| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/00107/И |
| Дугаар | 101/ШШ2019/00706 |
| Огноо | 2019-03-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2019/00706
2019 оны 03 сарын 06 өдөр Дугаар 101/ШШ2019/00706 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Т.Болормаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0, 0 дугаар байр, 0 тоотод оршин, суух Б овогт Ё.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Боржигон овогт А. П-т холбогдох,
Гэм хорын хохиролд 1.516.340 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Р.Ю, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ё.Х би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Х-Ө сумын нутагт байрлах Баатарван амралт сувилалын газарт ажлынхаа хамт олонтой амрахаар очсон. 09 дүгээр сарын 20-ны өдөр амралтын өрөөнд ажлынхантайгаа яриад сууж байтал жолооч П миний араас сандалаар толгойг маань хага цохиж их хэмжээний цус алдаж зүүн шанаа, духны хэсэгт шалбарсан. Х-Ө сумын хэсгийн төлөөлөгч хошууч Ц газар дээр нь ирж хэргийг шалгаж намайг сум дундын эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Толгойн шарханд 4 оёдол тавиулан эмчилгээ хийлгэж өвдөлт намдсан. Би П, А нарын хамт Улаанбаатар хот руу замын унаагаар буцсан. 09 дүгээр сарын 21-ний өдөр хотод ирээд “Э Б Ж” гэмтэл согогийн эмнэлэгт үзүүлж тархины томографикийн шинжилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн. Энэ үед миний биеийн байдал толгой хүзүү хөшиж өвдөж, ам гүйцэт ангайхгүй, нүүр хавантай байсан. Эмчийн үзлэгээр тархины доргилттой цус багадсан, өвдөлт ихтэй, толгойд тавигдсан оёдлын шарх бохирдсон идээ татсан гэсэн.10 дугаар сарын 02-ны өдөр харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжүүлж цаашид амбулаториор хийгдэх эмчилгээг 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн акттай эмнэлгээс гарсан. Эмнэлгийн эмчилгээний төлбөр 1.154.340 төгрөгийг бэлнээр тушаасан. Надад бэлэн мөнгө тушаасан орлогын баримт “Е” баримтын хамт олгосон. 10 дугаар сарын 19-ний өдөр Х–Ө сумын хэсгийн төлөөлөгч хошууч Ц 10 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагт бэлэн байх мэдэгдлийг утсаар өгсөн. Би 10 дугаар сарын 21, 22-ны өдөр, 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Б аймгийн Хутаг-Өндөр суманд очиж цагдаагийн хэлтэст байцаалт өгсөн. Өвчтэй байх хугацааны зардлыг ойролцоогоор бодож 3.154.340 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн боловч эмнэлгийн эмчилгээ, эм тарианы төлбөрийн баримт л бэлэн байсан. 14 хоног өвчтэй байсан үеийн цалин, листний мөнгө л авсан ба ойр зуурын нэлээд зардал гарсан.
Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Э Б Ж” гэмтэл согогийн эмнэлгийн ерөнхий үйлчилгээний 1.154.340 төгрөгийн “Е” баримтыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1.154.340 төгрөгийн “Е” баримт ирүүлсэн нь хэний ямар үйлчилгээний төлбөр болох нь тодорхойгүй тул хамтатган шийдвэрлэх боломжгүй учир бусад зардлын хамт нотлох баримтыг бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжил гэжээ. Тухайн сар, өдөр буруу шийдэгдсэн мэт ойлгогдсон учир шүүгчээс асуух гэтэл хэргийн тухай утсаар ярих боломжгүй гэсэн хариу авсан. Уг нь цагдаа “Е” баримтын нотолгоогоор эмчлэгч эмчийн бичиж өгсөн онош, харьяа дүүргийн эрүүл мэндийн хяналтад шилжүүлсэн тухай, цаашид хийгдэх эмчилгээ заасан амбулаторийн картын хамт хэрэгт хавсаргасан. Миний нэхэмжлэл хангалтгүй гэж үзэж дараах төлбөрийг нэхэмжилж хохирлоо барагдуулах хүсэлтийг хүлэн авч шийдвэрлэж өгнө үү.
Иймд хариуцагч А.П-аас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний эмчилгээний төлбөр 1.154.340 төгрөг, 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Х-Өр сумын цагдаагийн хэлтэст байцаалт өгөхөөр очиж ирсний бензин шатахууны үнэ 168.000 төгрөг, 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Б аймагт очиж байцаалт өгсний шатахууны үнэ 194.000 төгрөг нийт 1.516.340 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би 0 0 улсын дугаартай Приус-20 маркийн машинаар очиж ирсэн болно... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэгч Ё.Х-рын ээж Б.Г гэдэг хүн. Миний хүү М ХХК-д өнгөрсөн жилийн 06 сард ажилд орсон. Байгууллагын зугаалганд явж байгаад А.П миний хүү Ё.Х-ыг согтуугаар толгойг нь цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед тэр амралтын газрыг хариуцсан хэсгийн төлөөлөгч очиж шалгаад эрүүгийн хэрэг үүсгээд зарим зүйл нь эрүүгийн хэргээр шийдвэрлэгдсэн. Эмнэлэгт хэвтсэн хугацааны төлбөр, цагдаад байцаагдаж байх үед ирж очсон 2 удаагийн унааны зардал зэргийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.
Хариуцагч А.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ё.Х эмчилгээний төлбөрт 1.154.340 төгрөгийг нэхэмжилжээ. А.П би Ё.Х-т эмчилгээний төлбөр гэж 1.000.000 төгрөг өгсөн. Эрүүгийн хэргийн шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд төлбөр төлсөн тул энэ тухай дурдаагүй.
А.П-аас хөнгөн гэмтлийг эмчлэхэд бодитой гарсан зардлыг төлөх ёстой гэж үзэж байна. А.П-ын нийт эмчилгээний зардал 750.000 төгрөг болсон. Би А.П-т 1.000.000 төгрөг төлсөн. А.П нь “Э Б Ж” эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй гэж үзэж байна. Түүнчлэн өмнө эмчилгээний зардал гэж баримт бүрдүүлэхдээ “Э Б Ж” эмнэлгийн эмийн сангаас авсан эмийн баримтуудыг гаргаж өгсөн тэр мөнгийг нь би төлсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардал 1.154.340 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Х хариуцагч А.П-т холбогдуулан гэм хорын хохиролд 1.516.340 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.П нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор А.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ... хохирогч Ё.Х нь “Э Б Ж М” эмнэлгийн ерөнхий үйлчилгээ 1.154.340 төгрөг, бусад зардал 450.000 төгрөг, бензиний зардал 132.300 төгрөг, цалин 500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар дурджээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/
А.П-ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11552 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоног 1.154.340 төгрөг, бензин, шатахууны үнэ 362.000 төгрөг, нийт 1.516.340 төгрөг гэж тооцон нэхэмжилж байна. Ё.Х “Э Б Ж” гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь тус эмнэлэгийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт, тус эмнэлгийн 603 дугаартай өвчний түүх зэрэг баримтаар, мөн 2018 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Х-Ө суманд байцаалт өгөхөөр явахдаа зарцуулсан бензин, 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Б аймагт очиж байцаалт өгөхөөр явахдаа зарцуулсан бензиний баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч А.П-с 1.516.340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Х-т олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.242 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39.211 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хариуцагч А.П-аас 1.516.340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Х-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.242 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.211 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА
Э.ЭНЭБИШ