| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0031/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Хохирогчийн өмгөөлөгч С.Н-,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б-,
шүүгдэгч С.С-, С.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.т овогт С-н С-, Ш.о овогт С-н Т- нарт холбогдох эрүүгийн 2213003130022 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, БА............ регистрийн дугаартай, О.т овогт С-н С-, 1956 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, 67 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Байгаль орчны хамгаалагч, улс төр судлаач мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас Алтан гадас, Улаан тугийн одонгоор шагнуулсан гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын харьяат, БА.............. регистрийн дугаартай, Ш.о овогт С-н Т-, 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Экологи, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Алтай сумын “Р” ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгчээр ажилладаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С-, С.Т- нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ү.Б-ийг бүлэглэж, өмнө үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм бурУу-н талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч С.С-, С.Т- нараас хохирогч Ү.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй. Гар утасны үнэлгээ бүхий 200,000 төгрөг болох нь “Ачит Билгүүн” компани үнэлгээгээр тогтоогдсон. Энэхүү 200,000 төгрөгийг хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. Хохирогч энэхүү гэмт хэргийн улмаас эмчилгээний зардал буюу хор уршиг гарсан гэж үзвэл иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
2. Шүүгдэгч С.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэхүү хэрэг маргаан анх ямар асуудлаас болж гарсан гэдгийг тогтоох ёстой. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ганц хүүгээ бодож хохирогчид хандаж цагдаагийн байгууллагад очъё гэж хэлж байсан. Хохирогчийн толгой хэсгээс таягаар цохиогүй. Хохирогчийг таягаараа цээж хэсгээс нь түлхсэн маань үнэн. Ү.Б-ийг гараар цохисноо хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу шүүхээс гаргасан хохирлыг төлж өгөх болно. Хоёр хүүхэд маань нас барьсан ганц үлдсэн хүү маань байгаа. Энэхүү маргааныг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга хүртэл мэдэж байгаа. Ү.Б- надаас 3,000,000, 1,500,000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн 3,000,000, 1,500,000 төгрөгийг төлж өгөхгүй гэдгээ хэлсэн. Хохирогч Ү.Б-ийг цохиж зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эцэг маань эмнэлгээс гарахаар болж би аймгийн төвд ирсэн. Аавын маань утас нь дуугарч хэн бэ гэж асуухад, Ү.Б- байна гэсэн. Тухайн үед хохирогч чи миний дүүгийн ажлыг өөрийнхөө хүүд авч өгөх зорилготой Баян-Өлгий аймагт очсон уу, тээврийн хэрэгслийг маань хураалгах гэж байна уу гэж хэл амаар доромжилж чиний гэрийн хажууд байна, хүүг чинь алах болно гэсэн. Тухайн үед болсон асуудлыг хажууд байгаа хүмүүст хэлсэн. Дараа нь 2, 3 өдрийн дараа Абай гэх хүн нас барж буяны ажиллагаанд нь явж байх замдаа Ү.Б- зогсож байсан. Аав Ү.Б-ийг дуудаж чи юу ярьж байна, цагдаагийн байгууллагад очъё гэхээр нь хохирогч машинд суухгүй байхаар нь би машинаас буугаад Ү.Б-ийг машинд суу гэж түлхсэн маань үнэн. Ү.Б-ийг цохисон асуудал байхгүй” гэв.
4. Хохирогч Ү.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ёлт руу явж байх замдаа С.С-ийн машинтай зөрсөн. С.С- өвстэй замаар шууд гараад явсан. Дараа нь сумын төвд ирээд надтай уулзаж чамаас болж миний тээврийн хэрэгсэл эвдэрсэн толгойг чинь тасалж алах залуу байна гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С.С- надад хөгшин нохой чамайг ална гэж хэлсэн. Би ч гэсэн өндөр настай эцэгтэй хүн. Хэн нэгэнд заалгаж хэл амаар доромжлох хүмүүжилгүй юм. С.С- надад толгойг чинь тасдана гэртээ байж байгаарай би одоохон очно гэж хэлсний дагуу С.С-ийг гэртээ нэг цаг хүлээсэн боловч ирээгүй. Дараагийн өдөр нь С.С- намайг гадуур явж байх үед дуудсан. Очих үед миний ам хэсэг рүү нэг удаа цохисон. Бөгсөө хавчиж яваарай, машинд суу гэсэн. Би машинд суухгүй гэсэн чинь С.Т- намайг хүчээр машиндаа суулгаж чадаагүй. Шүүгдэгч нар нийлж байгаад намайг цохиж, өшиглөснийг бусад хүмүүс харж байсан. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Шүүгдэгч нар өөрсдөө цагдаагийн байгууллагад очиж намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үлээлгэсэн. Би тухайн үед шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэлд суусан тохиолдолд хүнгүй газар намайг алах байсан. С.Т-, С.С- хоёр намайг нийлж байгаад цохисон. Ганц хөгшин хүн намайг цохисон тохиолдолд би зугтааж явах боломжтой байсан. Миний гар утас эвдэрсэн маань үнэн. Цагдаагийн албан хаагчийн дугаарыг хадгалж авна гэсэн боловч утас маань эвдэрсэн болохыг мэдсэн. Тархи маань хөдөлсөн тул тухайн үед 1,500,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Цаашид Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардал хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна” гэв.
5. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. С.Т- нь С.С-тэй хамт бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй” гэв.
6. Хохирогчийн өмгөөлөгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.С-, С.Т- нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ү.Б-ийг өмнө үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. Хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж өгч чадаагүй учраас хохиролтой холбоотой хэсэг, цаашид эмчилгээ хийсэнтэй холбоотой гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, гар утасны төлбөрийг гаргуулан шийдвэрлэж өгөх саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213003130022 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
7. Хохирогч Ү.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46, 49-50 дахь тал/,
8. Гэрч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
9. Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
10. Гэрч Х.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
11. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
12. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
13. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 26-39 дэх тал/,
14. Эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БӨА-022-0359 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-81 дэх тал/
15. Шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
16. Шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №825 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дахь тал/,
17. Шүүгдэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 107-108/,
18. Шүүгдэгч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дэх тал/ зэргийг,
19. Хохирогчийн өмгөөлөгч С.Н-аас: К.А-, Б.Е-, Х.Ө-, Д.Н-, Б.Г- нарын гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг,
20. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б-аас: Samsung galaxy гар утасны үнийг тогтоосон баримт, эмч нарын тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга, С- нарын тодорхойлолт, Д.Н-, Б.Г- нарын гэрчийн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
21. Шүүгдэгч С.С-, С.Т-, хохирогч Ү.Б- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
22.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
23. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.С-, С.Т- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
24. Шүүгдэгч С.С-, С.Т- нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ү.Б-ийг бүлэглэж, өмнө үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
25. Хохирогч Ү.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад миний бие сумын төв дээр очиж хүн амьтнаас алдагдсан малаа сураглах гэж очсон. Тухайн өдөр 1 дэх өдөр байсан бөгөөд 1 дэх өдөр Алтай сумын бүх иргэд сумын төвд цуглардаг. Төв дээр очиж Захиргааны урд талд Ж- гэдэг хүний дэлгүүрийн урд Н-, Уу-, Ө- нарын хамт зам дагуу өгсөж явж байсан. Тухайн үед Ө-ын гэр лүү очихоор явж байсан. Тэгэхэд засмал зам дагуу цагаан Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Машины урд талын суудалд иргэн С.С-сууж байсан бөгөөд хаалгаа онгойлгож намайг дуудсан. С.С-намайг дуудахдаа “хөөе чи наашаа ир дээ" гэж хэлсэн. Тэгээд би тайван яваад очтол машин дотор сууж байсан С.С-намайг аман тус газар нударгаар цохиж авсан. Тэгэхэд би түүний гарыг бариад авахад намайг захнаас минь барьж өөр лүү татаж “машинд суу” гэж хэлсэн. Тэгэхэд би суухгүй гэсэн. Намайг С.С-тавьж явуулаагүй бөгөөд хүү нь болох С.Т- бууж ирээд намайг барьж аваад “машинд суу” гэж хэлсэн. Тэгээд би суухгүй гэж хойшоо татахад С.Т- миний зүүн талын шанаа руу цохисон. Тэр үед би тэд нартай ноцолдож байгаад газар унасан. Тэр үед тэр хоёр нийлж намайг зодсон. С.С-нь гарт байсан таягаар миний толгой руу цохисон. Тэгээд би доошоо хэвтэж байхад миний толгой, чих рүү хэд хэдэн удаагийн цохилт орж ирсэн. Тухайн үед С.Т- намайг өшиглөж байсан. С.Т- миний толгой руу бас өшиглөсөн. Би тухайн үед машины доор орчихсон байсан. Тэгэхэд тэнд хүмүүс байсан бөгөөд хэн ч ирж салгаагүй. Тэгээд намайг зодож дууссан бөгөөд би тэдний машинд суугаагүй. Тэгж байтал миний эхнэр Айдынгүл ирсэн. С.С-дахиад машинд суу гэж намайг татахаар би эхнэрийн хамт машинд суусан. Тэгээд цагдаагийн хэсэгт ирсэн. С.С-, С.Т- нартай ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. С.С-зун хадлангийн үеэр надтай Ёлтын замд зөрсөн. Тэр үед чи намайг шахаж зөрөхөд би чулуунд тэглэгдэх үед чи зогсолгүй яваад өгсөн гэж С.С-хэлж байсан. Урьд өмнө ч гэсэн манай гэрийн гадаа ирж С.С-надад тэр хадлангийн үеийн асуудлыг ярьж “чиний толгойг чинь тастахаар нөхөр байна” гэж хэлж байсан. Тэр асуудлаас болж С.С-ийм үйлдэл гаргасан байх гэж бодож байна. С.С-намайг дуудаад би машин дээр яваад очиход намайг аман тус газар нударгаар цохисон. Дараа нь намайг заамдаж татаад явуулахгүй “машинд суу” гээд байсан. Тэр үед хүү нь С.Т- бууж ирээд намайг машинд суулгахыг хичээсэн. Би суухгүй гэж хойшоо гэдийхэд намайг С.Т- зүүн талын шанаа руу цохиж газар унагаасан. Тэр үед С.С-намайг толгойн тус газар гартаа байсан таягаар цохиж авсан. Харин би газар унаж бараг машины доор орох шахахад С.Т- өшиглөж, гараараа цохиж байсан. С.С-ч гэсэн намайг цохиж байсан. Ямар ч байсан миний толгой руу хэд хэдэн цохилт орж ирсэн. С.Т- намайг тухайн үед машинд суухгүй гэж байхад машинаас бууж ирээд намайг суулгах гэж араас түлхсэн. Би суухгүй гэж хойшоо гэдийх үед намайг зүүн талын шанаа руу нударгаар цохисон. Тэр үед би газар унахад С.С-таягаар миний толгойн тус газар цохисон. Харин С.Т- миний толгой руу өшиглөсөн. Тэгээд л намайг нүүр нүдгүй, толгой руу тэр хоёр цохиж зодсон. Бас цохилтууд орж ирсэн ба заримыг нь хэн яаж цохисныг анзаараагүй. Харин миний анзаарч, санаж байгаа юмнууд энэ байна. Тухайн үед С.С-, С.Т- бид нар бүгдээрээ эрүүл байсан. Цагдаагийн хэсэгт ирж үлээхэд бүгдээрээ 0.00 гарсан. Тухайн үед Е-, Ө-, Уу-, Н-, Х- нар байсан. Өөр хэн байсныг санахгүй байна. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Одоо бол миний толгой хааяа нэг өвдөж байна. Бусдаар бол нээх зовиур байхгүй байна. Би өөрөө 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр оторт яваад хөдөө цаг агаарын байдлын улмаас ирж чадалгүй өнөөдөр ирж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би зодуулчхаад С.С-нарт “хууль гэж юм байгаа шүү” гэж хэлэхэд С.С-надад "хууль яадаг юм” гэж хэлээд өөрсдийнхөө машинд суулгаад намайг цагдаад аваад ирсэн. Хэрэв би тэдгээрийн машинд сууж ганцаараа явсан бол намайг гэрчгүй, хээр газар аваачиж бараг алахаас ч буцахгүй хүмүүс байна гэж бодлоо. Гудамжинд хүмүүс харж байхад нийлж зодсон явдалд нь гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү? Тухайн үед намайг С.С-, С.Т- нар цохиж зодсоноос болж миний Самсунг Жи-7 маркийн утасны дэлгэц нь хагарч дэлгэц нь ажиллагаагүй болсон. Уг гар утсыг 2022 оны 07 дугаар сарын үед Улаанбаатар хотоос 300.000 төгрөгөөр авч байсан. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй. Миний ярьсан зүйл үнэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46, 49-50 дахь тал/,
26. Гэрч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ү.Б- миний нөхөр байгаа юм. Харин С.С-ийг М- гэдэг нэрээр танина. Нэрийг нь сонсож байсан. С.Т-ийн нэрийг сонсож байсан бөгөөд харж байгаагүй хүн байсан. Тэд нартай ямар нэгэн өш хонзонгийн болон таарамжгүй харилцаа байхгүй. Би эрх үүрэгтэй танилцлаа. Би нөхөр болох Ү.Б-ийн талаар хэлж өөрийн харсан үзсэн зүйлийн талаар хэлж өгнө. Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 14 цагийн үед би Алтай сумын засаг даргын тамгын газрын урд талд нөхөр болох Ү.Б-ийн куртикэнд цахилгаан авахаар явж байсан. Тухайн үед нөхөр болох Ү.Б- бас гудамжинд явж байсан бөгөөд бид хоёр хамт явж байгаад салсан. Тухайн үед би дахин нэг дэлгүүр орох гэж явж байхад нөхөр маань захиргааны урд талд хүмүүсээс өөрийн алга болсон үхрийг асууж байсан. Тэгээд би хажуугаас нь зөрж өнгөрөөд явсан. Би нэг дэлгүүр ороод гарч ирээд явж байхад захиргааны урд талд манай нөхрийн толгойнд байсан малгай нь байхгүй, хажууд нь М- гэдэг хүн миний нөхрийн гараас нь барьсан тавихгүй байсан. Би тэнд яваад очиход миний нөхрийн амнаас цус гарсан, хоолой хэсэг нь улайсан, баруун талын чихнээс цус гарсан, зүүн талын шанаа хэсэг нь хавдсан, мөн дух хэсэг нь нэлээн хавдсан байсан. Тэр үед би яваад очиход М- миний нөхрийг бариад явуулахгүй зогсож байсан. Тэгээд миний нөхрийг явуулахгүй М- бид нарыг машинд суулгаад цагдаагийн хэсэгт ирсэн. Бид нар машинд суухад машинд нэг эмэгтэй хүн сууж байсан ба тэр нь М- буюу С.С-ийн эхнэр байсан байна. Цагдаад ирж миний нөхөр болох Ү.Б-, С.С- /М-/, С.Т- нарыг цагдаа үлээлгэж архи уусан эсэхийг шалгасан. Бугд архи хэрэглээгүй байсан. Би С.С-, С.Т- нар миний нөхрийг зодож байсныг хараагүй. Харин би нөхрийн толгойнд малгай байхгүй байхаар нь хажууд нь яваад очсон юм. Тэр үед миний нөхрийн дух хэсэг нь хавдаж, зүүн талын шанаа хэсэг нь хавдаж, баруун талын чихнээс цус гарч, амнаас нь цус гарч, хоолой хэсэг нь улайсан байсан. Харин би нөхрөөс юу болсон талаар асуухад “С.С-, С.Т- нар зодсон" гэж хэлсэн. С.С- буюу М- надад "би энийг зодлоо, машин суу гэсэн чинь суухгүй байсан тэгээд зодлоо" гэж хэлсэн. Тэгээд би "машин суу гэж хэлээд зоддог, машинд суулгаж авч яваад алах юм байна шүү дээ” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. С.С- буюу М- нь 2022 оны 10 дугаар сарын эхэн үеэр манай гэрийн хажууд манай нөхөр гэрийн гадаа байхад манай нөхөрт чи нохой юм байна. Толгойг чинь тастаж авах хэрэгтэй юм байна, чи зогсолгүй явсан” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр юу ч хэлээгүй бөгөөд би нөхрөө дуудаад гэртээ оруулсан. Тэр хүмүүстэй ямар ч холбоогүй. С.С-ийн хэлснээр зун хадлангийн үеэр манай нөхөр С.С-хоёр Ёлтын зам дээр нэг нэгэнтэй зөрсөн байна. Тэр С.С-ийн хэлснээр миний нөхөр зам тавьж өгөөгүй, зогсолгүй яваад өгсөн юм шиг байна. Миний харснаар тэр зодоон болсон газарт Е-, Ж-, Ө- гэдэг хүмүүс байсныг би анзаарсан. Харин өөр хэн хэн байсныг бол сайн мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
27. Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.С-, С.Т-, Ү.Б- нарыг сайн таньдаг. Нэг сумын иргэдийн хувьд бол мэднэ. Төрөл садангийн болон өш хонзонгийн асуудал байхгүй болно. 2022 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр 14 цаг өнгөрч байхад би дээд талын гудамжинд байдаг гэрээс гарч сумын төвд ирсэн. Тухайн өдөр нэг дэх өдөр байсан ба аймгийн төвөөс зах ирдэг ба захаас эд зүйл авахаар сумын төв гудамд орсон. Төв засмал зам дагуу ирж байхад би Ү.Б-ийг харсан. Тухайн үед Ү.Б- зүв зүгээр байсан. Ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй. Харин би хажуугаас нь зөрж аймгаас ирсэн зах дээр очиж үсрээд 5-10 минут л удсан байх буцаад Ж- гэдэг хүний дэлгүүрийн хажууд ирэхэд С.С-буюу М- Ү.Б-ийг бариад зогсож байсан. Тухайн үед Ү.Б-ийн амнаас цус гарсан байсан. Дух нь хавдсан байсан. Тухайн үед С.С-, Ү.Б- нар нэг нэгнээ бариад зогсож байсан. Тухайн үед С.С-Ү.Б-ийн захнаас барьсан байсан ба Ү.Б- С.С-ийн суга хэсгээс барьж байсан. Ү.Б- С.С-т харж юм хэлж байхад С.Т- Ү.Б-эд "чи том болсон байна, ална чамайг, бөгсөө хавчиж яваарай” гэж хэлээд Ү.Б-ийн аман тус газар, толгой руу, мөн цээж рүү нь хэд хэдэн удаа цохиж авсан. Би тэр хүмүүст "та нар боль л доо гудамжинд ичээч” гэж хэлэхэд С.С-намайг бүүр авч хэлэлцэхгүй байсан. Намайг бүр тоогооч үгүй. Тэгж байтал Ү.Б-ийн эхнэр нь ирээд С.С-т “Та дээр Бахытбектэй зууралдсан одоо Ү.Б-тэй зууралдах гээ юу? та дээр бас манай гэрийн гадна ирээд баахан хэрүүл өдөж байгаад явсан" гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан бүгдээрээ С.Т-ийн машинд суугаад яваад өгсөн. Тухайн үед С.С-ийн эхнэр ч гэсэн машин дотор сууж байсан. Би анх Ү.Б-тэй зах руу явж байгаад тааралдахад зүв зүгээр ямар ч гэмтэл шарх байгаагүй хүмүүстэй ярилцаад зогсож байсан. Би зах яваад 5-10 минут болоод буцаад ирэхэд Ү.Б-ийн дух хэсэг нь хавдсан, амнаас нь цус гарсан, зодуулсан байдалтай малгайгүй зогсож байсан. Тухайн үед зодоон дуусчихсан байсан. Би ирсний дараа С.Т- Ү.Б- рүү "чи том болсон байна, бөгсөө хавчиж яваарай, чамайг нэг өдөр алнаа" гэж хэлээд толгой, аман тус газарт, цээж рүү нь 3-4 удаа нударгаар цохиж авсан. Тухайн үед Ү.Б-ийн захаас нь С.С-бариад тавьж явуулахгүй байсан. Би тэд нарын хооронд ямар зодоон болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан С.С-барьж байхад С.Т- Ү.Б-ийн толгой, аман тус газар, цээж хэсэг рүү нударгаар 3-4 удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
28. Гэрч Х.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би С.С-, С.Т-, Ү. Ү.Б- нарыг сайн таньдаг. Нэг сумын иргэдийн хувьд бол мэднэ. Би өөрөө мужаан хийдэг бөгөөд бүгдэнтэй сайн харилцаатай байгаа. Төрөл садангийн болон өш хонзонгийн асуудал байхгүй болно. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад би дээд талын гудамжинд байдаг гэрээс гарч сумын төвд ирсэн. Ү.Б-, Н-, Уу- бид нар захиргааны урд талд ярилцаад зогсож байсан. Тухайн үед бид нар захиргааны урд талын замын эсрэг талд байсан бөгөөд засмал зам дагуу нэг цагаан өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тухайн үед уг машины урд талд С.С-буюу М- сууж байсан. С.С-машины хаалгыг онгойлгож Ү.Б-ийг "Ү.Б- чи муу нааш ир" гэж дуудсан. Тэр үед Ү.Б- яваад очсон. Тэгэхэд С.С-ийн хажууд очиход Ү.Б-ийг С.С-машинд суу гэж захнаас бариад авсан. Тэр үед машинд суухгүй гэж хэлэхэд Ү.Б-ийн аман тус газар С.С-нударгаар цохисон. Тэр үед цаад талын жолооч талын суудлаас С.Т- бууж ирээд Ү.Б-ийг барьж аваад цохиж газар унагаан цохиж байсан. Тэр үед С.С-машинаас бууж ирсэн бөгөөд Ү.Б-ийг таягаар нуруу хүзүү хэсгээр нь цохиж байсан. Толгой руу нь хүрсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгж байтал би яваад өгсөн. ...Ү.Б-тэй анх уулзаж ярилцаад зогсож байхад Ү.Б-ийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Эв эрүүл байсан. С.С-, С.Т- нарт зодуулсны дараа ямар гэмтэл авсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би С.С-Ү.Б-ийн аман тус газар нэг удаа цохиж, дараа нь таягаар түүний хүзүү нуруу хэсэгт нь цохиж байсныг харсан. Мөн С.Т- бууж ирээд Ү.Б-ийн аман тус газар цохиж газар унагааж олон удаа цохиж байсныг харсан. Тэд нарын хооронд ямар асуудал байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
29. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.С-, С.Т-, Ү. Ү.Б- нарыг сайн таньдаг. Нэг сумын иргэдийн хувьд мэднэ. Төрөл садангийн болон өш хонзонгийн асуудал байхгүй болно. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад би гэрээс гарч сумын төвд ирсэн. Тухайн үед миний хажууд Уу- байсан. Бид хоёр сумын төв гудамжинд очиж мал сураглахаар болсон. Захиргааны урд талд Ү.Б-, Ө- хоёртой тааралдаад ярилцаад зогсож байсан. Захиргааны урд талын хатуу хучилттай засмал замаар С.С-өөрийн саарал өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй доошилж ирсэн. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг С.С-ийн хүү болох С.Т- жолоодож ирсэн. Тэд нар захиргааны урд талын засмал зам дагуу зогсож С.С-машин дотроос хаалга онгойлгож Ү.Б-ийг "нааш ирж, машинд суу” гэж хэлсэн. Ү.Б- машин дээр яваад очиход С.С-машин дотроос Ү.Б-ийн захнаас барьж "машинд суу” гэж өөр лүүгээ татсан. Тэр үед С.Т- машинаас бууж ирээд Ү.Б-ийн араас нь түлхэж "машинд суу" гэж хэлсэн. Ү.Б- суухгүй гэж хойшоо татсан. Тэр үед С.С-Ү.Б-ийн цээжин тус газар гарт байсан таягаар чичиж цохиж байсан. Тэгээд би тэр хүмүүст боль гэсэн боловч миний үгийг авч хэлэлцээгүй учир би яваад өгсөн. Миний мэдэх зүйл энэ. Ү.Б-тэй анх уулзаад ярилцаж байхад түүний биед ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. Ү.Б- архи ч уугаагүй эрүүл байсан. Зүв зүгээр байсан. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй. Миний хэлсэн бүгд үнэн зөв ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
30. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Ү.Б-, Н-, Ө- нарын хамт юм яриад дээд гудам руу өгсөж явах гээд зогсож байсан. Тэр үед засмал зам дагуу нэг саарал өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Уг тээврийн хэрэгсэл С.С-гэдэг хүний саарал өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Харин уг тээврийн хэрэгслийг тухайн үед С.Т- жолоодож явж байсан. Урд талын суудалд нь С.С-буюу М- сууж байсан. С.С-машины хаалга онгойлгож манай хажууд байсан Ү.Б-ийг "чи нааш ир дээ” гэж дуудсан. Тэр үед Ү.Б- яваад очсон. С.С-Ү.Б- нар юм ярьж байсан ба С.С-Ү.Б-ийн захнаас барьж татаад "машинд суу" гэж хэлж байсан. Ү.Б- машинд суухгүй гэж хойшоо татагнаж байсан. Тэр үед С.С-Ү.Б-ийн аман тус газар нэг удаа гараараа цохиж авсан. Дараа нь С.Т- машинаас бууж ирээд Ү.Б-ийг "машинд суу" гэж хэлээд араас нь түлхэж ноцолдсон бөгөөд хэд хэдэн удаа Ү.Б-ийг толгой руу цохиж авсан. Харин тэр үед С.С-машинаас бууж ирээд гартаа байсан таягаараа Ү.Б-ийг цээжин тус газар чичилж, цохиод яваад байсан. Мөн Ү.Б- нь газарт унасан байсан ба түүнийг С.С, С.Т- нар цохиж байгаа харагдсан. Ө-, Н- нар холоос боль гэж хэлсэн боловч тэр хүмүүс сонсоогүй. Тэгээд бид нар яваад өгсөн. ...Би анх Ү.Б-тэй гудамжинд уулзахад тэр эв эрүүл, ямар нэгэн гэмтэл шархгүй бид нартай ярилцаад хүмүүсээс алга болсон малынхаа талаар асуугаад зогсож байсан. Дараа нь бид нар нэг эргэж ирээд Ү.Б-тэй уулзах үед түүний дух нь хавдаж, шанаа нь хавдсан, уруул нь сэтэрсэн, хоолой нь улайсан байсан. Тэрнээс биш бид нартай уулзахад зүв зүгээр байсан. С.С-, С.Т- нар Ү.Б-ийг зодож байхад бид нар яваад өгсөн байсан. Эргэж ирээд уулзахад Ү.Б- нэлээн гэмтэл авсан харагдсан. Мөн бид нар явж байхад Ү.Б-ийн эхнэр тэр хүмүүс рүү явж байсан. Ямар ч байсан Ү.Б-ийг С.С-, С.Т- нар нийлж зодож байсныг би харсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
31. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 26-39 дэх тал/,
32. Эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БӨА-022-0359 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-81 дэх тал/,
33. Шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие мөрдөгчийн тогтоолын дагуу Ү.Б- гэдэг хүнийг биечлэн үзэж байгаад дүгнэлт гаргасан. Иргэн Ү.Б-ийн биед тархины доргилттой, духны баруун талд хавдартай, хамрын нуруунд хавантай, шархтай, зүүн талын шанаанд хавдартай, баруун чихэнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, доод уруулд хэгээрсэн, хүзүү хоолойны урд хэсэгт багалзуурдсан цус хуралттай, баруун мөрөнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдсон. Ү.Б-ийн эрүүл мэндэд учирсан духны баруун талд хавдартай гэмтэл, доод уруулын хэгзэрсэн гэмтэл, хүзүү хоолойн урд хэсэг багалзуурдсан цус хуралттай гэмтлүүдээс духны баруун талд хавдартай гэмтэл авах үед тархины доргилт хавсарч үүснэ. Өөрөөр хэлбэл тархины доргилт духны баруун талд хавдартай гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Ү.Б-ийн эрүүл мэндэд учирсан зүүн талын шанаанд хавдартай, баруун чихэнд хавдартай. Хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүдийн дотор зүүн талын шанаа, баруун чихэнд гэмтэл авах үед мөн адилхан тархины доргилт нь хавсарч үүснэ. Өөрөөр хэлбэл дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Ү.Б-ийн эрүүл мэндэд учирсан баруун мөрөнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
34. Шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №825 дугаартай “Иргэн Ү.Б-ийн биед тархины доргилттой, духны баруун талд хавдартай, хамрын нуруунд хавантай, шархтай, зүүн талын шанаанд хавдартай, баруун чихэнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, доод уруулд хэгзэрсэн, хүзүү хоолойны урд хэсэгт багалзуурдсан цус хуралттай, баруун мөрөнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Ү.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Ү.Б-ийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийн түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дахь тал/,
35. Шүүгдэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ү.Б- гэх хүнийг сайн танина. Учир нь Ү.Б- нь манай сумын хүмүүс болохоор байнга уулзаж, таарч явдаг. Би хүү болох С.Т-ийн хамт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд Алтай сумын төвд ЗДТГ-ын урд машины зогсоол дээр машинтайгаа зогсож байх үед манай сумын иргэн Ү.Б- явж байхыг хараад дуудахад Ү.Б- нь хүрээд ирсэн. Энэ үед би машин дотроо жолоочийн туслах талд сууж байсан ба машиныхаа хаалгыг онгойлгоод машин дотроосоо Ү.Б-ээс чи миний машин дотор суучих, чамтай өмнөх асуудлаар асууж тодруулах зүйл байна, цагдаа руу хамт очъё гэж хэлэхэд Ү.Б- нь би цагдаа руу очихгүй, машинд чинь суухгүй гэж хэлэхээр нь би уурлаад Ү.Б-ийг заамдаж аваад зүүн гараараа Ү.Б-ийн баруун шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, дараа нь Ү.Б- нь хойшоо гэдийх үед нь баруун гараараа Ү.Б-ийн нүүр хэсэгт ахиж нэг удаа цохих үед машин дотор сууж байсан миний хүү болох С.Т- машинаас бууж ирээд Ү.Б-ийг надаас салгаад цааш эргэсэн. Дараа нь би машинаасаа таягаа авч тулаад машинаас бууж ирэх үед С.Т-, Ү.Б- нар нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж заамдалцсан байдалтай байхад нь би Ү.Б-ийг таягаараа түүний мөр, цээж хэсэг рүү нь чичиж, одоо больцгоо гэдгийг хэлээд тэр хоёрыг салгасан юм. Түүний дараа Ү.Б-ийн эхнэр нь ирсэн бөгөөд бүгдээрээ хамт сумын Цагдаагийн хэсэг дээр яваад очсон юм. Би өөрөө хөл муутай баруун хөл хадаастай таягтай арай хийж явдаг бөгөөд тухайн үед би машиныхаа суудал дээр суугаад машины хаалга онгойлгосон байсан юм. Ү.Б-ийг өшиглөсөн асуудал байхгүй харин сүүлд машинаасаа буухдаа таягтай байсан болохоор таягаараа Ү.Б-ийн мөр цээж хэсэг рүү нь түлхэж, чичсэн асуудал байгаа. Ү.Б- бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал огт байхгүй. Ү.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Алтай сумын Ёлт гэх газарт хадлангийн үеэр даваан дээр зөрөх үед би зам тавьж өгнө гээд замаас зайлчих үед том чулуунд машин тэглэгдэж үлдсэн ба энэ үеэр Ү.Б- нь зогсолгүй яваад өгсөн юм. Тухайн үед миний машинд нэлээн их эвдрэл гарсан бөгөөд Ү.Б-д хүн ёсоор зогсоод уулзаад явсангүй гэж жаахан гоморхож явсан ба тэр үед нь уг асуудлыг орхисон юм. Түүний дараа мөн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би эмнэлэгт хэвтэж байх үед Ү.Б- над руу утсаар залгаж миний машиныг чи хураалгана гэсэн байна, миний дүүгийн ажлыг хүүхдэдээ авч өгөх гэж байгаа юм байна, чамайг ална, хөгшин нохой гэж надтай утсаар ярьж хэрүүл өдсөн юм. Дараа нь би тэр өдөр замд Ү.Б- тааралдахаар нь учир зүгээ олъё гэж бодоод Ү.Б-ийг цагдаа руу явъя гэж хэлэхэд Ү.Б- нь явахгүй гээд зууралдсан ба түүнээс болоод энэ асуудал үүссэн юм. Түүнээс биш Ү.Б- бид хоёрын хооронд ямар нэгэн ес хонзонгийн асуудал байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй бөгөөд тухайн үед эрүүл байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 107-108/,
36. Шүүгдэгч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С.С- гэх хүн миний төрсөн эцэг бөгөөд би багаасаа өвөөгийн гар дээр өссөн, би өөрийн өвөө болох С- гэх хүний нэрээр овоглож явдаг юм. Ү.Б- гэх хүнийг сайн танина. Учир нь Ү.Б- нь манай сумын, нэг багийн хүн болохоор байнга уулзаж, таарч явдаг юм. Би өөрийн эцэг болох С.С-ийн хамт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд Алтай сумын ЗДТГ-ын урд өөрийн ....... БӨТ улсын дугаартай Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй машины зогсоол дээр зогсож байсан ба энэ үед Ү.Б- гэх хүн явж байсныг манай эцэг болох С.С-нь дуудаж Ү.Б-ийг машинд суу, цагдаа руу хамт очъё, өмнөх асуудлаа шийдүүлнэ гэж хэлэхэд Ү.Б- нь би цагдаа руу явахгүй, би машинд чинь суухгүй гэж хэлсэн бөгөөд энэ үед С.С-нь Ү.Б-тэй хэрэлдэж, маргалдсан ба эцэг болох С.С-нь Ү.Б-ийг заамдаж түүнийг 1-2 удаа нүүр хэсэгт нь цохисон юм. Энэ үед би машинаасаа буугаад эргэж очоод Ү.Б-ийг С.С-ээс салгаж аваад түүний хувцаснаас заамдаж хойш түлхэх үед Ү.Б- газарт унасан юм. Тухайн үед би маш их уур бухимдалтай байсан болохоор хийсэн үйлдлээ сайн санахгүй байна, ямар ч байсан Ү.Б-ийг машинд суу гэж хэлэхэд Ү.Б- нь машинд суухгүй байсан ба энэ үед би дахин дахин Ү.Б-д машинд суухыг шаардаж маргалдаад зогсож байх үед эцэг болох С.С-нь машинаас бууж ирээд Ү.Б-ийг таягаараа түүний мөр, цээж хэсэгт нь түлхэж, чичилсэн юм. Түүний дараа Ү.Б-ийн эхнэр нь хүрч ирээд бид нар бүгдээрээ хамтдаа машинд суугаад сумын Цагдаагийн хэсэгт очсон юм. Ү.Б- бид хоёрын хооронд ес хонзонгийн асуудал огт байхгүй. Миний аав болох С.С-болон Ү.Б- нарын хооронд өмнө нь таарамжгүй харилцаа үүссэн байсан ба тэр талаар аав Ү.Б- явж байхыг хараад машинд дуудаж суулгаад асуудлаа ярилцах гэх үед нь Ү.Б- нь манай аавтай хэрүүл маргаан гаргаж машинд суухгүй гэсэн болохоор том настай хүн үг хэлж байхад үгэнд нь орохгүй болохоор нь миний уур хүрсэн юм. Өөр ямар нэгэн өс хонзонгийн асуудал байгаагүй. Хэрүүл маргаан болох үед ойролцоо дэлгүүрийн гадна 3-4 хүн хараад зогсож байсан ба миний мэдэхийн Ө-, Н- нар харагдаж байсан ба бусад хүмүүсийн таниагүй юм. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй бөгөөд тухайн үед эрүүл байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
37. Шүүгдэгч С.Т- нь энэ хэргийг бүлэглэн үйлдээгүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт.
38. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
39. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм бурУу-н санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
40. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
41. Шүүгдэгч С.С-, С.Т- нар нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм бурУу-н санаатай хэлбэрээр халдаж, цохиж, өшиглөн, түүний биед тархины доргилттой, духны баруун талд хавдартай, хамрын нуруунд хавантай, шархтай, зүүн талын шанаанд хавдартай, баруун чихэнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, доод уруулд хэгзэрсэн, хүзүү хоолойны урд хэсэгт багалзуурдсан цус хуралттай, баруун мөрөнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул тэднийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
42. Хохирогч Ү.Б-ийн эрүүл мэндэд учирсан “биед тархины доргилттой, духны баруун талд хавдартай, хамрын нуруунд хавантай, шархтай, зүүн талын шанаанд хавдартай, баруун чихэнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, доод уруулд хэгзэрсэн, хүзүү хоолойны урд хэсэгт багалзуурдсан цус хуралттай, баруун мөрөнд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.С-, С.Т- нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч С.С-, С.Т- нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
43. Иймд шүүгдэгч С.С-, С.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
44. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, шүүгдэгч хохирогч нарын таарамжгүй байдал, гудамж талбай, олон нийтийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
45. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
46. Шүүгдэгч С.С-, С.Т- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ү.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Ү.Б- нь “Sumsung J7” маркийн гар утасны үнэ 300.000 төгрөг, бусад эмчилгээ хийлгэх болон сумаас аймгийн төв рүү ирж буцахад гарсан зардал гэж нийтдээ 1500.000 төгрөг нэхэмжилжээ.
47. Хохирогч Ү.Б- нь “Sumsung J7” маркийн гар утасны үнэ 300.000 төгрөг нэхэмжилсэн ба эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БӨА-022-0359 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-81 дэх тал/-ээр “Sumsung J7” маркийн гар утасны үнийг 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтой болохыг тогтоожээ.
48. Харин эмчилгээ хийлгэх болон сумаас аймгийн төв рүү ирж буцахад гарсан зардлын талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-, С.Т- нараас 200.000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Б-т олгож, илүү нэхэмжилсэн 1500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
49. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч С.С-, С.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч С.С-т 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч С.Т-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
50. Шүүгдэгч С.С-, С.Т- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
52. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-, С.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
53. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-, С.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
54. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.С-, С.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
55. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
56. Шүүгдэгч С.С-, С.Т- нарт оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
57. Тодруулбал, шүүгдэгч С.С-, С.Т- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
58. Хэрэв шүүгдэгч С.С-, С.Т- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
59. Шүүгдэгч С.С-, С.Т- нарт оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
60. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч С.С-, С.Т- нар нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
61. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эд хөрөнгө битүүмжлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг битүүмжилж болохгүй” гэж заасныг үндэслэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “төмөр таяг”-ийг шүүгдэгч С.С-т буцаан олгохоор шийдвэрлэв.
62. Шүүгдэгч С.С-, С.Т- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.т овогт С-н С-, Ш.о овогт С-н Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-, С.Т- нарын тус бүрт 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.С-, С.Т- нарт оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-, С.Т- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.С-, С.Т- нарт оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч С.С-, С.Т- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-, С.Т- нараас гэмт хэргийн хор уршигт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ү.Б-т олгож, илүү нэхэмжилсэн 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ү.Б- нь нэхэмжлэх хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 21.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.С-т буцаан олгосугай.
10. Шүүгдэгч С.С-, С.Т- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК