Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

 

  2023         01         09                                 2023/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцогт,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

шинжээч Ч.Эрдэмболор,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргал,

            шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.А-д холбогдох эрүүгийн 2206 00000 2974 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, эрэгтэй, 43 настай,  бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4,  эхнэр, охин, хадам аав нарын хамт ........................................ тоотод оршин суух хаягтай,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Р.А.

          Холбогдсон хэргийн талаар:

Р.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ тоотод хохирогч Ч.Энх-Амартай эхнэртэйгээ хардлаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн  тус  газарт  бахиар 1 удаа  цохиж алсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би талийгаачийн төрсөн ах. Би талийгаачийг гэмтэлд очсоны маргааш өглөө 7-8 цагийн үед ах над руу яриад дүү чинь гэмтэл дээр байна гээд мэдсэн. Энэ залууг би анх удаа харж байна. Манай дүүтэй 2-3 жилийн найзууд гэж мэднэ. Манайд юм хийгээд байж байхад нь хэн утасдаад байгаа юм гэхэд энэ залуу байдаг байсан. Улиастайн шар дэлгүүрийн тэнд хөлсөөр айлын хашаанд буулгаад 4-5 хоног болсон байсан. Талийгаач ажилгүй, эхнэр нь ажил хийдэг болохоор талийгаачийн доод талын дүү гэрийн бүрээсийг авч өгөөд, охин нь гэрийн тавилгыг захиалж өгсөн. Тавилгын захиалга бэлэн боллоо гэхэд хөшиг зэргээ шинээр хийх гэж шүүгдэгчийг дуудаад ийм зүйл болсон байсан. Хэргийн газрын үзлэгт очиход шкаф зэргийг  хашаанд нь гаргаад хаясан, гэр дотор нь хүн байхын аргагүй аймар болсон байсан. Тухайн үед шүүгдэгч тийм их согтолтой биш байсан байх. Би яаснаа мэдэхгүй байна гэвэл өөр хэрэг. Энэ хүнд аав, ээж, ах, дүү гэж байдаг л байлгүй. Буяны ажил дуусаад 3-4 сар болоход яав ийв гэж сэтгэл гаргахгүй байна. Хохиролд баримттай 8.060.200 төгрөг, баримтгүй 1.700.000 төгрөг, нийт 9.760.200 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шинжээч Ч.Эрдэнэболорын “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн тасагт ахлах шинжээч эмчээр 2005 оноос хойш ажиллаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн шинжилгээний өрөөнд 49 настай эрэгтэй Чулууны Энх-Амар гэх талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж .... дүгнэлт гаргасан. ...Тухайн үед мөрдөгч нь гэмтлийг нь ялгаж асуусан байсан тул ийм дүгнэлт өгсөн. Энэ гэмтлийн улмаас шууд нас барсан. Хүндрэлийн улмаас биш. Шүүгдэгч нь архаг өвчтэй байсан, мөн х байна нь нөлөөлөөгүй. Хагалгаанд ороход Эмчилгээний хугацаанд нөлөөлсөн байж болно. Түүнээс биш үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Онолын хувьд цаг хугацаа алдахгүй эрт үзүүлэх тусмаа амь насыг аврах боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл тархийг нь цөмлөөд эдийг нь 2 см гүн няцлаад орсон байгаа тул баталгаатай амь насыг нь аврах боломжгүйгэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн ... дугаар хороо .......... хэсэг .......  тоот гэх дугаартай улаан хүрэн өнгийн банзан хашаа, ногоон өнгийн төмөр хаалга байв. Хашаа руу ороход хашааны гол 2 ширхэг баруун урагш харуулж барьсан монгол гэр байв. Зүүн талын гэрт үзлэгийг цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Гэрт ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй байв. Гэрийн хаалганы баруун талд ... угаалгын машины урд байх улаан иштэй хар бахийг ... цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цагаан алаг хээтэй фудболк, ягаан өнгөтэй цус мэт зүйлээр бохирлогдсон 73 см урттай, 13 см өргөнтэй алчуур зэргийг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов ... гэрийн хоймор хэсэгт байрласан зурагтын урд хэсгийн шалан дээр 1*1, 0.5*0.5 хэмжээтэй олон тооны цус мэт зүйлээр хэсгийг 48 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 24 минутад эхэлж, 11 цаг 26 минутад дууссан” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-14 дэх тал/,

Цогцост үзлэг хийсэн “160 см урттай, толгой үс хуссан, биеийн ерөнхий хөгжил зөв мах мариа дунд зэрэг 49 настай эрэгтэй хүний цогцос байна. 2 нүдний зовхи аниастай хүүрэн хараа 2 талд жигдэрч өргөссөн. Хамрын яс болон үзэгдэх үүдэн шүд бүрэн, хүүр хөшиж эрүү хөл гараа булчинд тод үүссэн. Хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр үүссэн. Дарахад цайж 10 секундийн дараа хэвэндээ орно. Цээж хэвлийн хэлбэр зөв духны баруун талд 2*1 см талбайд хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн чамархай хуйхны дээд хэсэгт 2 см оёдол тавьсан шархтай, баруун өвдөгний доод хэсэгт 1.5х0.7 см өнгөц зулгаралттай, биед өөр ил харагдах гэмтэлгүй, 06 цаг 35 минутад нас барсан. Үзлэг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад эхэлж, 09 цаг 22 минутад дууссан” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20-25 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргалын “Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 06 цаг 40 минутын орчим гадуур явж байтал манай том ах  Ч.Энхтөр над руу залгаад талийгаач дүү Энх-Амарыг гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдсэн байна, бусдад зодуулсан байна яаралтай очоорой гэж ярьсан. Тэгээд  би гэмтлийн эмнэлэг дээр ирээд асуутал яаралтай хагалгаанд орох шаардлагатай  гээд  хагалгаанд орох гэтэл даралт өндөр, зүрхний цохилтын хэм өндөр байна хагалгаа хийж болохгүй, хагалгаа даахгүй гээд сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн. Маргааш өглөө нь 7 цагийн орчим дүү маань нас барсан ... талийгаач дүү маань бусадтай харилцахдаа энгийн, ямар нэгэн уур уцааргүй, тайван дөлгөөн,  хүний үгэнд сайн ордог эелдэг хүн байсан ... ямар нэг эмнэлгийн хяналтад  байдаггүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Гэрч Г.Бямбасүрэнгийн “Өчигдөр манай гэрт бид 4 байсан өөр хүн байгаагүй. Архи ууж дуусчхаад манай нөхөр Энх-амар найз Р.Атай маргалдаад хэрэлдээд байсан. Бид 4 газар цай уух гээд тойроод сууж байхад Р.А чи намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм уу гээд ширээний хажууд байсан бахийг аваад манай нөхөр Энх-Амарын толгой руу 1 удаа цохисон, тэгээд хоорондоо маргалдаад ноцолдож байгаад манай нөхрийг Р.А газар түлхэж унагасан, тэгээд газраар нэг цус болоход Р.А, Дамбаа нар гараад явсан байсан. Би нөхрийнхөө толгой дээр ус хийж өгөөд цэвэрлээд лент нааж өгөөд нэлээн ангайсан байсан, нөхрийгөө эмнэлэг оръё гэхэд зүгээр зүгээр гээд унтаад өгсөн, үүрээр 4 цаг болж байхад нөхөр Энх-Амар сэрээд надаас цай нэхээд ярьж чадахгүй дохиод  байхаар нь архи дарс чинь гараагүй юм уу гэхэд тогойгоо заагаад сонин болоод байна гэхээр нь би өөрийн охин Ундрал руу аав чинь ам хамар нь мурийгаад хөдөлж чадахгүй хэвтчихлээ түргэн дууд гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

Гэрч Л.Цэдэндамбын “Бид хэд гэрт нь ороод авсан 1 шил архиа задлаад хувааж ууцгаасан. Бид хэд тухайн 1 шил архиа хувааж ууж дуусгачхаад ахиж 1 шил архийг авахаар Бямбасүрэнг дэлгүүр рүү явуулсан. Удалгүй Бямбасүрэн дэлгүүрээс 1 шил архи авчраад бид хэд ахиж хувааж уусан. Дараа нь гэрийнхээ цавгийг хийгээд хөшгөө татаж байтал уяа дутаад хийхээ болиод сууж байтал талийгаач Энх-Амар, Р.Атай маргалдаад барьцалдаад авсан. Би тухайн үед салгах гээд бостол Энх-Амарын тархинаас нь цус гарч байсан. Тэгтэл талийгаачийн эхнэр Бямбасүрэн 00 цаасаар цусыг нь арчиж өгсөн. Би талийгаач Энх-Амараас толгой чинь хэр зэрэг хагарсан байна, зүгээр үү түргэн тусламж дуудах уу гээд хэлтэл зүгээр зүгээр яах юм бэ гэхээр нь би за за би Р.Аыг аваад явлаа гээд гэрээс нь 18 цагийн орчимд гараад явсан. Би зам дээрээс такси аваад Р.Атай суугаад 32-н буудал дээр гэр гэр лүүгээ салсан ... Энх-Амар, Р.А, Бямбасүрэн бид 4 бэр гуйх талаар яриад байж байтал гэв гэнэт талийгаач Энх-Амар, найз Р.А 2 миний хойгуур барьцалдаад босоод ирсэн. Тэгэхээр нь би босоод салгаад суулгатал талийгаачийн тархинаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 43-44 дэх тал/,

Гэрч Э.Учралын “Талийгаач аав маань 2012 оноос хойш согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэх болсон. Зан байдал нь түргэн ууртай, уур нь хурдан гардаг,  яриа хөөрөө ихтэй, бусадтай хэл ам учраа олдчихдог, бусдад их тусархуу, нийтэч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам, заримдаа архи уучхаад унтаад өгдөг. Архинд хурдан согтдог хүн байсан. Харуулын ажил хийдэг байсан. 2021 оноос хойш ажил төрөл хийгээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Шүүхийн  шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2537 дугаартай “Гэмтлийн эмчийн үзлэг: Дух Зүүн чамархайн ясанд 3.2 см урт олон сэлтэрхий бүхий цөмөрсөн хугаралтай, орчны тархины эд цус хуралт үүссэн гэх. Талийгаач Ч.Энх-Амар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост зүүн зулай хэсгийн хуйхны шарх, гавлын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальс, аалзан хальсны шарх, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцралт, духны баруун хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт  зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духны баруун хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, нойр булчирхай архаг үрэвсэл, сэмж, чацархайн архаг үрэвсэл, элэгний бүрэн цус хатуурал өвчтэй байна. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд спиртийн зүйл, мансууруулах боон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаачийн ходоодонд агууламжгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 94-98 дахь тал/,

Шинжээч Ч.Эрдэмболорын “Гэмтэл учирсан даруй цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй. Бүрэн дүүрэн аврагдах боломжтой гэж хэлэх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

Шүүхийн  шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13366 дугаартай “Р.Аын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1002 дугаартай “Р.А нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх шинж, баримт үгүй ... өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдах чадвартай ... сэтгэцийн ямар нэг өвчингүй ... сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал/,

Яллагдагч Р.Аын “Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал талийгаач Энх-Амар над руу залгаад найз нь гэрийнхээ хөшиг, цавгийг янзлах хэрэгтэй байна хамт ирээд туслаад өгөөч гэхээр нь би 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрт нь очсон ... Бид хэд архи хувааж уугаад сууж байтал талийгаач Энх-Амар нь согтоод босож ирээд намайг заамдаж аваад байхаар нь би боль гэж хэлтэл найз Цэдэндамбаа та 2 суу гээд бид хоёрыг суулгасан. Би хаалганы хажууд хөшиг хадаад байж байтал талийгаач Энх-Амар дахин босож ирээд надад агсраад намайг боогоод заамдаж аваад байхаар нь намайг тавь гэж 2-3 удаа хэлсэн. Тэгтэл намайг тоохгүй заамдаад боогоод байхаар нь уурласандаа гартаа барьж байсан улаан өнгийн бахиар  талийгаачийн толгойн зүүн хэсэгт 1 удаа үзүүр хэсгээр цохитол талийгаачийн толгойноос их хэмжээгээр цус гарсан. Талийгаач алчуураар толгойгоо дараад суусан. Бид 4 үргэлжлүүлээд үлдсэн байсан архиа хувааж уугаад би найз Цэдэндамбаатай 19 цагийн орчим гэртээ харихаар явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч А.Маралын “Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.329.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дахь тал/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчийн “Улаан өнгийн бахь, цагаан саарал эрээн хээтэй цустай фудболк 1 ширхэг, цустай ягаан өнгийн гар нүүрийн алчуур зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол /хавтаст хэргийн 17 дэх тал/,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын “Яллагдагч Р.Ад холбогдох эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан Улаан өнгийн бахь, цус мэт зүйлээр бохирлогдсон фудболк, гар нүүрийн алчуур зэрэг эд зүйлийг хүргүүлэв” гэх албан бичиг /хавтаст хэргийн 186 дахь тал/,

Талийгаач Ч.Энх-Амарын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн болон оршуулгын зардалтай холбоотой хохирлын баримтууд /хавтаст хэргийн 156-163, 170-176 дахь тал/,

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Цагдаагийн Ерөнхий газар мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 136/2459 “Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс дээрх иргэнд холбогдох мэдээллийг цахим сангаас шалгаад Р.А-д мэдээлэл байхгүй. Харин Р.А-ыг шалгаж, цахим сан дахь мэдээллийг гаргасан байна. Учир нь цагдаагийн байгууллагын мэдээллийн санд Р.А Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4, 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн учир 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн тухай тэмдэглэлийг тус шүүхээс 2010 оны 12 дугаар сард ирүүлснийг үндэслэн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн санд шивж бүртгэжээ. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн холбогдох мэдээллийг иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас нягтлан шалгахад иргэн Р.А гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байх тул цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сан дахь дээрх иргэний мэдээллийн регистрийн дугаарыг зөвтгөж залруулга хийсэн болохыг үүгээр уламжилж байна” гэсэн албан бичиг,

 

Шүүгдэгч Р.А-ын өмгөөлөгч Р.Баярбат хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Г.Бямбасүрэнгийн “...  хүнээр яаж зүгээр юм хийлгэх юм бэ гээд манай нөхөр Энх-Амар 1 шил 0.5 граммтай Хараа архи авч өгсөн. Дараа нь Дамба шил 0.5 граммтай архи авахуулсан. Р.А чи намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм уу гээд ширээний хажууд байсан бахийг аваад манай нөхөр Энх-Амарын толгой руу 1 удаа цохисон, тэгээд хоорондоо маргалдаад ноцолдож байгаад ... Миний мэдэхээр ямар нэг өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Одоогоос 3 жилийн өмнө нөхрийнхөө ажил дээр хоол хүргэж өгөхөд Р.А, Дамба 2 нөхрийн ажил дээр ирчихсэн байсан юм, манайх тухайн үед Баянхошуунд байсан болохоор Р.А, Дамба хоёртой цуг явъя гээд гэр рүүгээ явсан юм. Архи уухаараа манай нөхөр чи Азаатай хаашаа явсан гээд л хэрүүл хийгээд байдаг ... манай нөхөр 2022 онд сүрьеэ өвчин тусаад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хяналтад эмчлэгдээд эдгэсэн, өөр ямар нэгэн өвчин байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

Гэрч Л.Цэдэндамбын “... Энх-Амар, Р.А 2 маргалдаад барьцалдаад авсан ... тухайн үед бид 4 нэлээн согтсон, хэл ам орооцолдсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

Гэрч У.Батцэцэгийн “Би Р.Атай 2020 оноос хойш хамтран амьдрах болсон. Гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Зүүнбаян уулын 11-16 тоотод хамтран амьдарч байсан ... Манай нөхөр Р.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хааяа мөнгөтэй болохоороо найз нөхөдтэйгөө уудаг, тайван дөлгөөн зантай, зан авир уур бухимдал бага, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түргэн ууртай, бусадтай эелдэг зөөлөн харилцдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Гэрч У.Эрдэнэтөгсийн “Р.А манай төрсөн эгч болох У.Батцэцэгтэй 2020 оноос хойш хамтран амьдрах болсон. Р.А ах гэртээ болон миний дэргэд архи ууж байгаагүй. Дуу муутай, илүү дутуу зангүй, тайван дөлгөөн зан авиртай, хүн асуувал хариулаад, ярихгүй бол чимээгүй байдаг, уур бухимдал нь бага, бусадтай эелдэг зөөлөн харьцдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Р.Аын сэжигтнээр өгсөн “Бид хэд архиа уучхаад гэрийн цавгаа хийгээд дараа нь гэрийн хөшиг татаад байж байтал Цэдэндамбаа талийгаачийн эхнэр Бямбасүрэнг дэлгүүр рүү 0.5 граммын архинд явуулсан. Архийг бид 4 хувааж уугаад талд оруулаад байж байтал талийгаач Энх-Амар намайг эхнэр Бямбасүрэнтэйгээ хардаж уурлаад надад агсам тавиад намай заамдаад авахаар нь би чи намайг тавь гээд хэлтэл намайг тавихгүй байсан болохоор нь би гартаа барьж байсан улаан өнгийн бариултай бахираа талийгаачийн толгой хэсэг рүү цохитол толгойноос нь их хэмжээний цус гараад байхаар нь би найз Цэдэндамбаагийн хамт гэрээс нь гараад явсан. Талийгаач Энх-Амар толгойгоо алчуураар дараад гэртээ эхнэр Бямбасүрэнгийн хамт үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,

Шинжээч Ч.Эрдэмболорын “Гэмтэл учирсан даруй цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд  амь нас аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй. Бүрэн дүүрэн аврагдах боломжтой гэж хэлэх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

Шүүхийн  шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2537 дугаартай шинжээчийн “Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духны баруун хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 98 дахь тал/,

Шүүгдэгч Р.А-ын хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 126, 127 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 124 дэх тал/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 129-135 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Р.А нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол Р.Аын өмгөөлөгч Т.Баярбат хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хатуу мохоо зүйл болох “бахь”-иар талийгаачийн гавлын зүүн зулай хэсэгт цохиж хүч үйлчилсний улмаас “Зүүн чамархайн ясанд 3.2 см урт олон сэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, орчны тархины эд цус хуралт” бүхий гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гавал тархины битүү гэмтэл учирсан, талийгаачийн биед зохих эмчилгээ үйлчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломжгүй байсан болох болох нь шинжээчийн дүгнэлт, өвчний түүхийн хуулбар, компьютер томографийн шинжилгээ, шинжээчээс авсан удаа дараагийн мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдсон тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Р.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гудамж 3а хэсгийн 140 тоотод хохирогч Ч.Энх-Амартай эхнэртэйгээ хардлаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн  тус газарт бахиар 1 удаа цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргал, гэрч Г.Бямбасүрэн, Л.Цэдэндамба, шинжээч Ч.Эрдэмболор, яллагдагч Р.А нарын мэдүүлэг, цогцост задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

            - Талийгаач Ч.Энх-Амар, гэрч Г.Бямбасүрэн нар эхнэр, нөхрийн харьцаатай, Шүүгдэгч Р.А, гэрч Л.Цэдэндамба, талийгаач Ч.Энх-Амар нар найз нөхдийн холбоотой,

            - Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гудамж 3а хэсгийн 140 тоот хаягт Ч.Энх-Амарынх 4-5 хоногийн өмнө нүүж ирсэн байсан,  

            - 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Энх-Амар нь гэрийнхээ цаваг, хөшгийг янзлах зорилгоор найз Р.А, Л.Цэдэндамба нарыг дуудаж ирүүлсэн,  

            - Ажлаа эхлэхээс өмнө Ч.Энх-Амар, Г.Бямбасүрэн, Р.А, Л.Цэдэндамба нар хамтаа 2 шил архи хувааж уусан,

            - Гэрийн цаваг, хөшиг хийж байх явцад Ч.Энх-Амар нь согтуурхаж Р.А агсам тавьж маргалдсан, улмаар заамдалцаж барьцалдсан,

            -  Р.А нь цаваг, хөшиг янзлахад ашиглаж байсан бахиар Ч.Энх-Амарын толгойн тус газарт нэг удаа цохисон,

            - Ч.Энх-Амарын толгойноос цус гарч, толгойн тус учирсан шарх нь ангайсан байдалтай байсан,

            - Тухайн үед эмнэлгийн тусламж дуудах эсэх талаар яригдсан боловч талийгаачийн зүгээр зүгээр гэсний дагуу тусламж дуудалгүй Р.А, Л.Цэдэндамба нар 18 цагийн орчим гэртээ харихаар явсан,

            - Талийгаач Ч.Энх-Амар, эхнэр Г.Бямбасүрэнтэй гэртээ үлдээд унтаж амарсан бөгөөд шилжих шөнө 4 цагийн орчим биеийн байдал нь хүндэрсэн талаар мэдсэн,

            - Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны  өглөө 06 цаг 48 минутад хүргэгдсэн,

            - Яаралтай хагалгаанаас талийгаачийн зүрх зогсож, 09 цаг 38 минутад эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн,

            - Зохих эмчилгээ үйлчилгээ хийсэн боловч биеийн байдал маш хүнд, ухаан орохгүй, комын байдалтай байсаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өглөө 06 цаг 35 минутад нас барсан байна.

Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцогтоос “Р.А 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 3 дугаар хэсэгт 140 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Энх-Амартай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар 1 удаа бахиар цохиж хүн алсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Шүүгдэгч Р.А нь хүний амьд явах эрхэд хүч хэрэглэн халдсан үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Р.Аын талийгаач Ч.Энх-Амарын зүүн чамархайн тус газарт бахиар цохисон үйлдэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирчээ. Иймд Р.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хохирогчийн зүгээс согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан маргаан өдөөсөн харилцаа, агсам тавих, согтуурхах хандлага зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.     

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эрүүл мэндийн хохирол, оршуулгын зардалтай холбоотой баримтаар 8.060.200 төгрөг, баримтгүйгээр 1.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ааас 8.060.200 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргалд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ааас 2.329.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор  шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Р.Ааас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

          2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Р.А нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол, шүүгдэгч Р.А-ын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан, сонгох ялын төрөлгүй, хүнд гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд Р.Аыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ гэмшин дүгнэлт хийсэн гэх хувийн байдал, ахуйн хүрээнд, согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэсэн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол учирсан, хор уршиг арилахгүй, нөхөгдөхгүй гэх шинж чанар, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлтэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Р.Ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

Шүүгдэгч Р.А нь энэ хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн нийт 104 /нэг зуун дөрөв/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хугацааг эдэлбэл зохих ялаас хасаж тооцно.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй бахь 1 ширхэг, цагаан саарал эрээн хээтэй фудболк 1 ширхэг, цустай ягаан өнгийн гар нүүрийн алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болох хүртэл Р.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Р.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Р.А-д шүүхээс оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Р.А-ын цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Р.А-аас 8.060.200 /найман сая жаран мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргалд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Р.Ааас 2.329.000 /хоёр сая гурван хорин есөн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хохиролтой холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Р.А-аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй бахь 1 ширхэг, цагаан саарал эрээн хээтэй фудболк 1 ширхэг, цустай ягаан өнгийн гар нүүрийн алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэх зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох энэ шийдвэрийг эс зөвшөөрөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ХАТАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧ                               Э.ОЮУНТУНГАЛАГ               

                  ШҮҮГЧ                                Д.ШИНЭХҮҮ