| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/228 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч: Т.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-т холбогдох эрүүгийн ************** тоот хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Т-ийн Б /РД:**********/,
Монгол Улсын иргэн, **********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Г” ХХК-нд бетон арматурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Арьс ширний 0 айлын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Б 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” дэн буудалд үйлчлүүлж байсан иргэн Б.А-ыг өөрийн найз эмэгтэйтэй хардан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Б 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” дэн буудалд үйлчлүүлж байсан иргэн Б.А-ыг өөрийн найз эмэгтэйтэй хардан нүүр, толгой руу нь 2 удаа хөлөөрөө өшиглөж, цээж рүү нь цохиж зодоy эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” нэртэй дэн буудалд өрөө авч нэг сургуульд багшаар ажилладаг Г, Н нартай хамт ууж хоносон. Маргааш өглөө нь манай хоёр найз ажилтай гээд гэр гэр лүүгээ явчихсан. Би тэр өдөр буудлын ресейпшн гэх эмэгтэйн найз нартай хамт шар айраг худалдан авч уусан. Тэгээд өрөөндөө унтаж байтал намайг танихгүй эрэгтэй хүн гараараа хэд хэдэн удаа миний толгой болон нүүр лүү хөлөөрөө өшиглөж улмаар миний цээж рүү гараараа цохисон. Тэгээд би “болиоч” гээд босож иртэл тэр эрэгтэй миний амарч байсан өрөөнөөс гарсан. Би “цагдаа дуудлаа” гэхэд нөгөө эрэгтэй буцаж орж ирээд “би чамайг энэ буудалд ресейпшинээр ажилладаг өөрийн найз бүсгүйтэйгээ хардаад цохичихсон” гэж хэлсэн. Тэгээд уучлалт гуйгаад “би чамайг хохиролгүй болгож өгнө” гээд өөрийнхөө утасны дугаар болон нэрийг хэлсэн. Тэр өдрөөс хойш Б гэх намайг цохиж зодсон эрэгтэй утсаа аваагүй болохоор нь би арга буюу цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9-р хуудас/,
-Гэрч М.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.А гэх эрэгтэй ганцаараа өрөөндөө үлдсэн. Тэгээд “буудлаас гарах юм уу эсхүл сунгах юм уу” гэх асуутал, “удахгүй” гээд байгаад байсан. Тэр үед манай найз болох Б гаднаас орж ирэхээр нь би “цагийн өрөөний хүн гарахгүй байна” гэж хэлтэл. Манай найз нэг ороод уулзаад хэлээд өгье" гээд ганцаараа орсон. Удалгүй би чимээ гарахаар нь араас нь явж ортол Б нь А гэх эрэгтэйн хамраас цус гаргачихсан байдалтай хамраа гараараа дарчихсан орон дээрээ сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Б-ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********** дугаартай:
“...1. Б.А-ын биед тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Т.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” гэх нэртэй дэн буудалд өөрийн найз бүсгүй болох Ү хоногоор ресейпшнээр ажиллаж байсан болохоор ажил дээр нь явж очсон. Улмаар найз бүсгүйтэйгээ хамт яриад сууж байх үед тус буудлын 1 тоот өрөөнд байсан эрэгтэй хүн урьд шөнө хоногоор орсон тэгсэн өнөөдөр цагаар өрөөгөө сунгуулчхаад цаг нь дууссан байхад гарахгүй байна гэж надад хэлсэн улмаар би тус өрөөнд орж уг эрэгтэйг гар гэж шаардлага тавих үед тухайн эрэгтэй одоо буудлаас гарах гэж байна гэж хэлчхээд гарахгүй хэвтээл байсан. Тэгээд буудлаас гарахгүй болохоор нь уг эрэгтэйг дахин гар маргалдах үед би уг эрэгтэйгийн нүүр лүү гараараа мангасдаж улмаар түлхэх үед орон дээр суучихсан тэгэхээр нь би түүнийг гараараа нүүр лүү нь цохиод улмаар дахин толгой руу гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, тэгээд цээж рүү нь мөн адил гараараа цохих үед манай найз бүсгүй болох ****** намайг тэр эрэгтэйгээс салгаж өрөөнөөс гаргасан. Улмаар тэр эрэгтэй цагдаа дуудлаа гэхээр нь би учир байдлаа олох талаар хэлэхэд уг эрэгтэй эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь би эмнэлгээр чамайг дагуулж явж үзүүлнэ гээд өөрийнхөө нэрийг болон утасны дугаарыг үлдээсэн. Тэгээд тэр өдрөөс хойш би уг эрэгтэйг дагуулж эмнэлгээр явах гэсэн боловч мөнгөгүй байсан болохоор дахин уулзаагүй би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай таарамжгүй харьцаа өрнүүлж бусдын бие махбодид гэмтэл бэртэл учруулсандаа харамсаж байна...” гэж /хавтаст хэргийн 34-36-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: “**********” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 41-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийнн 42-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хавтаст хэргийн 44-р хуудас/, жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 46-47-р хуудас/, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 48-56-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ба-ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ****** дугаартай дүгнэлтээр хохирогч Б.А-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.А-ын нүүр, цээж рүү гараараа цохиж, толгой руу нь гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Б-ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.А нь 900,000 төгрөг авсан гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.Г нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.Б-ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” /хохиролд 900,000 төгрөг төлсөн баримт-хавтаст хэргийн 13-р хуудас/ гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний хөдөлмөр эрхлэлт /“Г” ХХК-нд арматурчнаар ажилладаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Т.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА