Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 125/ШШ2021/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Г -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодизи зурагзүйн  хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г , хариуцагч П.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Г  миний бие 2012 оны 7 дугаар сард Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хэлтсийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан албаны чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг тухай бүр биелүүлж ажил үүргийн хувьд ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн.

Гэтэл Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр “Ажлаас халах тухай” тушаалаар намайг Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн ажлаас халсанд гомдолтой байна.

Учир нь дээрх тушаал гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчиж сонсох ажиллаа явуулаагүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд намайг оролцуулаагүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй зэрэг хууль зөрчсөн.

Миний бие Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 сарын 19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаатай тэнсэх ялаар шийтгэсэн. 6 сарын тэнсэх ялын хугацаа дууссан тул ялгүй болсон. Энэ тухай би тухайн үедээ П.Э  даргад хэлж байсан.

Гэтэл энэхүү үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн ба ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хуулийн заалтыг зөрчиж хуульд заасан хугацааг өнгөрсний дараа ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч П.Э  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Г  нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 19-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлснийг тухайн үедээ мэдээгүй. Ховд аймгийн Прокурорын газраас 2021 оны 10 сард Г.Г ял шийтгүүлсэн талаарх шийтгэх тогтоол ирсэн ба түүнд оногдуулсан 6 сарын тэнсэнгийн хугацаа дууссан байсан тул хугацаа нь өнгөрсөн гэж ойлгож сануулаад өнгөрсөн. Гэтэл Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан бичиг ирж, Г.Г -т арга хэмжээ авч хариу мэдэгд гэсэн тул Төрийн албаны зөвлөлөөс энэ талаар зөвлөмж авахаар албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/352 дугаар албан бичгээр “...гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон Г.Г -ийг Төрийн албаны тухай хуулийн 47.1.2–д заасныг үндэслэн захиргааны санаачлагаар төрийн албанаас халах үндэслэлтэй...” гэсэн хариу ирсэн.

Ингээд уг асуудлыг хэлэлцэхээр даргын зөвлөлийн хуралдааныг 2021 оны 03 сарын 03-ны өдөр зарлаж Г.Г -ийг оролцох тухай мэдэгдлийг цахим хуудсаар мэдэгдсэн боловч ирээгүй тул дахин 2021 оны 3 сарын 12-ны өдөр зөвлөлийн хурал болох тухай мэдэгдлийг цахимаар хүргүүлсэн. Гэвч Г.Г  нь хурал ирээгүй тул даргын зөвлөл хуралдаж түүнийг төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Г- ийг 2019 оны 10 дугаар сард шүүхээр шийтгүүлсэн мэдсэн гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж заасан. Энэхүү шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн гэдгийг хариуцагч мэдсэн мөртлөө  2019 он, 2020 онд арга хэмжээ авах талаар яриагүй байж байгаад 2021 оны 03 сард арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал гаргахдаа  “авилга албан тушаал”-ын гэмт хэрэг үйлдсэн байх ерөнхий шаардлагын заалт барьсан нь үндэслэлгүй ба зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дараа өнгөрсний дараа сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  32 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Г.Г -т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаатай тэнссэн ба тэнсэх шийтгэл нь ял шийтгэл биш албадлагын арга хэмжээ юм.Тэнсэнгийн хугацаа дууссан байсан. Ял шийтгэлгүй болсон хугацаанд ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Г  нь тус шүүхэд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн  хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана...” гэж зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харъяаллын хянан шийдвэрлэх маргаан гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д  “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана. гэж тус тус зааснаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан гомдлоо гаргаж хариуг авснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн байна.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр “Улсын байцаагч Г.Г -ийг ажлаас халах тухай” тушаал гаргахдаа “...сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд намайг оролцуулаагүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй...” зэрэг хууль зөрчсөн гэж,

Хариуцагчаас “...Нэхэмжлэгч Г.Га  нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 19-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, төрийн албанаас халах үндэслэлтэй талаар Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмжийг ирүүлсэн учраас 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/11 дугаар “Улсын байцаагч Г.Г -ийг ажлаас халах тухай” тушаал гаргасан. Уг тушаал гаргахын өмнө хуралд оролцох мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, тушаал гарсны дараа түүний цахим хаяг болон өөрт нь гардуулсан...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай тушаалын тухайд:

Нэхэмжлэгч Г.Г  нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох нь түүний 2013 оны 07 сарын 09-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөсөн баримт, ажлын байрны тодорхойлолт, 2020 оны төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаараа “...Г.Г  нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул...” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г -ийг  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Учир нь Авлигатай тэмцэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05/278 дугаар албан бичгээр “...иргэн Б.Г- ээс улсын байцаагч Г.Г  нь шүүхээр ял шийтгүүлсэн. Гэтэл одоо хүртэл Г.Г  нь улсын байцаагчаар ажиллаж байгаа тул Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Э , улсын байцаагч Г.Г  нарыг шалгаж өгнө үү гэх гомдол мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалдтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13.2-т зааснаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар...”-т шилжүүлжээ.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 03/75 дугаар албан бичгээр уг гомдолд дурдсан асуудлыг шалгаж,  хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг ирүүлэхийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан байна.

Улмаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар албан бичгээр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандан “...Г.Г -ийн 6 сарын тэнсэн харгалзах ял дууссан гэж үзэж болох эсэх, Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т зааснаар ажлаас халж болох эсэх...” талаар зөвлөмж хүсчээ.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/352 дугаар албан бичгээр “...гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон Г.Г -ийг Төрийн албаны тухай хуулийн 47.1.2–д заасныг үндэслэн захиргааны санаачлагаар төрийн албанаас халах үндэслэлтэй...” гэх хариу өгсөн байна.

Ингээд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн дотоод журмын 9.5-д “... хөдөлмөрийн сахилга зөрчсөн тухай бүр газрын даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу...захиргааны санаачлагаар ажлаас халах хүртэл хариуцлага тооцно...” гэж зааснаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн Г.Г -ийг төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Г  нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэм хэргийг согтуурсан үедээ үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаатай тэнсэх ялаар шийтгүүлсэн болох нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 9 сарын 29-ний өдрийн 45-г/2685 дугаар албан бичигт “...Г.Г  нь 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.10.2.1-д зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сар тэнсэх ялаар шийтгэгдсэн...” гэх лавлагаагаар тус тус тогтоогдож байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон...” бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэл болно...” гэж зааснаар төрийн албанаас халсныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г.Г  нь “...хариуцагч нь ажлаас халах тухай тушаал гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд намайг оролцуулаагүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй...” гэж маргаж байгаа хэдий ч хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.5-д “цахим хэлбэрээр санал авах” гэж зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг Г.Г -т цахим хэлбэрээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч Б.Э -ын “....Г.Г -ийг зөвлөгөөний хуралд ирж оролцох мэдэгдэх хуудсыг архив бичиг хэргийн ажилтан цахим хаягаар явуулсан, сонсох ажиллагаа хийх талаар цахимаар мэдэгдсэн боловч өөрийн биеэр ирээгүй, ажлаас халах тухай тушаалыг архив бичгийн хэргийн эрхлэгч гардуулан өгсөн......” гэх мэдүүлэг, гэрч Б.А -ын “...мэдэгдэх хуудсыг чатаар болон утсаар мэдэгдсэн боловч ирээгүй...” гэх мэдүүлгээр сонсох ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн  хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт заасныг  баримтлан  нэхэмжлэгч Г.Г -ийн шүүхэд гаргасан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Г.СОНИНБОЛОР