Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

 

 

 

 

2023         01         23                                 2023/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2002 00506 0292 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засгийн мэдээлэл зүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-Эрх зүй мэргэжилтэй, Мөнх сэмүүн ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг ................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б.

            Холбогдсон хэргийн талаар:

    Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын дарга, хурандаа О.Шагдарсүрэнгийн баталсан 2019, 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн дээд байгууллагад төвлөрүүлэх дотоод орлогын төлөвлөгөө гэсэн баримт бичгийн биелэлтийг хангах үүднээс Таван толгой түлш ХХК-иас гэрээний дагуу хоригдлын хөдөлмөрийн хөлсөнд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 11.628.600 төгрөгөөс Шинэ харгуй ХХК-иас 6.380.000 төгрөг, Арвижин-Орших ХХК-иас 2.320.000 төгрөг, Хөнгөн бетон ХХК-иас 1.820.000 төгрөгийн өр төлбөрөөс тус тус чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлж давуу байдал бий болгож Тавантолгой түлш ХХК-нд гэрээний дагуу ажилласан нэр бүхий хоригдлуудын 10.520.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Анхан шатны баримтыг засаж, залруулдаг нь миний буруу байсан гэдгээ би хэлсэн байгаа. Анхнаасаа надад шунахайн сэдэлтээр энэ байгууллагад давуу тал олгоод ашиг сонирхол өөртөө агуулаад мөнгө төгрөг авчихъя гэсэн санаа бодол байгаагүй. Өөрийн мэдэхгүй буруу үйлдлээс ийм зүйл болгосон нь миний буруу” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид "Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг зохион байгуулж буй байдал, хоригдлын хөдөлмөрийн хөлс олголт хууль, журмын дагуу явагдаж буй эсэх"-ийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгуулахаар ирүүлсэн материал /1 дүгээр хавтаст хэргийн 5-17 дахь тал/,

Б.Б-гийн гэрчээр өгсөн “Энэ 3 компаниас авах авлага хоригдлуудын цалингийн өглөгийг миний өмнө ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан хошууч Батчимэгээс асуувал тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Батчимэг одоо 401 дүгээр хорих ангид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Намайг ажил авах үед авлага, өглөг бүртгэгдсэн байсан 2017, 2018, 2019 онуудад дээд байгууллагаас оны эцэст өр авлагагүй байх талаар албан бичгүүд ирдэг байсан. Шинэ харгуй, Хөнгөн бетон, Арвижин-Орших ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах гэсэн боловч гэрээ нотлох баримт байхгүй шалтгаанаар аваагүй, дээрх компаниуд олдохгүй, 2013 оноос хойш өр үүссэн, тухайн үед цалин авах ёстой байсан хоригдлууд суллагдаад явчихсан байсан учир дээрх 3 компаниас авлага авсан гэж 2019 оны жилийн эцсийн тайланд бүртгэн, хоригдлуудад өгөх ёстой байсан 10.520.000 төгрөгийг өглөгийг өгсөн гэж хаасан юм. Тухайн үед цалин авах ёстой байсан хоригдлуудыг нэр, мөнгөн дүнг санхүүгийн тайлан дээрээс хараад хэлэх боломжтой. Одоогоор шууд хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20, 3 дугаар хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

Гэрч Л.Батчимэгийн Шинэ харгуй, Хөнгөн бетон, Арвижин-Орших ХХК-иуд 2014 оны зун манай хорих ангитай гэрээ байгуулан хоригдол авч ажиллуулаад хоригдол ажиллуулсан гэрээнд заасан мөнгөө дутуу өгсөн учраас өглөг, авлага үүсэж 2014 оны жилийн эцсийн балансад авлага болон тусгагдсан байгаа. Тухайн компаниуд 2014 онд хэдэн хоригдлыг хэдэн өдрөөр ажиллуулсан талаар одоо сайн санахгүй байна. Гэхдээ Хөнгөн бетон ХХК нь 1.820.000 төгрөгийн, Шинэ харгуй ХХК нь 6.380.000 төгрөгийн, Арвижин-Орших ХХК нь 2.320.000 төгрөгийн өглөгтэй байсан учир балансад бүртгэсэн байгаа. Тухайн үедээ гэрээний дагуу хоригдлуудыг ажиллуулсан бөгөөд өглөг авлагыг компаниудтай тооцоо нийлсэн хуудсаар баталгаажуулсан байгаа. Энэ гэрээ болон баримтууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын архивд архивлагдсан байгаа. Дээрх компаниудад 14 хоногийн дотор төлбөрөө төлөх, төлөхгүй тохиолдолд шүүхэд хандах талаар 2016 онд албан бичиг төлөвлөн би өөрийн биеэр аваачиж өгч байсан. Гэхдээ тухайн байгууллагууд төлж барагдуулаагүй байгаа. Дээрх 10.500.000 төгрөгийг хоригдлуудын цалин болгож өгөх ёстой. Хэн гэдэг хоригдолд хэдэн төгрөгийн цалин өгөх ёстой байсан нь 2014 оны ялтны нэрийн дансны өглөг гэсэн дансанд хүн тус бүрээр бүртгэгдсэн байгаа" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Гэрч Б.Наранзулын “Миний бие Хөнгөн бетон ХХК-нд 2013-2017 оны хооронд ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд дотоод ажил руугаа ороогүй, тухайн үед өөр гүйцэтгэх захирал ажиллаж байсан тул тухайн хорих ангиас хоригдол авч ажиллуулсан талаар гэрээ байгуулж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Гэхдээ компаний санхүүгийн программ дотор энэ байгууллагатай холбоотой бичилт хийгдсэн боловч анхан шатны баримт, гэрээ зэрэг байхгүй байна. Миний бие энэ талаар компанийн анхан шатны баримтуудаа үзэх үед манайх 441 дүгээр хорих ангид 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдөр гэрээний төлбөрт 2.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3 удаагийн баримтаар 2.140.000 төгрөг, 1.260.000 төгрөг, 600.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 баримтаар 1.067.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 баримаар 2.867.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.504.000 төгрөг зэргийг төлсөн бэлэн мөнгөний баримтууд байсан. Компанийн санхүүгийн баримтад гэрээ, тооцоо нийлсэн актууд огт байхгүй байна. Хэзээ, ямар гэрээгээр хэдэн хүн ямар хөлсөөр авч ажиллуулсан талаарх бүртгэл, холбогдох баримтуудыг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Баттуяа мэдэх ёстой. Компани дээр 2013-2016 оныг дуусах хүртэл баримтууд байхгүй байгаа. Тухайн баримтуудыг Нягтлан бодогчоор ажиллаж байсан Баттуяа нь авч явсан, компанийн хөрөнгийг завшсан талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан шалгуулж байгаа" гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Яллагдагч Б.Б-г хорих 441 ангийн ахлах нягтлан бодогчоор 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр томилсон тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал/,  

Яллагдагч Б.Б-гийн 2018-2019 оны Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116-121 дэх тал/,  

Гэрч Ц.Мэндсайханы “2020 оны 08 дугаар сард Улсын ерөнхий прокурорын газрын удирдамжийн дагуу Нийслэлийн прокурорын газраас манай ангийн хоригдлын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний талаар шалгалт орсон. Шалгалтыг хяналтын прокурор Хандаамаа, Отгонсүрэн нар хийсэн. Шалгалт хийх явцад надад ямар нэгэн зөрчлийн талаар яриагүй. Гэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчим манай нягтлан бодогч ахмад Б.Б бид хоёрыг Нийслэлийн прокурорын газар дээр дуудаад шалгалтаа дуусгаж дүнгийн хурлаа хийх гэж байна, түүнээс өмнө тайлбар авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Үүний дагуу Нийслэлийн прокурорын газар дээр ирж Отгонсүрэн прокурортой уулзаж тайлбар өгөх үед хоригдлын цалин бодсон хуудас гаргаж ирээд энэ ямар учиртай хүмүүс вэ гэж асуухаар нь баримтыг хартал огт танихгүй хүмүүсийн нэр бичээд ард нь цалин бодоод олгочихсон, гарын үсэг зурчихсан 1 хуудас материал үзүүлсэн. Тэгэхээр нь би нягтлан Б.Бгаас асуухад хэсэг хугацаанд юм хэлэхгүй суугаад байсан. Гэтэл прокурор дахин нэг бичиг гаргаж ирээд үүнийг үз дээ гэж хэлэхээр нь хартал манай үйлдвэрт ажилладаг хоригдлуудын нэр байсан. Эхний гаргаж ирсэн дараагийн бичиг хоёрыг тулгаж үзэхэд нэрсийг өөрчилсөн боловч бодогдсон цалингууд нь ижил байсан. Тэр үед Б.Б 2019 оны эцэст ерөнхий газрын санхүүгийн албаны дарга хурандаа Шагдарсүрэнгээс 2019 онд өглөг, авлага үүсгэхгүйгээр санхүүгийн жилээ дуусга гэсэн утгатай бичиг ирсэн учраас авлагатай байсан 3 компаниас мөнгө аваад энэ хоригдлуудын цалинг өгсөн мэтээр харагдуулах гээд ийм юм хийчихсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ 10 сая төгрөг хаанаас гарч ирсэн мөнгө вэ гэж асуухад та бид 2 авлагатай байсан 3 компанийг олж өгнө үү гэсэн тоотыг Баянзүрх дүүргийн шүүхэд явуулсан. Хариу өгөөгүй учраас баланс тушаах болчхоод өглөг, авлагагүй харагдуулах гээд 3 компаниас мөнгө авч цалин олгосон мэтээр биччихсэн байгаа гэж хэлж байсан. Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус ангийн даргаар томилогдсон бөгөөд 2019 оны жилийн эцэст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Хөнгөн бетон ХХК-иас 1.820.000 төгрөгийн, Шинэ харгуй ХХК-иас 6.380.000 төгрөгийн, Арвижин-Орших ХХК-иас 2.320.000 төгрөгийн авлагатай учраас энэ авлагуудыг авч дуусга гэсэн утга бүхий албан бичиг ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед мэдэхгүй байсан учраас нягтлан бодогч Б.Бгаас асуухад энэ 3 компаниас манайх авлагатай юм байна лээ, би хэдэн онд тавьсан өр гэдгийг мэдэхгүй байна, энэ 3 компани олдохгүй байгаа, жил болгон ийм бичиг ирж байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би энэ асуудал дээр ямар нэгэн ажил зохиохгүй бол болохгүй гэж хэлээд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхүүд рүү нэр бүхий 3 компани 10.520.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байх тул шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн утга бүхий албан бичгийг явуулсан. Гэхдээ шүүхээс ямар нэгэн хариу ирээгүй. Би ч шаардахаа мартсан байна" гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 41-44 дэх тал/,

Гэрч О.Эрдэнэбатын "2011 билүү 2012 онд манай Шинэ харгуй компани нь хорих 441 дүгээр ангитай хоригдол ажиллуулах гэрээ байгуулан 1 сарын хугацаанд өдөрт доод тал нь 5, дээд тал нь 10 хоригдол авч Замын цагдаагийн газрын хажуу талд баригдсан үйлдвэрчний барилгын дотор заслыг хийж гүйцэтгэсэн. Миний санаж байгаагаар 1 хоригдлыг өдрийн 20.000 төгрөгөөр, хянагчийг 25.000 төгрөгөөр ажиллуулсан. Гэхдээ 1 сарын хугацаанд ажилласан хоригдлын тоо өөр өөр байсан бөгөөд зарим өдөр 10 хоригдол, зарим өдөр 5 хоригдол ажиллаж байсан. Яг хэдний өдөр хэдэн хоригдол ажиллуулсан талаар би санахгүй байна, надад 441 дүгээр ангитай тооцоо нийлж хэзээ, хэдэн хоригдол ажилласан баримт байсан юм даанч одоо хайгаад олохгүй байна. Мөн хорих 441 дүгээр ангитай байгуулсан гэрээг бас хайгаад олохгүй байна. Манай компани хорих 441 дүгээр ангид өгөх өр төлбөр бол байгаа, гэхдээ яг хэдэн төгрөгийн төлбөртэй талаараа хэлж мэдэхгүй байна, яагаад гэвэл хорих 441 дүгээр ангитай тооцоо нийлээгүй. Ямар шалтгааны улмаас хорих 441 дүгээр ангид төлөх төлбөрөө төлөхгүй байгаа гэхээр нэгдүгээрт манай компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа, хоёрдугаарт тухайн үед хамтран ажилласан компаниасаа авах ёстой авлагаа авч чадаагүйн улмаас төлөөгүй байна. Уг компанийг худалдаа үйлчилгээний чиглэлээр эхнэр бид 2 үүсгэн байгуулж байсан. Захирлаар нь би өөрөө ажилладаг. Гэхдээ Шинэ харгуй ХХК-ийг үүсгэн байгуулаад 1 жилийн хугацаанд л барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад зогссон. Одоо бол үйл ажиллагаа явуулахгүй тэг тайлан гаргаж байгаа. 2013 билүү 2014 онд манай компани хорих 441 дүгээр ангитай хоригдол ажиллуулах гэрээ байгуулан 2 билүү 3 сарын хугацаатай 20 хоригдлыг өдрийн 20.000 төгрөгөөр 15 дугаар хороололд байх Хаппи товн хотхоны барилгын ажилд ажиллуулсан. Тухайн үед хорих ангитай байгуулсан гэрээ, тооцоо нийлсэн акт хаана байгааг хэлж мэдэхгүй байна, хайгаад үзвэл байж магадгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

2014 онд "Хөнгөн бетон" ХХК, "Арвижин орших" ХХК, "Шинэ харгуй" ХХК-иуд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангитай “Ялтныг аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах тухай” 06, 02, 07 дугаартай гэрээний хуулбарууд /2 хавтаст хэргийн 58-66 дахь тал/,

2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 441 дүгээр нээлттэй хорих ангиас "Хөнгөн бетон" ХХК, "Арвижин орших" ХХК, "Шинэ харгуй" ХХК-нд тус тус төлбөр барагдуулах талаар албан бичиг явуулсан талаарх баримт /2 дугаар хавтаст хэргийн 67-68 дахь тал/,  

Гэрч О.Шагдарсүрэнгийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга нь системийн хэмжээний эдийн засгийн асуудал, санхүүгийн асуудал, ар талын асуудал, аж ахуйн асуудал зэргийн өдөр тутмын үйл ажиллагааг шууд удирдан зохион байгуулж, УИХ-аас батлагдсан тухайн жилийн төсвийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын олгосон эрхийн дагуу төсвийг шууд захиран зарцуулдаг. Мөн үйлдвэрлэл, барилга, угсралт, туслах аж ахуйн жилд бүрдүүлэх орлогын төлөвлөгөөг баталж өгөх, түүний гүйцэтгэл, үр дүнг хянах, орлогыг төвлөрүүлж, ерөнхий газрын даргад танилцуулан дахин хуваарилан зарцуулах ажил үүргийн хуваарьтай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Шохойн чулууны үйлдвэр, Хэрэмт цамхаг цагаан блокийн үйлдвэр, Багануурын улаан тоосгоны үйлдвэр, Газар ивээл нэртэй үйлдвэр зэрэг 4 төрийн өмчит үйлдвэрийн газартай, хорих 407, 409 дүгээр ангиудад оёдлын үйлдвэртэй. Энэ үйлдвэрүүдээс олох орлого, хуулиар зөвшөөрөгдсөн хоригдлуудыг гэрээгээр ажиллуулаад олсон орлого зэргийг харгалзан үзээд жил бүр "Дээд газарт төвлөрүүлэх орлогын тодотгосон төлөвлөгөө"-г гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар батлаад ангиудад хүргүүлдэг. Энэ төлөвлөгөөний дагуу ангиуд сар бүр төлөвлөгөөний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд миний бие биелэлтэд хяналт тавьдаг байсан. Хорих ангийн дотоод орлогод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс олсон орлого, хоригдлуудыг гэрээгээр ажиллуулаад олсон орлогоос хоригдлын цалин, материал, түүхий эд, багаж хэрэгсэл зэргийг хасаад үлдсэн ашиг зэргийг ойлгож болно. Хорих 441 дүгээр анги нь төмрийн цехээс олсон орлого, сайжруулсан түлш шуудайлах, хоригдлуудыг гэрээгээр ажиллуулах зэргээс дотоод орлогоо бүрдүүлдэг. Үүнээс төлөвлөгөөний дээд байгууллагад орлого төвлөрүүлэх ёстой. Үүний хүрээнд төлөвлөгөөнд зааснаар орлогыг шаардах эрхтэй байдаг. Ерөнхий газраас тус ангийг дотоод орлогоос олсон орлогоос холбогдох зардлаа нөхөөд үлдэх орлогоос ерөнхий газарт ерөнхий газрын баталсан төлөвлөгөөний дагуу төвлөрүүлэх талаар чиглэл өгдөг. Түүнээс биш хоригдолд өгөх ёстой цалинг дээд газарт орлого болгон төвлөрүүл гэсэн үүрэг чиглэл өгсөн зүйл огт байхгүй. Тэгээд ч энэ асуудал нь хуулиараа болохгүй. Хоригдлын цалинг хэрэв ерөнхий газарт өгсөн бол тухайн нягтлан бодогчийн өөрийнх нь нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тэгээд ч дээд газарт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө нь хатуу хөдөлж болохгүй тоо биш. Энэ нь заавал биелэгдэх ёсгүй учраас зохицуулалт хийх боломжтой. Хэрэв биелэгдэх боломжгүй бол шалтгааныг нь авч үзээд тухайн төлөвлөгөөг хасаад өгдөг" гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 106-108 дахь тал/,  

Гэрч П.Баттогтохын "2014 онд Шинэ харгуй ХХК нь хорих 441 дүгээр ангитай Хоригдол ажиллуулах гэрээ байгуулан хоригдлуудыг ажиллуулах үед нь миний бие ээлжийн даргаар албан хаагч хоригдлуудыг хариуцаж ажиллуулж байсан. Тухайн үед Шинэ харгуй ХХК-ий захирал нь өөр ажил аваад явах болсон. Тэр үед барилгын хэсгийн нярваар ажиллаж байсан Халиун надтай уулзаад хоёулаа Шинэ харгуй ХХК-ий нэр дээр хоригдол ажиллуулаад ажлын хөлсийг нь авах боломж байна, би захиралтай яриад гэрээ хийлгэсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Шинэ харгуй ХХК-ий нэр дээр гэрээ байгуулсан ажилчдыг Өндөр буянт ХХК-ий Хаппи таун нэртэй хотхоны барилгын ажил дээр үргэлжлүүлэн ажиллуулсан. Хаппи таун ажил дуусаад 1 дүгээр эмнэлгийн баруун хойд талд байрлах худалдаа хөгжлийн банкны зоорины давхарт арваад хонож ажиллаж байтал хүчлэн хамгаалалт зарлаад ажил хийж байсан хоригдлуудыг анги руу татсан учраас үргэлжлүүлэн ажил хийлгэх боломжгүй болсон. Гэтэл Өндөр буянт ХХК нь ажлаа дуусгаагүй, материалаар тоглолоо гэх шалтгаанаар хоригдлуудын ажилласан 10 гаруй хоногийн хийсэн ажлын цалинг өгөөгүй. Ийм учраас Шинэ харгуй ХХК-аас 6.400.000 төгрөгийг 441 дүгээр ангид төлөөгүй. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Шинэ харгуй ХХК нь төлөх ёстой боловч тухайн компаний нэрээр Халиун бид 2 хоригдлуудыг ажиллуулсан учраас бид 2 төлөх ёстой байгаа" гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114-115 дахь тал/,  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2019, 2020, 2021 оны байгууллагын төсөв баталсан тушаал, тушаалын хавсралт, "Дээд газарт төвлөрүүлэх орлогын тодотгосон төлөвлөгөө" 2019, 2020 оны дотоод орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл /2 дугаар хавтаст хэргийн 164-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-16 дахь тал/,

Авлигатай тэмцэх газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай мөрдөгчийн магадалгаа /3 дугаар хавтаст хэргийн 29-48 дахь тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/1339 дугаартай “441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч Б.Бтай холбоотой хэрэг бүртгэлийн 200200506 дугаартай хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг төлөөлж Захиргааны удирдлагын газрын хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Мөнх-Алдарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилов” гэсэн албан бичиг / 3 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 441 дүгээр нээлттэй хорих ангиас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/348, 01/349, 01/350 дугаартай “Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай" гэсэн албан бичгүүд /3 дугаар хавтаст хэргийн 83-106 дахь тал/,

Шинжээч Х.Ундаргын "Таван толгой түлш ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орж ирсэн 11.698.600 төгрөг болох хоригдлуудын ажлын хөлсийг тус ангийн нягтлан бодогч нь хуулгыг засаж ... авлагыг тус тус хаасан хуурамч бичилт хийсэн байсан. Дээрх 3 байгууллагаас авах авлагыг хааж ялтны нэрийн дансны өглөг байсан гэх боловч дээрх өглөгийг ялтанд өгөөгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Тэнгэр хишиг партнерс ХХК-нд 2.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хангайханы хангарьд ХХК-нд 8.020.000 төгрөг тус тус бараа авах гэж шилжүүлсэн байсан" гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 149-154 дэх тал/,

Бодит бүртгэл аудит ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21/12 дугаартай шинжээчийн “Тус ангийн ахлах нягтлан бодогч Б.Б нь Таван толгой түлш ХХК-иас гэрээний дагуу хоригдлын хөдөлмөрийн хөлсөнд шилжүүлсэн 11.628.600 төгрөгийг Шинэ харгуй ХХК-иас 6.380.000 төгрөг, Арвижих-Орших ХХК-иас 2.320.000 төгрөг, Хөнгөн бетон ХХК-иас 1.820.000 төгрөг, нийт 10.520.000 төгрөгийг орж ирсэн авлага болгон дансны хуулгыг засаж, мөн энэ дүнгээр 2019 оны ялтны нэрийн дансны эхний үлдэгдлийг 11.628.600 төгрөгийг нэмэгдүүлэн засаж тайлант хугацаанд уг өглөгийг хоригдлуудад бараа олгосон гэж буцаан 10.520.000 төгрөгийг хий суутган авч, Тэнгэр хишигтэн партнерс ХХК-нд 2.500.000 төгрөг, Хангайханы хангарьд ХХК-нд 8.020.000 төгрөг тус тус шилжүүлж ялтны дансны эцсийн үлдэгдэлтэй тохируулсан байна. Дээрх орлогоос үлдсэн 1.108.600 төгрөгийг ХХОАТ-ын өглөг болгон хаасан байна. Дээрх ангиас суллагдсан гэх хоригдлуудад цалин хөлсийг олгоогүй болно. Учир нь 2018 оны жилийн эцсийн үлдэгдэлд хорих ангиас суллагдсан хоригдлуудад өгөх өглөг байгаагүй бөгөөд 2019 оны ялтны нэрийн дансны эхний үлдэгдлээр нийт 946.806 төгрөгийн өглөгтэй байсан нь хорих ангиас суллагдсан хоригдлуудад цалин хөлс олгосон гэх баримтыг хуурамч гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч Б.Бгийн дээрх үйлдлүүд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Нягтлан бодогч нь ажиллана”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална”, 5.1.3 дахь хэсэгт “Жинхэнэ хэрэгжилтийн”, 5.1.4 дэх хэсэгт “Үнэн байх”, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан  шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6 дахь хэсэгт “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7 дахь хэсэгт “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна”, 20.1.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх”, 20.2.5 дахь хэсэгт “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах”, 20.2.6 дахь хэсэгт эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” зэрэг хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 174-184 дахь тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн архивын баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 441 дүгээр нээлттэй хорих анги руу хүргүүлсэн авлага, өглөг барагдуулах талаар албан бичигт дээд байгууллагад төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангах талаар явуулсан бичгүүдийг хуулбарлан авах зорилгоор 2019, 2020 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийг архив, бичиг хэргийн ажилтан Г.Ууганцэцэгээр гаргуулан үзэхэд 2019 оны ирсэн бичгийн бүртгэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэсэн хаягтай бүртгэлийн дэвтэр байх ба 94 хуудастай дэвтэр байлаа. Уг дэвтэр дээр 434 албан бичиг ирсэн бүртгэл бүртгэгдсэн байв. 2009 оны Архивд хадгалагдаж байгаа ирсэн бичгүүдийг шүүж үзэхэд 1 дүгээр боть 266 хуудастай, 2 дугаар боть 202 хуудастай, 3 дугаар боть 279 хуудастай байх ба 3 дугаар ботийн 26 дугаар хуудсанд байх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа О.Шагдарсүрэнгээс 441 дүгээр ангид хүргүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05/34^4 дугаартай албан бичиг, 27, 28 дугаар хуудсанд “Төсвийн шууд захирагчийн төсөвт зохицуулалт хийх тухай” 2019 оны 03 сарын 13-ны өдрийн А/155 дугаартай тушаал, тушаалын хавсралт зэрэг байсныг хуулбарлан авав” гэх тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 174-181 дэх тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангиас ирүүлсэн шүүхийн шийдвэр захирамжийн хуулбар /6 дугаар хавтаст хэргийн 18-26 дахь тал/,

Яллагдагч Б.Бгийн “Тухайн 3 байгууллага нь намайг 2017 оны 04 дүгээр сард тус ангийн ахлах нягтлан бодогчоор шилжин томилогдож ирэх үед 2014 онд манай байгууллага дээр өглөг, авлага үүссэн байсан өр байсан. Тухайн 3 байгууллагаас авах ёстой байсан 10.520.000 төгрөг нь гэрээгээр ажилласан хоригдлын цалин хөлс байсан. Тухайн 3 газрын хаяг тодорхойгүй, анх хийгдсэн гэрээ байхгүй байсан учраас холбогдох дугааруудыг олж 3 газар руу мөнгөө нэхэмжилсэн албан бичгийг явуулсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү 3 байгууллагаас өр барагдуулах талаар албан бичгийг явуулсан боловч байгуулсан гэрээ, нотлох баримтууд, хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Тэгэхээр нь Нийслэлийн Татварын газар руу 3 байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, холбогдох дугаар зэрэг мэдээллийг гаргуулахаар албан бичгийг хүргүүлсэн боловч Нийслэлийн татварын газраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Жил бүрийн эцэст дээд байгууллагаас 3 газрын өглөг, авлагыг барагдуулах талаар чиглэл өгдөг байсан тул 2019 оны жилийн эцэст 3 байгууллагын хаяг тодорхойгүй, өглөг авлага үүссэнээс хойш 5 жил өнгөрсөн байсан учраас мухардалд хүрээд Шинэ харгуй ХХК-аас 6.380.000 төгрөг, Арвижин орших ХХК-аас 2.320.000 төгрөг, Хөнгөн бетон ХХК-аас 1.820.000 төгрөг, нийт 10.520.000 төгрөгийг орж ирсэн мэтээр 3 компанийн өглөгийг хааж, 2019 оны жилийн эцсийн тайланд тусгаж, уг 10.520.000 төгрөгийг нэр бүхий 70 хоригдолд дэлгүүрийн бараа авч өгсөн гэж нэрсийн жагсаалтыг гаргаж хаасан байгаа. 2018 оны жилийн эцсийн тайланд 10.520.000 төгрөгийн ялтанд олгох цалингийн өглөг нь тайланд тусгагдсан байсан. Яагаад аудитын компани өглөггүй байсан гэж тусгасан талаар ойлгохгүй байна. Тэнгэр хишигтэн партнерс ХХК-д 2.500.000 төгрөг, Хангайханы хангарьд ХХК-д 8.020.000 төгрөг зэргийг 2019 онд хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудад дэлгүүрийн барааны захиалга авч бараа материал авч ирж олгосон байгаа. Миний хэлсэн ярьсан үнэн зөв. Аудитын дүгнэлтээр 48.049.860 төгрөгийн зөрчил илэрлээ гэжээ. Энэ нь ямар учиртай гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/130 дугаар тушаалаар батлагдсан Хоригдлын хэрэгцээнд зөвшөөрөгдсөн хүнс, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах журмын 3.7 дахь хэсэгт заасны дагуу Захилгын үйлчилгээ үзүүлэх тохиолдолд тухайн нэгжийн нярав хоригдсон этгээд бүрд нэрийн дансны үлдэгдлийг танилцуулсан журмын 1.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсан бараа бүтээгдэхүүний захиалга авч нэр төрлөөр нь түүвэр хийж, түүврийн дагуу шаардах хуудсаар зөвшөөрөл олгосны дагуу бараа бүтээгдэхүүнийг татан авна гэж заасны дагуу 2020 оноос 2021 он хүртэл бараа, бүтээгдэхүүнийг шаардах хуудсаар олгосон байгаа. Мөн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Шинэ харгуй, Хөнгөн бетон, Арвижин-Орших ХХК-ий хоригдлыг хөлсөөр ажиллуулах гэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас олж авсан. Үүний дагуу 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү Арвижин-Орших ХХК, Шинэ харгуй ХХК-нд холбогдуулан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү Хөнгөн бетон ХХК-нд холбогдуулан гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 1.820.000 төгрөгийг Хөнгөн бетон ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч 441 дүгээр нээлттэй хорих ангид олгох тухай шүүхийн шийдвэр гарсан. Харин нөгөө 2 байгууллагатай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй байна. Намайг нэр бүхий 3 газарт давуу байдал бий болгосон гэж яллагдагчаар татсан байгаа. Миний хувьд дээрх 3 газрын хүмүүсийг өмнө нь харж байгаагүй бөгөөд танихгүй. Гэрээ, хаяг байршил зэрэг мэдээлэл муу байсан учраас шүүх рүү хандах боломжгүй байсан улмаас өглөг, авлагыг хаасан байгаа. Одоо энэ гэрээ нь олдсон болохоор энэ 3 газрын өглөг, авлагыг тайландаа зөвөөр тусгаж залруулга хийх болно” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 160-164 дэх тал/,

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч М.Цэнгүүн дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Ц.Мэндсайханы “Манай анги 2014 онд татан буугдах үед ангийн бүх архивын материалуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын архив руу авсан байна лээ. Эдгээр баримтууд манай анги дээр байхгүй, гэхдээ танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу нарийн бичиг ахлах Нарангоог ерөнхий газрын архив руу явуулан шүүлгэж 3 компанитай холбоотой гэрээнүүдийг авсан байгаа. Гэхдээ тооцоо нийлсэн акт гарч ирээгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 41-44 дэх тал/,

Гэрч Х.Энхжаргалын “2014 оны 06 дугаар сарын үед хорих 441 дүгээр хорих ангийн нярав ажилтай Халиун болон нэрийг нь мэдэхгүй эрэгтэй 2 манай компаний нэр дээр хорих ангиасаа хүмүүс авч Улаанбаатар хотод байх Хаппи товн гэх орон сууцны хороололд ажиллуулж төлбөр болох 5 сая гаруй төгрөгөө хорих ангидаа төлөөгүй болоод манай компаний нэр дээр өр гарч ирээд байгаа” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангиболон Арвижих орших ХХК-ний хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 06 дугаартай “Ялтныг аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Гэрээ нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болно” гэсэн заалт /2 дугаар хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих анги болон Хөнгөн бетон ХХК-ний хооронд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 02 дугаартай “Ялтныг аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Гэрээ нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болно” гэсэн заалт /2 дугаар хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр анги болон Шинэ харгуй ХХК-ний хооронд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 07 дугаартай “Ялтныг аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Гэрээ нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болно” гэсэн заалт /2 дугаар хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

П.Баттогтохоос 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хорих 441 дүгээр ангийн захиргаа санхүүд бичгээр гаргаж өгсөн “П.Баттогтох миний бие 2014 онд тус байгууллагад ээлжийн даргаар ажиллаж байх хугацаандаа Шинэ харгуй ХХК-ний хэсэгт гэрээгээр 3 сар ажилласан. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан цалин 3.040.000 төгрөг авсан. Шинэ харгуй ХХК-ны үлдэгдэл 940.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна” гэсэн тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал/,

Д.Халиунаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хорих 441 дүгээр ангийн санхүүд бичгээр гаргаж өгсөн “Д.Халиун миний бие 2014 онд өөрийн найз болох Шинэ харгуй ХХК-ний захирал Энхжаргалд хорих 441 дүгээр ангиас ялтан гэрээгээр авч ажиллуулахад зуучилж өгсөн болно. Тухайн үед Энхжаргалын компанийн нэр дээр ялтан авч ажиллуулахад байсан эгчийнхээ ажилд тусалсан болно. 2015 онд ШШГЕГ-т очиж энэ талаар тооцоо нийлсэн тухайн үед а/х Алтанчимэгтэй нийлсэн тооцоогоор 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 дугаар сарын 26-ныг дуустал ялтаны цалин 30,440,000 төгрөг болсон. Үүнээс 28,500,000 онд төлж барагдуулж 6,940,000 тооцоо үлдсэн. 2016.02.23-нд 3,000,000, 2016.12.26-нд 3,000,000 төгрөг тус тус барагдуулсан. Үлдэгдэл 940,000 төгрөгийг 2018.05.16-ны дотор төлж барагдуулна” гэсэн тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал/,

Гэрч П.Баттогтохын мэдүүлэг, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхардсан /2 дугаар хавтаст хэргийн 114-115 дахь тал/, 

Гэрч Д.Халиуны “Тус системийн байгууллагад ажиллаж байх үед буюу 2014 онд өөрийн найз Шинэ харгуй ХХК-ний захирал Энхжаргалд хорих 441 дүгээр ангиас хоригдол гэрээгээр авч ажиллуулахад зуучилж өгсөн ... тухайн үед Шинэ харгуй ХХК-ий нэр дээр гэрээ хийж 3 өөр хэсэгт хоригдол ажилласан хоригдлын 3 сарын хугацаанд ажилласан цагийн бүртгэлийг тулгаж, цалингийн тооцоог гаргуулж, төлбөр тушаасан баримтыг хорих 441 дүгээр ангийн санхүүд өгч тооцоо нийлж дууссан болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/348, 01/349, 01/350 дугаартай тус хорих ангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ахлах нягтлан бодогч, хошууч Б.Бг томилж, итгэмжлэл олгосон талаарх албан бичгүүд /3 дугаар хавтаст хэргийн 84, 92, 100 дахь тал/,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00876 дугаартай шийдвэр /6 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/00167 дугаартай захирамж /6 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал//,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02252 дугаартай шийдвэр /6 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Б.Бгийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дараах 22 хуудас баримтууд:

Д.Золжаргалаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн захиргаа санхүүд бичгээр гаргаж өгсөн “Тус ангийн нярав албан тушаалд ажиллаж байсан Д.Золжаргал би 2019 оны хүнсний бүртгэл, 2019 оны 11, 12 дугаар сарын баримтын засварын материалын агуулахын бүртгэлийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дотор авчирч өгнө” гэсэн хүсэлт,

Дотоод хэргийн их сургуулийн 2022 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-Эрх зүй” мэргэжлийн D20220926 дугаартай бакалаврын дипломын хуулбар,

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 2010 оны “Эдийн засгийн мэдээлэл зүй” мэргэжлийн D201024334 дугаартай бакалаврын дипломын хуулбар,

Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000830246 дугаартай гэрчилгээний хуулбар,

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ипотекийн зээлийн гэрээний хуулбар,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Б.Б болон түүний эхнэр Э.Болорчимэг нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

Б.Бгийн хүүхдүүд болох 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн 9 настай хүү Б.Э

2015 оны 09 дугаар сарын 03-ны өдөр төрсөн 8 настай охин Б.Н,

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн 7 настай хүү Б.С,

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 2 настай охин Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын өгсөн мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бгийн зүгээс гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч М.Цэнгүүний зүгээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.

Баримт бичиг гэж цаг хугацаа болон орон зайгаар дамжин хүний бий болгосон мэдээлэл бүхий материаллаг обьект, агуулгын хувьд асуудлыг хянан хэлэлцэхэд үндэслэл, нотолгоо, баталгаа болох албан ёсны эх бичвэрийг,

Үүргээс чөлөөлсөн баримт бичиг гэж тухайн этгээдээс тодорхой үйлдэл хийхийг шаардахаас татгалзсан, түүнээс чөлөөлсөн баримт бичгийг, 

Хуурамчаар үйлдсэн гэж баримт бичгийг дуурайлган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт оруулахыг тус тус ойлгоно.

Дээрх гэмт хэрэгт нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг бөгөөд санхүүгийн анхан шатны баримтыг зориудаар зассан, санхүүгийн тайланд хуурамч бичилт хийснийг үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэдэгт хамааруулан авч үзэх үндэслэлгүй. Иймд өмгөөлөгчийн зүйлчлэл өөрчлөхөөр гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Өмгөөлөгчөөс хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар хэлэлцүүлэх хүсэлт гаргаагүй атлаа гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааны дүгнэлт гаргах үе шатанд дутуу мөрдөн шалгах ажиллагааны талаар ярьж байгаа нь ойлгомжгүй байна.

Тухайлбал, Б.Б нь нэр бүхий 3 хуулийн этгээдтэй хамаарал бүхий харилцаатай эсэх, Баттогтох, Халиун нар хоригдолд өгөх ёстой байсан цалин хөлсийг байгууллагадаа өгөхгүй дундаас нь авсан эсэх, Б.Бг уг ажлыг авахаас өмнө ажиллаж байсан ажилтан, удирдлагууд өр төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй байгаа эсэхийг шалгаагүй, цалин хөлс аваагүй гэх хоригдлуудаас мэдүүлэг аваагүй гэсэн агуулгаар мэтгэлцсэн ба шүүх прокуророос шилжиж ирсэн хэргийг хэмжээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой, дээрх ажиллагаанууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр ангид ахлах нягтлан бодогч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Таван толгой түлш ХХК-иас гэрээний дагуу хоригдлын хөдөлмөрийн хөлсөнд шилжүүлсэн 11.628.600 төгрөгийг Шинэ харгуй ХХК-иас 6.380.000 төгрөг, Арвижих-Орших ХХК-иас 2.320.000 төгрөг, Хөнгөн бетон ХХК-иас 1.820.000 төгрөг тус тус орж ирсэн авлага мэтээр бүртгэх, энэ дүнгээр буюу 11.628.600 төгрөгөөр 2019 оны ялтны нэрийн дансны эхний үлдэгдлийг нэмэгдүүлэх, тайлант хугацаанд уг өглөгийг хоригдлуудад бараа олгосон гэж буцаан 10.520.000 төгрөгийг хий суутган авах зэргээр хуурамч бичилт хийх замаар дээрх  3 компанийг өр төлбөрөөс чөлөөлж давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэрч Л.Батчимэг, Ц.Мэндсайхан, О.Шагдарсүрэн, Б.Наранзул, О.Эрдэнэбат, П.Баттогтох, Д.Халиун, яллагдагч Б.Б, шинжээч Х.Ундарга нарын мэдүүлэг, Б.Бг албан тушаалд томилсон тушаал, ялтныг аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах тухай гэрээнүүд, аудитын шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаар

- Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хорих 441 ангийн ахлах нягтлан бодогчоор томилогдсон,

- 2014-2017 оныг хүртэл Шинэ харгуй, Арвижих-Орших, Хөнгөн бетон компаниудаас авах авлага тайланд тусгагдсан боловч гэрээний хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ аваагүй байсан, 

- 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  Хорих 441 дүгээр ангиас Шинэ харгуй, Арвижих-Орших, Хөнгөн бетон ХХК-нд тус тус гэрээний дагуу хоригдол авч ажиллуулсны цалин хөлсийг яаралтай барагдуулж дуусгах талаар албан бичгийг хүргүүлсэн,  

- 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авлагатай аж ахуй нэгж байгууллагаас төлбөр барагдуулах талаар тус компаний удирдлагуудтай уулзсан, холбогдох хүмүүсээс тайлбар бичүүлж авсан гэх агуулгатай илтгэх хуудсыг Б.Б бичиж байсан,

- 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хорих 441 дүгээр ангиас “Шинэ харгуй, Арвижих-Орших, Хөнгөн бетон ХХК нь хоригдлуудыг ажиллуулсан ажлыг хөлсийг төлж барагдуулаагүй тул шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн албан тоотыг шүүхэд хүргүүлсэн,

 - 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хорих 441 дүгээр ангиас “Шинэ харгуй, Арвижих-Орших, Хөнгөн бетон ХХК үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, холбогдох ажилтны мэдээллийг гаргаж өгнө үү” гэсэн албан тоотыг Нийслэлийн татварын газарт хүргүүлсэн боловч ямар хариу авсан нь тодорхойгүй,

- 2014 онд байгуулсан гэрээ, холбогдох баримтууд ерөнхий газрын архивд хадгалагдаж байсан, тухайн цаг хугацаанд хариуцан ажиллаж байсан Батчимэг нь өөр хорих ангид ажиллаж байсан,

- Гэтэл Шинэ харгуй ХХК, Арвижих-Орших ХХК, Хөнгөн бетон ХХК-тай байгуулсан гэрээнүүд байхгүй, олдохгүй байсан, хаяг тодорхойгүйгээс шүүх хүлээн аваагүй гэж Б.Б тайлбарласан,

- Улмаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээрх 3 компани гэрээний үүргээ биелүүлээгүй, өр төлбөрөө өгөөгүй байхад өгсөн мэтээр хуурамч бичилт хийсэн тайланд тусгасан,

- Дээрх гэмт хэрэг нь 2020 онд тус хорих ангид прокурорын байгууллагаас хийсэн шалгалтын явцад илэрсэн,

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох гэрээ баримтуудыг архиваас гаргуулах авч 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Бг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд хандсан, 

- Хорих 411 дүгээр ангийн нэхэмжлэлтэй, Шинэ харгуй, Арвижих-Орших, Хөнгөн бетон ХХК-иудад холбогдох “Ялтныг аж ахуй нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний дагуу хоригдлын цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргүүд 2021, 2022 онд шийдвэрлэгдсэн,

- Шинэ харгуй, Арвижих-Орших, Хөнгөн бетон ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2014 онд хөдөлмөр эрхэлсэн хоригдлууд цалин хөлсөө авч чадаагүй гэх үйл баримт тогтоогджээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан  ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол" гэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

“Нийтийн албан тушаалтан” гэж төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч ...,

“Албан тушаалын байдал” гэж албаны эрх нөлөөг,

“Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг,

“Давуу байдал” гэж Нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувьд хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

            Б.Бгийн эрхэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

            Б.Б нь хорих 441 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа байдлаа ашиглан бусдаас авах ёстой байсан авлагыг мэдсээр байж авсан мэтээр хуурамч бичилт хийж тайланд тусгасан үйлдлээрээ бусдад давуу байдлыг бий болгожээ.

            Шүүгдэгч Б.Бг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Нийслэлийн Прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь шүүгдэгч Б.Бгийн үйлдэл, хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Албан тушаалтны хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох дүрэм, журмыг сайтар судлаагүй, нэг мөр ойлгож хэрэглээгүй, хайнга, хариуцлагагүй хандсан байдал нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй бөгөөд давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхгүйгээр төгсдөг онцлогтой, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

2014 онд хуулийн этгээд болон хорих байгууллага хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн цаг хугацаанд ажилласан, хөдөлмөрлөсөн хоригдлууд цалин хөлсөө авч чадаагүй хохирсон нөхцөл байдал тогтоогдсон боловч тухайн үед ажиллаж байсан гэх хоригдлуудын мэдээлэл хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдахгүй байна.

Хоригдлуудын цалин хөлстэй холбоотой гэрээнээс үүссэн маргааныг иргэний журмаар шийдвэрлэсэн байх тул хоригдлуудын авч чадаагүй цалин хөлсийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй юм.

Хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг хохирогчоор тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Мөнх-Алдарыг томилон мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахад тодорхой нэхэмжлэлийн шаардлага гараагүй байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй гэж дүгнэлээ.

    ХХХ

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Улсын яллагчаас Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрх хасах, торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах, төлөх хугацааг 3 жилээр тогтоох саналыг тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орж, уг нэмэлт өөрчлөлт нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

            Нэмэлт өөрчлөлт орохоос өмнө “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бол,

            Нэмэлт өөрчлөлтөөр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөгджээ.   

            Дээрхийг харьцуулан авч үзвэл одоо үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар сонгох ялын төрөл буюу торгох ял хасагдсан байгааг эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ. Иймд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр дээрх гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэвэл зохино.

             Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Б.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

“Нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж Нийтийн албанд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгох бөгөөд хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагад ажиллаж байхдаа авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрх хасах нэмэгдэл ялыг тус зүйл хэсэгт заасан дээд хэмжээгээр оногдуулах нь,

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 1-8 нас буюу бага насны 4 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял сонгон тус зүйл хэсэгт заасан доод хэмжээгээр оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн хоригдлын 11, 12 дугаар сарын цалин, захилгын бараа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэсэн хаягтай материал 1 хавтас 129 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлтэй хорих ангийн 2019 оны 04 дүгээр сарын улирлын санхүүгийн тайлан 1 хавтас 69 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн хоригдлын цалин хөлсний материал 1 хавтас 25 хуудас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн хоригдлын 11, 12 дугаар сарын цалин, захилгын бараа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэсэн хаягтай материал 1 хавтас 129 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлтэй хорих ангийн 2019 оны 04 дүгээр сарын улирлын санхүүгийн тайлан 1 хавтас 69 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн хоригдлын цалин хөлсний материал 1 хавтас 25 хуудас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчоор тогтоогдсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ