Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

  

 

 

 

 

 

 

 

2023          01          25                                        2023/ШЦТ/117

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Жанерке,

иргэдийн төлөөлөгч Э.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Цогтмагнай,

хохирогч, шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

хохирогч, шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан эрүүгийн 2209007491866 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, .... өдөр ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.У /регистрийн дугаар /,

 

2.Монгол Улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Г /регистрийн дугаар /,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Г.У нь 2022 оны 3 дугаар сарын 08-наас 2022 оны 3 дугаар сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 дугаар байрны 1 давхар орц дотор өөрийн эхнэр Э.Б болон найз Ө.Х нарыг өмөөрч бусадтай маргалдан улмаар Н.Г эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан хэвлийн тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж эрүүл мэндэд нь цээж хэвлийн хөндийд нэвтэрсэн зүсэгдсэн шарх, дэлүү, зүүн уушги доод дэлбэнд зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн дэх цус, баруун, зүүн бугалгад зулгаралт гэмтлүүд бүхий амь насанд аюултай гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Н.Г нь 2022 оны 3 дугаар сарын 08-наас 2022 оны 3 дугаар сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 дугаар байрны 1 давхар орц дотор өөрийн эгч Н.Б өмөөрч бусадтай маргалдан улмаар Г.Уын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, бүсэлхий, дээд уруул, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт, дух, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Н.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, шүүгдэгч Н.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцогдон авсан СиДи 1 ширхэгт бичигдсэн камерын бичлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар зэргээр шүүгдэгч Г.У нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Унь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би тухайн тогтоолтой уншиж танилцлаа. Тус тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй байна. Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна... шар алаг иштэй хутга байсан. Манай гэрийн хоол хийдэг хутгаар хутгалсан. Би хохирлоо барагдуулна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 178-179/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Г мэдүүлсэн: “...Дэлүүгээ авхуулсан, гэдсээрээ дүүрэн оёотой байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас ажлаа хийж чадахгүй байна. Хүнд юм өргөж болохгүй гэсэн. Эмчилгээнд 19.000.000 төгрөг зарцуулсан, үүнээс 2.000.000 төгрөг төлсөн. Баримт өгдөггүй газраас эмчилгээтэй холбоотой юм авсан...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр эгч Н.Батцэцэгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр хүргэн ах Б.Ариунболд, ах н.Эрдэнэбилэг, н.Лхагваа, манай эхнэр Н.Мөнхзаяа нар байсан ба бид нар эгчийн төрсөн өдрийг тэмдэглээд гэртээ орох гэж байхад орцны гадаа байрны жижүүр эмэгтэй хэрүүл хийгээд байсан. Тэгээд би жижүүрийн хаалгыг татаад орох гэхэд хаалгаа онгойлгохгүй байхаар нь би буцаж орцоор гарах гээд явж байхад араас жижүүрийн нөхөр ирээд хутгалсан. Тэгээд би тухайн залуутай зууралдаад шат руу унасан. Тэгэхэд манай хэд ирээд намайг салгаад аваад явсан. Миний нуруу хэсэгт эхлээд хутгалсан. Дараа нь миний цээжний зүүн хэсгийг хутгаар ярсан. Тэгээд надаас их хэмжээний цус гарсан ба би ноцолдож байхад манай хэд салгаад эмнэлэг рүү авч явсан. Намайг хутгалсан хутга нь бор шаргал иштэй хутга байсан. Би хутгалуулснаас болж хэвлийн хагалгаанд орж уушгиа оёулсан, дэлүүгээ авхуулсан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан... Надтай хамт явж байсан ах нар зодсон зүйл байхгүй. Бүгд хутгыг нь салгаад бариад байж байгаад цагдаад өгсөн гэж хэлсэн. Г.У нь намайг хутгалчхаад надтай хамт газар унасан... Манай эгч Н.Батцэцэг, орцны жижүүртэй хамт байсан эмэгтэйтэй үсдэлцсэн гэж ярьж байсан. Жижүүртэй муудалцаж үсдэлцсэн зүйл байхгүй. Бид нар гэр рүүгээ орох гэхэд жижүүр эмэгтэй болон түүний найз нь байр руу оруулахгүй гэж согтуурхаж хэрүүл маргаан болсноос болж маргаан үүссэн. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Би эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ. Би эмчилгээнд зарцуулсан баримтаа авчирч өгч нэхэмжилнэ. Би тухайн үед цоохор срочка, савхин куртиктэй байсан. Миний тухайн үед өмсөж байсан хувцсыг шатаачихсан. Одоо байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

 

гэрч Ө.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Э.Б хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 дугаар байрны гэрт очсон. Тэгээд найз Э.Б хамт нэг шилтэй вино уусан. Тэгээд би гадаа тамхи татаж байтал хүмүүс бархиралдаад байсан. Тэгэхээр нь би “Чимээгүй бай, хүмүүс амарч байна” гэхэд тухайн хүмүүс нь бархирч дайраад байсан. Тэгээд хэрэлдэж маргалдаж байтал булган шубтэй эмэгтэй хүн нь надтай муудалцаад тухайн эмэгтэй нь намайг үстэж газар дараад нүүр хэсэг рүү өшиглөсөн. Гэтэл араас нь дахин урт үстэй эмэгтэй ирээд намайг үстсэн. Тэр үед манай найз Э.Бгарч ирсэн ба тэнд байсан 2-3 эмэгтэй бүгд дайраад үстээд байсан. Тэр үед Э.Б нөхөр Г.У гарч ирсэн ба “Та нар боль” гээд салгах гэж байгаад тэнд байсан эрэгтэй хүмүүстэй маргалдаад тэд нар нь нийлээд Г.Уыг зодсон... Тухайн хүмүүс нь бид нарыг “Та нар ядуу болохоор орцны жижүүр хийж байна. Бид нар бол баян” гэж маш муухайгаар доромжилсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны орой 0000 цагийн орчим манай найз Ө.Халиунаа гэрт байж байгаад “Найзуудтайгаа уулзахаар явлаа” гээд гарсан. Би хүүхдээ унтуулах гээд коридортой байж байхад манай найз Э.Халиунааг гадна дэлгүүрийн үүдэнд үсдээд, чирээд зодож байсан. Тэгэхээр нь би болиулах гээд очиж “Та нар яагаад олуулаа нэг хүн рүү дайраад байгаа юм” гэхэд “Орцны жижүүр байж юу хуцаад байгаа юм, хүүхдийн мөнгө чинь хангалтгүй байна уу, орцны чинь мөнгө илүүдээд байна уу” гэх зэргээр доромжилсон. Тэгээд Э.Халиунааг дахиад үсдэхээр нь би болиулж байхад урт пальтотой эмэгтэй намайг үсдээд цохисон. Тэгэхээр нь би “Та нар битгий ингээд дайраад бай” гэхэд “Чи энэ байрны хэдэн давхар, хэдэн тоотод амьдардаг юм” гэсэн. Тэгэхээр нь би “Энэ байрыг хариуцдаг юм” гэж хэлсэн. Тэгээд салаад учир зүйгээ олоод байж байхад манай гэр лүү хүн орж байхыг би хараад араас нь очиход уг хүн нь манай гэрт ороод манай нөхрийг цохиж байсан. Тэгэхэд уг өндөр залууг 2-3 залуучууд орж ирээд аваад гарсан. Тэгэхээр нь би гараад уг хүмүүст хандаж “Цагдаа дуудлаа” гэхэд уг хүмүүс гадна талд орилоод хашхираад байсан ба би утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэхэд миний гар утсыг тэр өндөр залуу нь унагааж эвдсэн. Тэгээд миний гар утсыг унагаагаад уг залуучууд гадна талд орилолдож байхад манай нөхөр Г.У гэрээс гарч ирээд уг залуучуудтай маргалдаж байхад өндөр залуу нь Г.Уыг цохиод авсан. Тэгэхэд нь би болиулаад нөхрөө “Гэртээ ор” гэхэд манай нөхөр гэртээ орсон. Тэгээд би “Больцгоо, одоо маргалдаад яах вэ” гэхэд уг залуучууд надад хандаж “Цагдаагаа дууд, байрныхаа эзнийг дууд, та нар наанаасаа гараад ир л дээ” гээд орилоод байсан. Тэгэхэд уг байрнаас эрэгтэй эмэгтэй 2 хүн гарч ирсэн... Г.У гарч ирээд уг хүмүүстэй зодолдсон. Хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдээ оруулж тавьчхаад гараад ирэхэд манай нөхөр шатны доод талд эвхрээд унасан байж байсан. Мөн уг өндөр залуу нь манай нөхрийн гарт байсан хутгыг цэнхэр өнгийн цамцаар ороогоод татаад булааж авч байсан. Тэгээд уг хутгыг шар пальтотой эрэгтэй нь аваад паарны ард талаар хийж байсан. Тэгээд би уг хүмүүсийг “Больцгоо” гээд нөхөр лүүгээ очоод нөхрөө авах гэхэд уг хүмүүс “Манай найзыг хутгалчихлаа” гээд манай нөхрийг дээрээс нь очиж нэг нэгээрээ өшиглөөд байсан. ...Манай нөхөр гэрээс хутга авч гарч ирээд Н.Г руу дайрахад нь би гараас нь татсан. Тэгсэн манай нөхөр газар уначихсан ба тухайн үед манай хүүхэд уйлаад Э.Халиунаа тэвэрчихсэн зогсож байхаар нь би хүүхдээ аваад гэр рүүгээ орсон... Г.Уыг анх гэртээ байж байхад Н.Г орж ирээд толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд дараа нь орцон дотор шатны доод хэсэгт Н.Г нь толгой руу нь бас өшиглөөд байсан. Тэгэхээр би Н.Г Г.Уын биед учирсан гэмтлийг үүсгэсэн гэж бодож байна. Г.У бор шаргал иштэй хутга авч гарсан. Манай гэрт угаасаа ганцхан л хутга байдаг..." гэсэн мэдүүлэг /хх-н 56-57, 60-61/,

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...эхнэрээ машинд суулгачхаад буцаад ирэхэд Н.Г миний урд талаас “ахаа би хутгалуулчихлаа” гээд гараад ирсэн. Тэгэхээр нь би “хэн хутгалав, яав ийв” гээд орц руу гүйгээд ороход шатны доор нэг залуу хэвтэж байсан ба уг хүн рүү Д.Д, Э.Л нар тэр хүн рүү заагаад “энэ хутгалсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадагшаа гарахдаа “наад хүнээ битгий явуулаарай” гээд би гарсан. Тэгээд би “хутга нь хаана байна” гэж асуухад манай найз Э.Лхэлэхдээ “би хутгыг нь булаагаад паарны ард талаар хийчихсэн” гэж хэлсэн. Тэгээд намайг харахад паарны ард талд хутганы иш харагдаж байсан. Тэгээд намайг гадагшаа гарахад Н.Г орцны үүдэнд хэвтчихсэн дуу нь суларсан байсан. Тэгээд бид нар түргэн тусламж дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 67/,

 

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...үүдний хэсэгт шатны доор Н.Г ах болон жижүүр ах нар газарт хэвтсэн байсан ба доор нь Н.Г ах байсан. Тэгээд харахад жижүүрийн баруун талын гарт нь 25 сантиметр орчим урттай шардуу мөртөө бор хээтэй хутга байсан. Тэгэхэд нь би жижүүрийг цааш нь түлхэхэд жижүүр цаашаа өнхрөхөөр нь хамт байсан ах Э.Л хутгыг гартай нь цуг бариад намайг уг хутгыг ав гэж хэлсэн. Тэгэхэд жижүүр хутгаа тавихгүй байхаар нь махийлгаж байгаад авсан. Э.Лах хутгыг надаас аваад паарны ард талаар хийсэн. Тэгээд Д.Д, Б.А нар Н.Г ахыг өргөж аваад гадагшаа гарсан. Тэгэхэд л би хутгалсан гэдгийг мэдсэн. Н.Г ахын ар нуруу болон урд хэсгээс нь бага зэрэг цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 73/,

 

Гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Намайг орцны хаалгаар ороход Д.Д, Н.О нар байсан ба шалан дээр Н.Г нөгөө залуутай зууралдсан хэвтэж байсан. Н.Г дээд талд нь байсан ба нөгөө Г.У гэх залуу нь Н.Гдоор нь хөлөөрөө биеийг нь ороосон байдалтай байж байсан. Би очоод жижүүр гэх залуугийн хөлийг тавиулсан. Н.Гбиеийг маш их хүчтэйгээр хөлөөрөө ороосон байсан. Би арай хийж хөлийг нь тавиулсан. Тэгээд би хутгыг нь жижүүр гэх залуугийн гараас нь булааж авсан. Энэ үед Н.О мөн хутганы ирэн дээрээс нь барьсан байж байсан. Тэгээд би хутгыг булааж авахад хутга нь мурийсан байдалтай байж байсан. Тэгээд би Н.Г босгоод хутгыг нь хийх газар олдохгүй болохоор нь паарны ард талаар хийсэн. Уг залуу шатан доор хэвтсэн байдалтай үлдсэн. Н.Гжижүүр гэх залуу л гэмтээсэн гэж бодож байгаа. Намайг орц руу ороход жижүүр гэх залуугийн гарт хутга байхыг би харсан. Би архи уусан байсан. Гэхдээ өөрийгөө удирдан залах чадвартай байсан. Гадна тамхи татаад зогсож байсан эмэгтэй Н.Б гэдэс рүү өшиглөснөөс болоод Н.Г бухимдсан байсан. Тэрнээс л хэрүүл эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 76/,

 

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Н.Г ах дотогшоо орох гээд байхаар нь би гадагш нь гаргаад машиндаа сууж байхад Н.Г ах буцаад гүйгээд орж байхыг нь хараад араас нь гүйгээд ороход Н.Г ах шатны доод талд жижүүр залууг доороо хийгээд дарчихсан 2 гараараа хутгатай гарыг нь барьсан байж байсан. Намайг дөхөөд очиход Н.Г ах “Ахыг нь хутгалчихлаа” гэж хэлээд Н.О хандаж “Ахын дүү наадах чинь хутгатай байна шүү” гэж хэлсэн. Тэгэхэд уг хутганы бариул нь хугарсан байсан ба Н.Г ах жижүүрийн гартай нь хамт давхар барьчихсан байж байсан. Дараа нь Н.О ах хутгыг нь булааж авсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 78-79/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №4321 тоот актын “…Н.Гбиед цээж хэвлийн хөндийд нэвтэрсэн зүсэгдсэн шарх, дэлүү, зүүн уушги доод дэлбэнд зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн дэх цус, баруун, зүүн бугалгад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. ...Дээрх гэмтлүүд нь 7-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 30%-аар тогтонги алдагдана...“ гэх дүгнэлт /хх-н 96-97/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар,   

 

Шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би тухайн тогтоолтой уншиж танилцлаа. Тус тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй байна. Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдэлдээ маргаан байхгүй... Би одоогоор баримтаа гаргаагүй. Эмчилгээний зардал гарсан мөнгийг нэхэмжилнэ. Тухайн баримтуудаа прокурорын шатанд гаргаж өгнө. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчийн нэхэмжлэх хохирлыг барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-н 188-189/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.У мэдүүлсэн: “...Гомдол санал байхгүй. Учирсан гэмтэл одоо эдгэрсэн, зүгээр болсон...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 08-ны орой 23.00 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 216 дугаар байрны 7 давхарт байдаг ах манай гэрт 1 шил 0,75 грамм “Хараа” нэртэй архи авч орж ирээд уусан. Тухайн үед манай эхнэр Э.Б орцны жижүүр хийдэг байсан ба манай гэрт эхнэр Э.Б, Ө.Х, 7 давхрын айлын хоёр ах /нэрийг нь мэдэхгүй/ бид 3 архиа уусан ба эхнэр, Ө.Х хоёрт тухайн ах вино авч өгөөд тэр 2 вино ууцгаасан. Тэгээд Ө.Х “Явлаа” гэж гарсан ба 7 давхраас орж ирсэн ахын нэг нь Ө.Х гарсан. Тэгээд байж байтал манай эхнэр “Ө.Халиунаа байрны гадаа хүмүүстэй муудалцаад байна” гээд араас нь хүүхдээ тэврээд гарсан. Тэгээд эргэж орж ирээд “Хүүгээ авч бай, Ө.Х нөгөө муудалцсан хүмүүс нь аваад явчихлаа” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би хүүхдээ аваад байж байтал манай эхнэр бас “Үсдүүлчихлээ” гээд уурлаад ороод ирсэн. Энэ хооронд Ө.Х хамт байсан залуу нь орж ирээд надтай хамт байсан залууг дагуулаад гараад явсан. Би гэртээ байж байхад гаднаас Н.Г гэх залуу орж ирээд шууд миний нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгсэн араас нь 2 найз нь орж ирээд Н.Гантулгыг аваад гарсан. Тэгэхээр нь би гутлаа өмсөөд араас нь гараад хаалга дээр Н.Гтай муудалцаж хаалганы завсраар хоёр биеэ цохилцсон. Тэгэхэд миний гар цус болчихсон байсан ба би буцаж гэртээ ороод гарынхаа цусыг арилгаад ширээн дээр шар алаг иштэй хутга байхаар нь авч гараад байрныхаа хоёр дахь хаалган дээр очиход эхнэр Э.Бминий зүүн гараас татаад тавьсан. Тэр үед Н.Г миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би нүүрээ бариад доошоо хэвтсэн ба намайг Н.Г нь камераас холдуулж шатны доор зодсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №4035 тоот актын “…Г.Уын биед тархи доргилт, бүсэлхий, дээд уруул, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт, дух, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-н 101-102/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-14/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-23/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Уын 2022 оны 3 дугаар сарын 08-наас 2022 оны 3 дугаар сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 дугаар байрны 1 давхар орц дотор өөрийн эхнэр Э.Бболон найз Ө.Хнарыг өмөөрч бусадтай маргалдан улмаар Н.Гэрүүл мэндийн халдашгүй байдалд халдан хэвлийн тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж эрүүл мэндэд нь цээж хэвлийн хөндийд нэвтэрсэн зүсэгдсэн шарх, дэлүү, зүүн уушги доод дэлбэнд зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн дэх цус, баруун, зүүн бугалгад зулгаралт гэмтлүүд бүхий амь насанд аюултай гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Н.Г2022 оны 3 дугаар сарын 08-наас 2022 оны 3 дугаар сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 дугаар байрны 1 давхар орц дотор өөрийн эгч Н.Бөмөөрч бусадтай маргалдан улмаар Г.Уын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, бүсэлхий, дээд уруул, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт, дух, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос Г.У, Н.Г нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Э.П “Шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Г.У, Н.Г нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэдгээр нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, мөн тэдгээрийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

Шүүх шүүгдэгч Н.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Н.Г нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Бусад асуудлын талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г нь хавтаст хэргийн 139 дүгээр талд авагдсан баримтаар 11.845.777 төгрөгийн хагалгаа хийлгэсэн ба эрүүл мэндийн даатгалаас 10.068.910 төгрөгийг гаргаж, үлдэгдэл 1.776.867 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн байх тул шүүгдэгч Г.Уаас 1.776.867 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гд олгож шийдвэрлэв.

Харин хохирогч Г.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Г.У, Н.Г нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.У болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Г.У нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 1.776.867 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Н.У, Н.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, шар өнгийн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.У Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Уыг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож сольдог болохыг тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Г.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, ялтан Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                                               

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                                Д.ДАРЬСҮРЭН