| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
Л. МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Л.Содбаяр,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайртан овогт Мөнхбатын Мт холбогдох эрүүгийн 2311 00000 0012 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Дайртан овогт Мөнхбатын М /рд:./,
Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 28-379Б тоотод оршин суудаг,
урьд нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28-379Б тоотод дуудлагын дагуу нийгмийн хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж байсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Доржийг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больж, унтаж амарцгаа” гэх шаардлага тавихад нь нүүрэн тус газар нь 2 удаа цохиж түүний биед “...баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий шарх үүсгэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28-379Б тоотод дуудлагын дагуу нийгмийн хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж байсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Доржийг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больж, унтаж амарцгаа” гэх шаардлага тавихад нь нүүрэн тус газар нь 2 удаа цохиж түүний биед “..баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал..” гэмтэл бүхий шарх үүсгэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Хохирогч Б.Дорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутын хооронд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Цэнд-Аюушийн хамт “Тэс-113” чиглэлд Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2022 оны 12 дугаар сарын 07-ны 04 цаг 11 минутад 95595620 дугаараас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 28-379Б тоот нийтийн байранд хажуу айлын хүмүүс архидаад амраахгүй байна гэх дуудлагын дагуу очсон.. ороход уг нийтийн байрны 14 тоот өрөөнд 4 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 5 хүн согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдалтай нэлээд чанга дуугаар орилолдож ярьж байсан. Тэгээд би тухайн хүмүүст ойр орчмын иргэд дуудлага мэдээлэл өгч байна та бүхэн одоо унтаж амар гэж хэлээд байж байтал дээрхи залуусын дээгүүрээ хувцасгүй М.М гэх залуу “Хөөе цагдаа чи над шиг цолтой юм байна чи надад тэгж хэлэх болоогүй шүү гөлөг минь гээд эхлээд салаавч гаргасан.” Тэгэхэд нь би уусан архиа шингээгээд унтаж амарцгаа гэдэг шаардлагыг дахин тавьсан боловч М.М гэх залуу газар хэвтэж байснаа орноосоо босож ирээд миний баруун хацар луу чам шиг гөлөг ингэх болоогүй гээд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон.. гэтэл эхнэр нь бололтой тэнд байсан эмэгтэй Мыг чи ажлаа хийж байгаа хүнийг боль гэж хэлтэл энэ гөлгийг яадгийг нь харьяа л даа гэж хэлээд дахин нэг удаа цохисон. Энэ үед хажууд байсан хүмүүс түүнийг боль гэж хэлээд салгаж авсан...” гэх /хавтаст хэргийн 5 дахь тал/
Хохирогч Б.Дорж мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нийт 200,000 төгрөгт эмчилгээ хийсэн. Уг мөнгөнд томографын зураг, сорвины тос, өвчин намдаах эм зэргийг авсан... М.М гэх залуу надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардал болох 200,000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг маань барагдуулсан юм... одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй,.” гэх /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Гэрч А.Эрдэнэбулган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2 цагдаа орж ирсэн. Уг цагдаа нар орж ирээд та нар дуу чимээ гаргаад байна хажуу айлын хүмүүс чинь дуудлага өгөөд байна одоо унтаж амарцгаа гэж хэлтэл М нөгөө цагдаа нарыг өөдөөс нь салаавч гаргаад дуугаа өндөрсгөж яриад гөлөг минь гэх зэргээр хараал хэлээд байсан гэтэл нөгөө цагдаа ингээд байвал эрүүлжүүлэх рүү авч явна шүү гэж хэлсэн чинь чаддаг юм бол авч яв гээд эсэргүүцээд улам орилж байгаад нөгөө цагдаагийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон, Тэгэхээр нь түүний найз охин бид 2 салгаад ор луу нь түлхтэл М бид нарын үгэнд орохгүй нөгөө цагдаа нар луу дайраад байсан гэтэл нэмэлтээр 1 цагдаа ирээд түүнийг гавлаад аваад явсан...” гэх /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Гэрч С.Баясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бөөнөөрөө сууж байтал хажуу өрөөний нялх хүүхэдтэй эгч орж ирээд та нар яасан ядаргаатай юм бэ чимээ шуугиан гаргаад нялх хүүхэд цочиж сэрээд байна ахиад дуу гаргавал цагдаа дуудна шүү гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал 2 цагдаа орж ирсэн. 2 цагдаа орж ирээд та нар яагаад дуу чимээ гаргаад байгаа юм бэ хажуу талын айлууд чинь дуудлага өгөөд байна гэж хэлсэн. Тэгэхэд нь тэр цагдаад Нямдорж хажуу айлын эгчээс бид нар уучлалт гуйсан одоо бид нар амрах гэж байна гэж хэлсэн. Гэтэл манай найз залуу газар хэвтэж байгаад босож ирээд нөгөө цагдаагийн өөдөөс нэг юм ярьж байгаад нөгөө цагдааг гэнэт 2 удаа цохиод авсан. Тэгээд ахиад цохих гээд байхаар нь 2 найз нь барьж аваад салгасан.. гаднаас дахин 2 цагдаа ирээд Мыг аваад явчихсан...” гэх /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гэрч Б.Нямдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...пиво уунгаа утсаар тоглоод сууж байтал хөрш айлын эгч орж ирээд би нялх нойтон хүүхэдтэй юм та нарын чанга дуу чимээ гаргаад байна ахиад тэгвэл цагдаа дуудна шүү гэж хэлээд явсан.. тэр үед бид нар уг эгчээс уучлалт гуйгаад явуулсан. Удалгүй 2 цагдаа орж ирээд “дуудлагаар ирлээ та нарыг дуу чимээ гаргаад байна” гээд юу болсон талаар асуусан. Бид нар юу болсон талаараа нөгөө цагдаад тайлбарлаад байж байтал М гэнэт дуудлагаар ирсэн цагдаагийн баруун шанаа руу нэг удаа гараараа цохисон...” гэх /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16557 дугаартай шинжээчийн эмч М.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Доржийн биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд тогтоолыг уншиж танилцлаа. Уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн цагдаагийн алба хаагчтай уулзаж түүнд учирсан хохирлыг төлж барагдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна" гэх /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Мыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Мт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.Дорж мөрдөн шалгах ажиллагаанд 200,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж шүүгдэгч М.М хохирол төлж барагдуулсан байх тул, шүүгдэгч М.Мын цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дайртан овогт Мөнхбатын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД