Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 46

 

С-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 732 дугаар магадлалтай, 201301000141 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1970 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны  улмаас онц их хэмжээний хохирол учруулах”, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, С-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 40,000 нэгж буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд төлөхийг тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дугаар зүйлийн 3-т “Шүүх хуралдаанд энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан монгол хэл, бичиг мэдэхгүй этгээд оролцож байгаа бол түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулна” гэснийг зөрчиж өөрийг нь болон өмгөөлөгчийг оролцуулаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэхүйц байгаа. Мөн давж заалдах шатны шүүхин магадлалд шүүгдэгч С-гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж байсан шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, 39.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ шүүгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаагүй болно. С нийт 106,949,734 төгрөгийн хохирлоос 32,460,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг 2014, 2016 онд мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан бөгөөд үлдэх хохирлыг Иргэний хуульд заасны дагуу хохирогч нартай сайн дураар тохиролцож Баянзүрх дүүрэгт баригдаж буй орон сууцнаас хохирогч нар авахаар гэрээ хийсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо С-г бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэж, түүнд торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С нь удаа дараа шунахайн сэдэлтээр бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэм бурууд хэргийн зүйлчлэл, ял шийтгэл  тохирсон, мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт нотолбол зохих бүхий л байдлууд нотлогдсон. Шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ  анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жилээ хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад “хохирол төлж барагдуулах тухай гэрээ" гэх баримтыг үндэслэн торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тухайн шүүгдэгчийн асуудлыг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 10.2-т заасан үүргээ шүүгч биелүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагч С-г орчуулагчийн хамт оролцуулах талаар санал гаргасаар байхад шүүгдэгчийг орчуулагчгүй оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын  гаргасан гомдлыг үндэслэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгдэгч С-гийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаантай хамт явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 33.1 дүгээр зүйлийн 6, 10, 11 дэх заалтуудыг зөрчсөн, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг улсын яллагчийн гаргасан хүсэлтийн дагуу 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулсан атлаа 07 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн зэрэг мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх байдлаар арилгуулахаар буцаасан нь үндэслэл бүхий байна.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж хэргийг буцаах үндэслэл болгосон нь үндэслэлгүй тул хүчингүй болгох нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед шүүгдэгч С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсний дараа хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн шүүгдэгч С-г бусдад 138,449,734 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байтал анхан шатны шүүх хохирлын хэмжээг 106,949,734 төгрөг гэж бууруулан тогтоосон атлаа хохирлыг багасгасан үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тусгаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Д.М, Ж.Ж нарт учирсан хохиролд шүүгдэгч С-г буруутай эсэх талаар дүгнэлт өгөөгүй атлаа тэдгээр хохирогчид хохирол гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Үүнээс гадна шүүгдэгчийн холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж үзсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-т шүүхийн шийдвэр нь “удиртгал, тодорхойлох, тогтоох” хэсгүүдээс бүрдэх ба тогтоол боловсруулж гаргахад мөн зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 732 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН