Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 

 

 

 

 

2023        01         20                                  2023/ШЦТ/107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өт холбогдох эрүүгийн 2206 02315 0059 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Энгүүн-Оргил ХХК-нд ээлжийн хайлагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймаг .................. тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ө.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Б.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч Б.Ө-ын “2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас нэртэй угаалгын газарт ажиллаж байхдаа ажлын газрын хүн болох Золбоогийн гар утсыг фейсбүүк орчхоод өгье гэж хэлээд өөрийн симийг хийгээд 12 цагийн үед авч гарсан. Тэгээд ломбардад 70.000 төгрөгт тавиад хөдөө явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Хохирогч Г.Золбоогийн “авто угаалгын газарт ажлаа хийж байх үед хамт ажилладаг Б.Ө гэх залуу гар утсаар чинь фейсбүүк орчхоод өгье гэж хэлж аваад тэгээд шууд гараад яваад өгсөн. Тэгээд 18 цаг хүртэл хүлээхэд ирээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

“Дамно” ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн БЗД2-22-1692 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 899.700 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Энгүүн-Оргил ХХК-ний “Б.Ө нь манай компанийн ээлжийн хайлагч албан тушаалд нэг сарын 1.650.000 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Хохирогч Г.Золбоогийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 40 дахь тал/,

Шүүгдэгч Б.Ө-ын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:

Б.Ө-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг Б.Ө нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

Б.Ө нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элит авто угаалгын газарт хохирогч Г.Золбоогийн эзэмшлийн redmi загварын гар утсыг фейсбүүк орчхоод өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч 889.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагч Б.Ө, хохирогч Г.Золбоо нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна.

Иймд Б.Ө-ыг прокурорын саналыг хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Б.Ө-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ