Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

хохирогч Б.А,

шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Д-д холбогдох 2216002290002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Ж овогтой Р-н Д.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Д-н 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны захирагчийн албаны байранд хохирогч Б.А-н нүүрэнд олон удаа гараараа цохиж, зодон үүдэн нэг шүдний мултрал буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүгдэгч Р.Д нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны захирагчийн албаны байранд хохирогч Б.А-г зодож, үүдэн нэг шүдний мултрал буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Хохирогч Б.А-н шүүх хуралдаанд өгсөн “...Энэ залуу надтай хоёр ч удаагаа муудаж байна... Талын худаг гээд 7 километр газар очоод байж байсан чинь утас дуугараад авсан чинь Энхчимэг “...Д согтуу орж ирээд А, Э та хоёрыг ална, энд байгаа хуурамч дипломтой худлаа хүмүүсийг бүгдийг нь хөөнө би Засаг дарга болно...” гээд агсам тавиад болохгүй байна гэхээр нь хэсгийн төлөөлөгч Б руу залгаад “...би хөдөө явж байна...” гэж хэлсэн... Тэгэхээр нь 102 руу залга гэж хэлээд ажил дээр ирсэн чинь ажлаас бичиг хэрэг, эгчтэй нь хамт аваад гараад ирсэн. Би “...Д минь юу болж байна би чамд хийсэн гэм байхгүй шүү...” гэж хэлэх хооронд ална гээд заамдаад авсан. Тэр үед би өрөөсөн суга таягтай байсан. Тэгээд унахгүйн тул заамдаж авсан. Удаа дараа ийм зүйл болж байна...” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч Б.А-н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д намайг зүүн гараараа заамдаад баруун гараараа нүүрний зүүн шанаа орчим 5-6 удаа цохьсон... Одоо миний биед зовуурь байхгүй хүйтэн, халуун юм уухаар шүд л шаналгаатай байгаа, үүнээс үүдэлтэйгээр би 20-30 мянган төгрөгийн эм тариа л авч хэрэглэсэн, баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл Гуулин энэ хоёрын хооронд эмнэлэгт үзүүлэх, цагдаагийн байгууллага дээр ирж мэдүүлэг өгөх, шинжээч эмчид үзүүлэх гэсэн шалтгаанаар нийт 4 удаа ирж очиж байна. Приус-20 маркын машинаар явж байгаа бензин нийт 60 литр 167,000 төгрөг, эмийн 30,000 төгрөг, нийт 197,000 төгрөгийг Д-с авмаар байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/

3. Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хэсэг хугацааны дараа А дарга ирсэн. Дарга ирээд Д-д хандаж “...төр захиргааны байгууллага дээр агсам согтуу яагаад тавиад байгаа юм...” гэсэн. Гэтэл Д А-г эхлээд энгэр заам хэсгээс нь бариад авсан тэгэнгүүт дарга таягаа алдчихсан зөрүүлээд түүний энгэр заам хэсгээс барьсан. Д түүний толгой хэсэг рүү нь 1-2 байна уу нарийн мэдэхгүй байна ямар ч байсан цохисон А Д-г бол цохиогүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дүгээр тал/

4. Гэрч Ч.И-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Захиргааны үүдэн дээр Д Засаг даргатай таарсан. Тэгээд Засаг даргыг дагаад эргээд ороод ирсэн. Засаг дарга Д-д хандаж “...чи яагаад албан газар дээр хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ...” гэтэл “...хуц яадаг юм пизда минь...” гээд Засаг даргатай хэрэлдсэн... Тэгээд тэр 2 нэг нэгнийгээ заамдалцсан. Д Засаг даргын нүүрэн тус толгой руу нь түүнийг буланд шахаж байгаад баруун гараараа 3-4 удаа цохисон... Засаг даргын амнаас цус гарсан харагдсан... Д А даргыг толгой нүүр хэсэг рүү нь өөрийнхөө баруун гараар 3-4 удаа цохисон... Нүүрэн хэсэг толгойноос өөр газар луу цохиогүй Д нь түүнийг заамдсан байхдаа нааш цааш ганхуулаад байсан А дарга түүний таяг нь газар унасан байсан зогсож чадахгүй хана түших үед нь Д толгой руу нь 3-4 удаа цохисон өөр газар луу бол цохиогүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/

5. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаартай “...1. 2. Б.А-н биед өөрийн үзлэгээр доод үүдэн 1 шүдний 2-р зэргийн ганхалт, Гуулийн багийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудаст: Зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт, доод үүдэн 1 шүдний ганхалт. Нүүр ам судлалын эмчийн үзлэгт: Гэмтлийн гаралтай доод үүдэн 1 шүдний мултрал гэмтэл тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4.  Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.

5. Дээрх гэмтлүүдээс доод үүдэн 1 шүдний мултрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх нэмэлт дүгнэлт. /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/

6. Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нэгдүгээр зэргийн хөдөлгөөн гэдэг нь тухайн нэг шүд нь нэг тийш хөдлөхийг хэлнэ, хоёрдугаар зэргийн хөдөлгөөн гэдэг нь 2 тийшээ буюу урагшаа хойшоо ганхаж байхыг хэлнэ, намайг үзэхэд 2 тийш ганхаж байсан учир 2-р зэргийн хөдөлгөөн гэж бичсэн. Зүүн хөлөнд үе солиулах мэс засал хийлгэснээс өөр ямар нэгэн гэмтэл, шарх тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36 дугаар тал/

7. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №31 дугаартай “...зүүн шанаа тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй, доод уруул шалбарсан, цус гоожсон, доод үүдэн 1 шүд хөдлөсөн...” гэсэн мэдээлэлтэй хохирогч Б.А-д тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас. /хавтаст хэргийн 107 дугаар тал/  

8. Хүний их эмч А.У-н 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 40 минутад хохирогч Б.А-н биед үзлэг хийсэн “...зүүн шанаа тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй, доод уруул шалбарсан, цус гоожсон, доод үүдэн 1 шүд хөдөлсөн, өвчин эмзэглэл ихтэй...” гэсэн тодорхойлолт. /хавтаст хэргийн 108 дугаар тал/

9. Нүүр, амны эмч Я.Ц-н 2022 ооны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хохирогч Б.А-н биед үзлэг хийсэн “...шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй...” гэсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 42 дугаар тал/

10. Шүүгдэгч Р.Д-н шүүх хуралдаанд өгсөн “... өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөр байна... хохиролд 197,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

11. Шүүгдэгч Р.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би А-тай чи гар утсыг төлж өг, яагаад одоо болтол төлж өгөхгүй байгаа юм гэдэг байдлаар маргалдсан. А бид хоёр харилцан заамдалцсан. Би А-н нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 68 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Р.Д-н дээрх үйлдэл нь хүний биед санаатай халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101 дүгээр тал/, шүүгдэгч Р.Д нь хохирогч Б.А-д 197,000 (нэг зуун ерэн долоо мянга) төгрөгийн хохирол төлсөн ХААН банкны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт /хавтаст хэргийн 124 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаартай “... Р.Д нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Гуулин тосгоны оршин суугч болохыг тодорхойлов...” гэх агуулга бүхий тодорхойлолт /хавтаст хэргийн 102 дугаар тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын маягтын хуулбар /хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.А-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2  дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Р.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 197,000 (нэг зуун ерэн долоон мянга) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж овогтой Р-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-д 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Д-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 197,000 (нэг зуун ерэн долоон мянга) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.           

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА