Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 159/2017/0004/З |
Дугаар | 238 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 238
А.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Адъяасүрэн нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0266 дугаар магадлалтай, А.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: 1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Баасансүрэнгийн “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай “Албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0266 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 13.1.5” гэсний дараа, “Цагдаагийн албаны тухай (2013 оны) хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Адъяасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1 Хэрэглэх ёстой Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.1.1, 26.1.2 заалтыг хэрэглээгүй.
2. Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэглэх ёсгүй 20 дугаар зүйлийн 20.1.3 заалтыг хэрэглэсэн.
3. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог хууль гэдгээ зүйл заалтаар тайлбарлаагүй.
4. Цагдаагийн албан хаагчийн хувьд сахилгын шийтгэл хүлээх нэмэлт зохицуулалттай байна гэдгээ үзүүлж тайлбарлаагүй зэргээс шалтгаалж хяналтын шатанд гомдол гаргах болсон юм.
Давж заалдах шатны шүүх нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулсан тухайд гэдэгтээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сараар хасуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэгдсэн байна. Харин тэрээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог хууль болон цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмээр шийтгэл хүлээх үндэслэл болсон байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол захиргааны шийтгэл хүлээхээс гадна, албан хаагчийн хувьд сахилгын шийтгэл хүлээх нэмэлт зохицуулалттай байна гэсэн. Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10 “ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг нэг жилийн хугацаагаар албанаас халах” гэж байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг бүр, түр ажлаас нь халах талаар ямар ч хуулинд байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 “нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ноогдуулж болохгүй” гэж заасан байхад цагдаагийн байгууллага давхардуулан шийтгэж байна. Цагдаагийн байгууллагаас өөр ингэж давхардуулан шийтгэдэг байгууллага Монголд байхгүй энэ утгаараа цагдаагийн байгууллагын сахилгын дүрэм нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчиж байна.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тушаалын хуулбарын гарчиг нь “Албанаас халах тухай” төгсгөл нь “халсугай” гэж байгаа боловч доторх заалт нь сахилгын зөрчлийн заалт байна гэх тухайд гэдэгтээ шүүгч энэ тушаал нь халах агуулгатай байгаа ч хариуцагчийн тайлбар болон маргаан бүхий актын хуулийн зохицуулалт зэргээс А.Баасансүрэнг цагдаагийн албанд нэг жилийн хугацаагаар эргэн орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ноогдуулсан байна гэжээ. Энэ тушаалын хуулбарт нэг жилийн хугацаагаар халлаа гэж байхгүй.
Хариуцагчийн тайлбарт чухам юу гэж байгааг бичээгүй хэлээгүй хариуцагчийн тайлбарт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ноогдуулсан тухай шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага эсхүл шүүхэд гаргаж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар л байгаа энэ тушаал нь албанаас халах агуулагатай гэсэн байтлаа халсан тушаал биш гэж байх юм.
Халсан биш сахилгын шийтгэл гээд байгаа юм бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг харгалзан дараах шийтгэлийг ноогдуулна.
26.1.1 сануулах,
26.1.2 цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20%- иар бууруулах,
26.1.3 нэг жилийн хугацаагаар албанаас халах гэсэн байна. Ажил албаныхаа талаар өчүүхэн ч зөрчил дутагдал гаргаагүй хүнийг халсан. Сахилгын шийтгэл гэж үзэж байгаа юм бол шийтгэлийн хугацааг дуусахаар нь ажилд нь оруулах ёстой. Энэ албанаас халах тухай тушаалын хуулбар нь цагдаагийн газрын даргын тушаал гэж байна. Гэтэл цагдаагийн газрын даргын гарын үсэг тамгагүй өөр хүний тамга гарын үсэгтэй байна. Гэтэл анхан шатны шүүх дээр гаргаагүй, байхгүй байсан цагдаагийн газрын даргын гарын үсэг тамгатай хуулбар шинээр гараад ирсэн. Энэ нь анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 заалтыг зөрчиж байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ гэсэн боловч ямар ч өөрчлөлт ороогүй. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13.1.5 гэсний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 гэж нэмж өөрчилж шийдвэрлэлээ гэсэн байна. Энэ 20.1.3 гэдэг заалт маргаан шийдвэрлэхэд ямар ч хамаагүй цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм журам зааврыг хэрхэн гаргаж, мөрдөх тухай л заасан заалт байна. Ийм учир энэ асуудлыг зохих хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай А.Баасансүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөв, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцжээ.
Маргаан бүхий тушаалаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэрээт хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Баасансүрэнг цагдаагийн албанаас халж, ахлагчийн бүрэлдэхүүнээс гаргаж, “цагдаагийн ахлах ахлагч” цолыг хураахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасантай нийцсэн, Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны захиргааны акт байна.
А.Баасансүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан нь захиргааны хариуцлага хүлээсэн шийтгэл, албаны шалгалтаар тус тус тогтоогджээ.
А.Баасансүрэн нь иргэний хувьд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасах арга хэмжээ авагдсан, харин цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар албанаас халах шийдвэр гарсан байна.
Үүнийг нэг зөрчилд 2 шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй.
Учир нь цагдаагийн алба хаагч нь төрийн албан хаагч, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, сахилгын дүрмийг чанд мөрдөж, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн ажиллах үүрэгтэй бөгөөд А.Баасансүрэнгийн гаргасан зөрчилд Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.10-д “Алба хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж тодорхой заасныг үндэслэн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
Мөн А.Баасансүрэнд ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон байх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан шаардлагыг хангасны зэрэгцээ мөн зүйлийн 26.2-т зааснаар хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан авах шаардлагагүй юм.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн “...давхардуулан шийтгэл ногдуулсан, ...албанаас халсан нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/-ийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0266 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ