Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Д.Бумчин нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тувааны Дд холбогдох эрүүгийн 2311 00000 0032 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон ургийн овогт Тувааны Д, /РД:Н./,  

Монгол Улсын иргэн, 1957 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булгийн” 19 дүгээр гудамжны 4 тоотод байнга оршин суух хаягтай,

урьд 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн оройн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 19 дүгээр гудамжны 4 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Г.Баяржавхлантай “хүүхэд цэцэрлэгээс авсангүй” гэх шалтгаар маргалдан, улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “дух, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд няцарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...Миний гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах шаардлага байхгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Т.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн оройн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 19 дүгээр гудамжны 4 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Г.Баяржавхлантай “хүүхэд цэцэрлэгээс авсангүй” гэх шалтгаар маргалдан, улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “дух, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд няцарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, хавсралт баримтууд /хавтаст хэргийн 5-12 дахь тал/, 

Хохирогч Г.Баяржавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг ба манай хашаанд ээж Чулуунхүү хамтран амьдарч Дийн хамтаар олон жил амьдарч байгаа. ...намайг гэртээ ирэх үед Д ах гэртээ ирсэн байсан тул би гэр рүү нь ороод “...хүүхэд цэцэрлэгээс нь авсангүй, хүүхэд авчихгүй яасан юм бэ” гэж хэлтэл түүнээс болж бид хоёр маргалдсан. Би Д ахын биед ямар нэгэн байдлаар хүрээгүй ба Д ах уурлаж угааж байсан аяганаасаа нэгийг нь бариад миний нүүр хэсэг рүү шидсэн. Тэр аяга нь миний зүүн хөмсөгний дээд хэсэгт хүрч түүнээс болж миний зүүн талын хөмсөг, дух хэсгээс цус гарсан, мөн тухайн аяга хагарсан. Би Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс эмчилгээ, үйлчилгээ авч зүүн хөмсөгтөө оёдол тавиулсан..., гэмтэл учруулах үед ээж хамт байсан...” гэх /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 511 дугаартай дүгнэлтэд:

Г.Баяржавхлангийн биед дух, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд няцарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, Шинэ гэмтлүүд байна, Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

Дээрх гэмтлүүд нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой,

Дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Гэрч Г.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү Баяржавхлан 22 цагийн орчимд над руу залгаж “...эгчээ миний толгойг Дэрэмээ ах аягаар хагалчихлаа...” гэж хэлээд уйлаад байсан. Төрсөн дүү Болорцэцэг очиж Баяржавхланг гэрээс авч Гэмтэл согог судлалын Үндэсний төвд ирж үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан...” гэх /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээж байна гэх, мөн хохирогч, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч гомдол саналгүй /хавтаст хэргийн 56 дахь тал/ байх тул шүүгдэгч Т.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Тувааны Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД