Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

  

 

 

 

 

 

 

 

2023              01            25                                    2023/ШЦТ/118

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Б.Амармөрөн,

шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2209029062195 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, У.Х /регистрийн дугаар /, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотол төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

У.Х нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо караокед “эхнэрийн үснээс зулгаалаа” гэх шалтгаанаар Т.Т маргалдаж түүний үснээс гараараа зулгааж, газарт чирч эрүүл мэндэд нь зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос У.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Т.Түвшинжаргалын мэдүүлэг, шүүгдэгч У.Хын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч У.Х нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо караокед “эхнэрийн үснээс зулгаалаа” гэх шалтгаанаар Т.Тмаргалдаж түүний үснээс гараараа зулгааж, газарт чирч эрүүл мэндэд нь зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч У.Х нь хохирогч Т.Түвшинжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х мэдүүлсэн: “...Эхнэр нөхөр 2 манай караокед орж ирсэн. Эхнэр нь нэлээн согтуу руу байсан бөгөөд “би урьд нь 5.000 төгрөгөөр дуулдаг байсан” гээд маргаан үүсгэсэн. Тэгээд 1 шил архи, 1 цаг  авсан. Хэсэг хугацааны дараа тэр хүмүүсийн орсон өрөөнөөс чимээ гараад байхаар нь манай эхнэр юу болж байгааг шалгахаар орсон. Өрөөнөөс орилох чимээ гарахаар нь би өрөө рүү ороход тэр эмэгтэй манай эхнэрийг үг хэлээр доромжилж байсан. Нөхөр нь биднийг өрөөнөөс гаргаад тооцоогоо хийж байхад эхнэр нь гарч ирээд дахиад биднийг үг хэлээр доромжилж, амандаа байсан шар айргаа цацаж, шар айргийн шил шидсэн. Тэр үед нөхөр нь бас хамт биднийг доромжилсон. Тэгээд нөгөө эмэгтэй манай эхнэрийн үснээс зулгаасан. Миний ах тэр эмэгтэйг салгах гэж гараас нь барьсан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан...” гэв.

шүүгдэгч У.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Манай эхнэр тухайн эмэгтэйтэй үсдэлцээд тухайн махлаг эмэгтэй нь унахдаа үсэдсэн чигээрээ манай эхнэрийн үснээс нь зулгаасан тэгээд манай эхнэр Номин-Эрдэнэ бас үсдээд байсан тэгээд ах Ууганбаяр бид хоёр салгах гэж тухайн эмэгтэйн гараас татсан чинь манай эхнэрийн үснээс гартаа хийгээд ороогоод татаад байсан нөхрийг нь эхнэрийн төрсөн ах газар хэвтүүлж дарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,

 

хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 02 цагийн үед Соёмбо караокены эзэн гэх хар өнгийн цамц, куртиктэй байсан тэр нь эхлээд миний зүүн чамархай хэсгийн үсийг гараараа ороож татаад газар унагаангуут эмэгтэй нь ирээд миний дээр гараад зодоод байсан би буугаач ээ гэхэд тэр эмэгтэй дуугүй бай гичий минь гэж хэлсэн бас саравчтай малгайтай залуу нэг залуу нь миний гаран дээр суучхаад босохгүй байсан тэгээд хар өнгийн цамц, куртиктэй залуу миний үсийг зулгаагаад нэг удаа 5-10м орчим газар чирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №14008 тоот актын “…Т.Т биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт баруун дунд хуруу, зүүн сарвууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 38-39/,

 

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-14/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч У.Хын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо караокед “эхнэрийн үснээс зулгаалаа” гэх шалтгаанаар Т.Тмаргалдаж түүний үснээс гараараа зулгааж, газарт чирч эрүүл мэндэд нь зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч У.Хын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч У.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч У.Хын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд энэ тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь гар утасны төлбөр гэж 180.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан СД бичлэгээс харахад хохирогч нь өөрийн утсаа шидэж эвдэлсэн болох нь харагдаж байна.

Иймд хохирогчийн 180.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Уламсайханы Хосбаярыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч У.Хт энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. 

 

4.Шүүгдэгч У.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР