Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

 

 

 

2023         01         20                                2023/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2206 02901 3158 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг ........................... тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 88А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил хасагдаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоолоос торгох ялыг биелүүлж, зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, уг ялаас 6 сар 11 хоногийг эдлээгүй үлдсэн, Ц.М

            Холбогдсон хэргийн талаар:

   Ц.М нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн гудамжинд авто машин дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Эрдэнэцэцэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Эрдэнэцэцэгийн “2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гараад ТҮЦ орох гээд 2 дүүтэйгээ Мега сторийн замын эсрэг талд явж байхад ардаас Ц.М гээд манай эгчтэй харилцаатай байсан хүн ... хүрч ирээд намайг машиндаа суулгасан ... Ц.М, Батхуяг бид 3 Дарь-Эх рүү явсан. Дарь-Эх рүү эргээд их хол явалгүй байж байхдаа машин дотроо намайг битгий өдөөд байгаарай чи намайг харж байгаа биз би чамайг олж байгаа биз дээ битгий надаар оролдоод байгаарай гээд намайг үсдээд толгой руу, чих рүү, мөр хэсэг рүү гараараа цохиж зодсон ... зүүн чихний орчимд гараараа цохисон. Одоо оёдол тавиулчихсан байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Гэрч У.Батхуягийн "Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо колонкын уулзвар дөнгөж өнгөрөөд 1 охин зогсож байхыг Ц.М ах хараад наанаа зогсож бай гэж хэлээд машинаас буугаад явсан. Буцаж ирэхдээ нөгөө охиныг дагуулж ирээд машинд суулгаад чигээрээ яв гэж хэлээд жоохон явж байгаад замын хажууд зогсоосон. Ц.М ах нөгөө эмэгтэйд манай эхнэр хаана байна гэхэд би мэдэхгүй байна гээд яриад байх шиг байсан ... Ц.М ах нөгөө эмэгтэйг 1-2 удаа алгадах чимээ гараад дараа нь Ц.М ах 3, 4 дүгээр хороолол явъя гээд хороололд тухайн эмэгтэйг буулгасан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7608 дугаартай "М.Эрдэнэцэцэгийн биед зүүн чихэнд шарх, дух, зүүн шуунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Яллагдагч Ц.Мийн “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84 дэх тал/,

Шүүгдэгч Ц.Мийн өмгөөлөгч Ц.Мандал хавтаст хэргээс  дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/,

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 61-71 дэх тал/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлж 800.000 төгрөг тушаасан баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн гудамжинд авто машин дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Эрдэнэцэцэгийн нүүрэн тус газарт гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь зүүн чихэнд шарх, дух, зүүн шуунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Эрдэнэцэцэг, гэрч У.Батхуяг, яллагдагч, шүүгдэгч Ц.М нарын мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ц.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Мийн хохирогч М.Эрдэнэцэцэг руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч М.Эрдэнэцэцэг нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон бөгөөд Ц.Мийн үйлдэл нь хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Ц.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч М.Эрдэнэцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, цаашид хохирол нэхэмжлэх эсэх нь тодорхойгүй, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар зохих арга хэмжээ авсан боловч оролцохоос татгалздаг болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.Мөөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.М нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Ц.Мийн өмгөөлөгч Ц.Мандалаас 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Мийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, энэ төрлийн гэмт хэрэг ял шийтгүүлсэн боловч ухамсарлаж дүгнэлт хийгээгүй гэх хувийн байдал, хувийн таарамжгүй харилцааны улмаас эмэгтэй хүний биед хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар зэргийг харгалзан Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож, тус хэрэгт цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэжээ.

Уг шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял биелэгдсэн бөгөөд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас цагдан хоригдсон 63 хоногийг хасаж, эдэлбэл зохих зорчих эрх хязгаарлах ялын хугацаа 9 сар 27 хоногоор тогтоогдож байна.      

Ц.М нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон эдлээгүй үлдсэн ялыг 6 сар 11 хоногоор тооцож, энэ хэрэгт яллагдагчаар цагдан хоригдсон болно.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоол гарах үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоол гарсан талаар Ц.М мэдэгдээгүй, уг тогтоол хүчин төгөлдөр болоогүй, зохих байгууллагад хүргүүлэх, ял шийтгэлийн санд бүтгүүлэх боломжгүй байсан нь цаг хугацааны хувьд харагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар Ц.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 3 сарын хорих ял дээр

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 /ес/ сар 27 /хорин долоо/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Ц.Мийн энэ хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мд авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар Ц.М-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял дээр

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 /ес/ сар 27 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 9 /ес/ 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар Ц.М-д оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

  6. Хохирогч М.Эрдэнэцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.М-өөс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ