| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0395/З |
| Дугаар | 221/МА2025/0083 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0083
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Д” ХХК
Хариуцагч БЗДЗД
Нэхэмжлэлийн шаардлага: БЗДЗД-ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0862 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Г.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э
Хэргийн индекс: 128/2024/0395/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь БЗДЗД-д холбогдуулан “БЗДЗД-ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0862 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, БЗДЗД-ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах гомдолдоо:
3.1 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй тухайд: “Д” ХХК нь Б дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2004 оны 02 сарын 13-ны өдрийн ** дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дугаар захирамжуудаар зориулалтыг өөрчлүүлж, газар эзэмших хугацааг сунгуулсан байна.
Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал газрыг “Ажилчдын зуслан”-гийн зориулалтаар ашиглаж байгаагүй нь шүүхээс тухайн газарт явуулсан үзлэгийн тэмдэглэл болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон.
Дээрх үйл баримтаар газрын гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, ажилчдад зуслангийн зориулалтаар эзэмшүүлээгүй болох нь тогтоогдож байхад шүүх “...маргаан бүхий газрыг хашаалсан, газрын тодорхой хэсэгт зуслангийн зориулалттай 2 байшин, мөн гэр сууцууд барьж ашиглаж байсан нь шүүхийн үзлэг, агаарын болон фото зургуудаар тогтоогдож байна, ...нөгөөтээгүүр Газрын тухай хуульд зааснаар үндсэн зориулалтаар үр ашигтай, зохистой, эзэмших, ашиглах хамгаалах зарчимд газар эзэмшигчийн газраа эзэмшиж, ашиглаж байгаа нь нийцэж байна гэж үзлээ” /шийдвэрийн 11 дэх талын 1.3 дэх хэсэг/ гэж дүгнэсэн нь зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардаж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасныг болон Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах” тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийг илтэд зөрчиж, буруу үнэлсэн.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргийг удаа дараа зөрчиж байсан бөгөөд 2020, 2021 онуудын төлбөрийг дутуу төлсөн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үед төлбөрийн үлдэгдэлтэй байсан нь “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдож байхад шүүх өөр хоорондоо зөрчилтэй, илт хуул бус дүгнэлт хийж, хууль зөрчин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн.
3.2 Шүүх хууль буруу хэрэглэсэн талаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаснаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0862 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. БЗДЗД-ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар[1] “Б дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14988 м.кв газар эзэмшигч Д ХХК нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, илүү талбайн зөрчилтэй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.
4. БЗДЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар[2] “Д” ХХК-д БЗДЗД-ын 2008 оны *** дугаар захирамжийн ********* тоот гэрчилгээг үндэслэн Б дүүрэг, 20 дугаар хороонд байрлах Ш ажилчдын зуслангийн зориулалтаар 15000 м.кв газрыг 16 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 35.3.3-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.9-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “…удаа дараа…” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
6. Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №***************** дугаар “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-т “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 4.4-т “Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасны дагуу бусдын газар эзэмших эрхэд халдаагүй буюу хашааг сунгаж барьсан зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар Газрын тухай хуулийн 35.3.5-т заасантай нийцэхгүй.
7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
7.1 Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.
8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №************* дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[3] нэхэмжлэгч нь 2008-2018 оны газрын төлбөрт нийт 1.089.000 төгрөг, 2019 оны газрын төлбөрт 390.000 төгрөг[4], 2021 оны газрын төлбөрт 524.580 төгрөг, 2022 оны газрын төлбөрт 524.580 төгрөг[5], 2023 оны газрын төлбөрт 131.145 төгрөгийг[6] тус тус төлсөн байна.
9. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3/***** дугаар албан бичигт “Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Газрын төлбөр, татварын цахим системээс шалгаж үзэхэд ********** регистрийн дугаарт бүртгэлтэй ************ нэгж талбарын дугаар бүхий газар нь 14,988 м.кв талбайтай “4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц”-ын зориулалтаар бүртгэгдсэн байна. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тус нэгж талбарт 2020 оны газрын төлбөр болох 2.353.116 төгрөгийн ногдуулалтыг үүсгэсэн байна” гэж нэхэмжлэгч “Д” ХХК-ийн 2020 оны газрын төлбөрийг буруу тодорхойлсноос төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
10. Мөн Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ** дугаар “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоолоор “Дэлхий нийтэд тархсан Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, орлого тасалдаж, нийгэм эдийн засаг сөрөг нөлөөлөл ихээр үүссэнтэй холбоотой дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй” болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч “Д” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүргийн Татварын албанд ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэртэй холбоотой мөн шүүхийн маргаантай асуудлыг харгалзан газрын төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан ба хариуцагчаас энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй ба нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэхгүй.
11. Анхан шатны шүүхийн “...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс үндэслэл бүхий гараагүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
12. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
12.1 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
13. Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” ** дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
14. Б дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06/**** дүгээр албан бичгээр ирүүлсэн сансрын зураг[7], 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс хийсэн үзлэгээр[8] “...газартаа баруун талд 6*6 хэмжээтэй 2 байшин, 2 монгол гэртэй” гэх тэмдэглэл, фото зураг, мөн гэрчийн мэдүүлгээр[9] “...2001 онд байшин барьсан... би дүнзэн байшинд байдаг, Тоосгон байшинд компанийн хүмүүс байдаг. Зундаа 2-3 гэр бариад зуншдаг. Ковидоос хойш ирээгүй болохоос зундаа ажилчид ирдэг байсан” гэх мэдүүлгээр тухайн газрыг ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.
15. Хуулийн дээрх заалт, тайлбараас үзэхэд газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн гэх баримт тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.
16. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 137 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 51 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 200-201 хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 55-56 хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 58-59 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 188-197 хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 214-224 хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 225-227 хуудас