Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0081

 

 

 

 

 

 

 

 

 

“Е” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Е” ХХК

          Хариуцагч БОУАӨС

          Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖС-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0852 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б

          Хэргийн индекс: 128/2024/0193/3

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Е” ХХК нь БОУАӨС-д холбогдуулан “БОАЖС-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.  

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0852 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан БОАЖС-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай “Е” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Манай компанид ********* нэгж талбарын дугаар бүхий Х дүүргийн Ж-д байрлах 76023 м.кв талбай бүхий газрын БОАЖЯС-ын /хуучин нэрээр/ 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалаар “Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар ******* дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон.

Гэтэл БОАЖС нь НЗД, Улаанбаатар хотын захирагч нартай хамтарсан уулзалт хийж, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны ** дугаар тогтоол, 2023 оны ** дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг шинээр тогтоосонтой холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаартай тушаалаар газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Бид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд хүчингүй болохоор зохицуулсан. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй зэрэг байна.

Харин маргаан бүхий актад дээр дурдсан 2 эрх зүйн үндэслэлийн алийг нь ч үндэслээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлаагүй байна гэж маргасан.                  

Гэтэл шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.2 дахь хэсэгт “Харин дээрх шийдвэрүүдийн дагуу оруулсан мэдээллийн сан дахь хилийн цэсээр дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон үндэслэлээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон тушаалыг “газар ашиглах эрх хүчингүй болгох хуулийн заалтад үндэслээгүй, энэ нь хуульд үндэслэх зарчмыг хангаагүй” гэж хүчингүй болгуулахаар маргасан нэхэмжлэл үндэслэлгүй, захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэрээ хуульд үндэслэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.” гэсэн дүгнэлтийг өгсөн.

Дээрхээс үзвэл газар ашиглах эрх хүчингүй болгох хуулийн заалтад үндэслээгүй хэдий ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-т заасан “Тусгай хамгаалалттай газраас газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх” зохицуулалтад нийцэж нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар зөрчөөгүй буюу хууль ёсоор бол зөрчсөн гэж ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл бидний ******* дугаартай газар ашиглах гэрчилгээг А/*** дугаартай тушаалаар цуцлахдаа газар ашиглах эрх хүчингүй болгох хуулийн заалтад үндэслээгүй хэдий ч Тусгай хамгаалалттай газраас газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх ажлынхаа хүрээнд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль ёсоор зөрчсөн гэх агуулгатай тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бий болголоо.

Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 4.3 дахь хэсэгт “Байнгын хорооны 2022 оны * дугаар тогтоол, 2023 оны ** дугаар тогтоолоор “энэхүү хил заагийг мэдээллийн санд бүртгэж, мөрдөж ажиллахыг, нийслэлийн газар нутагт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх, тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүргийн засаг даргын захирамжаар эзэмших эрх авсан иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн гэрчилгээ олгож гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж шийдвэрлэх” үүргийг БОАЖС, НЗД-д өгсөн” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаартай тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэтэл бид уг хугацаанд мөн адил НЗД-д холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ************ нэгж талбарын дугаар бүхий Х дүүргийн Ж-д байрлах 76023 м.кв талбай бүхий бидний газар дээр давхардуулан газар олгосонтой холбоотой хэрэг маргаан давхар хянан шийдвэрлэгдэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл БОАЖС нь ************ нэгж талбарын дугаар бүхий Х дүүргийн Ж-д байрлах 76023 м.кв талбай бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болсон учраас газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд цуцлагдаж буй хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн гэрчилгээ олгож гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж шийдвэрлэх үүргийг БОАЖС, НЗД-д өгсөн байна. “Е” ХХК нь НЗД-д хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна гэх агуулгатай шүүхийн шийдвэр гарч, БОАЖС-ын бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаартай тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Гэтэл НЗД нь аль хэдийнээ бидний газар дээр давхардуулан “Ө” ХХК-д газар олгосон бөгөөд бид үүнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1-т “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасны дагуу энэхүү хэргийг “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох хэрэгтэй нэгтгэж шийдэх боломжтой байсан гэж үзэж байна.

Учир нь ийнхүү газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаартай тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээс шалтгаалан “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох хэргийн нэхэмжлэл гаргах үндэслэл болсон ********** нэгж талбарын дугаар бүхий Х дүүргийн Ж-д байрлах 76023 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхгүй болсон учраас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар асуудал үүсэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэж заасны дагуу дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх “Е” ХХК нь БОУАӨС-д холбогдуулан “БОАЖС-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. БОАЖС-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалаар[1] БОАЖЯ, БХБЯ болон НЗДТГ-ын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/*** дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/****, НЗД-ын 2023 оны 01/**** дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Ж ам болон Т аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан БОАЖС-ын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, хавсралтын 48-д “Е” ХХК-ийн Т аманд байрлах 76023 м.кв газрын газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... газар ашиглах гэрчилгээг А/*** дугаартай тушаалаар цуцлахдаа газар ашиглах эрх хүчингүй болгох хуулийн заалтад үндэслээгүй хэдий ч Тусгай хамгаалалттай газраас газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх ажлынхаа хүрээнд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль ёсоор зөрчсөн гэх агуулгатай тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бий болгосон... Маргаан бүхий газар дээр “Ө” ХХК-д давхардуулан газар олгосон бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэхүү хэргийг “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх боломжтой байсан...” хэмээн маргасан.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байх тул маргааны үндэслэлд хамаарах нотлох баримт цуглуулан, үнэлж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, БОАЖС-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дүгээр тушаалаар “Е” ХХК-д Х дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ж ам нэртэй газарт 76026 м.кв га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******** дугаартай гэрчилгээ олгожээ.

6. Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор[2] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, 10-т “Улсын Их Хурлын 1995 оны ** дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг тодруулж зурагласан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулж мөрдүүлэх, газар ашиглалтын харилцаа үүсээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулах”, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар “Тусгай хамгаалалтай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор[3] Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд 5 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож шийдвэрлэсэн байна. 

7. БХБС 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/**** дугаар албан бичгээр[4] Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны ** дугаар тогтоолын 10-т заасантай нийцүүлэн шийдвэрлүүлэх, ...газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэх талаар холбогдох байгууллагад хүргүүлжээ.

8. БОУАӨЯ-ны 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 05/**** дүгээр албан бичгээр[5] “Е” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглаж байсан талбайтай давхцуулан харуулсан сансрын зураг ирүүлсэн.

9. Дээрх сансрын зургаас харахад “Е” ХХК-ийн ашиглаж байсан газар нь Дархан цаазат газрын хил хязгаарыг тогтоосон газарт хамаарагдахгүй болсон бөгөөд БОАЖС-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр тушаалаар “Е” ХХК-д газар ашиглах эрх олгох үед УИХ-ын 1995 оны ** дугаар тогтоолын дагуу Дархан цаазат газрын хил хязгаарт багтаж байсан эсэх, ийнхүү тогтоолд өөрчлөлт ороогүй байхад хилийн цэст залруулга хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь үндэслэлтэй эсэх талаар холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байна.  

10. Ийнхүү хилийн заагт алдаа гарсныг зассан гэх боловч ямар алдаа байсныг хэрхэн зассан, энэ нь УИХ-ын 1995 оны ** дугаар тогтоолд өөрчлөлт ороогүй байхад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газрын мэдээллийн санд оруулсан гэх зураглал хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тус газар нь бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх талаар түүхчилсэн лавлагаа, сансрын ортофото зургуудыг нотлох баримтаар гаргуулах нь зүйтэй байна.

11. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай захирамжаар “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох “Ө” ХХК-д олгосон 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/**** тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаартай тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээс шалтгаалан “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох хэргийн нэхэмжлэл гаргах үндэслэл болсон *********** нэгж талбарын дугаар бүхий Х дүүргийн Ж байрлах 76023 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхгүй болсон учраас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар асуудал үүсэж байна” хэмээн маргасан нь дээрх “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох “Ө” ХХК-д олгосон 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/**** тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэх боломжтой байсан эсэх, уг маргаан ямар шатанд явж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбогдуулан нотлох баримт дээр тулгуурлан хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                           Н.ДОЛГОРСҮРЭН

              ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 31-32 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 49-50 хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 65-66 хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 132-133 хуудас