Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

 

 

2023          01          23                                        2023/ШЦТ/106

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Жанерке,

          улсын яллагч Б.Оргилболд,

          шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан эрүүгийн 2209029232215 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Б.Х /регистрийн дугаар /, ....Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, ..... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

            Б.Хнь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила орон сууцны 5 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Икигая” нэртэй ресторанд менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 07 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тус рестораны дансанд орох ёстой байсан үйлчлүүлэгчийн өгсөн төлбөр тооцоо болох 3.564.391 төгрөгийг өөрийн “Хас банк”-ны ..... дугаарын дансаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Хүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Хнь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила орон сууцны 5 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Икигая” нэртэй ресторанд менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 07 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тус рестораны дансанд орох ёстой байсан үйлчлүүлэгчийн өгсөн төлбөр тооцоо болох 3.564.391 төгрөгийг өөрийн “Хас банк”-ны ..... дугаарын дансаар шилжүүлэн авч завшсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Хнь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу байгууллагаас 3.564.391 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хмэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

шүүгдэгч Б.Хмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 5, 6 дугаар сарын үеэр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Икигая нэртэй ресторанд менежерээр ажилд орж байсан. Миний албан тушаал буюу менежерийн хийж гүйцэтгэх хариуцах ажил гэвэл рестораны үйлчилгээг хариуцдаг байсан. Ажиллах хугацаандаа би байгууллагын орлогоос 2.800.000 орчим төгрөгөөр мөн 700,000 орчим төгрөг хувьдаа авч ашиглаж байсан. Нийтдээ 3.500.000 орчим төгрөгийг би хувьдаа авч ашигласан. Энэ нь ямар учиртай орлогын мөнгө вэ гэвэл манай ресторанд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийн төлбөр тооцооны мөнгө юм. Тухайн мөнгийг би үйлчлүүлэгчээс нэхэмжлэхдээ өөрийн хувийн данс буюу Хас банкны ..... тоот дансаараа хүлээж авч байсан. Тухайн мөнгийг би өсгөх санаатай онлайнаар бооцоо буюу бет тавьж бүгдийг нь алдчихсан. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 125/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир центрийн 302 тоотод байрлах Фьюжн ХХК-д анх байгуулагдсан цагаас нь буюу 2018 оны 10 дугаар сараас хойш Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай компани рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила орон сууцны 5 дугаар давхарт "ikigai" нэртэй рестораныг ажиллуулж байна. 2022 оны 05 дугаар сарын 07-ний өдрөөс Бямбасүрэн овогтой Хишигбаатарыг тус рестораны менежерээр томилон ажиллуулсан. Б.Хнь менежерийн ажлаа хэвийн хийж гүйцэтгэж байгаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс өвчин туссан гэх шалтгаанаар 7 хоногийн хугацаатай ажлаас чөлөө авч явсан. Уг өдрөөс хойш одоог хүртэлх хугацаанд ажилдаа огт эргэж ирээгүй, сураггүй алга болсон. Гэтэл Б.Хнь рестораны менежерээр ажиллах хугацаандаа ресторанд үйлчлүүлэгчдийн төлбөр тооцоог өөрийнхөө хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Учир нь Шангрила орон сууцанд амьдардаг манай ресторанд байнгын үйлчлүүлдэг зарим хүмүүс ресторанд үйлчлүүлээд төлбөр тооцоогоо дараа нь төлж болдог. Ингээд манай ресторанаас төлбөр тооцоо төлөх ёстой хүмүүс рүү холбоо барихад 3 хүн Хишигбаатарын данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Хишигбаатар үүнийг мэддэг болохоороо төлбөр тооцоо авах ёстой хүмүүс рүү холбогдож “Хас банк”-нд эзэмшдэг өөрийнхөө ..... тоот хувийн дансаараа нийт 3.564.391 төгрөгийг 3 хүнээс шилжүүлэн авч байсан байна. Хувийн дансаар төлбөр тооцоо авч болохгүй. Хувийн дансаар төлүүлж авсан байсан ч байгууллагад мэдэгдэх ёстой. Хишигбаатарын хувьд энэ тухай хэнд ч мэдэгдээгүй, мөн чөлөө авлаа гээд сураггүй алга болсон.  2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Мөнхбаяр Баяр гэх үйлчлүүлэгчээс Хишигбаатарын данс руу 2.823.808 төгрөгийг шилжүүлсэн байна. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 99118632 дугаартай үйлчлүүлэгчээс Хишигбаатарын данс pyy 493.583, 164.573 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийсэн. Үүнээс Хишигбаатар нь 164.573 төгрөгийг байгууллагын данс руу тушаасан байсан. Мөн тухайн үйлчлүүлэгчтэй хамт яваа нэг үйлчлүүлэгч нь Хишигбаатарын данс руу 247.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 2.823.808+493.583+247.000=3.564.391 төгрөг болж байгаа. Мөн Хишигбаатарын байгууллагаас зээлсэн мөнгө бас байгаа уг асуудлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

 

Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хишигбаатар нь миний төрсөн хүү байгаа юм. Хишигбаатарын эхнэрийг Байгалцэцэг гэдэг. Тэр хоёрын дундаас гарсан 2 хүүхэд бий. Хишигбаатар одоогоор эхнэрээсээ тусдаа 2 талд байгаа. Надтай хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэргээс гадна хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Х“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгч Б.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Хнь энэ тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Хнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Хнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР