Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

 

 

 

  

 

                                                  Ү.Г-, М.Э-, Т.Т-,

                                               Х.Т-, Г.Н-, Э.М- нарт

                                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Ү.Г-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

шүүгдэгч Г.Н-ийн өмгөөлөгч С.Батжаргал,  

шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Г- өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Э-, Ү.Г-, Т.Т-, Х.Т-, Г.Н-, Э.М- нарт холбогдох эрүүгийн 1811035010003 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тайж овгийн Ү.Г-, 19.. оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............/;

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасны дагуу 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

2. Боржигон овгийн Т, 19.. оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

3. Иөншөбү овгийн М.Э, 19.. оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт ............. хороо, .........дугаар гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

4. Элжгэн овгийн Г.Н, 19.. оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам б............ нарын хамт ......... дүүргийн ......... дугаар хороо, .......... дугаар хорооллын ........... тоотод оршин суух бүртгэлтэй, РД: /.................../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

5. Хиад овгийн Х.Т., 20...... оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..............нарын хамт ............ дүүргийн ...... дугаар хороо, .......-ийн багш ажилчдын ....... дугаар байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

6. Боржигон овгийн Э.М, 20.. оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............. сургуулийн .......... дүгээр дамжааны оюутан, ам ............... нарын хамт ............. дүүргийн .......... дүгээр хороо, .............. гудамжны ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;  

Ү.Г-, Т.Т-, М.Э-, Г.Н-, Х.Т-, Э.М- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм Трейд” ХХК-ийн эзэмшлийн хашааны манаач У.Э-од хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, иргэн П.Б-ын агуулахын зориулалтаар түрээсэлдэг чингэлгийн цоожийг эвдэж, 17 хайрцаг тамхийг дээрэмдэн 23.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ү.Г-, Т.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, М.Э-, Г.Н-, Х.Т-, Э.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ү.Г-, Т.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, зэвсэг хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн, шүүгдэгч М.Э-, Г.Н-, Х.Т-, Э.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг хамжиж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ү.Г- 6 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Т-г 5 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Т-ыг 4 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Э-, Г.Н-, Э.М- нарыг 3 жил 4 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ү.Г- цагдан хоригдсон 208 хоног, шүүгдэгч Т.Т-ын цагдан хоригдсон 108 хоног, шүүгдэгч Х.Т-гийн цагдан хоригдсон 63 хоног, шүүгдэгч М.Э-, Г.Н- нарын цагдан хоригдсон 90 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, “Red sun made in China” гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г-ас 3.933.333 төгрөгийг, шүүгдэгч Х.Т-гээс 3.933.333 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч П.Б-од олгохоор тогтоож, шүүгдэгч Ү.Г-, Х.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Т-, М.Э-, Г.Н-, Э.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү.Г- өмгөөлөгч О.Баяраа гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэргийг үнэн бодитойгоор үнэлж, зөв дүгнэлт гаргасангүй. Хэргийн зүйлчлэл миний үйлчлүүлэгчид тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Ү.Г- нь анхнаасаа хулгайн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэн очиж, хулгайн гэмт хэргийг үйлдсэнээс, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Талийгаач У.Э-ыг зодож цохиогүй юм. Ү.Г- хувьд дээрмийн гэмт хэргийг үйлдэх ямар нэгэн субъектив санаа зорилго байгаагүй. Харин М.Э- нарын 3 шүүгдэгч хулгайн гэмт хэргээс өөр төрлийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг анхан шатны шүүх ялгаж шийдвэрлэсэнгүй. Талийгаач М.Э-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн хохирлыг хэн учруулсныг мөрдөгч, прокурор нар шалгаж тогтоогоогүй, энэ асуудалд анхан шатны шүүх тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулсан байна. Ү.Г- нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа ба түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...”  гэжээ.

Шүүгдэгч М.Э-ийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан. ...” гэв.

Шүүгдэгч М.Э- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Ү.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд дээрэм хийсэн зүйл байхгүй, гомдолтой байна. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн учраас тохирсон ялаа авахыг хүсэж байна. Надад дээрэм хийхээр тохиролцсон, зодож цохих, хутга өгсөн асуудал байгаагүй. Анхан шатны шүүх хянаж хэлэлцэлгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй шийдсэнд харамсалтай байна. Анхнаасаа хулгай хийнэ гэсэн болохоос дээрэм хийнэ гэж тохироогүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Т- тус шүүх хуралдаанд  “Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ү.Г- өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Баяраа өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоол үндэслэлтэй байх зарчимд тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт бичиг техникийн алдаа гарсан байх. Нэмэлт ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай. Хавтас хэрэгт болон шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсанаар Ихбаяр, Энхбаяр гэх 2 залуу, 62-92 улсын дугаартай “Lexus RX” маркийн авто машины фото зураг авагдсан байдаг. Энэ машины эздийг шалгуулах шаардлагатай. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хүдэрчулуун гээд хохирогч байдаг. Нэгдүгээрт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн зөрж гүйцэтгэсэн асуудал харагддаг. Хоёрдугаарт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Энэ талаар хэн нэгэн хүнд хариуцуулахаар яллах дүгнэлт болон анхан шатны шүүхэд хэлэлцүүлэгдээд шийдээгүй юм. Үүнийг нэг мөр шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Мөн Ү.Г- нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа ба түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс хэргийг нэг мөр шийдэж, прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Т-гийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 дугаар хавтас хэргийн 21 дүгээр хуудаст, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн тоот ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шалгаж нэгтгэх талаар ажиллагаа хийсэнгүй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Н-ийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ү.Г- хувьд дээрмийн хэрэг хийнэ гэж бодоогүй, мэдээгүй гэж байна. Хэргийн үйл баримтаас харахад Ү.Г- нь Түмэнбаяртай нийлэн энэ гэмт хэргийг зохион байгуулж, улмаар бусад 4 шүүгдэгч нарт скоч, тасдагч, хутгыг нь бэлдэж өгч, мөн дээрээс нь хийх үйлдлийг нь зааж чиглүүлсэн байгаа. Тухайн үед манаач байрандаа байхгүй байгааг мэдэж байсан, зэвсэг хэрэглэнэ гэж тооцоолж бэлдэж өгсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн ялгаа нь илээр болон нууцаар, “хүч хэрэглэх” шинжээрээ ялгаатай. Тэгэхээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэнэ гэдгээ тооцоолж урьдчилан бэлдэж үйлдсэн гэж үзэж байна. Мөн хүндэвтэр хохирлын тухайд, хүндэвтэр хохирол учруулсан гэсэн тусдаа зүйл байхгүй. Хүндэвтэр хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж, хүч хэрэглэсний улмаас хүндэвтэр хохирол учирсан гэж прокурорын зүгээс үзэж, тусад нь зүйлчлээгүй. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх үзэхдээ, тухайн хэрэгт яллагдагчаар татагдаагүй байсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаагүй тохиолдолд гэмт хэргүүдийг нэгтгэн шалгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн яллагдагч эсвэл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж болно гэж заасан. Хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэн шалгах боломжгүй учраас тухайн үед нэгтгэн шалгаагүй юм. Ийм учраас анхан шатны шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ү.Г-, М.Э-, Т.Т-, Х.Т-, Г.Н-, Э.М- нарт холбогдох хэргийг хянаж, эцэслэн шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч М.Э-ын эрүүл мэндэд “сээрний 3, 4 дүгээр нугаламын арын сэртэн, зүүн 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар, дээд уруулд цус хуралт, дээд уруул, зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 404 дугаартай дүгнэлт /1 хх 230/, хохирогчийн мэдүүлэг, түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нарын холбогдож буй дээрмийн гэмт хэргээс гадна тухайн цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заасан бөгөөд шүүгдэгч нарт нэмж ял сонгох ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч Ү.Г- өмгөөлөгч О.Баяраагийн давж заалдсан гомдлоос “хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх ялгаж шийдвэрлээгүй” гэснээс бусад хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар тус хэргийг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлүүлэхээр томилсон атлаа өөр бүрэлдэхүүнээр буюу шүүгч Л.Галбадарыг оролцуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг ноцтой зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгааг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ү.Г-, М.Э-, Т.Т-, Х.Т-, Г.Н-, Э.М- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ү.Г-, М.Э-, Т.Т-, Х.Т-, Г.Н-, Э.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ