Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2019/00652

 

                                     

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр         Дугаар 101/ШШ2019/00652             Улаанбаатар хот

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, Агарын 0 тоотод байрлах “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгаар байр 0 тоотод байрлах “Л” ХХК-д холбогдох,  

 

Д аймгийн Д сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Л таун хотхоны А блокийн 9 давхар орон сууцны 1 дүгээр орцны 1 давхрын 3 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 7 давхрын 24 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.071.384 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч “Э” ХХК нь вакуум цонх, хаалга, зөөврийн сууцны үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд хариуцагч “Л” ХХК-ийн захиалгын дагуу 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийт 187.719.384 төгрөгийн үнийн дүн бүхий цонх, хаалга бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, чанар, стандартын шаардлагад нийцсэн барааг хариуцагч “Л" ХХК-д хүлээлгэн өгч гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн. Гэрээнд зааснаар хариуцагч “Л” ХХК нь барааны төлбөрийн урьдчилгаа 30% 56,315,815 төгрөгийг төлөх, үлдэх 131,403,568 төгрөгт орон сууц оролцуулж бартераар төлөхөөр тохиролцсон. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 20.000.000 төгрөг төлж төлөөгүй үлдэгдэл 167.719.384 төгрөг үлдсэн, 2015 онд 25.000.000 төгрөг төлж 142.719.384 төгрөг үлдсэн. 2016 онд 131.648.000 төгрөгийн үнэд тус бүр 65.824.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцын манай компанийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгч, 11.071.384 төгрөгийн үлдэгдэлтэй гэж 2 тал тооцоо нийлсэн актыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр үйлдсэн.

Бараа бөөнөөр худалдах, худалдан авах 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний 4.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тухайн үеийн Цонхны үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Б нь өөрийн нэр дээр “Л” ХХК-тай 2015оны 02 дугаар сарын 09-нд 0047 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, Д аймгийн Д сумын 11-р багийн нутаг дэвсгэр “Л таун” хотхоны “10А” блокын 9 давхар орон сууцны 1 дүгээр орцны 1 давхрын 3 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 47 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, “10А” блокын 1 дүгээр орцны 7 давхрын 27 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус захиалан бариулж манай компанийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. Манай компани дээрх байдлаар бараагаа нийлүүлж орон сууцны үнийг бартераар бүрэн төлсөн тул “Л” ХХК нь орон сууцнуудыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, гэрчилгээ гаргаж өгөхийг “Л” ХХК-аас удаа дараа шаардсаар байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй явсаар ирсэн. “Л” ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг манай компанийн нэр дээр гаргаж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн атлаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж, бидэнд мэдэгдэлгүйгээр бусадтай хуйвалдан зээлийн болон барьцааны гэрээ байгуулан орон сууцыг барьцаалсан байх бөгөөд энэ талаарх холбогдох нотлох баримт бидэнд одоогоор байхгүй тул нотлох баримт бүрдсэн үед нь “Л" ХХК-ийн бусадтай байгуулсан зээлийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тусад нь нэхэмжпэл гаргах болно. Нэхэмжлэгч нь хариуцагч “Л” ХХК-тай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 0047 тоот болон 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 47 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээний 2.2-т “Энэ гэрээний 1.8-д заасан төлбөрийг захиалагч тал бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 2.3-т “орон сууцыг ҮХЭХБ-д бүртгүүлж өмчлөх эрхийг баталгаажуулахад гүйцэтгэгч тал өөрийн зүгээс шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгнө” гэж тус тус заасныг болон Иргэний хуулийн 274.1, 343.1, 350.1.1, 350.1.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардпага гаргаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийг Д аймгийн Дсумын 11-р багийн нутаг дэвсгэр “Л таун” хотхоны “10А' блокын 9 давхар орон сууцны 1-р орцны 1 давхрын 3 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр, 7 давхрын 27 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү. Мөн Бараа бөөнөөр худалдах, худалдан авах 2014-11-22-ны өдрийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 11.071.384 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн үнийг гэрээ байгуулах үеийн орон сууцны үнэ 131 684 000 төгрөгөөр тооцсон болно... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид анх гэрээ хийхдээ нийт үнийн дүнгийн 30 хувийг өгнө. Үлдсэн 70 хувь дээрээ 2 байр өгнө гэснийг бид хүлээн зөвшөөрч ажлаа хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Мөн тухайн үедээ буюу хавар нь очоод жижиг сажиг засварын ажлуудыг нэмж хийгээд 4 сарын сүүлээр ажил хүлээлцэх акт үйлдсэн. 30 хувиасаа бидэнд 20,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Тухайн үед бид Хас банкнаас зээл авч ажлыг өөрсдийнхөө мөнгөөр хийсэн. Тухайн ажлыг хийснээр манайх асар их хохирол хүлээсэн. Банкны хүү алдангийн өрөнд орсон. Тухайн үед хэлэлцэн тохирсон ёсоор үлдэгдэл мөнгөө өгөөгүй. А.Л захирал гэрээнд заасны дагуу бидэнд 2 байр өгсөн. Улсын комисс хүлээн авсны дараа гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн. Бид гэрчилгээ гарах болж байна уу гэж байнга асуудаг байсан. Бид тухайн байрандаа өөрсдийнхөө ажилчдыг оруулсан ба тухайн байр нь бидний мэдэлд байгаа. Бид гэрчилгээгээ авах гэж маш их хөөцөлдсөн. 2016, 2017 он дамжаад маш их удсан. Улсын комисс аваагүй байна. Авахаар нь гэрчилгээг нь өгнө гэсэн. Сүүлд холбогдоход хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүсэж, асуудал шүүхийн шатанд явж байгаа. Үүнээс үүдэн гэрчилгээ гарахгүй удааширч байгаа гэсэн. Гэтэл 2018 онд А.Л захиралтай холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байсан ба нягтлангаас нь асуухад гадаадад байгаа гэж хэлсэн. Ер нь нягтлантай нь байнга уулзаж байсан. Тухайн үед ажил хүлээлцэж байсан Ж гэж залуутай холбогдож байсан. Ж нь ажлаасаа гараад өөр тийшээ явсан. А.Л-тэй манай ажилтан Фейсбүүкээр холбогдоход шүүхийн асуудал дуусаагүй байгаа тэр хүртэл наадах чинь шийдэгдэхгүй хүлээхээс өөр аргагүй гэж хэлсэн. Их хүлээгээд арга ядаад шүүхэд хандсан. Хэд хэдэн удаа очиж тооцоо нийлсэн бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нягтлан О-тэй нь тооцоо нийлсэн. Б захирал дээр очиж тухайн үед бичиг авсныг сая гаргаж өгсөн. Д сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Л таун хотхоны А блокийн 9 давхар орон сууцны 1 дүгээр орцны 1 давхрын 3 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 7 давхрын 24 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг бидэнд өгсөн. Бид мөнгөө авч чадахгүй өнөөг хүрсэн. “Л” ХХК-ийн шинэ удирдлагууд нь манайхыг байрнаас хөөж байгаа. Тиймээс Д аймгийн Д сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Л таун хотхоны А блокийн 9 давхар орон сууцны 1 дүгээр орцны 1 давхрын 3 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 7 давхрын 24 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.071.384 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “Э” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 22-ны 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бараа бөөнөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 187,719,384 төгрөгийн гэрээ хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэгч тал ажил үүргийг гүйцэтгэж эхэлсэн боловч хугацаандаа хийгээгүй. Чанарын шаардлага хангаагүй ажил хийсэн нь одоо амьдарч байгаа оршин суугч нарын гомдлуудаар тогтоогддог. Ер нь “Л” ХХК нь “Э” ХХК-тай гэрээ хийсэн. Орон сууцыг иргэн Б гэдэг хүнтэй хийсэн. Иргэн Б “Л” ХХК-д мөнгө төлөх ёстой. Мөнгөө төлөөгүй 2 айл дайраад орсон. Тиймээс хууль бус учир гар гэж бид шаардлага тавьсан. “Э” ХХК-ийн тооцоо нийлсэн актыг нь хүчингүй болгох арга байхгүй. “Э” ХХК-д 180 сая төгрөг төлөх ёстой. Үүнээс 2015 онд 25 сая төгрөгийг төлсөн. Одоо 142,179,314 төгрөгийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэл дээр бичсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ мөнгийг төлнө. Байр авч байгаа асуудал нь “Э” ХХК-тай хийсэн гэрээний зүйлтэй холбогдохгүй. Учир нь энэ байрыг иргэн Б гэж хүн өөрийн хүсэл зоригоороо авахыг хүсэж тухайн 2 байрыг бариулахаар 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гэрээ хийсэн /ХХ-9/. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ хийсэн /ХХ-18/. Үүний төлбөрийг “Э” ХХК бартераар хийе гэсэн хүсэл зориг явагдаж байсан. Чанаргүй хаалга цонх хийгдсэн гэж маш их хэл ам гарч байгаа. Үүний дагуу энэ бичгийг ямар хэлбэрээр авчирч байгааг ойлгохгүй байна. Ж гэдэг хүнээр бүрэн хийлгээд авч ирсэн. О гэж хүн тодорхойлсон гэж байна. Энэ бичиг нь өөрсдийнхөө буруу үйлдлийг халхлахыг оролдсон бичиг авчирч өгч байна. Манайд хийсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй. Хүлээлгэн өгсөн акт байхгүй. Ажил хийсэн бол заавал хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ж гэдэг хүн ингэсэн юм. О гэдэг хүн тодорхойлж байна гэсэн бичиг яаж хийгдсэн юм бэ. Ажлаа хэрхэн хүлээлгэн өгсөн юм бэ. Тухайн байранд маш их хэл ам гарч байгаа. 144 айлаас салхи сийгэж байна гэсэн хэрүүл гарч байгаа. Энэ компани очиж янзлаад асуудлаа шийдвэрлэхгүй байгаа. Мөнгөө аваад алга болох гээд байдаг. Ж гэдэг хүн хүлээн авсан юм. Ингэж тодорхойлно гэдэг нь хууль бус гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хийгдсэн ажил нь дүр эсгэсэн гэрээ байх магадлалтай. Учир нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас ирсэн гэрчилгээнд улсын комисс 2017 онд хүлээн авсан. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр барилгын суурь тавигдаагүй байхад 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 22-ны хооронд энэ ажлыг хийж дуусгана гэсэн. 10 давхар барилга баригдах нь битгий хэл суурь нь дөнгөж тавигдаж байхад 1 сарын дотор энэ ажлыг хийгээд дуусгана гэсэн хуурамч гэрээ хавтас хэргийн 5 талд байж байна. Ийм дүр эсгэсэн гэрээгээр энэ ажил үйлчилгээг гүйцэтгэсэн гэсэн дүр эсгэж байна. Үүнд нэг чухал асуудал байна. Гэрээнд цонх, хаалга стандартад нийцсэн байна, түүний гарал үүслийнх нь бичиг баримт нь байх ёстой. Үүнийг хүлээлгэн өгдөг. Ямар материалаар хийсэн цонх гэдэг талаарх нь баримтаа одоо хүртэл гарган өгдөггүй. Ажил хэзээ хийж дуусгасан талаар ажлын акт байхгүй. Гэрээ нь нэг сарын дотор гэж заасан. Хүлээлгэн өгөөгүйгээс улсын комисс 2017 онд хүлээн авсан. Бүтэн 2 жил цонх хаалгаа хүлээлгэн өгөөгүй, одоо ч хүлээлгэн өгөөгүй байдлаас болж компанид хохирол учирч байгаа. Бид “Э” ХХК-тай гэрээ хийсэн. Бид нар 142 сая төгрөгийн тооцоо нийлсэн акттай, ажлаа хүлээлгэн өгөөд энэ мөнгийг төлөхөд татгалзан зүйл байхгүй. 2 байрны асуудал нь иргэн Б хийсэн. Сүүлийн өгсөн баримт нь хүлээлгэн өгөөгүй гэдгийг нотолж байгаа... гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан Д аймгийн Д сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Л таун хотхоны А блокийн 9 давхар орон сууцны 1 дүгээр орцны 1 давхрын 3 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 7 давхрын 24 тоотод байрлах 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.071.384 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч “Л” ХХК нэхэмжлэгч нь цонх нийлүүлэхдээ хүлээлгэн өгөөгүй, чанарын шаардлага хангаагүй, одоо хүртэл цонхны асуудал байгаа тул 3, 27 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин тооцоо нийлсэн 11.071.384 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Зохигчдын хооронд 2014 оын 11 дүгээр сарын 22-ны өдөр бараа бөөнөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний 4.1-д барааны урьдчилгаа 30 хувь буюу 56.315.815 төгрөгийг 14 хоногийн дотор шилжүүлэх, 4.3-д үлдэгдэл төлбөр 131.403.568 төгрөгийг /орон сууц оролцуулах/ бартераар хийхээр тохиролцжээ. /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Уг гэрээний дагуу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд “Э” ХХК-ийн цонхны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ж.Б /хх-ийн 38 дугаар тал/ “Л” ХХК-тай орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр Д аймаг, Д сум, 11 дүгээр баг, Л таун хотхоны А блокын 1 орц, 7 давхар, 27 тоот 59.84 м.кв 2 өрөө орон сууц, Л таун хотхоны А блокын 1 орц, 1 давхар, 3 тоот 59.84 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус 100 бартераар авахаар тохирчээ. /хх-ийн 10-22 дугаар тал/

 

Талууд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Л” ХХК “Э” ХХК-нд 11.071.384 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх-ийн 23 дугаар тал/

 

Уг тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлж, хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч “Л” ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалгаар барих тухай 0047 дугаар гэрээний 1.8-д “...нийт үнийн дүн 65.824.000 төгрөг”, төлбөрийн нөхцөлийг “...бартераар”, гэрээний 2.2 “гэрээний 1.8-д заасан төлбөрийг захиалагч тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, мөн 2016.11.28-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах 47 дугаартай гэрээний 2.1-д “захиалагчийн сонгон захиалсан байрны нийт үнийг 100 хувь бартер болно”, 5.2-д “...захиалагч тал төлбөрөө 100 хувь хийсэн тохиолдолд ... захиалагчийн эзэмшилд хүлээлгэн өгнө” гэж харилцан тохиролцжээ. 

 

Нэхэмжлэгч “Э” ХХК гэрээний үүргээ биелүүлж дууссан нь хэргийн 87-88 дугаар талд авагдсан ажил хүлээлцсэн акт, 23 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3.-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасны дагуу Д аймаг, Д сум, 11 дүгээр баг, Л таун хотхоны А блокын 1 орц, 7 давхар, 27 тоот 59.84 м.кв 2 өрөө орон сууц, Л таун хотхоны А блокын 1 орц, 1 давхар, 3 тоот 59.84 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “Э” ХХК болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч “Л” ХХК маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний төлөгдөөгүй төлбөр 11.071.384 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэлээс 11.071.384 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг батлах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 343.3-т зааснаар Д аймаг, Д сум, 11 дүгээр баг, Л таун хотхоны А блокын 1 орц, 7 давхар, 27 тоот 59.84 м.кв 2 өрөө орон сууц, Л таун хотхоны А блокын 1 орц, 1 давхар, 3 тоот 59.84 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Э” ХХК-ийг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч “Л” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 11.071.384 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871.547 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 871.574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.СОЛОНГО