| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/00579/И |
| Дугаар | 00976 |
| Огноо | 2019-03-03 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 00976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин байх “В.и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух овогт С-д холбогдох,
Гэрээний үүрэгт 9,753,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“В*******” ХХК нь БНСУ-д үүсгэн байгуулагдсан, Улаанбаатар хотноо өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа болно. Өөрийн үйл ажиллагааны хүрээнд хариуцагч С.С-ийн БНСУ-аас МУ-д импортоор оруулж ирсэн авто машинуудыг БНСУ-аас тээвэрлэн БНХАУ-ын нутгаар дамжуулан МУ хүртэл тээвэрлэдэг байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хьюндэй маркийн автобусыг тээвэрлэн авчирч хүлээлгэн өгсөн байна. Ачаа тээврийн хөлсийг ачаагаа хүлээж авахдаа төлдөг хэдий ч тухайн үед 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр С.С- мөнгө нь хүрэлцэхгүй байсан тул тус компанид хүсэлт гаргаснаар “В*******” ХХК итгэл үзүүлэн 3,700 ам долларыг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлөхийг зөвшөөрч, гаалийн хяналтын талбайгаас авто машинуудыг гаргасан билээ. Ингээд дурдсан хугацаа өнгөрч, удахгүй “өгнө” гэдэг байдлаар хариу өгдөг ч төлөөгүй, сүүлдээ утсаа авахаа больсон тул уг хохирлыг шүүхээр нэхэмжлэхээс аргагүйд хүрч байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,700 ам доллар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ам долларын төгрөгтэй харьцах ханш 2636 төгрөг байна. С.С- 3,700 ам доллар буюу түүнтэй тэнцэх 9,753,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын “В*******” ХХК-нд гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “В.и” ХХК нь хариуцагч С.С-д холбогдуулан гэрээний үүрэгт 9,753,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.С- нэхэмжлэлийн хувийг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд аливаа тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаарх баримт ирүүлээгүй тул түүнийг тухайн шаардлагад маргаагүй гэж үзэх үндэслэлтэй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь “2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээний үүргийг хангуулна” гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Зээл хүссэн өргөдөл” гэх баримтад “******* регистрийн дугаартай С.С- 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Солонгосоос гарч, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатарт ирсэн контэйнерийн тээврийн хөлс 3700 ам долларын тээврийн хөлсийг зээлээр олгож өгнө үү” гэх агуулга дурдагдсан байна. /х.х-ийн 18-19 дэх талд/
Тус баримтад илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэргээс дүгнэн үзвэл 3700 ам долларыг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлэх агуулга бус, ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу төлөх хөлсийг хариуцагч нь нэхэмжлэгчид дараа төлөх агуулга илэрхийлэгдсэн байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “зээлийн гэрээ” бус Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан “тээвэрлэлтийн гэрээ”-ний агуулгад илүү нийцэж байна гэж үзэв.
Иймд, “В.и” ХХК, С.С- нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан “тээвэрлэлтийн” гэрээний үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт “.Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна” гэж зохицуулсан.
Хуульд зааснаар тус гэрээгээр тээвэрлэгч нь ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тээвэрлүүлэгч буюу хариуцагч С.С- нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна. /х.х-ийн 18-19 дэх талд/
Нэхэмжлэгч нь ачаа тээвэрлэлтийн хөлс болох 3700 ам долларыг нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын төгрөгтэй харьцах ханш болох 2636 төгрөгөөр тооцож, /3700х2636/= 9,753,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /х.х-ийн 3 дахь талд/
Иймд, хариуцагч С.С-ээс 9,753,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “В.и” ХХК-нд олгох үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн 20-21 дүгээр талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.С-ээс 9,753,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “В.и” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В.и” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-ээс 172,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “В.и” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.