Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Б. овогт Л. О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух, Б.овогт О.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,691,136 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б нар оролцов.                                                               

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Д- нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 900 ам долларыг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэж авсан. Гэрээг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сангасан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Монгол банкны хаш 1 ам доллар 2,634.79 төгрөг. Нийт 2,371,311  төгрөг, 12 сарын хүү 1,422,750 төгрөг. Алданги 1,897,045 төгрөг. Нийт 5,691,136 төгрөг нэхэмжилж байна. Алдангийг төлөгдөөгүй үүргээс тооцсон болно. Хариуцагч нь 3 сая төгрөгийг 2019.04.12-ны өдөр төлсөн тул хасаж үлдэгдэл 2,691,136 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д- нь 6 сарын хугацаатай 900 ам долларыг зээлсэн нь үнэн. Дахин 6 сарын хугацаагаар сунгасан. Үндсэн зээлээс тодорхой төлбөрийг төлсөн. 2016.12.21-ний гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханшаар тооцоогоо хийхээр 2,489.68 төгрөг байдаг. Үүнд хүү алданги нэмэгдээд 1,890,000 ам доллар байгаа. Ханшийн үнэд шилжүүлэхэд 4,705,495 төгрөг болдог. 1-рт тооцоогоо буруу бодсонд гомдолтой байгаа тул 2 сарын алдангийг хасаж өгнө үү, 2-рт зээлийн хүүг 0,5 хуваарь тооцож байгаа тул үндсэн үнийг 4,500,000 төгрөгөөр тооцож 3 сая төгрөгийг хасаж 1,500,000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч О.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,691,136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдааны үед хариуцагч 3,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 2,691,136 төгрөг болгон багасгаж, хариуцагч тус багасгасан шаардлагын 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулна гэж тодорхойлсон.

Зохигч талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлдүүлэгч талаас 900 ам долларыг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нөгөө тал 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр мөнгийг буцаан төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн байх ба талууд харилцан тохиролцож тус гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/

Зээлийн гэрээ байгуулагдаж, 900 ам долларыг зээлсэн үйл баримтын талаар зохигч талуудын хэн аль нь маргахгүй байна.

Тус гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зохицуулсан зээлийн гэрээний агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 хэсэгт зааснаар мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно.

Иймд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг зээлдэгч талд, зээлийн гэрээний үүргийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.

Хариуцагч нь 900 ам долларыг үүрэг үүсэх үеийн ханш буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Монгол банкны ам долларын төгрөгтэй харьцах ханшаар төлбөрийг төлнө, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар шаардсан нь үндэслэлгүй, түүнчлэн үндсэн зээл, хүүг тодорхой хэмжээгээр төлсөн тул алдангийг хасуулна гэж тайлбарлаж маргасан.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан буюу мөнгөний ханш өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар ам долларын ханшийг тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих  ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 900 ам доллар буюу /900х2634.79/=2,371,311 төгрөг, 12 сарын зээлийн хүү болох 540 ам доллар буюу /540х2634.79/=1,422,780 төгрөг нийт 3,794,091 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасч тооцвол 794,091 төгрөгийг хариуцагч үндсэн үүрэгт төлөх үүрэгтэй.

Гэрээний 5 дахь хэсэгт “гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,000,000 төгрөгийг төлсөн нь түүнийг хугацаа хэтрүүлсэний хариуцлага буюу гэрээгээр тохиролцсон алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3,794,091 төгрөгөөр тооцон 1,897,045 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэдийгээр, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зохицуулсан “анзын хэмжээ илт их байх”, “хэргийн нөхцөл байдлыг харгалзан” анзын хэмжээг багасгах гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх нь зүйтэй.

Зээлийн гэрээний мөнгө болон гэрээгээр тохиролцсон хүү төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шаардах боломжтой байсан боловч энэ эрхээ 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлсэн нь хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Ийнхүү хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсээр байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь “эрх”-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна.

Тус үндэслэлээр үндсэн үүрэг болох 3,794,091 төгрөгийн 50 хувь болох 1,897,045 төгрөгийг алдангид тооцохоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар тус хэмжээг 50 хувиар багасган хариуцагчаас алдангид 948,522 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч О.Д-гаас 1,742,613 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 948,522 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Д-гаас 1,742,613 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 948,522 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 106,010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д-гаас 90,831 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.