Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

 

 

 

 

2023        01         20                                  2023/ШЦТ/101

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч Г.Мөрөн,

шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жд холбогдох эрүүгийн 2303 00004 0027 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.Ж.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Мөрөнгийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн Би анх ойлгохдоо даатгалд даатгуулаад үнэлгээгээр 8.208.000 төгрөгийн  хохиролтой гэж үнэлгээгээр гарч ирсэн. Би энэ мөнгийг над руу орж ирэх юм байна гээд ойлгосон. Би буруу ойлгосон байна лээ. Шүүгдэгч А.Ж нь машины хохирол гэж 11.500.000 төгрөг, эмчилгээнд 1.700.000 төгрөг өгсөн. Надад өөр гомдол санал байхгүйгэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч А.Ж-гийн “Баянзүрх дүүргийн нутаг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн зүүн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 40-45 орчим км цагийн хурдтай явж байтал урд талын машин гэнэт тоормослохоор нь би машиныхаа тоормосыг гишгээд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүүгээ дарах гэтэл автобус явж байхаар нь эсрэг урсгал руугаа дартал хойноосоо урагшаа чиглэлтэй ирж явсан жижиг машинтай мөргөлдчихсөн. Би эсрэг урсгал руугаа дарахдаа өөдөөс машин ирж байгааг би анзаараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-9 дэх тал,

Хохирогч Г.Мөрөнгийн “Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн Т.Приус 20 маркийн автомашиныг жолоодон гэрээсээ гараад 100 айл орох гээд цайзын Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн зүүн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд 30 орчим км цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалаас ачааны машин урсгал сөрөөд дараад ороод ирсэн. Тэгээд би хэсэг ухаан алдсан. Нэг мэдсэн машинаас намайг хүн буулгасан удаагүй түргэн тусламжийн машин ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би ганцаараа явж байсан. Жолоочийн зүгээс хувийн эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, мөн дансаар 1.100.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. А.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Хино маркийн 61-85 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Мөрөнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөгийг зардал гарсныг А.Жамъясүрэнгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

Гэрч Ч.Мөнхболдын “2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр офицеруудын ордны автобусны буудал дээр буугаад найз руугаа алхаад 032 дугаар ангийн зүүн талын замаар ертөнцийн зүгээс урдаасаа хойшоогоо чиглэлтэй алхаад явж байтал тухайн замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд Хино маркийн автомашин нь урсгал сөрөөд эсрэг урсгалынхаа машинтай мөргөлдчихсөн. Тэгээд тухайн 2 машины жолооч нар нилээн сандарсан байхаар нь би өөрийнхөө гар утсаар 102, 103 дугаарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16663 дугаартай шинжээчийн “Г.Мөрөнгийн биед зүүн сүүжний тогооны арын ирмэгт ташуу зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

Хас-Үнэлгээ ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 331 дугаартай “Тоёота приус-20 маркийн 58-48 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.768.000 төгрөгийн шууд 8.208.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хавтаст хэргийн 78 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1619 дугаартай “Жолооч А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Г.Мөрөн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 104 дэх тал/,

Хохирогч Г.Мөрөнгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 117 дахь тал/,

Шүүгдэгч А.Ж-гийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 118 дахь тал/,

Хохирогч Г.Мөрөнгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан төлбөр төлөх 209.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:

А.Ж-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ж-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг А.Ж нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

А.Ж нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Дандарбаатарын гудамж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн зүүн замд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Хино маркийн 61-85 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж тоёота приус 20 маркийн 58-18 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Мөрөнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Мөрөн, гэрч Ч.Мөнхболд, иргэний хариуцагч С.Сувд-Эрдэнэ, яллагдагч, шүүгдэгч А.Ж нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил тогтоосон мөрдөгчийн магадлагаа, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдсон байна.

Тээврийн прокурорын газраас А.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна.

Иймд А.Ж-г прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ж-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ж-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ж  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Г.Мөрөн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар А.Ж-гийн нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ