Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2021/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 315 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч А.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай нөхөр Баатарын Гантогтох нь Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 12 сарын 01 ний өдрийн А/96 тоот тушаалаар Дарви сумын хяналтын цэг дээр Коронавируст халдвар илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шуурхай багт нярав бөгөөд жолоочийн ажлаар томилолтоор 2020 оны 12 сарын 01 ний өдрөөс 2020 оны 12 сарын 09 ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа ажлын байршил буюу Дарви сумын хяналтын цэг дээр 2020 оны 12 сарын 09-ний өдөр амь насаа хохироосон байгаа нь тогтоогдсон боловч Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн үйлдвэрийн осолд тооцохгүй гэсэн дүгнэлтээс шалтгаалж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 -д заасан буцалтгүй тусламжийн аль нэгийн авч чадахгүй хохирч байгаа болно. Нөхөр маань гэртээ байсан бол нас барахгүй байсан байх яах аргагүй ажлын талбар дээрээ нас барсан тул 2021 оны 04 сарын 22 ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт буцалтгүй тусламж гаргуулах өргөдөл өгсөн боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан ба шүүхэд ханд гэсэн хариу амаар өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заавал үйлдвэрийн осолд тооцсон тохиолдолд буцалтгүй тусламжийг олгох ёстой гэж заагаагүй.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” журмын 1.4-д “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна” гэж заасан байгаагаас гадна Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж”-ийг ажиллаж байсан албан газраас олгохоор заасан.

Дээрх 2 хуулийн аль нэгийг давхардуулахгүйгээр уг тусламжийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус тул түүнийг хууль бус болохыг тогтоож, 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох тухай захиргааны акт гаргахыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт даалгаж өгнө үү.

Талийгаач нь хэдий амь насаа ямар шалтгааны улмаас хохироох болсон нь тогтоогдоогүй ч гэсэн гэртээ байгаагүй, ажил үүргээ гүйцэтгэх ажлын талбар дээрээ уг үйл явдал болсон, мөн 8 хоног томилолтонд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар буцалтгүй тусламж олгох боломжгүй гэж үзвэл Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар ар гэрт буцалтгүй тусламж олгох нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Иймд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 315 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газар даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга  шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талийгаач Б.Гантогтох нь манай байгууллагад 2012 оноос хойш ажиллаж байсан.

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/96 дугаар тушаалаар Ховд аймгийн Дарви сумын хяналтын постонд 8 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан. Үүнтэй холбоотой буцалтгүй тусламж авахад холбогдох баримт бүрдүүлэх ёстой ба баримт бичиг дутуу бүрдүүлж ирүүлсэн тул уг тэтгэмжийг олгох боломжгүй юм.

Гэхдээ бид тэтгэмж олгох талаар судалж аймгийн Онцгой комиссын дарга Б.Дүгэржав, Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт нарт хүсэлт тавьсан боловч хариу ирүүлээгүй.

Мөн Эрүүл мэндийн яамнаас тэтгэмж олгох эсэх талаар тодруулга авахад албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсныг гэрчлэх шийдвэр, үйлдвэрлэлийн ослын акт зэргийг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгсөн.

Манай байгууллагаас үйлдвэрлэлийн ослын акт үйлдэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэхэд үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй гээд үйлдвэрлэлийн ослын актыг батлаагүй. Иймд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандсан боловч үйлдвэрлэлийн ослын актыг батлаагүй.

Үйлдвэрлэлийн ослын актыг хуулийн дагуу баталж гаргах юм бол талийгаачийн ар гэрт буцалтгүй тусламж олгох боломжтой гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талийгаач Б.Гантогтохын хувьд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу Ховд аймгийн Дарви сумын хяналтын постонд албан үүргээ гүйцэтгэх явцдаа нас барсан. Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох журмыг судалж үзэхэд заавал үйлдвэрлэлийн ослын акт гарахыг шаардаагүй байдаг. Тийм учраас Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас талийгаачийн ар гэрт буцалтгүй тусламж олгох боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч А.Б нь 2021 оны 09 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь Б. Гантогтохын ар гэрт Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг Захиргааны ерөнхий хуулийн 37.2, 37.3 -д заасан үндэслэлийн дагуу олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож уг тусламж олгох захиргааны акт гаргахыг тухайн байгууллагад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2021 оны 10 сарын 14-ний өдөр “Б.Гантогтохын ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг тусламж олгох захиргааны акт гаргахыг даалгах” гэж, шүүх хуралдаанд “Эрүүл мэндийн газрын 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 315 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн хянан хэлэлцэж, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг  үнэлж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч дараах үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтын талаар:

1. Нэхэмжлэгч Б.Гантогтох, А.Б нар 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүл.

2. Б.Гантогтох нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 56 дугаар тушаалаар жолоочоор, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Б.Гантогтоход ажил хавсруулах тухай”Б/10 дугаар тушаалаар нярав, жолоочоор ажиллаж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

3. Б.Гантогтох Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Нэмэлт хүч дайчлан ажиллуулах тухай” А/96 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дарви сумын хяналтын цэг дээр Коронавируст/COVID-19/ цар тахлын халдварыг илрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хэсэгт томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 12 сарын 09-ний өдөр нас барсан.

4. Б.Гантогтохын нас барсан шалтгаан нөхцөлийг Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр[1] “... дүүжлэлтийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан” гэж тогтоожээ.

5.  Эрүүл мэндийн газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссоос “... Б.Гантогтохыг согтуугаар өөрийн биед гэмтэл учруулсан” гэх үндэслэлээр үйлдвэрлэлийн осолд орсонд тооцож, 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр акт[2] үйлдсэн.

6. Эрүүл мэндийн газрын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар албан бичгээр үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулах хүсэлтийг хүргүүлснийг  Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлснийг тус газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 21-06-038/16 дугаар дүгнэлт[3] гаргасан.

7. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 21-06-038/16 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч Эрүүл мэндийн газраас 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаж, тус газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05/698 дугаар албан бичгээр[4] “улсын байцаагчийн дүгнэлт хууль, дүрэмд нийцсэн” гэсэн хариуг өгчээ.

8. Б.Гантогтохын эхнэр А.Б 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн газарт хандан “нэг удаагийн буцалтгүй тусламж” олгохыг хүссэн өргөдлийг[5] гаргаж, өргөдлийн хариуг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 315 дугаар албан бичгээр[6] авсан.  

9. А.Б 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2021/00400 шийдвэрээр[7] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

  Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:

1. Б.Гантогтох нь Эрүүл мэндийн газарт нярав, жолоочоор ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагч, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6- заасан эрүүл мэндийн ажилтанд хамаарч байх ба албан томилолтоор ажиллаж байх хугацаандаа нас барсан байх тул түүний эхнэр А.Б нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2. Нэхэмжлэгчээс хариуцагч Эрүүл мэндийн байгууллагад гаргасан өргөдлийн хариуг хүлээн авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд тус шүүхэд хандаагүй байх ч уг хугацаанд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2021 оны 09 сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн яаманд тус тус хандсан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.  

3. Нэхэмжлэгчийн нөхөр Б.Гантогтохын нас барсан шалтгаан болон цар тахлын нөхцөлд албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь нас хохирсон талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжтой гэж маргаж, хариуцагчаас үйлдвэрлэлийн ослын актыг хүлээн зөвшөөрөөгүй шалтгаанаар буцалтгүй тусламж олгох нөхцөл бүрдээгүй гэж тайлбарлан маргаж байна.  

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно.” гэж, Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар тогтоолоор батлагдсан “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1-д заасан нийтлэг үндэслэлээс үзвэл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамаарахаас бусад төрийн албан хаагч албан үүрэг гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөхөөр байна.

 Нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “... Эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгоно.” гэж зааснаар буцалтгүй тусламж олгох боломжтой, дээрх хуульд үйлдвэрлэлийн ослыг тогтоосон байхыг шаардаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зорилгоос үзвэл үзвэл өмчийн хэлбэрээс үл хамааран ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар байна. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгохоор,  мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна., 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.”, 29.4-т “...Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргана.” гэж тус тус заажээ.

Мөн Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.2-д “... ажил ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах өртсөний улмаас амь насаа алдсан бол акт тогтооно...” гэжээ.

Дээрх хууль, дүрмийн зохицуулалтаас үзвэл үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэл нь нэгдүгээрт, осол болсон цаг хугацаа буюу ажил үүрэг гүйцэтгэж байх явцад хоёрдугаарт, тухайн ажлын онцлогоос хамаарсан үйлдвэрлэлийн хүчин зүйл буюу ажлын байрны орчин нөхцөл, тоног төхөөрөмж зэрэг зүйлийн үйлчлэлд өртсөн байхыг шаардана.

Иймд Б.Гантогтохын албан томилолтоор ажиллаж байх хугацаандаа амь насаа алдсан шалтгаан нөхцөл нь үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчээс дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй байна.

4. Ажлын байранд ажлын болон бус цагаар албан үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах гэх зэрэг тохиолдолд ажилтны эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд ослыг тогтоох, судлан бүртгэхийг ажил олгогч үүрэгжүүлсэн нь тухайн осолд орсон ажилтан, түүний ар гэр холбогдох  хуульд заасан баталгаагаар хангагдах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Иймд Б.Гантогтохын албан томилолтоор ажиллах хугацаанд амь насаа алдсан нь үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдоогүй байх тул түүний ар гэрт хуульд заасан үндэслэлээр буцалтгүй тусламж олгох үндэслэлгүй юм.

5. Нэхэмжлэгчээс үйлдвэрлэлийн ослын актыг хүлээн зөвшөөрөөгүй улсын байцаагчийн дүгнэлт гарч хүчин төгөлдөр болсоноос хойш буюу 2021 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр хариуцагчийг өөрийн эрх хэмжээний хүрээнд буцалтгүй тусламжийг олгох боломжтой гэж үзэж өргөдөл гаргаж, хариуг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 315 дугаар албан бичгээр хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “өргөдлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан ба шүүхэд ханд гэсэн хариуг амаар өгсөн” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.  

Учир нь хариуцагчаас Б.Гантогтохыг үйлдвэрлэлийн осолд орсон талаар акт баталгаажаагүй тохиолдолд буцалтгүй тусламж олгох санхүүжилтийг шийдвэрлүүлэх талаар холбогдох байгууллагад хүргүүлэх талаар боломжгүй байгаа талаар хариу хүргүүлсэн нь өргөдлийг шийдвэрлээгүй бус шийдвэрлэхгүй боломжгүй талаар хариу өгч шийдвэрлэсэнд тооцогдоно.

Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс тодруулснаар үйлдвэрлэлийн ослын акт баталгаажсан эсэхээс үл хамааран олгох боломжтой буцалтгүй тусламжийг  олгохоос татгалзсан хариу өгснийг хууль бус гэж маргасныг тэмдэглэж байна.   

Иймд хариуцагчаас буцалтгүй тусламж олгохгүй байгаа буюу олгох боломжгүй талаар хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн “Эрүүл мэндийн газрын 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 315 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн А.Б-ийн Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан  Эрүүл мэндийн газрын 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 315 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

[1] хавтас хэргийн 32-34 дэх талд

[2] хавтаст хэргийн 54 дэх талд

[3] хавтаст хэргийн 60 дахь талд

[4] хавтаст хэргийн 86-87 дахь талд

[5] хавтаст хэргийн 14 дэх талд

[6] хавтаст хэргийн 15 дахь талд

[7] хавтаст хэргийн 115-122 дахь талд