Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

 

 

 

 

2023          01          25                                  2023/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан эрүүгийн 2202000000422 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, М.Х /регистрийн дугаар ....../, .... суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “.....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, ....тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          М.Хнь ....... нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж “.....” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Бямба-Эрдэнийн хамаарал бүхий “....... нартай” ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд 195.564.832 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 6.000.000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 19.556.483 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “.....” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт үйлдэлд байнга тогтвортой хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос М.Хүрэлчулууны үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөрийн мэдүүлэг, шүүгдэгч М.Хүрэлчулууны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Хнь санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашигласан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч М.Хнь санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашигласан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Хмэдүүлсэн: “...2021 оны тайланг "......."ХХК-аас 190.000.000 төгрөгийн борлуулалт хийсэн гэж хуурамч тайлан гаргаж өгсөн. Манай компани мэргэжлийн нягтлангүй гэрээт нягтлан бодогчоор сар болгоны тайлангаа хянуулдаг байсан. Миний бие эдийн засгийн талаар мэдлэг тааруу учир ийм гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

шүүгдэгч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2021 онд “.......” ХХК нь татварт НӨАТ-ын өр төлбөр байсан бөгөөд хүмүүсийн дам ярианаас НӨАТ-ын падааныг худалдан борлуулдаг талаар олж мэдсэн. Тухайн үед М гэдэг хүнтэй холбогдож нийт НӨАТ-ын 3 хувьд ногдох үнийн дүнгээр НӨАТ аж ахуйн нэгжээс шивэх боломжтой гэхээр  Сам Ог ХХК-ийн НӨАТ-ын өрийг тэглэх, компанийн ашиг сонирхлын өмнөөс худалдан авсан юм. Мөн хуурамч НӨАТ-ын падаан шивүүлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд НӨАТ-ын буцаалт хийгээгүй байсан бөгөөд НӨАТ-ын буцаалтаа өнөөдрийн байдлаар хийчихсэн тухайн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Одоо манай компанийн өглөг дээр бүртгэгдсэн байгаа. ...Би тухайн компаниас бараа бүтээгдэхүүн худалдан аваагүй бөгөөд “Сам Ог” ХХК-ийг татварын өргүй болгохын тулд “.......” ХХК-аас бараа, үйлчилгээ, материал худалдан авсан мэтээр падаан 6.100.000 төгрөгөөр 195.564.832 төгрөгийн падааныг худалдан авсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-н 205-206/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ““.......” ХХК-аас худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланг дараах аж ахуйн нэгжүүд илгээсэн байсан. Компани тус бүрээр улсад төлөх татварын хэмжээг авч үзвэл “.....” ХХК нь 19.584.832 төгрөг, ““.....”” ХХК нь 7.227.272 төгрөг, ““.....”” ХХК нь 6.095.050 төгрөг, ““.....”” ХХК 2,954,982 төгрөг, “.....”” ХХК 19.000 төгрөг, ““.....”” ХХК 1.374.160 төгрөг, ““.....”” ХХК 27.247.536 төгрөг ““.....”” ХХК 12.122.750 төгрөг төлөхөөр байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 15/,

 

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөн гэж үзнэ. Цахим төлбөрийн баримтын системд борлуулагч тал худалдан борлуулсан талаараа бүртгэж худалдан авагч, борлуулагч хоёр тал хоёул татварын байгууллагад худалдан авалт хийсэн, борлуулалт хийсэн талаараа тайлагнадаг. НӨАТ-ийн И-баримт нь цахим төлбөрийн баримт мөн болох нь HӨAT-ийн тухай хуулийн 4.1.13 заасан тодорхойлолтод тусгасан байгаа..." гэсэн мэдүүлэг /1хх-н 44/,

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдаагийн байгууллагад Хүрэлчулуун захирал дуудагдсан цагаас хойш би мэдсэн. Тухайн асуудлын талаар Хүрэлчулуунаас асуухад татварт өртэй байсан учир “.......” ХХК-аас бага дүнгээр НӨАТ-ын падаан худалдан авсан. Тухайн компаниас бараа бүтээгдэхүүн бодитоор худалдаж авч байгаагүй байсан. Тухайн улсад төвлөрүүлэх татварыг барагдуулахын тулд манай компанийн зүгээс Татварын ерөнхий газарт хүсэлт илгээн буцаалт, засвар хийсэн. “.......” ХХК нь баталгаажуулсан тохиолдолд улсад төлбөл зохих татварын ер төлбөр эргэн манай компани дээр бүртгэгдэнэ..." гэсэн мэдүүлэг /1хх-н 91-92/,

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 37/,

Хаан банкны дансны хуулга /2хх-н 38, 48-53/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Х нь ....... нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, бие биеийнхээ үйлдлийг үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж “.....” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор С.Б хамаарал бүхий “.......” ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд 195.564.832 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг 6.000.000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 19.556.483 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “.....” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт үйлдэлд байнга тогтвортой хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч М.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 5.400 нэгжээр торгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

 

Шүүгдэгч М.Х дээрх үйлдлийн улмаас хохирогч 19.556.483 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 19.556.483 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Х Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Х 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Х нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Хнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч М.Хнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х 19.556.483 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгосугай.

 

7.Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 647 дугаартай ““....” ХХК-ийн өмчлөлийн хувьцаа болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР