хүлээн зөвшөөрөхгүй, түүнчлэн авсан машин нь доголдолтой байсан тул их хэмжээний зардал гаргасан ...” гэж тайлбарлаж, мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зохицуулснаар талуудын хооронд хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх уг хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийе.

Гэрч Ж.М******* шүүхэд мэдүүлэхдээ “... Замын-Үүдэд уулзаад машин авч өгөх асуудлаар ярилцсан. Хотод ирээд утсаар ярьж машиныг авахаар болсон. Бид гэрээтэй танилцаагүй, дүүг дуудаад гарын үсэг зуруулсан байсан. Машин худалдаж авсан хүн бол би мөн. Машин өгч байгаа хүн гэрээний эх хувиа гаргасан, Би Замын-Үүдэд ажилтай байсан тул дүүг дуудсан байсан” гэжээ.

            Хэдийгээр, гэрч тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах хүсэл зоригийг илэрхийлсэн гэж мэдүүлсэн боловч дан ганц гэрчийн мэдүүлгээр хариуцагчийг тус гэрээг байгуулах хүсэл зориг илэрхийлээгүй байна гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээс энэ үндэслэлээр чөлөөлөх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “... иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ”... гэж зохицуулснаар хариуцагч М.А нь өөрийн нэрээр иргэний эрх зүйн харилцааг үүсгэх зорилгоор тодорхой эрх, үүргийг бий болгосон гэж үзэхээр байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл тээврийн хэрэгслийн үнийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлөх агуулга илэрхийлэгдсэн нь зээлээр худалдах-худалдан авах бус талууд худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөх арга журмыг тохиролцсон байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан энгийн “худалдах-худалдан авах” гэрээний агуулгад илүү нийцэж байна гэж үзэв.

Иймд, М.Э, М.А нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах-худалдан авах” гэрээний үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгээр “төлбөр төлөх нөхцөл”-ийг тохиролцсон байх ба уг тохиролцооны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргийг хариуцагч хүлээсэн байх боловч

үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас тээврийн хэрэгслийг үлдсэн үнийг шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэ 34,000,000 төгрөгөөс 21,000,000 төгрөгийн төлсөн үндэслэлээр хариуцагчаас 13,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 13,000,000 төгрөг гэж үзнэ. /х.х-ийн 8-13 дахь талд/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д “худалдагч тал гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож худалдан авагчаар төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 6,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэдийгээр, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага буюу алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зохицуулсан “анзын хэмжээ илт их байх”, “хэргийн нөхцөл байдлыг харгалзан” анзын хэмжээг багасгах гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх нь зүйтэй.

Худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй улмаас худалдан авагч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Худалдагч тал буюу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс шаардах боломжтой байсан боловч 2018 оны 04 дүгээр сараас хариуцагчийн оршин суух хаягийг эрэн сурвалжлуулах зэргээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна. /х.х-ийн 5 дахь талд/

Өөрөөр хэлбэл, ийнхүү хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсээр байхад 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь “эрх”-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна.

Тус үндэслэлээр үндсэн үүрэг болох 13,000,000 төгрөгийн 50 хувь болох 6,500,000 төгрөгийг алдангид тооцохоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар тус хэмжээг 50 хувиар багасган хариуцагчаас алдангид 3,250,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд, дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.А-ээс 16,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь худалдан авсан тээврийн хэрэгсэл нь доголдолтой, урсгал засварт их зардал гаргасан гэж тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэгчид холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-ээс  16,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Э-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,000 төгрөгийн 255,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 23,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч М.А-ээс 239,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Э-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.